Б.Болороо: Хүртээмжийн асуудлыг шийдэхэд гүйцэтгэл засаглалын манлайлал хамгаас чухал

Б.Болороо: Хүртээмжийн асуудлыг шийдэхэд гүйцэтгэл засаглалын манлайлал хамгаас чухал

"Өрөөний зочин" буланд хүний эрхийн активист Б.Болороог урьж, тэгш байдал, хүртээмжийн асуудлыг хөндөн ярилцлаа. 

- Хамгийн сүүлд та “Боловсролын салбарынханд түгээж өгвөл сайн байна. Удахгүй есдүгээр сарын 1 боллоо. Хичнээн олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуульд орох хүсэлдээ автан хүртээмжтэй зам, хүртээмжтэй сургууль, цэцэрлэг байхгүйгээс болж гэртээ нүдэндээ нулимстай, сэтгэлдээ гунигтай үлдэх бол???” гэсэн пост сошиал хаягтаа нийтэлсэн. Хүртээмж, тэгш байдлын тухай та үргэлж ярьж, дуу хоолойгоо хүргэж ирсний хувьд энэ ярилцлагаа ч “Хүртээмж, тэгш байдал” гэж юуг хэлэх вэ гэдгээс эхэлье. 

- Сайн байна уу? Юуны өмнө зочноор урьж ярилцаж байгаад баярлаж талархсанаа илэрхийлье. Би анх 2016 онд нөлөөллийн бичлэг хийж хөгжлийн бэрхшээлийн асуудлыг олон нийтэд таниулж гарч ирж байсан. Түүнээс хойш Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гэрээт ажилтнаар дөрвөн жил, дараа нь мэргэжилтнээр дөрвөн жил ажиллаад сүүлийн  таван сар гаруйн хугацаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль тогтоомж, бодлого төлөвлөлт, олон улсын гэрээ конвенц хариуцсан ахлах шинжээчээр ажилласан. Ажиллах хугацаандаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төсөл дээр ажиллаж байсан бөгөөд бусад салбараас ирсэн 120 гаруй бодлогын баримт бичигт хөгжлийн бэрхшээлийн асуудлыг хэрэгжүүлэх санал боловсруулан хүргүүлсэн. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилт, үндэсний тайлан боловсруулах, дотоодын хууль эрх зүйг конвенцын зүйл заалтад нийцүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Түүнчлэн төрийн бус байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалтыг зохион байгуулдаг байлаа. 

Энэ хугацаанд зөвхөн ажиллаад зогсохгүй өөрийгөө хөгжүүлж, мэдлэг мэдээллээр өөрийгөө цэнэглэж, хөгжлийн бэрхшээлийн салбарын түүхэн хөгжил, чиг хандлага, асуудлын шийдлүүдийг бусад орны туршлага байдлаар судалж ирсэн. Яахав хэрэндээ асуудлаараа, ажиллаж буй чиглэлээрээ мэргэшихийг зорьж байсан нь тэр байх.

Ингээд ажиллаад, сураад судлаад явж байхад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тусгаарлах бус тэгш хамруулах нь чухал, харин тэгш хамруулсан нийгмийн гол түлхүүр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо гэдгийг, нийгэмд оролцуулахад хамгийн шаардлагатай зүйл бол хүртээмжтэй буюу саадгүй, ээлтэй орчин нөхцөл, түүнийг бүрдүүлэх юм байна гэдгийг ойлгосон юм.

Тэгэхээр хүртээмж хангагдсан үед л тэгш байдал гэдэг зүйлийг ярьж болох юм. 

-Сургууль, ажлын байр, нийтийн орон зайд хүртээмжийг бий болгох эхний алхам юу байх ёстой вэ?

-Би 2023 онд Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн тайланг боловсруулж, хамгаалах ажлын хэсгийн нарийн бичгээр ажиллаж байсан юм. Энэ нь 2012-2023 оны хооронд Монгол Улсын Засгийн газрын буюу бүх шатны төрийн байгууллагын хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлыг нэгтгэн боловсруулж хүргүүлээд НҮБ дээр очиж хамгаалсан гэсэн үг юм. 

Яг энэ тайлан нэгтгээд олон өдөр шөнө сууж байхад би хөгжлийн бэрхшээлтэй хүнийхээ хувиар маш их баярлаж байсан. Яагаад гэвэл сүүлийн найман жилд хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр ажил хийгээгүй салбар, байгууллага гэж байгаагүй. Харин хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр дагнан ажилладаг хүний хувьд, яамны мэргэжилтэн, ажлын хэсгийн нарийн бичгийн хувиар харамсал төрж байлаа. Яагаад гэвэл хийсэн ажлууд нь байгаа оноогүй, нэг удаагийн шинжтэй, тусламжийн шинжтэй ажлууд байсан юм. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрхийн өдрөөр нь хандивын тоглолт үзүүлэх, гурил будаа тараах, хооронд нь өрсөлдүүлэх тэмцээн зохиох гэх мэт ажлууд байсан. Угтаа жилдээ нэг удаа үнэгүй тоглолт үзэхийнхээ оронд тухайн оршин буй орон нутагтаа хүн хүссэн үедээ хэний ч тусламж авахгүйгээр өөрөө тэр соёл үйлчилгээний газарт очдог саадгүй орчин нөхцөлийг бий болгох, гурил будааныхаа оронд нэг ч гэсэн төрийн байгууллагыг ээлтэй болгох, хооронд нь өрсөлдүүлж шагнахынхаа оронд нэг ч гэсэн спортын газраа бүх хүнд ээлтэй болгож засаж сайжруулах хэрэгтэй юм.

