Трэнд та бид рүү иртлээ юуг туулдаг вэ

Трэнд та бид рүү иртлээ юуг туулдаг вэ

2000-аад оны дунд үед том хүрээтэй нүдний шил зүүнэ гэдэг загварын гамшгуудын нэг байлаа. Өнгөт арьстнуудаас гаралтай хип хоп хэв маяг буюу хамаг өмсгөл нь томдсон, үсээ арзайлган гельдсэн, нарны шил, гялгар гинж бөгжөөр гоёсон зодоонч, хулигаан залуугийн төрх эрчүүдийн дунд ид мандаж байх үед урдуураа тайрч унжуулсан үстэй, том гэгч нь хар хүрээ бүхий шилтэй, поло цамц, энгийн даавуун өмд, кет өмсдөг миний бие ямар ч сонголт үгүйгээр “донгио” гэдэг ангилалд ордог байв. Ээж, эргэн тойрны хүмүүс яагаад намайг үсээ босгож гельддэггүйг, юуны учир ийм нарийхан өмд өмсдөгийг, хамгийн гол нь ийм хачин харааны шил зүүдгийг минь гайхаж, заримдаа шоолж асуудаг байв. Би аль болох тоохгүйг хичээн, өөрөө өөртөө л таалагдсаар цаг хугацааг элээж байлаа. Гэтэл хувь тавилан ивээх аятай 2010 он гарахтай зэрэгцээд “geek is chic” гэсэн цоо шинэ гоозүйг томоохон загварын брэндүүд онцлон гаргаж, нөгөө миний “донгио” хэв маяг загварын сэтгүүл бүрийн нүүрэнд заларч орхив. Мэдээж би ирээдүйн трэндийг урьдчилан таамаглаж хувцасладаг байсан уу гэвэл, үгүй.  Харин би бусдыг дагалдан дуурайж үсээ гельдээгүйдээ, газраар чирэгдсэн, өргөн жийнс өмсөөгүйдээ, нүдний шилтэй номч төрхөндөө үнэнч үлдсэндээ туйлаас их баярлаж билээ. Үүнтэй адилаар тухайн цаг үедээ нэг л авцалдамгүй, хачин, этгээд харагдавч хожим хойно хүн болгон өмсдөг болсон трэнд цөөнгүй ээ. Balenciaga-ийн Triple S, Yeezy 500 зэрэг зузаан ултай, аварга пүүзүүдийг анх 2017 онд гаргаж байхад амтай болгон “өвөө нарын кед” гэхчилэн шүүмжилж байсан ч 2020 он гэхэд масс үйлдвэрлэгч брэндүүд болох H&M, ZARA нар ч том пүүзүүдээ гаргаж эхэлсэн. Энэ бүгдээс ажиглахад ер нь трэнд гэдэг маань хүний амьдралын мөчлөг шиг төрж, өсөн бойжиж, ид мандаж, аажмаар бөхөн алга болдог зүйл бололтой. Тэгвэл трэндийн амьдралын мөчлөгүүдийг хамтдаа танин мэдэцгээе.

Innovator: Трэнд мэндлэх үе шат

Цоо шинэхэн трэндийг загварын дизайнерууд, стилистүүд, зарим үед өөрийн мэдэлгүйгээр жирийн иргэд ч өлгийдөн угтаж авна. Энэ үе шат дараагийн үе шат руу дамжин хөгжих эсэх нь зохиогчийн оршин буй цаг хугацаандаа хирхэн мэдрэмжтэй хандаж буй байдал, бүтээлч сэтгэлгээ, аз хийморь гээд олон зүйл нөлөөлөх тул маш эгзэгтэй үе шат юм.

 

Early Adopter: Эртлэн дагагчид

Цоо шинэхэн, дөнгөж төрсөн трэндүүдээс загварын салбарын ойрын хүрээлэл болох баячууд, загварын нөлөөлөгчид, урлаг соёлын одууд, эс бөгөөс зүгээр л загварыг сонирхдог, энэ салбарт ойр хэн бүхэн сонголтоо хийж хамаг бусдаас онцгойрон ялгарна. Сонгогдоогүй үлдсэн трэндүүд нь өмнөх шатаар л дуусгавар болно. Тухайн трэнд цаашид газар авахыг шийддэг чухал үе шат.

