Хот сэрж байна. Кофены үнэр, гудамжны гэрэл, сэвшээ салхинд хийсэх торгомсог хормой. Гэвч тэд хотоор бус өөрсдийн хэмнэлээр амьсгалдаг. Өргөн чөлөөнд өөрийн хэмнэлийг бий болгож буй эмэгтэйчүүд. Тэд трендийг дагахгүй, харин ч тренд тэднийг дагана. Энэ бол She//Nomad- Их хотын хэмнэл дунд нүүдэлчний мэдрэмжээр өөрийн загварлаг дүр төрхөө тодруулж буй монгол эмэгтэйчүүдийн тухай өгүүлэл.
Уншигчдадаа энэхүү нийтлэл уншигдах өдрийн мэндийг дэвшүүлье. Булангийнхаа анхны зочноор “Оргио”брэндийн үүсгэн байгуулагч хатагтай Э.Туулыг онцолж, түүний загварын экспиремэнталь хэв шинжийг нь миний бие чадахаараа тодотгон анализ хийх гэж оролдсон билээ. Уншигч та бүхэн ч тэрхүү загварын задлангаас минь өөрийн загварлаг дүрийг бүтээхдээ бичилхэн ч гэсэн, хэрэгтэй санаа олж авсан бол энэхүү булангийн маань зорилго ч биелж буй хэрэг юм. Цаашид ч миний бие донж ааль хосолсон олон бүсгүйчүүдийг онцолж, тэднээс суралцаж болох загварлаг заль мэхүүдийг ширхэгчлэн хүргэхдээ таатай байх болно. Тэгвэл энэ удаад бид хатагтай М.Дэлгэрмаагийн загварын хэв маяг бүрдүүлэлтийг буландаа онцлон хүргэх гэж байна. Загварын задлан шинжилгээ хийхээс урьтаж нэгэн сонирхолтой ч байж болохоор баримтыг өгүүлэхэд хатагтай М.Дэлгэрмаатай миний бие нэгэн жилийн хугацаанд “Bloomberg TV Mongolia” эфирээ ч цацаж эхлээгүй байхад хамтран ажиллаж байсан билээ.

Хамтран ажиллаж байх хугацаанд түүнээс анзаарсан зүйл гэвээс тэрбээр өглөөний 4:00 цагаас ажил эхэлсэн ч огт ядарсан төрхгүй, харц нь тунгалаг, царай нь тод, өмсгөл бүр нь цоо шинээр худалдаж авсан мэт цэмцгэр, хумсны будаг нь ч өчүүхэн чинээ ч холцруутаагүй өөгүй цэвэрхэн, үсчингээс дөнгөж гарч ирсэн болов уу гэмээр урт намирсан үс нь үргэлж засалттай байдгийг нь хараад миний бие гайхан биширч билээ. Учир нь нүүрээ будаж үс гэзгээ аялуулах шаардлагагүй эр хүйстэй миний бие өглөө 4:00 цагт ажилдаа амжиж ирэхийн тулд урьд шөнө нь усанд орж, өглөө нь зөвхөн нүүр амаа л угаагаад их л сайндаа нарны тос түрхээд гарахад ч залхуутай санагддаг байсан бол бол хатагтай М.Дэлгэрмаа нүүр амаа угаагаад зогсохгүй будаж, үс гэзгээ янзалж, өмсгөл зүүсгэлээ сонгохын тулд ер унтдаг байсан болов уу гэж л бодогддог байлаа. Тэр цагаас хойш даруй 10 илүү жил өнгөрсөн ч хатагтай М.Дэлгэрмаа нөгөө л үзэсгэлэнт залуу төрхөөрөө цаг хугацааны салхийг сөрөн зогссоор….. За үг алдаж үхэр холдлоо гэгчээр үндсэн ажил руугаа оръё.
Тэнцвэрийг тэнцүүлэгч

