“Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-аас даван туулагч охид, эмэгтэйчүүдэд зориулсан санхүүгийн боловсрол олгох анхан шатны сургалтыг зохион байгуулна. Тус сургалтыг охид, эмэгтэйчүүдийг орлогоо нэмэгдүүлэх, гарааны бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, хувь хүнд тулгамдаж буй эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулж буй. Мөн охид, эмэгтэйчүүдийн нийгмийн оролцооны манлайлалыг хөгжүүлэх зорилготой.
Сургалтад 2025 оны аравдугаар сарын 24-ны өдрийг дуустал бүртгэх юм. Та бүхэн доорх QR кодыг уншуулж бүртгүүлээрэй.

“Хүйсийн тэгш эрх төв” ТББ нь Монгол дахь Канад сангийн дэмжлэгтэйгээр 2025 оны долоодугаар сараас эхлэн жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа хүн худалдаалах гэмт хэргийн даван туулагч охид, эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн үр дүнд дараах зүйлсийг зорьж буй ажээ.
-
Туслалцаа, үйлчилгээ авсны дараагаар хэвийн амьдралдаа буцан орж буй охид, эмэгтэйчүүдийн сайн дурын оролцооны бүлэг хөгжүүлэх
-
Тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэнээр ижил асуудалтай даван туулагчдад туслах
-
Тэднийг эгнээндээ нэгтгэх,
-
Бие даан үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, хөгжих суурь бий болгох
Дашрамд дурьдахад, тус төвөөс даван туулагч охид, эмэгтэйчүүдийг чадавхижуулах 2 удаагийн сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 58 даван туулагч охид, эмэгтэйчүүд болон тэдний гэр бүлийн гишүүдийг хамруулжээ.
“Даван туулагчдын сүлжээ” нь жендэрт суурилсан хүчирхийлэл, хүний наймааны хохирогч охид эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэж, тэдний эрхийг хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх зорилготой сайн дурын бүлэг юм.