Хүсэл мөрөөдлөө биелүүлэх шат, одоо байгаагаасаа түвшин ахих боломж гээд суралцахаар, тэтгэлэг горилохоор шийдсэн таны шалтгаан ямар ч бай, энэ бол эхлэх цэг. Сурна... тэтгэлэг авна гэж өөртөө хэлсэн тэр мөчөөс жинхэнэ аялал эхэлнэ. Хүн бүр авчихдаг эд биш.. гэсэн өөрийгөө голох мэдрэмж. Учраа олохгүй сандрах, шантрах, мэдээллээр дутах... энэ замд төрж болох мэдрэмжийг мэдэрч, бэрхшээл, асуудлыг туулсны хувиар та бүхэнтэй хуваалцах зүйл байна...
Өөрийгөө бүү гол
Гэр бүл дундаасаа дээд боловсрол эзэмшсэн анхны хүн нь би. Анхны үе гэдэг дээ... Дээд боловсрол эзэмшсэн, гадаадад сурсан бүү хэл, оюуны хөдөлмөр эрхэлж амьдардаг хүн ч эргэн тойронд минь ховор. Ийм нөхцөлд хүн өсөхөөр мөрөөдөж, зорилгоо тавихдаа хүртэл чадахгүй байх гэсэн бүтэлгүйтлийг өөртөө оноож, зөгнөчихдөг байх. Гэвч... өөртөө итгэлгүй байгаа бол тэтгэлэг өгөхгүй шүү дээ. Тиймээс өөртөө оноосон дүрээ хамгийн түрүүнд өөрчлөх хэрэгтэй. Хийсэн, бүтээсэн, чадсан бүхнээ, энэ хүртэл гаргасан амжилтаа санаж, ирээдүйд илүү бүтээх зүйлдээ итгэл төгс байгаарай.
Жич: Зөвхөн сурах, тэтгэлэг авахдаа ч биш, амьдралын олон өдөр хийж бүтээснээ, туулснаа эргэн санаж өөрийгөө зоригжуулж байгаарай.
Төлөвлөгөө төгс байх албагүй
Би 2021 оноос эхлэн урт хугацааны зорилго тавьж, хэзээ нэгэн цагт хүссэн мэргэжлээрээ гадаадад тэтгэлэгтэй сурна гэж бат итгэсэн юм. Ажлын хажуугаар тэтгэлэгт материалаа явуулна гэдэг чанга шүү дээ. Гэхдээ тэтгэлэг авна гэдгээ хэдийнэ шийдчихсэн тул сэтгэлзүйн хүнд ачаагүй, шууд л гол зорилгодоо анхаарч чадсан. Ингээд таван жилийн дотор магистрын зэргээ авна гэж зорьсоноор ерөнхий төлөвлөгөө гаргасан.
Төлөвлөгөө маань тодорхой байгаагүй ээ. Нэгт, англи хэлээ бэлдэж, хоёр жилийн дотор IELTS 6.5 оноогоо авна, хоёрдугаарт оноо хүчинтэй байх 2 жилийн хугацаандаа тэтгэлгээ авна гэсэн хоёрхон зүйл л толгойд минь байлаа.
Англи хэлээ сайжруулах тухай бяцхан зөвлөмж өгөхөд, ажлын хажуугаар хэл сурах богино хугацааны зорилго тавьдаг байсан маань маш их дарамт болж, цаашлаад амархан зорилгоосоо няцах, урам хугарах зүйлстэй тулгардаг байсан. IELTS оноо авна гээд 2 жилийн зорилго тавьснаар өөрт тавих дарамт багасч, урт хугацаанд үр дүнтэй аргуудаас суралцсан шүү. Хамгийн оновчтой байсан нь сайн англи хэлний багштай долоо хоногт хоёр цагаар ганцаарчилж ажиллах байсан. Үнэтэй мэт боловч цаганд хэмнэлттэй бас маш хурдан сайжирж чадсан.
Жич: Нарийвчилсан, тодорхой, оновчтой төлөвлөгөө гаргах гэж өөрийгөө битгий хүчил. Том зургаар, хаана хүрэхээ харах чухал шүү.
Сэтгэлгээний онцлог
Тэтгэлэг авч, сурна гэдэг таны эцсийн зорилго биш. Мэдээж, жигтэй сонсогдож байгаа. Тэтгэлэг бол том зорилгодоо хүрэхэд дэмжих эргэлтийн цэг байх ёстой. Харин тэр зорилгодоо хүрч чадах хүн гэдгээ тэтгэлгийн материал шалгаруулж байгаа хүмүүст батлах нь таны үүрэг.
Та яагаад сурах гээд байгаа юм бэ? Танд яагаад хөрөнгө оруулах ёстой вэ? Та сурч ирснээрээ бусдад ямар үүд хаалгыг нээж, ямар өөрчлөлтийг авчрах вэ?
Ерөөсөө ихэнх тэтгэлэг горилогчоос эдгээр асуултыг л голчлон асуудаг. Тэгэхээр та яагаад сурах гээд байгаагаа өөрөө ойлгох хэрэгтэй. Сурч ирээд, эх орондоо эсвэл салбартаа юуг хийж бүтээхээ маш тодорхой, өөртөө итгэлтэйгээр илэрхийлээрэй.
Гол нь өөрийн хийж бүтээснээ маш сайн бичээрэй. Бидний соёлын онцлогоос болоод ч тэр үү, хийсэн бүтээснээ дарах, бас “Бид, манай баг, манай байгууллага” гэж ярьдаг. Гэвч сэтгэлгээний онцлогоос хамаарч ялангуяа барууныханд эдгээр үгс таны тухай гүн сэтгэгдэл төрүүлж чадахгүй байх магадлалтай. Надад ч бас “Би тэгсэн, би санаачилсан” гэсэн үгсийг ашиглах анх маш эвгүй санагддаг байсан юм. Гэлээ ч худал яриагүй, соёлын онцлогт тааруулж сурахаас өөр гарцгүй гэдгийг өөртөө хэлсээр байгаа.
Жич: Өөрийгөө зөв илэрхийлэх гэдэг заримдаа соёлын, сэтгэлгээний онцлогоос хамаарах нь бий. Хэрэгтэй бол өөрийгөө “шидээд өгөхөд” гэмгүй ээ.
------
Room24.mn платформын оюуны хандивлагч Кенна дүрслэхүйн активист, комедиан болон феминист контент бүтээгч юм. Тэрбээр 2024 онд Чевенингийн тэтгэлгээр Сассексийн Их Сургуульд магистрын зэргээ хамгаалсан. Мөн ЛГБТИК+ хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар уран бүтээл туурвидаг билээ.
Сэтгэгдэл (3)