Хатагтай М.Дэлгэрмаа цаг хугацааны туршид хэзээ ч үнэ цэнээ алддаггүй сонгодог загваруудыг орчин цагийн элементтэй хослуулахдаа туйлын гаргууд нэгэн. Бүр тодруулбал хэрэвзээ түүний өмссөн даашинз сонгодог загвартай байвал материалын хувьд гялгар юм уу, аль эсвэл өнгөний хувьд неон гэх мэтээр илүү модерн хэв шинжтэй байдаг бол эсрэгээрээ загвар силуэтын хувьд өвөрмөц, трэндлэг байвал өнгө материалын хувьд илүү даруу төлөвийг сонгодогоороо онцлог. Энэхүү чадвар нь түүнийг дүрийг хэт сонгодог, уйтгартай ч бус эс бөгөөс хэт трэнд хөөсөн, харц горьдсон ч биш яг цав голыг нь олсон тэнцвэртэй харагдуулдаг.
Их хотод айлчилсан үлгэрийн гүнж

Диснейн гүнжүүд хэрвээ орчин цагт байсан бол хирхэн look-ээ бүрдүүлэх байсан бол гэж та гайхан бодож байсан уу? Тэгвэл магад хатагтай М.Дэлгэрмаагийн хувцаслалтыг харна уу хэмээн би хариулах нь вий. Зөвхөн түүний гүнжийг санагдуулам гоо үзэсгэлэндээ учир байгаадаа бус, заримдаа тэрбээр ихэд эмэгтэйлэг, ялдам, цэцэг навч нь дэлгэрэн алагласан даашинзаар гоёдог нь түүний романтист чанарыг нь тодотгон харуулна. Гэвч тэглээ гээд мэдээж СиСи хормой байхгүй нь ойлгомжтой. Учир нь эртний бус энэ л цагийн гүнж болохоор.

Давууг ашиглагч

М.Дэлгэрмаа өөрийн төрх болоод биеийнхээ давуу талуудыг хирхэн тодотгохоо нэлээдгүй мэддэг болов уу гэмээр. Тэр ч утгаараа урт нарийн хөлийг нь магтах гэсэн мэт богино банзал, мини даашинз нилээдгүй өмссөн харагддаг. Мөн тэрбээр гоолиг нарийн хүзүүг нь тодотгосон энгэрийн оруулга хийгээд чокер зүүлт нилээдгүй зүүсэн харагддаг.

За эцэст нь уншигч та бүхэн хатагтай М.Дэлгэрмаагаас суралцууштай зүйл гэвээс тэнцвэрийг зөв барих чадвар юм. Таны хувцаслалт хэрвээ хэт сонгодог тал руугаа хэлбийвэл хуучинсаг, хөгшин, уйтгартай, “байдаг л нэг” дүр төрх болно. Харин ялимгүй трэнд тал руугаа нумарвал хэт хичээсэн, олны анхаарлыг татах гэсэн, эмх замбараагүй, өөрийн гэсэн онцлоггүй, цаг хугацаа өнгөрөх бүр онцгүй харагдах нь вий. Тиймээс энэ л тэнцвэрийг эвтэйхэн олчихвол магад насны style тань тодрох биз. Яг л хатагтай М.Дэлгэрмаа шиг хэрэв сонгох гэж буй загвар тань ихэд орчин үеийн өвөрмөц шийдэлтэй бол зүүсгэл, гутал, цүнх нар тань аль болох энгийн сонгодог байж гэмээнэ хоорондоо тэмцэлдэхгүй тэнцвэртэй харагдана. Аль эсвэл эсрэгээр нь сонгодог загвар дээр модерн өнгө аястай зүүлт ээмэг болоод шаахай сонгох байдлаар оновчтой тэнцвэрийг байнга хадгал. Яг өөрт тохирсон тэр тэнцвэрийг олсон цагт энэхүү чадвар таньд насан туршдаа загварын хань болно гэдэгт туйлын итгэлтэй байна.