She//Nomad: Э.Туул

She//Nomad: Э.Туул

Хот сэрж байна. Кофены үнэр, гудамжны гэрэл, сэвшээ салхинд хийсэх торгомсог хормой. Гэвч тэд хотоор бус өөрсдийн хэмнэлээр амьсгалдаг. Өргөн чөлөөнд өөрийн хэмнэлийг бий болгож буй эмэгтэйчүүд. Тэд трендийг дагахгүй, харин ч тренд тэднийг дагана. Энэ бол She//Nomad- Их хотын хэмнэл дунд нүүдэлчний мэдрэмжээр өөрийн загварлаг дүр төрхөө тодруулж буй монгол эмэгтэйчүүдийн тухай өгүүлэл.

Монголын загварын сор болсон ихэмсэг эмэгтэйчүүдийг танилцуулдаг She//Nomad булан маань нээгдсэнийг баяртайгаар юуны өмнө уншигчдадаа ёслол хүндэтгэлтэйгээр дуулгая. Энэхүү шинэ булангаар Монголын загварын ертөнц дэх онцгой төлөөлөл болсон эмэгтэйчүүдийг сонгон авч, тэдний хэв маяг бүрдүүлэлт, загварын өнгө төрхөнд нь нарийн задлан дүгнэлт хийж, уншигчид маань тэднээс юуг сурч болохыг цохон тэмдэглэж нийтлэл байдлаар хүргэх нь миний эрхэм зорилго билээ.

Нийтлэлийнхээ анхны зочноор Монголын загварын хатан хаан ч гээд цоллочиход сэтэр нь хүнддэхгүй, “Оргио” брэндийн үүсгэн байгуулагч хатагтай Э.Туулыг онцолж байна. Намайг оюутан байхад дээдсийн хов жив бичдэг “Соронз” сэтгүүл ард түмний дунд ихэд түгсэн байлаа. Миний хувьд уг сэтгүүлийн нүүрэн дээр хатагтай Э.Туул хэрэвзээ заларсан байвал олон таван үггүй шууд худалдан авдаг байв. Түүний талаарх хов жив уншихаас илүүтэйгээр хирхэн өөрийн дүр төрхөө бүрдүүлсэн байгааг нь харах гэж л тэр шүү дээ. Хэзээ ч урам хугалж байгаагүй түүний загвар, донж цогцолсон ихэмсэг дүрүүдийг харцаараа таашаах бүртээ шүүгээ рүү ухасхийж түүн шиг ганган нэгэн болох гэж өөрт байгаа жаал жуул юмнуудаар туршин үзэн хөгжилддөг байсан дурсамжит мөчүүд цөөнгүй бий (мэдээж ганцаараа байхдаа). Улмаар олон нийтийн сүлжээ ч хөгжиж Инстаграм гарснаар хатагтай Э.Туулын хувцаслалтын онцлог хэв шинжийг дүгнэн цэгнэж болох томоохон боломж надад гарсан билээ. Тиймээс өөрийн ажигласан бяцхан дүгнэлтүүдээ та бүхэндээ хуваалцъя.

Хатагтай Э.Туул хэзээ ч тодорхой төрлийн өнгө, хэв загварт баригддаггүй нэгэн. Тод, бүдэг нь хамаарахгүйгээр өнгө болгоныг л сонгож, урт богино өргөн нарийн гэлгүйгээр загвар болгоныг л туршдаг нэгэн. Хэн ч зүрхлэн сонгож чадахгүй загвар силуэтыг сонгож, хэн ч харсан бай гайхшрам загварлаг болгож чаддаг. Түүнд загварын тухтай бүс гэх ойлголт байхгүй. Надад ийм тийм зүйл зохидоггүй гэх үг өгүүлбэр ч түүнд байдаггүй биз. Ямар ч уйтгартай, эс бөгөөс ямар ч галзуу гэмээр болхи загварыг тэрбээр өмсгөл зүүсгэлийг хоршуулан зохицуулах замаар амилуулж чадах эмэгтэй билээ.

Энгийнийг энгийнгүйжүүлэгч

Заримдаа хатагтай Э.Туул ихэд энгийн уламжлалт силуэт бүхий хувцас эдлэл сонгох нь бий. Гэвч тэглээ гээд тэрбээр хэзээ ч эгэл харагддаггүй. Хэдий загвар нь сонгодог байлаа ч түүний өмссөн байдал нь уламжлалт биш байдаг. Сул цамцыг зориудаар хөөргөн өмсөх ч юмуу сорочкаг товчлохгүйгээр бүсэлхийндээ уяж өмсөх ч зэргээр үргэлж л сонирхолтой содон шийдэлтэйгээр өмссөн байдаг.

Зүүсгэл зүүсгэл бас зүүсгэл

Мөн хатагтай Э.Туул өмсгөлөөс гадна зүүсгэлд онцгой ач холбогдол өгдөг болов уу…... Өндөр ууланд авиран алхахдаа ч тэрбээр эрхийг санагдуулам урт зүүлт энгэрээрээ унжуулсан байдаг. Гэвч түүний зүүсгэлүүд хэзээ ч өмсгөлтэй нь тэмцэлддэггүй, харин ч харилцан нэгнээ магтан дуулсан байдаг билээ.

Эцэст нь, уншигч та бүхэн хатагтай Э.Туул look бүрдүүлэлтээс юуг сурч болох вэ гэвэл гарцаагүй шинийг эрэлхийлэн туршигч чанар билээ. Дэлгүүр хэсэхдээ хэзээ ч өмсөнө гэж бодож байгаагүй зүйлээ өмсөж үз. Ямар ч этгээд хачин загвар байсан ба хамаа байхгүй худалдаж авах шаардлагагүй тул зүгээр л туршаад өмсөөд үз. Таны өөрийн ч анзаараагүй цоо шинэ загварлаг төрх тодрон гарах вий.

Шүүгээнүүдээ сайн онгич. Өөрт байгаа хувцас зүүсгэлүүдээр өмнө нь хэзээ ч бүтээж байгаагүй дүр төрхийг бүрдүүл. Хоорондоо зохихгүй байх гэсэн хувцаснуудыг хольж сольж давхарлаж өмсөж үз. Чи ганцаараа байгаа тул хэн ч чамайг шүүхгүй. Ноосон цамцыг зүгээр л мөрөн дээрээ тохоод үз. Сорочка дээр сорочка ч давхарлаж өмс. Өөр яаж өмсөж болох арга болгоныг хай. Тэр битгий хэл ээж, эмээгийнхээ хувцаснуудаас ч туршиж үз (мэдээж зөвшөөрөлтэйгээр). Энэ уйтгартай цамцыг хирхэн уйтгаргүй болгох уу гэдэг сорилт өөртөө тавь. Тэгж байж хэмээн бусдаас онцгой цор ганц өөрийн тань дүр төрх тэр олон туршилтууд дундаас тань гарах биз ээ. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.