Бидний тухай

Алсын хараа

Хүн амын 51 хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүд улс төр, бизнесийн салбарт манлайлж, амжилтад хүрч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх замаар бодлого, соёлыг тодорхойлдог эрх тэгш нийгмийг бүтээхэд хувь нэмэр оруулах. 

Эрхэм зорилго

Room24 эмэгтэйчүүдийг баримттай, хэрэгцээтэй мэдээлэл, эх сурвалж, хэрэгслээр хангаж, ардчилалд тэгш оролцох боломжийг нь нэмэгдүүлэх эрхэм зорилготой. Бид эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, хамтдаа хөгжих, манлайлах, өөрчлөлт хийх орон зайг онлайн болон биет хэлбэрээр бүрдүүлэхийг зорьж байна. Үүнийг дараах арга замаар хэрэгжүүлнэ:

  • Улс төр, нийгмийн чухал бодлого, шийдвэр, үйл явдлууд эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлөх өнцгөөс харж, гүнзгий анализ хийсэн даацтай бүтээлүүд гаргах.

  • Улс төр, эдийн засаг, бизнес, мэдээллийн технологи зэрэг эрэгтэйчүүд давамгайлсан салбарт өөрчлөлт хийж буй эмэгтэй манлайлагчдын түүхийг хүүрнэх.

  • Эмэгтэйчүүд хоорондын бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэх, коммюнити байгуулах боломж олгох дижитал платформыг бий болгож, үйл ажиллагаанууд зохион байгуулах.

  • Эмэгтэйчүүд үзэл бодлоо илэрхийлэх, олон нийтэд танигдах, амжилтад хүрэхэд шаардлагатай мэдлэг, мэдээллийг нийтлэл, сургалт, зөвлөх үйлчилгээгээрээ дамжуулан хүргэх. 

Room24 нэрний тухай

Алдарт зохиоч Виржиниа Вүүлф эмэгтэй хүн уран бүтээл туурвихад өөрийн гэсэн өрөө, мөнгө хоёр хэрэгтэйг онцолж, “Өөрийн гэсэн өрөө” нэртэй эссээ бичсэн байдаг. Монгол эмэгтэйчүүд өндөр боловсролтой, нийгмийн хөдөлгөгч хүч болж байгаа боловч улс төр, бизнесийн шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо дутаж байгааг өөрчлөх зорилгоор бид Room24-ийг үүсгэн байгууллаа. 

Room2Thrive-Өөдлөн дэвжих өрөө

Эмэгтэй та өдөр, шөнийн алинд нь ч орж ирээд урам зориг, эрч хүчийг олж, өөрт тулгамдсан асуудлаа шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, өөрийгөө бүрэн дүүрэн нээж, аз жаргал, баяр баясгалантай амьдрахад хэрэгцээтэй мэдээлэл, мэдлэгийг олж авах өрөө байна.

Room4Change-Өөрчлөн шинэчлэх орон зай

Эрх тэгш, ардчилсан нийгмийг бүрдүүлэхэд шаардлагатай өөрчлөлт, нөлөөллийг хамтдаа хийх орон зай байна. 

Яагаад эмэгтэйчүүдэд зориулсан хэвлэл мэдээлэл хэрэгтэй гэж?

1925 оны гуравдугаар сард “Бүсгүйчүүдийн санал” сэтгүүл хэвлэгдсэнээр Монголын эмэгтэйчүүдийн хэвлэлийн түүх эхэлжээ. Ардчилалд шилжсэнээр чөлөөт хэвлэл бий болж, эдүгээ 500 орчим хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Харамсалтай нь, эмэгтэйчүүдийн хэвлэл зах зээлийн шуурганд алга болов. Иймд, эмэгтэйчүүдийн хэвлэл үүссэний 100 жилийн тэмдэглэлт ойгоор бид Room24-ийг үүсгэн байгууллаа. 

Өрөөний үнэт зүйлс

Room24 нь Монголын хүн амын талаас илүүг бүрдүүлж буй, тэр дундаа ажил, амьдралын тэнцвэрийг олох, амжилтад хүрэх, ирээдүй хойч үедээ зориулан илүү эрх тэгш, илүү сайхан нийгмийг бий болгохын төлөө санаа сэтгэлээ чилээж буй эмэгтэйчүүдэд зориулсан мэдлэг, мэдээллийн найдвартай эх сурвалж, хөтөч, туслах байхыг зорьдог. Бидний үнэт зүйлс: 

  • Чанар. Баримтад тулгуурласан, судалгаатай, чанартай сэтгүүл зүйн бүтээлүүд гаргахаас гадна сургалт, зөвлөх үйлчилгээ, харилцааны бүх түвшинд төгс байдалд хүрэхийг эрмэлзэнэ. 

  • Хүний эрхэд суурилсан хандлага. Бид хүний эрх, шударга ёс, хүйсийн эрх тэгш байдлыг бүрэн хангасан нийгмийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллах бөгөөд ялгаварлан гадуурхлаас ангид байх, хэвшмэл ойлголтыг эвдэхэд үргэлж анхаарна. 

