СУИС-ийн Кино Телевиз Медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Д.Цэнд, Үндэсний номын санд
Гэрэл зургийг Б.Одгэрэл
1925 онд “Бүсгүйчүүдийн санал” хэмээх сэтгүүл хэвлэгдсэнээр Монголын эмэгтэйчүүдийн төрөлжсөн хэвлэлийн түүх эхэлжээ. СУИС-ийн Кино Телевиз Медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Д.Цэнд эмэгтэйчүүдийн хэвлэлийн 1925-2022 оныг хүртэлх түүхэн хөгжлийг судалж, “Жендэр ба сэтгүүл зүй” номоо хэвлүүлсэн байна. Энэхүү номыг уншаад бид Room24.mn сайтаа нээхээр сэтгэл шулуудсан юм. Тиймээс ийм нүсэр хэмжээний судалгаа хийж, бидэнд олон жил ярьсан мөрөөдлөө бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд урам зориг, түлхэц өгсөн Д.Цэнд багшийг Өрөөний анхны зочноор урьж ярилцлаа. Энэ жил Монгол Улсад эмэгтэйчүүдийн хэвлэл үүсээд 100 жил болж байгаа түүхэн цаг үе ч тохиож байна.
Тэрбээр эмэгтэйчүүдийн хэвлэлийн түүхийг гурван үе шатанд хувааж үзсэн байдаг. Үүнд:
-
Монголд эмэгтэйчүүдийн хэвлэл үүсэн бий болсон үе /1925-1936/
-
Социализмын бүтээн байгуулалтын үе буюу эмэгтэйчүүдийн хэвлэлийн дахин сэргэлтийн үе /1961-1990/
-
Ардчилал шинэчлэлийн болон мэдээллийн эрин дэх эмэгтэйчүүдийн хэвлэлийн үе /1990 оноос хойших/
-1925 оноос өдийг хүртэлх эмэгтэйчүүдийн хэвлэлд хийсэн таны даацтай судалгааг уншихад Монголын эмэгтэйчүүдийн эрх, тэдний улс төр, нийгэмд оруулсан хувь нэмрийг тольдож байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Энэ сэдвийн санаагаа Та яаж олсон бэ?
-Монголд эмэгтэйчүүдийн хэвлэлийн судалгаа орхигдчихсон байгааг багш нар маань олж харж, санал болгон чиглүүлж өгсөн. Монгол улсын Боловсролын их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн доктор (Ph.D), дэд профессор С.Амартүвшин багш маань санал болгож, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал доктор (Ph.D), профессор Б.Болд-Эрдэнэ багш маань ажлыг удирдан чиглүүлсэн дээ. Би бол анх түүхчилсэн судалгаа л хийнэ гэж бодож, ойлгож байсан. Харин багш маань феминизмийн онол үзэл санааг чиг баримжаа болгож, энэхүү хэвлэлийн Монголын нийгэмд гүйцэтгэсэн үүргийн талаарх судалгаа байх ёстой гэж чиглүүлсэн юм. Багш өөрөө маш их уншдаг, өргөн мэдлэгтэй, хурдан сэтгэдэг хүн. Нэг ороход л тийм, ийм ном унш, би бас уншлаа харлаа гэнэ. Бүр болоогүй феминист үзэл, жендэрийн талаарх кино хүртэл үзчихсэн хэлнэ, ярина. Эртний хатдын болон, европын эмэгтэйчүүдийн түүхийн ном өчнөөнийг уншуулж байгаа юм. Тэгээд “Би энэ Цэндээс болж феминист боллоо” гээд... Үнэхээр ч надад ойлгуулах гэж, намайг хамгаалуулах гэж феминист болсон байх аа (инээв).
-Тэгэхээр эмэгтэйчүүдийн хэвлэлийг судлахын тулд феминизмийг судлах хэрэгтэй болжээ дээ?
