"Ахмад настны эрхийн тухай НҮБ-ын шинэ конвенцын төслийг боловсруулах нь: ИНБ-уудын зөвлөлдөх уулзалт” зургаадугаар сарын 18-ны өдөр боллоо
Тус уулзалтад Австралийн холбооны улс, Бүгд найрамдах Солонгос улс болон Монгол улсын иргэний нийгмийн байгууллагууд, Ахмадын байгууллага, их, дээд сургуулийн профессор, багш нар болон Ахмадад ээлтэй хөтөлбөр хэрэгжүүлдэг хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон байна.
Зөвлөлдөх уулзалтаар ахмад настны эрхийг хамгаалах олон улсын конвенцын төслийг дэмжин батлуулахад Монголын Иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг зураглан ирээдүйн хэлэлцээрт үр дүнтэй оролцох мэдлэг, туршлагаа хуваалцаж, цаашдын алхмыг тодорхойлжээ.
“Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүс нутгийн форумыг угтан иргэний нийгмийн байгууллагуудын урьдчилсан хэлэлцүүлгийг Монголын Эмнести Интернэшнл, Хүний эрх хөгжил төв, Монголын Хүний эрхийн форум, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ хамтран Монголын Эмэгтэйчүүдийн сан, Ахмад настны эрхийн төлөөх дэлхийн холбоо (GAROP)-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна.