Хүний эрх гэдэг зөвхөн хууль, дүрэм, эсвэл цаасан дээр бичсэн үгс, үгүй бол аливаа нэгэн институцийн хариуцах үйл явц биш. Гудамж, гэр бүл, ажлын байр, цахим орчинд... шийдвэр, үйлдэл бүрд нөлөөлж, зөрчигдөж, эсвэл хамгаалагдаж байдаг үнэт зүйл. “Өрөөний зочин” булангийнхаа энэ дугаарт бид ХЭҮК-ын дарга Дугарын Сүнжидийг урьж ярилцлаа.
-Та хүний эрхийн чиглэлд олон жил ажилласан, одоо ХЭҮК-ыг тэргүүлэн ажиллаж байна. ХЭҮК одоо ямар чиглэлд илүү төвлөрч ажиллаж байна вэ?
-ХЭҮК-ийн гишүүнээр 3 жил, даргаар 2 дахь жилдээ ажиллаж байна. 2020 онд бид байгууллагын шинэ стратегийн бодлого боловсруулсан юм. Энэ стратегийг боловсруулахдаа Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдалд өргөн хүрээний дүн шинжилгээ хийж, хүний эрхийг үндсэн гурван бүлэгт хувааж үзсэн.
Эхний бүлэгт иргэний болон улс төрийн эрх буюу жагсаал, цуглаан хийх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхүүд багтана. Энэ тал дээр Монгол Улс хэдийнээ хүрчихсэн байгаа түвшнээсээухрахгүй байх нь чухал байна. Цар тахлын үед л гэхэд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах, хумих гэсэн оролдлогуудыг бид харсан. Тэгэхээр хүрсэн түвшнээсээ ухрахгүй байх, иргэний орон зайг хамгаалахнь чухал.
Хоёрдугаар бүлэг нь эдийн засаг, нийгэм, соёлын эрх буюу хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах, хөдөлмөрлөх, эрүүл мэндийн тусламж авах эрхтэй холбоотой эрхүүд байдаг.
Энэ чиглэлд Монгол Улс 1990 оны ардчилсан хувьсгал, 1992 оны Үндсэн хуулиас хойш гаргасан ахиц дэвшил хязгаарлагдмал байна. Ядуурал л гэхэд 30 хувиас буурахгүй байна шүү дээ. Нөгөө талаас бүлгүүдийн ялгаа ч их. Боловсрол, эрүүл мэндийн хүртээмж, амьдрах орчны тэгш бус байдал их. Орон сууц, цэвэр ус, эрчим хүч гээд хүний амьдрах хэрэгцээг нь хангасан, аюулгүй байх ёстой байна шүү дээ. Гэтэл өнөөдөр ямар байгаа билээ? Сурах, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэг нь бүгдэд хамаатай эрх болохоос мөнгөтэй, орлоготой хэсэгнь аваад үлдсэн нь орхигддог байх ёсгүй. Тэгэхээр ХЭҮК-ын стратегид эдгээр асуудлыг дүн шинжилгээ хийж, ахиц дэвшил гаргах чиглэлд төвлөрч ажиллаж байна.
Гуравдугаарт, онцгой хамгаалалт шаардлагатай бүлгүүдийн эрх хамаарна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, өсвөр насны залуус, эмэгтэйчүүд, хөдөө орон нутгийн иргэд, хорих ангид хоригдож буй хүмүүс, цөөнхүүд, хүний эрх хамгаалагчид, ахмад гээд байна. Эдгээр хүмүүсийн эрх зөрчигдөх магадлалтай, өөрсдөө эрхээ хамгаалах боломж хязгаарлагдмал тул ХЭҮК энд хяналт тавьж, дуу хоолой болж ажилладаг. Өөрөөр хэлбэл, эрх зөрчигдөж байгаа эсэхийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах чиглэлд ажиллаж байна.
-Монголд түгээмэл гарч байгаа хүний эрхийн ямар зөрчил байна вэ?
-Зөрчил үнэндээ олон талбарт, өдөр тутмын амьдралд гарч байна. Сүүлийн үед илүү ажиглагдаж байгаа нь гэвэл хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглах, сошиал орчинд түгээх, задруулах явдал өслөө. Энэ бол хүний халдашгүй байх эрх.
Ерөнхий зургаар нь харвал, хүн эрүүл мэнд, бие махбодынхоо хувьд халдашгүй байх ёстой гэдгээ бол ойлгоод байдаг. Гэтэл гарт баригдаж, нүдэнд харагдахгүй хийсвэр ойлголтууд бий. Тухайлбал, нэр төр, хувийн мэдээлэл зэрэг ойлголтыг хамгаалахшаардлагатай байгаа нь анзаарагдаж байна. Хүний өмчид халдаж болохгүй шиг нэр төр, хувийн мэдээлэлд ч бас халдаж болохгүй гэдгийг ойлгох асуудал тулгамдаад байгаа юм.
Одоо цагт хүн өөрөө зөвшөөрөөгүй бол хувийн мэдээллийг нь задруулахгүй, түгээхгүй, ашиглахгүй, боловсруулахгүй байх хуулийн заалттай.