-Тийм. Хэвлэл мэдээлэл бол тухайн нийгмийн “толь” гэдэг шүү дээ. Тийм ч учраас хэвлэлийн түүх бол тухайн цаг үеийн, тэр нийгмийн л түүх гэсэн үг. Монголын эмэгтэйчүүдийн хэвлэлийн түүх нь Монголчуудын сүүлийн 100 шахам жилийн түүхийг өгүүлж байгаа хэрэг байх нь ээ дээ. Нөгөө талаар эмэгтэйчүүдийн хэвлэлийн түүхийг ярихын тулд монголчуудын эмэгтэй хүнд хандах хандлага, үзэл санаа, эрх чөлөөний асуудлыг ярих нь зайлшгүй. Эмэгтэйчүүд эрх чөлөөтэй, үзэл санааны хувьд чөлөөтэй байж л хэвлэл, сонин, сэтгүүлийн тухай ярьж таарах нь байна. Тэгэхээр феминизм, эмэгтэйчүүдийн хэвлэл хоёр зайлшгүй холбогдож байгаа биз?
Монголчуудын эмэгтэй хүнд хандах үзэл санааг эртний үеэс хайж үзвэл эмэгтэй хүнийг, эх хүнийг хамгийн дээдээр хүндэлж, дээдэлж ирсэн ард түмэн шүү дээ. Энэ нь дорнын сэтгэлгээний онцлогтой холбоотой байж магад. Дорнынхон чинь ертөнцийн бүх л юмс үзэгдлийг арга-билиг хэмээх харилцан бие биесээ нөхцөлдүүлсэн шүтэлцээгээр илэрхийлдэгтэй холбоотой. Нэг ёсондоо монголчуудын сэтгэлгээнд арга нь эр, билиг нь эм гэсэн үзэл санаа шингэж эмэгтэй хүнийг хайрлаж, хүндэлж ирсэн гэсэн үг. Монголын эртний хатад, язгууртан гаралтай эмэгтэйчүүд улс орноо удирдах ажилд гар бие оролцдог, эхнэр, эх хүн үр хүүхдийнхээ нүдэнд эцэгтэйгээ адил сүртэй байсныг гадаад, дотоодын судлаачид онцгойлон тэмдэглэсэн байдлаас монгол эмэгтэйчүүд эрх чөлөөтэй, бие даасан, нийгмийн байр суурь өндөртэй байсныг харж болно.
Гэрэл зургийг Б.Одгэрэл
Гэхдээ манжийн дарлалд 200 гаруй жил болох үед л эмэгтэйчүүдийн эрх чөлөөний асуудал хүндэрсэн, нөгөө боолчлол, богтлол чинь газар авсан байдаг. Энэ тухай 100-гаад жилийн тэртээх хэвлэлүүд дээр ч нийтэлсэн байдаг л даа. Манжийн түрэмгийллийн үед эмэгтэйчүүдийг “доод төрөлтөн” хэмээн үзэж, боолчилж, богтолж, худалдаалж байсан аймшигтай баримтууд түүхийн баримт бичгүүдэд ч үлдсэн.
“Эртний Монголын бүстэй ба бүсгүйчүүдийн эрх чөлөө нь тийм ч онц ялгаварласан зүйлгүй байсан бөгөөд Манж чин улсад дагаар орсон хоёр зуун жил хамаг муу суртал нь халдварлан ирж бүстэй ба бүсгүйчүүдийн эрх чөлөө өөрчлөгдөж, нийгэмд тэгшгүй муу байдал дэлгэрчээ.”
“Эмэгтэйчүүдийн санал” сэтгүүлийн, 1928 оны №2 дугаарт Дуламын бичсэн “Дотоод Монголын бүсгүйчүүдийн байдал” өгүүллээс эш татав.
-Тийм харанхуй, бүдүүлэг үеийн дараа эмэгтэйчүүдийн эрх, нийгэм дэх байр суурийг сэргээх, сайжруулахад Эмэгтэйчүүдийн хэвлэл ямар хувь нэмэр оруулсан бэ?
