Бидний амьдралд, ажил карьер, харилцаанд шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг үзэгдэл, үзэл бодол, ойлголтууд, хэм хэмжээний талаар онцлон хүргэх “Roompedia” буланд тавтай морил. Бид энэ удаа мэносфер хэмээх ойлголтыг онцолж байна.
Мэносфер гэж юу вэ? Мэносфер гэдэг нь цахим орон зай дахь зарим нэгдэл, хуудас, контентуудыг хамтад нь нэрлэсэн ойлголт юм.“Эрчүүдэд зориулсан”, “Залуусын төлөө” хэмээн өөрсдийгөө тодорхойлсон эдгээр бүлэг, нэгдэл, контент нь шууд болон шууд бусаар эмэгтэйчүүдийг дорд үзэх, феминизмийг үгүйсгэх, жендэрийн тэгш эрхийг няцаах санаа, агуулгыг түгээдэг. Энэ нь сошиал медиа, подкаст, онлайн форум, хообий болон сонирхлын бүлэг, болзооны аппликейшн зэрэг олон платформоор дамжин тархах бөгөөд зарим агуулга нь өөрийгөө хөгжүүлэх, амжилтад хүрэх зэргийг зөвлөсөн, “гэмгүй” мэт харагдавч далдуур бусдыг доромжлох, хүчирхийллийг хэвийншүүлэх далд санааг түгээж байдаг.
Эдгээр орон зай, агуулгад эрчүүдийг нийгмийн тогтолцоо, зарим үзэл санааны “хохирогч” мэтээр дүрслэх, эрчүүдийн бүтэлгүйтэл, амжилт гаргаж чадаагүй байх зэрэг нөхцөлд эмэгтэй хүн, феминизм буруутай мэтээр ойлгуулах, сэтгэл хөдлөлөө дарах, хаалттай байх, зарим тохиолдолд түрэмгий зан гаргахыг жинхэнэ эр хүний шинж гэж тодорхойлох нь түгээмэл.

Мэносфер ямар хохирол учруулдаг вэ? Мэносфер зөвхөн цахим орчинд үлддэггүй. Өсвөр насныхан, залуус, эрчүүдэд хүрснээр эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах хандлага, сургуулийн орчин дахь дээрэлхэл, хүн хоорондын харилцаанд болон гэр бүлд хүчирхийлэл зэрэгт нөлөөлж, ийм хандлагад хөтөлж байдаг.
Өсвөр насныхан, хөвгүүд, залуусын ганцаардал, гутрал, бусдад тоогдохгүй мэт санагдах мэдрэмж дээр мэносфер нөлөөлөгчид “тоглож”, “Чиний асуудлын шалтгаан бол эмэгтэйчүүд, феминизм” зэрэг энгийн сонсогдох боловч ташаа, аюултай тайлбарыг өгч байдаг. Ингэснээр эрчүүд бодит асуудлаа ойлгож, шийдэхийн оронд уур хилэн, гомдол, үзэн ядалтад автах эрсдэлтэй.
Мэносферт Incel буюу эмэгтэйчүүд мөнгө, эрх мэдэл, нийгмийн байр суурь хардаг, энгийн эрчүүдтэй бэлгийн болон хайр сэтгэлийн харилцаанд ордоггүй гэж үздэг, MRA буюу феминизм эрчүүдийн эрхийг булаасан гэж сурталчилдаг, PUA буюу эмэгтэй хүний зөвшөөрлийг үл тоомсорлож, “арга мэхээр” урхидан татах талаар заадаг, MGTOW эмэгтэйчүүд, харилцаанаас бүрэн татгалзахыг уриалдаг агуулга, бүлгүүд, нөлөөлөгчид хамаарна. Тэдний голчлон ашигладаг “red pill”, AWALT, femoids зэрэг нэр томъёо нь эмэгтэйчүүд, хүйсийн тэгш эрхийн талаарх ойлголтыг мушгисан, буруутгасан хандлагатай байдаг.

Тоон баримт юу өгүүлдэг вэ?
- АНУ-ын хөвгүүд, залуусын тал орчим хувь нь мэносфер контентод итгэх хандлагатай.
- Сошиал медиа дахь жендэрт чиглэсэн дайралт, доромжлолд эрэгтэйчүүдийн 69, эмэгтэйчүүдийн 72хувь нь санаа зовнидог.
- Дэлхий даяар охид, залуу эмэгтэйчүүдийн 58 хувь мэносферээс үүдсэн онлайн доромжлолд өртдөг.
Эх сурвалж: UN Women