  • Бид хэрэглэгчдээ өөрсдийн коммюнити гэж хардаг. Мэдээлэл зөвхөн нэг чиглэлд урсах ёсгүй. Уншигч, гишүүдтэйгээ харилцах, тэдний хэрэгцээ, санал бодол, сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавих нь бидний үйл ажиллагааны үндэс гэж үздэг.

  • Хамтын ажиллагаа, ил тод байдал. Бид үнэт зүйлс, зорилго нэгтэй хувь хүн, байгууллагуудтай хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх бөгөөд Room24-ийн үйл ажиллагааг хэн дэмжиж, санхүүжүүлж байгааг ил тод гаргаж байна.   

  • Хараат бус, бие даасан байдал. Улс төр, бизнесийн ашиг сонирхлоос ангид байж, редакцын зорилго, бодлогоо бие даасан байдлаар хэрэгжүүлнэ. Зар, сурталчилгаа болон санхүүгийн, оюуны дэмжлэгтэй гаргасан контентын эх сурвалжийг уншигчдад тодорхой харуулна.   

  • Хариуцлага. Амжилт, алдааныхаа төлөө бүрэн хариуцлага хүлээнэ. Мэдээж хүн алдаа гаргаж болохыг хүлээн зөвшөөрч, гаргасан алдаагаа цаг тухайд нь, үнэнч шударгаар залруулна.

  • Олон талт байдал ба хүртээмж. Тэгш боломжийг хангаж, хүн бүрд ээлтэй орчин бүрдүүлэхийг зорьж ажиллана.

51%

Монгол Улсын хүн амын 51 хувийг 1.8 сая эмэгтэй бүрдүүлж байна.

61%

Их дээд сургуулийн суралцагчдын 61 хувийг эмэгтэйчүүд бий болгож байна.

16.2%

Ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдийн хувьд 68.1 хувь байгаа бол эмэгтэйчүүдийнх 51.9 хувьтай байна. 2006 онд ижил түвшинд байсан энэ үзүүлэлтийн ялгаа 16.2 хувьд хүрсэн нь мэдлэг, боловсролтой ажиллах хүчнээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг илтгэнэ

21.5%

Эмэгтэйчүүдийн сарын дундаж цалин 1.6 сая төгрөг байгаа бол эрэгтэйчүүдийнх 2.1 сая төгрөг байгаа нь 21.5 хувиар өндөр үзүүлэлт юм. Цалингийн зөрүү жилээс жилд нэмэгдэж ирсэн бөгөөд дэлхийн дунджаас ч өндөр болжээ. 

30%

2023 оны байдлаар төрийн албан хаагчдын дийлэнх буюу 64 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч төрийн захиргааны тэргүүн түшмэлийн албан тушаалд ажиллаж буй нийт албан хаагчдын 30 хувийг л эмэгтэйчүүд бүрдүүлж байна.

273 минут

Монгол эмэгтэй өдөрт 273 минут буюу 4.5 орчим цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин их байна.

¼

Хэвлэл мэдээллээр гарч байгаа дөрвөн хүн тутмын нэг нь л эмэгтэй. Ялангуяа улс төрийн мэдээллээр эмэгтэйчүүд бүр цөөн гарч байна. 

Товчхондоо, эмэгтэйчүүд үндсэн эрхээ эдэлж чадахгүй хэвээр байна. Тиймээс хүний эрхийг дээдэлсэн, эрх тэгш, ардчилсан нийгмийг бүрдүүлэх түүхийг Room24 эмэгтэйчүүдийн туршлага, үзэл бодлыг хүргэх замаар бичихийг зорьж байгаа юм. 

25%

Монгол Улс 1924 онд эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчилсан Азийн анхны улс болсон ч энэ амжилтаа бататгаж чадалгүй өдий хүрчээ. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн 25 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа нь дэлхийн дунджаас доогуур үзүүлэлт юм. Мөн аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн 27.5, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 28 хувийг л эмэгтэйчүүд бий болгожээ.

0

Монголд нэг ч эмэгтэй Ерөнхийлөгч байгаагүй.

Гурван эмэгтэй тутмын нэг нь бие махбодын, эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртөж байна.

Товчхондоо, эмэгтэйчүүд үндсэн эрхээ эдэлж чадахгүй хэвээр байна. Тиймээс хүний эрхийг дээдэлсэн, эрх тэгш, ардчилсан нийгмийг бүрдүүлэх түүхийг Room24 эмэгтэйчүүдийн туршлага, үзэл бодлыг хүргэх замаар бичихийг зорьж байгаа юм. 

Өрөөний хамт олон

ROOM24.mn мэдээллийн сайтыг хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжлийн сэтгүүлчид үүсгэн байгуулсан бөгөөд Монголд анх удаа төлөөллийн, мөн нөлөөллийн сэтгүүл зүйг хөгжүүлэхийг зорьж байна.