-1921 оны ардын хувьсгал эмэгтэйчүүдийг эрх чөлөөгөө сэргээн олох суурийг бий болгож өгсөн. Тухайлбал, МАН-ын анхдугаар бүгд хурлаас баталсан “Эрмэлзэх 10 зүйл” гэдэгт эрэгтэй эмэгтэй ялгаагүй намд элсүүлж авна аа гэсэн. Дараа нь 1924 оны Анхдугаар Үндсэн хуулиар эрэгтэй, эмэгтэйчүүд адил тэгш эрхтэйг, мөн сонгох сонгогдох эрхийг нь баталгаажуулсан Азийн анхны улс болсон юм. 1925 онд Засгийн газрын 40 дүгээр тогтоол гарч эмэгтэйчүүдийг богтлох, боолчлохыг хориглосон. Ер нь олон улстай харьцуулахад монгол эмэгтэйчүүд эрх чөлөөгөө тэмцэл хөдөлгөөн, эрчүүдийн эсэргүүцэл харьцангуй багатайгаар олж авсан нь эмэгтэй хүнийг эрхэмлэн дээдэлж ирсэн үзлээс улбаатай байх. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг сэргээх үзэл санаа дэлгэрч, тэр нь хөдөө талын олон эмэгтэйд сонин, сэтгүүлээр дамжиж хүрсэн түүхийг Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын үүсэл хөгжилтэй холбон үзэх нь зүйтэй. 1924 онд эмэгтэйчүүдийн байгууллага байгуулж, тус байгууллагаас 1925 онд “Бүсгүйчүүдийн санал” нэртэй хэвлэл гаргаж эхэлсэн. Энэ сэтгүүл 2000 хувь хэвлэгдсэн байдаг. Монголын нийт хүн ам 650 мянга орчим байсантай харьцуулахад тийм ч бага тоо биш. Өргөн уудам нутагт цөөн тоогоор тархан суурьшсан Монголчуудад хэвлэл, сонин сэтгүүл унших бичиг үсэгтэй хүн ховор байсныг харгалзан тус сэтгүүл зарим мэдээллээ зургаар хүргэдэг нь бас нэг давуу тал болж өгч байгаа юм. Ямартай ч эмэгтэйчүүдэд зориулсан зорилтот бүлэгтэй хэвлэлтэй болно гэдэг нь тэдэнд зориулсан төр засгийн бодлогыг хэвлэлээрээ дамжуулан хүргэж, мөн эмэгтэйчүүдийн санаа бодол, нийгмийн байр суурь, дуу хоолойг ч нам төрд хүргэнэ гэсэн үг шүү дээ.
Сэтгүүлийн анхны эрхлэгчээр Дамдины Пагмадулам /Зохиолч Д.Нацагдоржийн гэргий/ ажиллаж байсан. Тэрбээр өмнө нь ноёны хүүд богтлогдож байсан учраас тухайн үеийн зовж зүдэрсэн эмэгтэйчүүдийн дуу хоолой болохдоо охид, бүсгүйчүүдийг богтлох ёсыг халах, сурч боловсрох эрх чөлөө олгоход анхаарч байсан байдаг. Харин сэтгүүлийн нарийн бичгийн даргаар Ц.Дамбадорж ажиллаж байсан бөгөөд С.Бадамжав /нэрт соён гэгээрүүлэгч Ж.Цэвээний гэргий/, Хобуна Ринчин /Оросын төлөөлөгч Ринчиний эхнэр/, Р. Бадамрэнцэн, Д. Цэрэнлхам нарын тухайн үеийнхээ нэлээд боловсролтой эмэгтэйчүүд нийтлэл бичиж байсан. Анхны дугаарын тэргүүн өгүүллийг С.Янжмаа /Д. Сүхбаатарын гэргий/ бичсэн байдаг.