Early Boomer: Эрт үеийн масс дагагчид

Өмнөх шатанд сонголтоо хийсэн урлаг соёлын одууд, загварын нөлөөлөгчид, баячуудаас урам зориг авч, хүндлэн дагадаг олон нийт тэдний сонгосон трэндийг дуурайж эхэлдэг. Zara, H&M зэрэг масс брэндүүд тухайн трэндийн хувцаснуудыг энэ үеэс л түгээж эхэлнэ. Олонд танигдаагүй ч өөрийн хүрээлэлдээ “ганган” гэж үнэлэгддэг хүмүүс энэхүү трэндийн хувцаснуудыг өмсөж дэлгэрүүлж эхэлнэ.

Late boomer: Сүүл үеийн масс дагагчид

Эр, эм, хөгшин залуу, загвар сонирхдог, сонирхдоггүйгээс үл хамааран хүн бүр өмсөж эхэлнэ.

Laggards: Хожуу хэрэглэгчид

Тухайн трэнд хэдийн үеэ элээж хуучирч, цоо шинэ трэнд аль хэдийн early boomer шатдаа хүрсэн байсан ч зарим хүмүүс өмссөн хэвээр л байна. Энэ үеийн хэрэглэгчид хугацаа өнгөрөх бүр хорогдох төлөвтэй байна.

Дагах уу, үлдэх үү

20-р зуунд энэхүү “трэнд” гэгч эрхмийн амьдралын мөчлөг 10-аад жил хиртэй үргэлжилдэг байсан бол орчин цагийн капиталист, хэт хэрэглээг шүтсэн нийгэмд сар бүү хэл 7 хоногийн настай байх нь ч бий. Өөрөөр хэлбэл та загварын трэнд бүрээс хоцрохгүй байхын тулд 7 хоног бүр шинэ хувцас авах шаардлага ч тулгарч мэднэ. Долоо долоо хоногоор трэнд нь хуучирсан хувцас шкафаар тань дүүрч, таныг хэт их хэрэглээний стресс дарамтанд оруулж эхэлнэ. Гэвч “трэнд” гэгчийг төрүүлж байгаа нь эхний үе шат дахь инноваторууд болох загварын ордны эрхмүүд, түүнд харьяалагдах загвар зохион бүтээгчид ихэвчлэн байдаг билээ. Тэд загварын трэндийг зөвхөн гоозүйн талаас нь трэнд болгон нэвтрүүлэхээс гадна өөрсдийн ашиг сонирхол, давуу талыг ч мэдээж харгалзан үзнэ. 1950 онд полиестэр хэмээх химийн гаралтай хувцасны материалыг Dupont, American Chemical Society зэрэг байгуулагууд үрчийдэггүй, ид шидийн материал, ирээдүйн даавуу мэтээр сурталчилж байлаа. Энэ нь ч үр дүнгээ өгч өдийд полиестэрийн хэрэглээ нийт хувцасны зах зээлийн 55 хувийг эзлээд байна. Гэвч 1 кг полиестэрийг үйлдвэрлэхэд байгальд 9,5 кг нүүрстөрөгчийн хий ялгардаг бөгөөд байгальд задардаггүй, угаагдах бүрт бичил пластик ширхгүүд ялгаруулдаг зэргээр байгальд үзүүлэх хор нөлөө нь тамтаггүй их. Гэвч ийм материалыг яагаад сурталчилдаг байсан нь гагцхүү үйлдвэрлэлийн зардал бага, хурдан үйлдвэрлэгддэг гэх мэт эдийн засгийн хэмнэлттэй л холбоотой юм. Өөрөөр хэлбэл, томоохон масс үйлдвэрлэгчид өөрсдөдөө ашиг олохын тулд, байгальд хор хөнөөлтэй материалыг индүүдэх шаардлагагүй гэхчилэн бидний тархийг угаадаг гэсэн үг юм. Тэгвэл та бид өөрсдийнхөө төлөө, хүрээлэн буй орчныхоо төлөө, цаашлаад ирээдүйн төлөө хийж болох хамгийн зөв бөгөөд хариуцлагатай сонголт нь “sustainable fashion” буюу тогтвортой фэшн юм.

Room24.mn платформын оюуны хандивлагч, нийтлэлч З.Зоригт

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.