40 дэх удаагийн номын баярын үеэр зохиолч Л.Мөнхчимэгтэй уулзаж ярилцлаа. Тэрээр сэтгэл зүйн зөвлөгөө бүхий “Таны сэтгэлийг дэмнэх 72 үглээ” бүтээлээрээ оролцож байгаа юм.
- Та 13 дахь номоо хэвлүүлж уншигч олондоо өргөн барьж байна. Шинэ номынхоо тухай манай уншигчдад товч танилцуулахгүй юу?
- Би 2010 онд анхны номоо гаргасан. Түүнээс хойш 16 жил тасралтгүй бүтээлээ туурвилаа. Энэ жил 13 дахь бүтээлээ өлгийдөн авлаа. Өмнө нь дандаа уран зохиолын ном бичдэг байсан бол энэ удаад сэтгэл зүйн чиглэлийн “Таны сэтгэлийг дэмнэх 72 үглээ” номоо гаргалаа.Сэтгэл зүйч мэргэжлээр суралцаж, ойлгож, ухаарч авсан зүйлсээ номдоо шингээхээр зорилоо. Эмэгтэйчүүд сэтгэл зүйн тал дээр алддаг сэдвүүд, анхаарах ёстой асуудлуудыг анзаарч мэдсэнээ номдоо хуваалцахыг зорьсон. Номоо худалдан авсан хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө 50 хувийн хөнгөлөлттэй үзүүлэхээр болсон. Эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд, сэтгэлээ гамнаарай, сэтгэл сайхан эрүүл байхад бусад бүх зүйл дагаад сайхан болчихдог гэдгийг захимаар байна.
-Ном бичихэд төвлөрөл, цаг хугацаа, судалгаа маш их шаарддаг. Бүтээл бүхнийхээ төлөө өөрийгөө хурцалж уншигчдын хүртээл болгоно гэдэг том даваа. Таны хувьд өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд тусалдаг зарчим тань юу вэ?
- Ерөөсөө л цагийн менежмент. Цаг хуваарилалт, ашиглалт маш чухал. “Бар цагт босоод балбасаар байгаад дуусгалаа” гэж би хошигнож ярьдаг юм. Шөнийн 03.30 цагт босоод үүр хаяарах хүртэл бичсээр номоо дуусгасан. Тиймээс аливаад хүрэх хамгийн чухал зүйл бол цаг хуваарилалт, өөртөө тавих сахилга бат гэж хэлнэ. Эмэгтэй хүн болсон хойно бүх л ажлаа зохицуулна шүү дээ. Би ч гэсэн хүн шүү дээ. Зорилготой, орлоготой, нэр хүндтэй, олонд танигдах амбицтай баймаар байна шүү дээ. Ийм ч учраас өөрийнхөө төлөө зоригтой, шартай амьдрахыг хүсдэг. Сахилга бат, цагийн менежмент байхад эмэгтэйчүүд бид бүгдийг чадна.
- Олон бүсгүйн сэтгэлийн мухарт хэзээ нэгэн цагт хүрнэ дээ гэсэн нэг оргил байдаг. Тэр тухай хүсэл мөрөөдөл нь тоосонд дарагдаж, нийгэм, ахуй нь илүү үнэ цэнтэй санагдах үе ирдэг. Улмаар ахуйдаа “живж” зорилгоо мартахад хүрдэг нь олон байх. Яг ийм үедээ хүн өөрийгөө мэддэггүй юм шиг. Харин ингэж “живж” байна шүү гэдгээ яаж мэдэх вэ?
- “Дарж орхисон хөөрхий тэр мөрөөдлөө хөгцөрч муудахаас нь өмнө сэрээгээрэй” гэсэн өгүүлбэр миний номд байдаг. Олон эмэгтэй “Би яахав, тэр минь л болж байвал” гэсээр өөрийгөө дарж орхисон байдаг. Ингээд эцэст нь үнэхээр би амьдарч чадсан уу гэж өөрөөсөө асуух үе ирдэг. Гэхдээ яг тийм асуулт өөрөөсөө асуух үед хариулт нь “Хэзээ ч оройтдоггүй шүү” гэсэн гуравхан үг байдаг. Хэзээ ч нас явчихлаа, ингээд дууслаа гэж бодох хэрэггүй. Та өөрийгөө нээж, зорилгодоо хүрэхэд хэзээ ч оройтохгүй. “KFC”-гийн захирал гэхэд 66 насандаа тэтгэвэртээ гарчихаад зоогийн газраа нээж дэлхийн брэнд болгосон гэдгээс өгсүүлээд дэлхийд хэзээ ч оройтоогүй агуу түүхүүд бий. Насаараа төрд ажиллачихаад тэтгэвэртээ гарсныхаа дараа зохиолч болж дэлхийд суугаа дуудуулсан хүмүүс ч байна. Тиймээс “Би оройтчихлоо”, “Нас минь явчихлаа” гэдэг хязгаарыг хэзээ ч өөртөө бүү тавиарай. Үнэхээр та шийдээд, зориглоод, цаг хугацаа тавиад тархи, зүрх сэтгэл, эд эсээрээ шийдвэл таны дотоод ухамсар хүртэл давхар шийддэг. Сэтгэл зүйгээр суралцаж, тархи судлал уншдаг хүний хувьд үнэхээр та дотоодоосоо, мөн чанараасаа шийдэж чадвал таны оюун санаа, эд эс, ухамсар танд хэзээд туслахад бэлэн байдаг. Тэр шийдвэрийг л бид гаргаж чаддаггүй. “Чадна даа, за яахав маргааш болъё”, “Хийнэ дээ, за яахав нөгөөдөр” гээд байвал таны ухамсар хүртэл “Эзэн угаасаа л ингэж байдаг даа, дандаа хойшлуулдаг” гээд гөлийчихдөг. Яагаад хүмүүс гэв гэнэт өөрчлөгдөөд, дахин төрсөн юм шиг болдог вэ гэвэл дотоод ухамсраараа “Одоо л биш бол хэзээ ч үгүй” гэж сэрсэнтэй нь холбоотой. Эмэгтэйчүүддээ хэлэхэд, та өөрчлөгдөхийг хүсэж байгаа бол нас, цаг хугацаанд хэзээ ч бүү санаа зов. Харин “Одоо болсон, хангалттай” гэж өөртөө хэлээд босож чадвал өөрчлөлт ирнэ. Харин та хэзээ шийдэж, өөрчлөлтийн цэгээ хаана хадах вэ гэдэг л чухал.
Сэтгэгдэл (1)