-Барууны феминистүүд социализмын үеийн эмэгтэйчүүдийн байгууллага намын үзэл суртлаа л дагадаг, жинхэнэ эрх чөлөөний төлөө тэмцэгч биш гэж үзэх явдал байдаг. Гэтэл Пагмадулам баруун европт боловсрол эзэмшсэн феминист, богтлох ёс, дарлал, боолчлолыг эсэргүүцэж, эмэгтэй хүний улс төрийн эрхийн асуудлаар ч илэн далангүй ярьдаг байснаас удирдлагын албан тушаалаа нэг жилийн дараа орхих болсныг судлаач Б.Мандухай онцолсон байсан. Түүний дараа удирдлагыг авсан Сүхбаатарын Янжмаа ч радикал үзэлтэн байсан гэдэг. Ер нь эмэгтэйчүүдийн хэвлэл эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө чөлөөтэй дуугарч чаддаг байж уу?
-Тухайн үеийн нийгмийн амьдрал хүнд хэцүү байсан. Эмэгтэйчүүдийг олноор боолчилдог, богтолдог. Бичиг үсэг мэддэг эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэйчүүд ч цөөн байсан энэ үед эмэгтэйчүүдийн байгууллагын хамгийн эхний зорилт бол эмэгтэйчүүдээ боолчлох, богтлохоос чөлөөлөх, дараагийн чухал зорилт нь бичиг үсэгт сургах, боловсруулах, соёлжуулах ажил байсан. Энэ үүднээс харвал эмэгтэйчүүдийг эрх чөлөөгөө олж авах, бичиг үсэг сурах, соёлжих талаар хамгийн ихээр уриалан дуудаж энэ ч үүргээ амжилттай биелүүлж, эмэгтэйчүүдийг төдийгүй монголчуудыг соён гэгээрэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хэвлэл мөн. Тэгш эрхийн үзэл санааг ихээр сурталчлан таниулж байсан. Жишээ нь, “Ажилчин эмэгтэй” сэтгүүлийн 1931 оны №1 дугаарт Дарьзавын бичсэн “Улсын удирдах хэрэгт ажилчин эмэгтэйчүүд оролцох хэрэгтэй” өгүүлэлд “Засаг захиргааны сонгуульд эмэгтэйчүүдийг өргөнөөр оролцуулах, удирдах ажилтны 20%, захиргааны ажилтны 50%-ийг эмэгтэйчүүдээр сонгох, хоршоо, хамтралын даргаас эхлээд удирдах албанд эмэгтэйчүүдийг дэвшүүлэх” гэсэн байгаа юм. Таны асуултад товч хариулахад, эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө, өнөөдрийн бидний эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний төлөө хүчтэй дуугарч чадсан хэвлэл бол эмэгтэйчүүдийн хэвлэл мөн гэж хэлнэ. Энэ бүхнээс эмэгтэйчүүдийн хэвлэл тухайн үедээ феминизм, жендэрийн эрх тэгш байдлын үзэл санааг яах аргагүй дэлгэрүүлж байсан нь харагдаж байгаа биз?
-Үүний үр нөлөө нийгэмд хэрхэн тусгалаа олсон байдаг вэ?
-Ер нь 1925-аас 1936 онд сэтгүүл хаагдах хүртлээ харьцангуй чөлөөтэй байж, феминизмийн үзэл санааг монголын эмэгтэйчүүдэд суулгасан. Үүний үндсэн дээр чөлөөтэй сурч боловсорч, дээрээс нь төрийн албанд ажил хийж эхэлсэн. Тэр байтугай 1930 онд төрийн сайд хүртэл эмэгтэй хүн болсон. 1930 онд БНМАУ-ын ардын эрүүлийг хамгаалах яам байгуулагдаж сайдаар нь Долгорын Пунцаг гэж эмэгтэйг томилж байсан. Эмэгтэй хүн ийм байж болдог юм шүү гэдгийг үзэл санааных нь хувьд суулгаад өгчихөж байна. 1923 онд төрийн байгууллагад цалинтай ажил эрхэлдэг долоохон эмэгтэй байсан бол 1940 он гэхэд 2697 болсон гэсэн баримт бий. Мөн 1924 онд улс даяар зохион байгуулсан түр сонгуульд ердөө 20 эмэгтэй хамрагдаж байсан бол 1931 он гэхэд 2000 гаруй болж нэмэгдсэн байх жишээтэй. Тэгээд бодохоор энэ богино хугацаанд эмэгтэйчүүдийн сурч, боловсрох, хөдөлмөрлөх, улс төрийн эрх гээд үсрэнгүй ахиц дэвшил гарч байгаа биз? Ерөөсөө монголчуудын уламжлалт зан, эмэгтэйчүүдийг дээдэлж ирсэн тэр үзэл санааг нь сэргээгээд өгчихөөр цаашаагаа ямар нэгэн асуудалгүй явчихаж байна аа гэсэн үг.
