Бид бүгд л хүүхэд байлаа.
Хүүхэд байхдаа зурагтаар пуужин тэнгэр рүү хөөрөхийг харах төдийхнөөр сансрын нисгэгч, Ван Даммыг харах төдийхнөөр баатар эр, Билл Гэйтсийг харах төдийхнөөр баян эр болохоор шийдэж чаддаг байсан нь магад бидний амьдралын хамгийн бадрангуй, сэхүүн он жилүүд минь байсан биз.
Гэлээ ч цаг улирч, нас нэг нэгээр нэмэгдэхийн хэрээр мөрөөдөл, бодит байдал хоёрын хооронд зааг үүсэж, бидний чадвар, боломж, нөөц тэр бүү хэл хувь тохиолд ч хязгаар байдгийг анзаарч, эдгээр сүрхий олон сонголтууд замхарсаар эцэст нь бодит байдалд арай дөхөм нэг л замыг тууштайгаар сонгож эмч, багш, цагдаа, инженер, эрдэмтэн …… болцгоодог билээ.
Гэвч сонгосон зам маань үргэлж дардан байдаггүй. Цаг ямагт л шинэ сорилт, шаардлага, шахалтууд тулгарч хадан цохио руу тулж ирнэ. Тэр бүхнийг сөрж, даван тууллаа гээд зовлон биднийг хэзээ ч өрөвддөггүй, үнэлдэг ч үгүй тиймээс тойрч ч гардаггүй, үргэлж л ирсээр байдаг. Эцэст нь бид хаднаас түлхэгдэн унадаг. Гэвч хаднаас уналаа гээд ёолохыг гэр бүл, найз нөхөд, хамт олон, нийгэм бас би өөрөө ч хүлээн зөвшөөрөхгүй. Үргэлж босохыг, нүүр дүүрэн мишээхийг, ирээдүйгээ өөдрөг харахыг, салхи сөрөн давхихыг шаардана.

Учир нь, бидний амьдрал бол дан ганц бидний л амьдрал байдаггүй. Ёолон орь дуу тавихад халамжит гэргий, хайртай хүүхдүүд тань ч хамтдаа өвдөнө, унана, уйлна, итгэл алдарна. Бид хэрхэхээс тэд хэрхэх нь шийдэгдэнэ. Тиймээс бид хэрхэх нь зөв бэ? Ганц сонгосон зам эсвэл замууд минь мухардвал бид хэрхэх ёстой вэ? Бидэнд өөр сонголт үлдсэн гэж үү?
Өмнөд Солонгосын домогт найруулагч Пак Чан-Вук үүнд маш хоржоонтойгоор хариулжээ.
Үгүй ээ, хариулах биш харуулжээ. Түүний энэ онд нээлтээ хийсэн, "будаг нь ханхалсан" шинэ бүтээл болох “Өөр сонголт үгүй” нэрт киноны (спойлор агуулсан болно) гол дүр болох Ёо Ман-Сү яг ийм цуцашгүй нөхцөл байдалд ихэд жигтэй сонголт хийх болно. Ер Пак Чан-Вукийн киноны дүрүүд үргэлж хачин жигтэй шийдвэрүүдийг гаргасаар ирсэн. Энэ удаад ч дүрэм ёсоор Ёоо Ман-Сү маань өөрөө ажилд орохын тулд өөрөөсөө илүү чадварлаг, туршлагатай, мундаг өрсөлдөгчдөө намнахаар шийднэ.