Хамгийн анхаарууштай нь, хувийн мэдээллийг ашигласан залилан, цахим луйвар, жендэрт суурилсан хүчирхийлэлд их өртөж байна. Цахим булли үнэхээр асуудалтай байна. Хохирогчид нь бүгд байх боломжтой, ялангуяа өсвөр насны хүүхдүүд, залуус Хувийн мэдээлэл, нууц үг, зураг, бичлэгийг чинь олж аваад дарамт, шахалт үзүүлж байгаа бол хүний эрхийн зөрчил гэдгийг ойлгож холбогдох газар, цагдаагийн байгууллагад хандаж байх ёстой. Айж ичиж, нууснаас болоод давхар давхар хохирох ч эрсдэлтэй. Үүнээс сэргийлэхийн тулд бид хувийн мэдээллээ хамгаалах, гомдлоо хаана гаргах, мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалахыг зөвлөдөг. Түүнээс гадна ийм төрлийн зөрчилд холбогдох байгууллага, албан тушаалтан даруй тохиросн байдлаар хариу арга хэмжээ авч байх нь чухал байна.
-Тэгэхээр эрхийн тухай ойлголтууд өөр өөр байна. Бас хаана, яаж эрх нь зөрчигдөөд байгааг мэдэхгүй ч тохиолдол байна?
-Тийм. Түүнээс гадна үе хооронд хүний эрхийн ойлголт, хандлага харилцан адилгүй, ялгаатай байна. 2021 онд иргэд эрхээ хэр сайн мэддэгийг тодорхойлохоор үндэсний хэмжээнд түүвэр судалгааг Хүний эрхийн хүрээлэн ТББ-аас хийсэн байсан Судалгаагаар Үндсэн хуульд заасан эрхтэй, тэр эрхүүдээ шаардах боломжтой гэдгээ бүгд ойлгодог ч гүнзгийрүүлж асуухад агуулгыг төдийлөн сайн мэдэхгүй болж таарсан. Хүн амьд явах эрхтэй бол бусдын амьд явах, аюулгүй байх эрхийг ч хүндэтгэж хангах ёстой шүү дээ.
-Хэнд хандах вэ гэдгээ ч бас төдийлөн яг таг мэддэггүй байх?
-Хүний эрхийн зөрчлүүд ялгаатай. Гэмт хэргийн шинжтэй бол цагдаад хандах, хувийн мэдээллээ алдсан бол хариуцагч байгууллагад хандах гээд шийдэх субъект, байгууллагань өөр өөр. Үүнийг ч бас мэддэг байж эрхээ хамгаална.
-Тэгвэл энэ чиглэлд юу хийх ёстой вэ?
-Иргэдэд эрхээ хамгаалах арга, хэнд хандах, ямар байгууллагад мэдээлэл өгөх талаар мэдээллийг тодорхой өгөх. Жишээлбэл, ажлын байран дээр хүний эрх зөрчигдсөн бол хэнд хандах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол ямар байгууллагад очих вэ гэдгээ мэдвэл зохистой.
Өдөр тутмын амьдралдаа бид хил хязгаар, орон зайгаа хамгаалдаг байх ёстой болж таарч байна. Чиний гар утсыг хэн нэгэн дураараа үзэх ёсгүй, банкны картаа бусдад өгөх албагүй, зүй бус хандлагыг тэвчиж болохгүй гэдгээ ойлгож, ойр дотнынхон, гэр бүл, ажлын байрандаа ч хил хязгаар тогтоох нь зөв. Хүн үүнийг ойлгочих юм бол бусдын эрхэнд ч бас халдаад байхгүй шүү дээ.
-Хүний эрхийн талбарт ажиллаж буй таны хувьд өнөөгийн нийгэмд хамгийн сайн ойлгоосой гэж бодож байгаа ойлголт юу вэ?
-Өөрийн эрхээ хамгаалах, бусдын эрхийг хүндэтгэх. Ерөөс сургуулийн орчин, ажлын орчин, гудамж талбайд бусдад таагүй үйлдэл хийхээ болих. Зөрчил гарвал эвлэрэх, уучлал гуйх, асуудлыг ойлгох, бусдын өөр байдлыг хүлээн зөвшөөрөх. Эрх зөрчигдсөн бол албан ёсоор холбогдох байгууллагад хандах
Ер нь аливаа зүйлийг хэт ялгаж, онцгойлох тусам тусгаарлалт, цаашлаад ойлголтын зөрүү, хагарал гарах магадлал өндөр. Жендэрийн асуудал дээр гэхэд ихээхэн өрөөсгөл ойлголтууд байдаг. Хүн хүнийгээ л хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх асуудал шүү дээ. Ахмадууд бусдын орон зайд халддаг, одоогийн залуус ажил муутай, бусдын төлөө санаа тавьдаггүй гэх мэт янз бүрээр “цоллож” яриад байна. Энэ ерөнхий, хэт хэвийсэн ойлголтууд хүмүүсийг бие биеэс нь холдуулж, хувааж байна. Нийгэм, эдийн засаг, соёлын нөхцөлөөс болоод ялгаа үүсэж болох ч нэг нөхцөлийг бүгдэд нялзаах өөрөө аюултай. Тэгэхээр ойлголтын зөрүүгээ засаад явах учиртай юм.
Хэн нэгнийг ялгахгүй, онцгойлохгүй, бүгд эрх тэгш байж, хүн бүр хүн болж төрснийхөө хувьд адил бодгаль гэж хүлээн зөвшөөрч нэг ойлголтод хүртлээ хүн төрөлтхтөн олон жил зарцуулж, их хүчин чармайлт гаргалаа шүү дээ. Тиймээсижилсэл бас чухал. Ямар ч нийгэмд, хаана ч, хэзээ ч өөр өөр анги, бүлэг, хүрээллүүд байсаар ирсэн, байх ч болно. Гэхдээ бие биеэсээ өөр байлаа ч хүнийхээ хувь эрхэм гэдгийг маш тодорхой ойлгочихвол бүх харилцаа илүү амар, энгийн байж болно.
-Ярилцсан танд баярлалаа.