Ази болон дэлхийн технологийн салбарт өрсөлдөх Монголын шилдэг эмэгтэйчүүд шалгарлаа

Ази болон дэлхийн технологийн салбарт өрсөлдөх Монголын шилдэг эмэгтэйчүүд шалгарлаа

Парист төвтэй Women in tech олон улсын байгууллага бол технологийн салбарт охид эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендрерийн зөрүүг арилгах зорилготой дэлхийн 65 улсад салбар байгууллагатай олон улсын том хөдөлгөөн юм. Н.Энхсайхан энэ хөдөлгөөний Монгол дахь салбарын ерөнхийлөгч бөгөөд энэ жилийн арга хэмжээний хөтлөгчөөр ажиллав. Хиймэл оюун ухаан бидний амьдралын бүх салбарт орж ирж буй энэ цагт эмэгтэйчүүд бид юуг анхаарч, юунд суралцаж болох талаар мэргэжлийн хүмүүсийн түүхийг сонслоо.

Өөртөө хүн шиг амьдрах цаг гаргахын тулд AI-ийг ашиглаарай

Хамгийн түрүүнд Баянхонгор аймагт гэр бүлийн хамт газар тариалан эрхлэгч, 3 хүүхдийн ээж Ц.Бямбасүрэн өөрийн технологитой хэрхэн холбогдсон түүхээ хуваалцав. Тэрбээр Momade agency-ийн Технологи хариуцсан захирал бөгөөд өөр шигээ олон ээжүүд гэрээсээ ажиллах боломжийг технологийн шийдлээр хялбаршуулах ажлыг орон нутгаас хариуцан ажилладаг байна.

Ц.Бямбасүрэн “AI бол асар хүчтэй хөдөлгүүр, харин би түүний жолооч. Би нэг зүйлийг маш сайн ойлгосон. AI-д буруу даалгавао өгвөл, тэр маш хурдтайгаар буруу зүйл хийдэг. Тиймээс AI-тай ажиллахаас өмнө би өөртэйгөө ажиллах ёстой болсон.Би өөрөө юу хүсэж байгаагаа, ямар үр дүнд хүрэхээ маш тодорхой мэдэж, түүнийгээ зөвөөр илэрхийлж сурах нь AI-ийн эрин үеийн хамгийн том чадвар юм. Хиймэл оюуныг хүн шиг сэтгүүлэх гэж биш, өөртөө хүн шиг амьдрах цаг гаргах гэж ашиглаарай” гэв.

Хиймэл оюун ухаанаас илүү ухаантай нь Хүн та өөрөө

Түүний дараа Lhamour брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан Австрали улсад технологи суурьтай бизнесийг эхлүүлж, хэдийнээ зах зээлд гаргасан санаагаа хэрхэн бий болгосон цаашид юу хийж бүтээхийг хүсэж буйгаа ээжүүдэд хуваалцлаа. Тэрбээр тайзан дээрээс “Хиймэл оюун ухаан үнэхээр ухаантай юм аа гэж бодохоос илүү Хүн та өөрөө шүү” гэдгийг сануулав.

Монгол ондоошлоо санаж яваарай

Momade agency үүсгэн байгуулагч Л.Бадамцэцэг ээжүүдэд гэрээсээ ажиллах орон зайг бий болгосноор Women in tech global байгууллагаас “Хамгийн нөлөө бүхий шилдэг санаачилга” шагналыг Монголдоо төдийгүй Ази тивдээ анх удаа авч байжээ. Түүний үүсгэн байгуулсан агентлаг өнгөрсөн хугацаанд 9000 гаруй монгол охид эмэгтэй виртуал туслахын сургалт явуулж, тэднээс 3500 эмэгтэй 5 тэрбум төгрөгтэй тэнцэх ажил үйлчилгээг гэрээсээ хийжээ. 

Тэрбээр “Монголчууд бидэнд эр чадалтай, эр зоригтой, өр нинжин сэтгэлтэй, дөр ур чадвартай, билиг оюунтай, эв нэгдэлтэй, өв ухаантай, өв уламжлалтай зан зөв дадалтай, зөн билэгтэй энэ бүхнээ дотроо тээж авч явах нь бидний Ондоошил”. Энэ ондоошлоо хадгалж явах учиртайг хэлэв.