-Сэтгүүл 1936 оноос хаагдаад, 1961 онд эргээд гарч эхэлсэн гэдэг. Энэ хоорондох завсарлагаанд юу нөлөөлсөн юм бол?
-Ер нь нийгмийн үйл явцтай л холбоотой. Дорно зүгээс Японы дарлал бий болсон. Тэгээд 1930-аад оны сүүлчээр их хэлмэгдүүлэлт, дэлхийн дайн эхэллээ. Мөн хамтрал коммуны асуудал зэрэг энэ олон шалтгааны улмаас 1936 оноос хэвлэлтээ зогсоож, 25 жилийн турш тасраад, 1961 оноос дахин хэвлэгдсэн байдаг.
-Та 1961-1990 оныг эмэгтэйчүүдийн хэвлэлийн “оргил үе” гэж тодорхойлсон байсан. Яагаад тэгэх болов?
-Энэ үед захиалга, борлуулалтын хувьд оргил үедээ хүрч байсан юм. Нэг талаар социализмын үед хэвлэлийг хүчээр захиалуулдаг байсантай холбоотой. Нөгөө талаар эмэгтэйчүүдийн байгууллага хүчтэй байсны илрэл. Хэвлэлийн том редакц бий болоод иргэдэд хүрч байсан гэдэг утгаараа, хэвлэлтийн чанар чансааг харсан ч илүү мэргэжлийн болж ирсэн. Тухайн үед “Үнэн” сонин хамгийн өндөр захиалгатай, хоёрт “Пионерийн үнэн”, гуравдугаарт “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл 100 гаруй мянган хувь хэвлэгдэж, одоогийнхоор бол ТОП 3-ын нэг байсан байхгүй юу. 100 гаруй мянган хүнд хүрнэ гэдэг асар өндөр үзүүлэлт. Үүний тулд сэтгүүл мөн эмэгтэйчүүдтэйгээ дээд зэргийн эргэх холбоотой ажиллаж байсан. Тухайлбал, сэтгүүлийн арын хуудсан дээр уншигчдаасаа авах санал асуулга хэвлээд, эргүүлээд тэр арынх нь хуудсыг шуудангаар явуулсан хүний асуултуудад хариулах, сэтгүүлээ хөнгөлөлттэй үнээр захиалах боломж олгох зэрэг маркетингийн янз бүрийн арга нэвтрүүлж байж. Бас сэтгүүлийн голын хуудсанд хувцас загварын эсгүүр хийж өгч байсан. Захиалагчид эсгүүрийг дуурайн хувцсаа хийх, хүүхдүүддээ хувцас оёх зэргээр хэрэгтэй, сонирхолтой зүйл өгч байсан харагддаг. Мэдээллийн хэрэгсэл хомс, аливаа мэдээллийг ихэвчлэн сонин, сэтгүүлээс авдаг байсан энэ үед загварын чиг хандлагын хэв маягийг иргэддээ хүргэж байгаа нь бас л содон зүйл мөн л дөө. Гэхдээ 1961-1990-ээд оны хэвлэлийг шүүмжилмээр зүйлүүд бий. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хэт хөөрөгдөн сурталчилж, дандаа сайн малчин байх, манлай ажилчин байх, социализмын материал техникийн баазыг байгуулах гэдэг талаас гаргаж байснаас хувийн амьдралгүй шахам социалист эмэгтэйн дүр төрхийг бий болгосон, сурталчилсан зүйл бий. Нийтлэлийн бичлэгийн өнгө аяс нь ч албархуу, уйтгартай, социализмыг магтан дуулсан нэг хэв загварт баригдаж эхэлсэн сул талтай.
