Фокус: Change_smthng

Фокус: Change_smthng

Амьдрал уудам, заримдаа зүрх алдам. Заримдаа өндрөөс өндөр хана хэрэмтэй, төөрдөг байшин шиг... Ямар байлаа ч, энэ амьдралыг үүтгэж, өдөр бүрийн хэмнэлд, сэтгэл зүрхэнд зай эзлэн оршдог зүйл бидэнд бий. Санаатай, санаандгүйгээс үл хамааран бидний амьдралыг бүтээлцэж байдаг тэр зүйл, үйлийнхээ тухай хуваалцах “Фокус” буланд тавтай морил. Энэ удаад та бүхэнтэй Change_smthng хэмээх төслийнхөө тухай Г.Цэцэнбилэг хуваалцлаа. 

...Амьдралд тохиолдож буй зүйлийг хүмүүс гэнэт л... ингэлээ, тэглээ гэж томоор хүлээж аваад байдаг байж мэднэ. Би ч адил. Гэтэл нүдэнд үл харагдах, гарт үл баригдах, жижиг, анзаарагдамгүй зүйлс амьдралыг бүтээж, бас өөрчилдөг. 

2022 оны нэгдүгээр сарын 1. Шинэ оны эхний өдөр шүү дээ. Онгорхой байсан дэлгүүр рүү ороод хар өнгийн, үзгэн бал худалдаж авснаар “Change_smthng” эхэлсэн. Энэ үзгэн балыг өөр зүйлээр солиод нэг жилийн хугацаанд юу болохыг нь харах зорилготой. Канадад нэг охин үсний боолтоо байшин болгосон нэгэн түүхээс санаа авсан хэрэг л дээ, тэгээд л зүгээр үзье гэж шийдсэн нь тэр. Төдөлгүй Хатгал явж таарлаа. Ч.Бат-Уянга гээд найзтайгаа анх нүүр тулан уулзахдаа үүнийхээ тухай хуваалцлаа. Гараар бичих дуртай, бал хэрэгтэй байсан тэр найз маань хуучирч Э.Цэндсүрэнгийн CD-гээр мөнөөх балыг солин авч, эргээд CD маань тэр нутагт 17-18 жил амьдарч байгаа керамикч эзэгтэйн урласан кофены аяга боллоо. 

Яв явсаар солилцоо маань хүүхдийн л төлөө ямар нэгэн зүйл болох ёстой юм байна гэдэг бодол ч төрөв. Ингэсээр “Ритм паблишинг”-ийн үүсгэн байгуулагч Өнөржаргалын маань орчуулгын хөлсөөр солилцоонд оролцохоор болсноор хүүхэд хайж эхэлсэн юм. Ямар нэгэн бэрхшээл сорилтыг туулж байгаа ч сурах, боловсрох чин хүсэлтэй хүүхдэд сургалтын төлбөрийг нь өгөөд сургая гэж шийдлээ. Хүүхдээ олно гэдэг амаргүй. Боломж, бололцоо хязгаарлагдмал нөхцөлд өсөж торниж байгаа ч, амьдралаа, ахуй нөхцөлөө өөрчлөх хүсэлтэй хүүхдийг сурахад нь туслаад... тэр маань IT мэргэжилтэн болчихсон, амжилтад хүрч байна гээд л романтикаар төсөөлж  байгаа юм л даа. 

Хүмүүсийн хэлсэн үгс, санаа оноо, өөрийн бодол нийлсээр гаргасан шийдвэр маань “Гүнж” төв рүү хөтөллөө. Насанд хүрээгүй, ээж болчихсон охидод цаашид сурна, бүр 12-р ангиа төгсөнө гэдэг ч том даваа юм гэдгийг олж харав. Нийгэм, гэр бүл, ангийнхан нь, заримдаа найз нөхөд нь ч тэр хүүхдүүдийг өмнөхөөс өөрөөр харна, хүлээж авна. Зарим нь амьдралын эрхээр сургуулиа орхино, үеийнхнээсээ хоцорно. Хэдий ийм асуудлууд байгаа ч сургуулиа төгсчихсөн, их сургуульд элссэн нэгэн охиныг сонгоод сургалтын төлбөрийг нь төлсөн юм. 

Дараа нь энэ бүхэн маань ахиад л эхэлж байгаа юм... Солилцоо маань яван явсаар энэ жил нэгэн хүүд бас сургалтын төлбөр болж очлоо. 

Гэхдээ... Би нэг их хүнд туслаад яваад байгаа мэт санагддаггүй. Жижигхэн энэ төсөл маань надад хамгаас илүү тусалдаг. Заримдаа өөрийгөө хүнд хэрэггүй мэт мэдрэх үе байдаг даа? Би ер нь юуны тулд амьдраад, юу хийгээд яваад байна аа гэж өөрөөсөө асуух цаг байна. Тэр үед намайг дүүргэж, уначихсан байсан итгэлийг минь босгоод ирдэг. Хүүхэд насанд гэр бүл, ээж ааваасаа авсан хайр минь энэ амьдралын турш намайг хөтөлж яваа ид шид, гэрэл юм. Хүссэнээ хийгээсэй, зоригтой амьдраасай гэсэн гэр бүлийн маань хайр, итгэлийг “Change_smthng”-раа хуваалцаж байгаа ч юм шиг... 

Хар өнгийн, энгийн л үзгэн балнаас эхэлсэн энэ төсөл, бас энэ төсөлд оролцож, ямар нэгэн зүйлийг бүтээхэд хувь нэмрээ оруулсан хүмүүс маань  10, 20 жилийн дараа, хэн нэгний урам авах, урагшлах нэгэн шалтгаан, жижигхэн ид шид байгаасай гэж хүсдэг. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.