Хязгаарыг тэлэхүй буюу бараг бүх зүйлийн тухай

Хязгаарыг тэлэхүй буюу бараг бүх зүйлийн тухай

… Одоогоос хорин жилийн өмнө төсөөлж л чадах, таамаглаж үл зүрхэлсэн зүйлс өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон эрин үед бид амьдарч буй. Хүмүүний амьдралыг өөрчилсөн нээлтүүд, шинжлэх ухаан, технологийн дэвшлүүд нийгэм, ахуй, харилцаа, хүмүүсийн ажил мэргэжлийн замналыг ч өөрчилсөөр улам хурдтай урагшилна. Илүү тав тухтай амьдрал, илүү бүтээмжтэй орон зай цогцлоох, асуудлыг шийдэх шинэ боломж, гарц... Ерөөс технологийн тухай ярихад бүх л зүйлийн тухай ярих хэрэгтэй болно. Энэ салбарт ажиллаж, суралцаж, бас өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж буй  “AMXR Design” студийг үүсгэн байгуулагч, Тайванийн Үндэсний Чэн Кунг их сургуулийн Бүтээлч үйлдвэрлэлийн дизайны сургуулийн докторант Б.Амарзаяатай уулзуулж байна. 

Цахим ур чадварын тухай буюу бүхлийн нэг хэсэг 

… Багадаа зураг зурах л хамгаас дуртай байсан гэх түүний үгээс бидний яриа эхэлсэн. Дүрслэх урлаг, сэтгэл судлалд дуртайгаас гадна шинээр гарч буй технологийн дэвшлийг туршиж үзэх сонирхолтой байсан нь ирээдүйн мэргэжил, ажилласан салбар, одоо хийж буй бүхэн уулзах цэг болжээ. Тэрбээр анх мультимедиа, график дизайнерын мэргэжил эзэмшиж, гэрэл зураг, маркетинг, дизайны чиглэлээр ажиллаж байв. Энэ бүх цаг хугацаанд хийж буй ажил, өдөр тутмын амьдралд нь  компьютер, программууд түүний чухал “багаж” байсаар иржээ. Байнга нүүж суудаг амьдралын хэв маягт нь төдийлэн тохирохооргүй байж мэдэх  ч түүнд элдэв янзын кабель, таблет, гэрэл зэрэг төхөөрөмж олон бий. Өөрийнх нь хэлснээр “арай л их”. 

Тэрбээр “Технологи бидний асуудлыг шийдэж, илүү боломж олгохоос гадна амьдралын олон талбарт нөлөөлдөг. Нэгэн цагт технологи ашиглах чадвар ховор сайхан зүйл, давуу тал, эсвэл мэргэжлийн хэд нь л мэддэг байхад хангалттай чадвар байсан. Гэтэл одоо энэ бүхэн орвонгоороо өөрчлөгдөж байна” гэлээ. Хаана амьдардаг, ямар ажил эрхэлдэг, ер нь хэн байхаас үл хамаараад технологийн дэвшлийг ашиглахаас өөр аргагүй цаг үе ирж байгааг Б.Амарзаяа тэмдэглэв. 

Энгийн иргэд бид цахим орчинд байгаа мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах, технологитой хамааралтай хувийн мэдээлэл, нууц үгээ хамгаалах, аюулгүй байдлаа хангах, бодит амьдралаас гадна дижитал орчинд ч бусдад түвэг учруулахгүйгээр хамтран амьдрахад суралцах зэргээр асар олон шинэ ойлголт, мэдэх ёстой, тооцох учиртай хүчин зүйл гарч ирсээр байгааг Б.Амарзаяа хэллээ.  