Харин 1990-ээд оноос буюу социализмын сүүлч үеэс тухайн нийгэмд хаалттай байсан тулгамдсан асуудлууд, жишээ нь үр хөндөлт, гэр бүл салалт, албан тушаалын тэгш бус байдал, түүхэн бодит байдал зэргийг хөндөж, бичиж эхэлсэн. Нэг ёсондоо 90-ээд оны эхэн үеэс чөлөөт үзэл санаа дэлгэрээд эхэлж байна л даа.
-Зах зээлд шилжсэнээс хойш эмэгтэйчүүдийн хэвлэл нэлээд олширч байгаад алга болсон. Тэгэхээр энэ гурав дахь үеийн онцлог юу вэ?
-Эмэгтэйчүүдийн сэтгүүлийн залгамж халаа гэдэг утгаараа Эмэгтэйчүүдийн холбооноос нэг хэсэг “Гоомарал” гээд нэрийг нь солиод янз бүрээр сэтгүүл гаргасан. Социализмын үед эмэгтэйчүүдийн байгууллага намын дэргэд байсан бол зах зээлийн үед ТББ болсон. Санхүүжилтээ өөрөө хийж явах ёстой, тэр асуудлаас болоод хэвлэл нь хаагдсан байх. Эмэгтэйчүүдийн холбооноос хааяа нэг гэнэт санасан юм шиг ганц нэг дугаар гаргадаг. Гэхдээ энэ нь тогтмол биш л дээ. Жишээлбэл 2018 онд шиг санагдана. Нэлээд зузаан, кирилл, монгол бичиг, англи хэлээр “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл хэвлэгдсэн байсан. Хэдэн дугаар хэвлээд л бас байхгүй болсон. Нийгэм зах зээлд шилжих эхний үед эмэгтэйчүүдийн тодотголтой олон хэвлэл бий болсон. Зарим нь хэвлэгдсэн зарим нь хэвлэгдээгүй, хууль зүйн яамнаас нэрээ аваад мартагдсан гэх мэт.
2000-аад оны дунд үед “Гялбаа”, “Uptown”, “Cosmopolitan” зэрэг загварын чиг хандлагыг тодорхойлсон өнгөт, зурагт сэтгүүлүүд гарч эхэлсэн. Ихэнхдээ супермаркетаар зарагддаг. Урлаг, соёл, спортын нэртэй оддын ярилцлага, нүүр царайгаар “өнгөлсөн” гоё сэтгүүлүүд нэг хэсэг бий болсон л доо. Энэ үед манайд брэндийн дэлгүүрүүд олноор нээгдсэн, төрөл бүрийн үйлчилгээ бий болсон зэрэг нь эмэгтэйчүүдийн хэвлэлийн сурталчилгааны гол “обьект” бий болж санхүүгээ шийдэж байсан байх. Бас сэтгүүлүүд тухайн үедээ их үнэтэй зарагдаж байсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 мянган төгрөг байхад эдгээр сэтгүүл 5000-8000 төгрөгийн үнэтэй байсан гэхээр чамгүй үнэтэй байгаа биз? Гэвч энэ сэтгүүлүүд бол зах зээлийн хоромхон хугацааны үйл явц байсан. Эмэгтэйчүүд рүү чиглэсэн даацтай бодлоготой биш, гоё ганган өнгөт зурагтай, загварын чиг хандлага тал руугаа хэт төвлөрсөн, бизнесийн шинжтэй, мэдээ, материалын үнэ цэн буюу ач холбогдол, шуурхай байдал, боловсруулалт дутуу, орчуулгын мэдээ давамгай оруулах хандлагатай байсан.
-Яг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилготой хэвлэл байхгүй байна ш дээ. Энэ орон зай, хэрэгцээ шаардлагыг та яаж харж байгаа вэ?