Ёс зүйт хакер Монгол эмэгтэйн нулимстай ярьсан түүх үзэгчдэд сэтгэл догдлом мэдрэмж, урам өглөө

Women in tech олон улсын байгууллага нь дэлхийд 2030 он гэхэд 5 сая охид эмэгтэйчүүдийг технологийн салбарт бий болгох зорилго тавьжээ.  Монголд ч гэсэн технологийн салбарт ажиллах охид эмэгтэйчүүд олноор бий болж байна. Тэдний нэг нь Монголын анхны OSCP сертификат эзэмшигч, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн З.Гантүшиг өөрийн технологийн салбарт дурлах болсон амьдралын түүхээ нулимс дуслуулан хуваалцсан нь үзэгчдэд урам зориг өглөө. Тэрбээр анхнаасаа л математикт дуртай хүүхэд байжээ.  

OSCP буюу Offensive Security Certified Professional бол кибер аюулгүй байдлын салбарт хамгийн нэр хүндтэй, практик туршилтад суурилсан сертификат бөгөөд тухайн хүн систем рүү нэвтрэх, сул тал илрүүлэх, хамгаалалтын арга хэмжээг тойрч гарах чадвартайг баталгаажуулдаг 24 цагийн турш үргэлжилдэг байна.  Энэ хүнд шалгалт өгөхөөс өмнө түүний ээж өнгөрчээ. Гэвч тэрбээр ээжийгээ өнгөрсөний дараах сэтгэл гутралыг даван туулж шалгалтаа амжилттай өгч чаджээ.

Тэрбээр “AI ашигласан залилан дэлхий дахинд ихэсч байна. Түүнийг битгий ашигла гэхээс илүүтэй өөртөө ашигтайгаар ашиглаж боломжийг үүсгээрэй” гэв.

Арга хэмжээний үеэр МТҮП-ын захирал Ж.Золзаяа "IT Park 2.0: Хамтын ирээдүй” сэдвээр илтгэл тавьж, технологийн хөгжлийн дараагийн шатанд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр мөн “IT Park 2.0” бүтээн байгуулалтын жилийг зарлаж, энэхүү санаачилгын хүрээнд хамтын ажиллагаа, инновац, ирээдүйн хөгжлийн чиглэлүүдийг тодорхой танилцуулсан юм.

Түүнчлэн СДМЭХ хамтран зохион байгуулагчаар оролцож, тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хиймэл оюуны бодлого болон нийгэмд үзүүлэх өөрчлөлтийн талаар санал бодлоо хуваалцлаа. Мөн Монголын анхны үндэсний хиймэл оюун болох Эгүнэ-г бүтээсэн “Эгүнэ Оюун”" ХХК-ийн захирал С.Бадрал илтгэл тавилаа. Тэрбээр “Egune API” нэвтэрч буйг тайзан дээрээс мэдэгдэв. Ингэснээр бид эх монгол хэл дээрээ AI боломжуудыг өөрийн систем, апп, вэбсайт, сургалтын платформ, байгууллагын дотоод процесс руу оруулж чадахаар болж байгаа гэдгийг онцлов. Egune-гийн токен нь ChatGPT токенээс 3 дахин хямд гэв.

Мөн энэ компанийн нийт ажилтнуудыг 61 хувь эмэгтэйчүүд байдаг.  

Технологийн салбарын Монголын шилдэгүүд:

"ШИЛДЭГ САНААЧИЛГА" номинацид Дорноговь аймаг дахь Явуулын технологийн сургалтыг санаачлагч А.Шинээ,

“БҮТЭЭЛЧ ОХИН” номинацид “Эгүнэ оюун” ХХК-ийн Хиймэл оюуны инженер Б.Доржханд,

“ШИЛДЭГ ДЭМЖИГЧ” номинацид Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн Г.Гантуяа нар шалгарч Ази болон Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр боллоо.

Мөн арга хэмжээний үеэр  Women in tech Mongolia болон Empasoft технологийн сургуультай хамтран “Эмэгтэй сэтгүүлчдийг Хиймэл оюунд чадавхжуулах хөтөлбөр”-т шалгарсан сэтгүүлчдэд Батламж гардуулсан юм. Хөтөлбөрийн үйл ажиллагааг ирэх сараас эхлүүлнэ гэдгээ зохион байгуулагчид мэдээлсэн юм.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.