Үнэндээ хүссэн, хүсээгүй бид технологи хэмээх нэгэн том цул зүйлийн эд эс, ширхэг, хэсэг болон амьдрах нь гарцаагүй. Тэгэхээр DQ (digital quotient) буюу дижитал технологийг эзэмших, цахим орон зайд ажиллах, маневрлах чадвар, чадамж, мэдлэг нь хөдөлмөрийн зах зээл, нийгмийн амьдралд үнэлэгдэх гол хүчин зүйл болж байгааг Дэлхийн эдийн засгийн форумын үеэр онцолсон. Өөрөөр хэлбэл, ойрын ирээдүйд бид технологи, цахим дэвшлүүдийн бий болгож буй сорилтуудыг давах, дасан зохицоход шаардлагатай чадваруудыг эзэмшиж байж л аюулгүй байдлаа хангах, ажил мэргэжлийн талбарт өсөх, нийгэмд хөлөө олох болох нь.  

Амьдралын хэв маягийн тухай буюу цахим нүүдэлчин

… 2016 онд тэрбээр бүтэн цагийн ажлаасаа гараад орчноо солихоор Япон явснаа дурсав. Ингэхдээ амьдралаа өөрчлөх, шинэ боломж, нөхцөлүүдийг өөртөө нээх эхлэлээ тавьсныг ч ярилаа.

Японд байхдаа “Macbook” худалдаж авсан талаараа тэр “Үнэндээ би ажлын “багаж” төдий биш, харин хүссэн газраасаа, дуртай ажлаа хийх эрх чөлөөг худалдаж авсан гэдгээ удалгүй ойлгосон юм. Тэгээд дараа жил нь дижитал номад буюу цахим нүүдэлчин маягаар амьдарч үзлээ. Хагас жил шахам хугацаанд Зүүн өмнөд Азийн орнуудын 10 гаруй хотоор аялж, зайнаас ажилласан. Ингэхдээ яг ийм хэв маягаар ажиллаж, амьдардаг цахим нүүдэлчидтэй танилцсан нь сонирхолтой туршлага болсон доо” хэмээн хуваалцлаа. 

Б.Амарзаяа тэр үеэс хойш өнөөг хүртэл өөртөө амраар, боломжтой үедээ, бас байгаа газраасаа ажиллаж иржээ. Технологи бидний ажил, амьдралын талбарт  өөр хэв маяг, сонголт бий болгож буйн нэг жишээ энэ. “Гэрээсээ, гадаадаас эсвэл оффисоос ажиллах хаа хаанаа адилхан давуу болон сул талтай ч олон сонголттой болсон нь сайн хэрэг” гэв. 

Гэхдээ зайнаас ажиллахад ч бас  асуудал тулгарна.  

“Одоогоос яг жилийн өмнө Тайвань даяар цахилгаан тасарсан юм. Ерөөс хэн ч ийм зүйлд бэлэн байгаагүй хэрэг л дээ. Албан байгууллага, орон сууцны цахилгаанаас гадна гэрлэн дохио ч унтарчихсан, интернэтгүй, утас ажиллахгүй болов. Гэнэт ингээд интернэтгүй, компьютергүй болчихвол надад үнэндээ хийж чадах зүйл бараг л байхгүйг тэгэхэд ойлгосон. Хүмүүс худалдаа эрхлээд, ногоо тариад ч юм уу, аж амьдралаа залгуулж болно. Гэтэл миний хувьд хэрхэн амьдрах, юу хийх маань огт тодорхойгүй санагдсан” хэмээн Б.Амарзаяа дурсав. Тухайн үед “Гүүгл орчуулагч” ч ажиллахгүй, хятад хэл мэдэхгүй учраас амьдралын хамгийн энгийн зүйл хүртэл интернэтгүйгээр түвэгтэй болсныг тэрбээр анзаарчээ. “Украйнд дайн эхлээд удаагүй, коронавирусын халдвар нэлээд нэмэгдчихсэн үе байж таарсан юм. Гэхдээ энэ үйл явдлуудын алин нь ч намайг цахилгаан, интернэтийн түр тасалдалт шиг балмагдуулаагүй” гэж тэр ярилаа. 