-Мэдээж 100 жилийн өмнөхтэй харьцуулан харвал одоо бид харьцангуй эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Гэхдээ энэ эрхээ хамгаалж, байнга усалж тордож явахгүй бол асуудалд орох магадлалтай. Өнөөдөр сонгуулийн үйл явцаар л харья л даа. Квот л тогтоож өгөхгүй бол ерөөсөө эмэгтэйчүүд улс төрд орж ирэх боломжгүй байх жишээтэй. Аль нэг газар ямар нэг түвшинд тэгш бус байдал байсаар л, гарсаар л байгаа. Тиймээс л жендэрийн эрх тэгш байдлыг хангахад байнга анхаарал хандуулж, сануулж, санаачилж байх хэрэгтэй дээ.
-Та энэ их агуулгыг судлаад харж байхад зөндөө олон мундаг, гоё эмэгтэйчүүдийн түүхийг олж мэдсэн байх. Тухайлбал Ц.Даваажав гэгч түүхэн эмэгтэйн талаар таны номноос олж мэдээд маш их урам зориг авсан. Та тэр хүний талаар яаж судлав?
-Монголын түүхэн эмэгтэй гэхээр бид Мандухай cэцэн хатныг л сайн мэддэг. Ер нь дэлгэцийн бүтээл хүнд их хүрдгийн нэг тод илрэл энэ л дээ. Мандухай сэцэн хатан киног үзээд л бүгд мэддэг болсон. Гэтэл түүнтэй эн зэрэгцэх эмэгтэйчүүд байж л байдаг. Бид л мэддэггүй болохоос. Ц.Даваажавын талаар 1964 оны “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн дугаарт гарсан “Ленинтэй уулзсан монгол эмэгтэй” өгүүллээс мэдэж авсан. Тэгээд судлаач, түүхч З.Лонжид гуайгаас энэ хүний талаар асууж сураад, хүүтэй нь уулзаж нэг өгүүлэл бичиж байсан. Сонирхолтой түүхтэй эмэгтэй ш дээ. 1916-17 оны орчим Сэцэн хан аймгийн хошуу ноён Түдэнд богтлогдон бага хатан нь болсон гэдэг. Тэгээд ноён нөхрөө эсэргүүцэж нутгийнхантайгаа хамт гарын үсэг зуруулаад, Богд хаанд бичиг өгөөд хошуу ноёныг нь буулгасан байдаг. Тэрний дараа 1921 онд ардын хувьсгалын анхны долоогийн нэг Д.Лосолтой танилцаад гэр бүл болсон. 1922 онд нөхрөө даган Зөвлөлт Орос улсад хуралд оролцож, тухайн үеийн коммунизмын хамгийн нөлөө бүхий хүн В.И.Ленинтэй уулзсан байдаг. Тэгэхээр Даваажав ардын хувьсгал ялснаас хойших Монголын түүхэнд өндөр албан тушаал хашсан, нөхрөө дагаж гадаад явсан анхны эмэгтэй болж, дипломатын түүхэнд үүрэг гүйцэтгэсэн байж ч магадгүй, бид судлах л хэрэгтэй л дээ. Дараа нь нөхөр Д.Лосолыг нь хэлмэгдүүлэхэд мөн л хэлмэгдэж гундуухан амьдарсаар 1964 онд нас барсан юм билээ. Унаж, боссон сонин түүхтэй эмэгтэй дээ.
-Ёстой кино хиймээр гоё түүх байна даа. Ер нь эмэгтэйчүүдийн хэвлэлээсээ энэ мэт түүхийг шүүж гаргаад, цуврал баримтат кино хийх боломжтой юм биш үү? Тэгвэл Та хамтарч ажиллах уу?
-Гоё түүхтэй, зоригтой, үлгэр жишээ олон эмэгтэйчүүд бий дээ. Ард түмэнд бодит түүхийг нь хэлж өгмөөр бахархмаар, бас бачуурмаар амьдрал туулсан бүсгүйчүүд олон шүү. Дуртайяа хамтран ажиллана шүү.
-Бидний ажлыг дэмжиж, ярилцлага өгсөнд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний эхлүүлсэн энэ сайхан ажил тань бүтэмжтэй байх болтугай. Амжилт хүсье.