Амьдралынхаа 25 жилээ цаасны үйлдвэрт аядуу тайван ажиллан өнгөрүүлж, эцэс сүүлд нь цомхотголд өртөн халагдсан түүний толгойд өөр сонголт хийх зай талбар, чадвар, туршлага, хат юу ч үйлдсэнгүй. Патриарх дүрмийн дагуу орилон ёолох эрх үгүй, гагц өндийж босож, сөрж тэмцэх л ёстой. Гэвч хэрхэн босож өндийж сөрж тэмцэх билээ? Тийм ээ, өрсөлдөгчдөө намначихад л болно. Эндээс та бидний өдөр тутамдаа туулан өнгөрүүлдэг хархны уралдаан мэт, эс бөгөөс тамын тогоо мэт амьдралыг Пак Чан-Вук хэнэггүйхэн мэт боловч ихэд оновчтойгоор хүмүүнийг, тэр дундаа эрчүүд бидний амьдралыг егөөдөн харуулж байна.
Ерөөс бидний амьдралд ямар ч сонголт үгүй мөч гэж байхгүй билээ. Ямар ч сонголт үгүй боллоо ч бид үхэхийг сонгодог. Үхэл маань ч бас бидний л сонголт байдаг. Магад дахиж сонгохгүйн тулд сонгодог, хамгийн балай, хачин жигтэй сонголтуудын минь нэг биз. Үхчихвэл сонголт хийж, сонголтынхоо үр дагавар ямар байхаас хамаарч үүрэг хариуцлага хүлээх шаардлага ч үгүй. Гох ганцхан дараад л болчихно. Гэвч... Үгүй дээ, бидний амьдрал дан ганц бидний амьдрал хэзээ ч байдаггүй гэсэн дээ. Бид үхчихвэл биднээс үлдэгсэд гурвантаа үхнэ. Тийм учраас өөр сонголтуудыг хийсээр байхыг биднээс шаардана. Сонголт бүрийнхээ горыг амсаж, хаднаас унасаар байсан ч боссоор л байхыг шаардана. Ёо Ман-Сү шиг намнаад ч болтугай амьдрах л шаардлагатай болно.
Ёо Ман-Сү энэхүү галзуу төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ намнахаар шийдсэн өрсөлдөгчдийнхөө амьдрал руу нь өөрийн мэдэлгүйгээр шургаад орчихно. Шургаад ороход нөгөө л хадан цохионоос хаягдан унасан өөриймлүүд нь байх нь тэр. Магад халамжит гэргий, хайртай хүүхдүүдээсээ илүүтэйгээр энэ л өрсөлдөгчдөө Ёоо Ман-Сү хамгийн ихээр ойлгоно. Учир нь өөрөө ч мөн хаднаас унасан учраас л тэр. Гэвч эцгийн эрхт ёсонд “Тулаанд зөвхөн нэг л ялагч байдаг” хэмээн сургадаг билээ. Ял, эсвэл “чацга царайл”. Хэдий ойлгон тэвэрч, хамтдаа архидаж, цээжний үгийг нь сонсмоор байгаа ч…… ялан дийлэх л ёстой.

Кинонд мод маш олон бэлгэдлийг өгүүлжээ. Ёо Ман-Сүгийн тарьсан амьдралын модыг (түүний гэр бүл) тэжээн тэтгэх бордоо нь түүний өрсөлдөгчид ажээ. Тэр ч утгаараа өөрийн намнасан нэгэн өрсөлдөгчөө газарт булан, дээр нь алимны мод тарьдаг. Мод ч үр жимсээ өгөн, тэрбээр ажилд орж, эхнэр хүүхэд нь амар тайван амьдрах боломж бүрддэг. Нөгөөтэйгүүр, Ёо Ман-Сү болоод өрсөлдөгчдийнх нь ажиллаж байсан газар болваас цаасны үйлдвэр билээ. Цаасыг модоор хийдэг, харин мөнгийг цаасаар хийдэг. Ёо Ман-Сү энэ л цаасны (үнэндээ л бол мод) төлөө зүтгэсэний эцэст хаднаас унаж, энэ л цаасыг эргүүлж авахын тулд өрсөлдөгчдөө намнажээ.
Хамгаас хоржоонтой нь, Ёо Ман-Сү энэ л цааснуудын төлөө цуцашгүйгээр хүний амийг хайр найртайгаар өрөвдөн уйлан барин хороох хэрнээ, цаасыг үйлдвэрлэхэд гол түүхий эд болдог модыг тарьж ургуулах туйлын дуртай нэгэн. Түүний эцсийн хүсэл мод уу, аль эсвэл модыг тайран огтолж боловсруулсан, тамга тэмдэг зурайсан агуу хэн нэгний хөрөг нь заларсан мөнгө хэмээх цаас уу?

Ёо Ман-Сүгийн энэхүү хачин жигтэй үйлдэлд нь хувь заяа нь ч хачин жигтэй хариу барьж, тэрбээр ямар ч хэрэг хүлээхгүйгээр нэгэн томоохон цаасны үйлдвэрт хянагчаар ажилд орно. Ажлын эхний өдрөөс л түүнийг хиймэл оюун ухаанаар ажилладаг автомат тохируулга бүхий цаас үйлдвэрлэгч робот машинууд угтах аж. Мөн л хүмүүн бидний туулах шаардлагатай нэгээхэн том сорилт.
Энэхүү том сорилтоос болж хэдэн хүн ажлаас цомхотгон халагдаж, хэдэн хүн хаднаас шахагдан унаж, хэдэн хүн тугал хариулж, хэд нь босож өндийхийн тулд Ёо Ман-Сү шиг галзуу шийдвэрүүд гарах бол? Бид ер нь хэрхэх ёстой юм бол оо?