Цахим нүүдэлчин (Digital nomad)  буюу технологийн дэвшил, харилцаа холбооны цахим шийдлүүдийг ашиглан зайнаас буюу байгаа газраасаа ажил эрхэлдэг хүмүүсийн тоо жилээс жилд өссөөр байна. Оршин буй газраа ажлын байр болгох боломжтой ийм ажил дунд программчлал, вэб зохион бүтээх, интернэт худалдааны бизнес, дизайн, зайны сургалт, сэтгүүл зүй, гэрэл зураг болон видео салбарын мэргэжлүүд дийлэнх хувийг эзэлж байна. 

Огтлолцох цэг буюу XR судалгаа

Б.Амарзаяа Тайванийн Ченг Кунг үндэсний их сургуулийн Бүтээлч үйлдвэрлэлийн дизайны сургуульд Медиа, интеракшн дизайны чиглэлээр магистр хамгаалан, өдгөө докторантурт суралцаж буй. Дизайн, технологи, сэтгэл судлал огтлолцсон энэ салбарыг сонгоход сонирхол, ажлын туршлага, бас цаашид юу хийхийг хүссэн нь нөлөөлжээ. 

Хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, график дизайн, гэрэл зураг, үйл ажиллагааны дизайны чиглэл буюу голдуу бүтээлч салбарт ажилласан туршлагатай тул тэрбээр магистрт  суралцах үедээ технологийн илүү нарийн талыг, бидний амьдралд, сэтгэл зүйд үзүүлэх нөлөөний талаар судалсан. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүй бидний үйлдэл болон технологи, тэр дундаа дижитал тоглоомтой харилцах зан үйлд хэрхэн нөлөөлдөг талаар судалж, судалгааны ажлаа ч үүнтэй уялдуулсан аж. 

Магистрт суралцахын хажуугаар үл хөдлөх хөрөнгийн компанид зайнаас ажиллаж байсан тэрбээр өдгөө олон улсын захиалагчдаас технологитой холбоотой гэрээт ажлууд авч гүйцэтгэж байна. “Хамтрагчдын маань ихэнх нь технологийн салбарын компаниуд, гарааны бизнесүүд байдаг. Вэб хуудас, аппликэйшний дизайн хийх, бүтээгдэхүүний тайлбар, сурталчилгааны вектор зураг, анимэйшн дүрслэл, брэндмаркетингийн дизайн гаргах үйлчилгээ үзүүлдэг. Заримдаа шаардлагатай нөхцөлд зарим нэг хэсгийн код бичих, засах ажлуудыг ч хийж байна” гэв. Тэрбээр өмнө нь хийж үзээгүй, эсвэл илүү өндөр чанартай хийхийг шаардсан  ажлуудыг авч өөрийгөө сорьж, хөгжүүлж байх дуртайгаа онцолсон. 

“Хувь хүн талаасаа би байнга олон хүний дунд байх, харилцах тийм ч дуртай биш. Бас тасралтгүй үргэлжилдэг, үр дүн нь мэдрэгддэггүй үйл явцаас амархан залхдаг. Тиймээс нэг чиглэл, нэг компани, тэр бүү хэл нэг мэргэжил эзэмшээд түүгээрээ овоглоод амьдрах төрлийн хүн биш байгаа юм” хэмээн Б.Амарзаяа өөрийгөө тодорхойлов. Хэвлэлээс зар сурталчилгаа руу, брэндингээс тоглоомын дизайн руу өөрийнх нь хэлснээр “үсчиж явсан” тэрбээр одоо бол технологийн шинэ трэнд болгоны талаар илүү мэдээлэл, туршлагатай байдаг мэргэжилтэн байхыг хүсэх болжээ. 

“Технологи, дизайны салбарын бүх чиг хандлага хаашаа, хэрхэн явж байгааг судална гэсэн үг. Академик талаасаа ч, бодит амьдрал дээр, бизнес дээр ч хэрхэн тусаж байгааг сэргэг мэдэрч,  судалж, эрэл хайгуул хийсээр байх нь миний ойрын ирээдүйн карьер байх болов уу” хэмээн Б.Амарзаяа хэлээд, үүнийг  XR судлаач гэж нэрлэдгийг тайлбарлав. “Мэдээж бүхнийг хамарсан өргөн ойлголт тул аль ч салбарт нь ажиллаж болно. Одоогоор XR судлаач нар ихэнхдээ академик салбартаа баг бүрдүүлэн судалгаа хийж, төсөл хэрэгжүүлдэг юм билээ. Нөгөө талаас судалгаа хийх санхүүгийн хувьд тийм өгөөжтэй биш байж болох ч хэзээ юуг судлах вэ, ямар баг бүрдүүлэх вэ, санхүүжилтээ хаанаас босгох вэ, ямар технологи ашиглах вэ гээд бодоод явах сонирхолтой. Одоо докторантурт суралцаж, өөрөөр хэлбэл академик орчинд байгаа минь үүнтэй бас уялдаж байгаа” хэмээн тэрбээр өгүүлсэн. Цаашид бизнес салбарт ажиллах хэрэг гарсан ч судалгаа, академик талтай нь хослуулна гэж Б.Амарзаяа боддог аж. 

Ирээдүйн өмнө гишгэх нь

Мэдээж, технологийн ертөнц хаашаа явж байна вэ, юу хүчээ авч байна вэ гэдэг талаар бид ярилцахгүй өнгөрсөнгүй. Технологийн хувьд чамгүй хөгжиж яваа газар сурч, ажиллаж буйн хувьд тэрбээр “Технологийн дэвшил асар хурдацтай өрнөж, үүнийг дагаад чиг хандлага сараар биш өдрөөр өөрчлөгдөж байна” гэлээ. Саяхан л дизайнеруудын дунд “моод” болж, хүчээ авч байсан VR (виртуал бодит байдал) сэдэв тийм сонин биш болж, одоо AI буюу хиймэл оюун хүчээ авч байгааг тэрбээр онцлов. 

“Бид хиймэл оюун ухаанаар зурсан зургийн талаар ярих биш үүнээс цаадах асуудлыг хөндөж эхэллээ. Тухайлбал, бид хэрхэн, хэзээ өөрийн гэсэн хиймэл оюуныг бүтээх вэ, үүнээс шалтгаалан ямар сөрөг үр дагаврууд гарах вэ, ямар салбарт илүү нөлөөлж, хохирол учруулж болох вэ гэдгийг нухацтай ярьж байна” хэмээн тэрбээр хэлэв. 

Технологийн ертөнцийн чиг хандлага дэвшилт ирээдүйг урьдчилан таамаглах, мөрөөдөх биш, харин хүссэн ирээдүйгээ төсөөлөөд, олон талын нөлөөллийг нь тооцоолж төлөвлөөд, түүнд хүргэх замыг дэс дараатайгаар засах бодлого боловсруулахад оршиж байгааг Б.Амарзаяа онцолсон. “Ингэхэд ганц нэг салбар бус, олон салбарын гүн уялдаатай хамтын ажиллагааны тухай ярих ёстой болно. Ингэж байж технологийн дэвшил, ухаалаг шийдлүүдийг жинхэнэ утгаараа өргөн хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой. Мэдээж мэргэжлийн салбарынхан нь бүтээгдэхүүнээ хөгжүүлэхээс гадна хязгаарлагдмал хүрээнээс гарч, бусад салбартай хамтран ажиллаж, бие биеэсээ суралцаж гар нийлэх, ирээдүйн өмнө гишгэж хөгжих шаардлагатай тулж байгаа юм ” гэж тэр хариуллаа. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.