Тайлан хамгаалалтын үед НҮБ ч манай улсын төлөөлөгчдөөс ийм ажлуудыг удаа дараа асууж, цаашид энэ асуудал дээр анхаарахыг зөвлөмж болгон ирүүлсэн. Тэгэхээр ганц Болороо биш, НҮБ хэлж байна аа л гэсэн үг.

Хамгийн чухал нь НҮБ-ын гишүүд биднээс “Танайд хүртээмжтэй холбоотой олон хууль, дүрэм журам, стандарттай байж яагаад хэрэгжүүлдэггүй юм бэ, яагаад нийтийн тээврийн парк шинэчлэл яагаад бүх хүн зорчих боломжтой байдлаар хийдэггүй юм бэ?” гэсэн асуултыг асууж байсан.

Тэгэхээр таны асуултын хариулт бол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Барилгын тухай, Автотээврийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай зэрэг хуулиуд болон стандарт, дүрэм журмуудыг л мөрдүүлэх юм. Үүнд хамгийн эхлээд төрийн байгууллагууд манлайлал үзүүлэх ёстой.

-Таны харж байгаагаар, Монголд “боломжийн хүртээмж” гэдэг ойлголтод хамгийн их дутагдаж буй зүйл юу вэ?

-Манайхан хүртээмж гэхээр зөвхөн орчны буюу барилга байгууламж, зам, нийтийн тээврийн хүртээмжийг л ярьж, ойлгодог. Зөвхөн иргэд биш шийдвэр гаргах түвшний гишүүд нь хүртэл ингэж ойлгодог. Гэтэл харааны, сонсгол, хэл ярианы, оюуны бэрхшээлтэй иргэдийн хувьд “мэдээллийн хүртээмж” гэдэг зүйл хамгийн чухал байдаг.

Ер нь тэгээд боломжийн хүртээмж гэж ч юу байхав, стандартынхаа дагуу л байх ёстой л доо. Гэхдээ албан байгууллагуудын хувьд ядаж наад зах нь налуу замтай, дотроо бүх хүн орох боломжтой ариун цэврийн өрөөтэй, шатныхаа ирмэгт тод шараар будсан байх, үүдэндээ мэдээллийн самбартай, хүлээн авах хэсгийн ажилтан хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой. Цаашилбал, нийтийн тээвэр нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн орж гарахад саадгүй, гэрлэн дохио нь дуутай, ядаж өргөн нэвтрүүлгийн телевизүүд нь цаг үеийн мэдээ мэдээллээ хадмал тайлбар болон дохионы хэлээр хүргэдэг байх, өргөн хэрэглэгддэг гар утасны аппликэйшн, мэдээний сайтууд харааны бэрхшээлтэй хүнд хэрэглэх боломжтой байхаар WCAG2.0 гэсэн стандартын дагуу бүтээгдсэн байвал болох юм.

Мэдээж үүнийг хийхэд ойлголт, хандлага, бас энэ чиглэлд батлагдсан төсөв байдаггүй гэсэн хоёр зүйл л дутагдаж байна. Энэ хоёр бол хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтгаан юм. Ойлголт, хандлага гэдэгт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг боловсролын байгууллага нь СУРАЛЦАГЧ, ОЮУТАН, дэлгүүр болон үйлчилгээний байгууллагууд нь ХУДАЛДАН АВАГЧ, ИРГЭН, ажил олгогчид нь ХӨДӨЛМӨРИЙН НӨӨЦ гэж харж чадахгүй байна. Үүнээс үүдэн хүртээмжтэй орчин бүрдэхгүй байна.

Бас нэг чухал зүйл нь орчин нөхцөлийг бүрдүүлэх гэдэг нь зөвхөн 108 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан зүйл биш, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байна гэдэг нь ахмад настан, хүүхдээ түрээд явж байгаа иргэд гээд нийгмийн олонх нь хүртэнэ гэдгийг бодолцох ёстой. Дэлхий нийтэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд саадгүй, ээлтэй нийгэм бол бүх хүн амьдрахад таатай нийгэм байдаг” гэсэн чиг хандлага ч бий. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чинь өөрсдөө тухайн улс орны хөгжлийн индикататор болоод явж байгааг бодолцох хэрэгтэй.

-Тэгш боломжоор хангагдаагүй байгаа тэр хүмүүсийн дуу хоолойг улс төр, эдийн засаг, соёлын салбарт илүү хүчтэй болгохын тулд ямар алхмууд хийх хэрэгтэй вэ?

-Анх намайг 2016 онд энэ салбарт орж ирж байхад гудамжаар саажилттай хүн өнгөрөхөд бүгд гайхаж эргэж хардаг, налуу замын хэрэглээг мэддэг хүн ч ховор, ажил олгогчид нь хуулиараа 25 хүн тутамдаа нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулах ёстойгоо ч сайн мэддэггүй, бараг л үндэсний телевизийн доор гарч байгаа дохионы хэлмэрчийг ч хэнд юуг хийдэг гэдгийг мэддэг нь цөөн байсан. Төрийн байгууллагад ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж бараг байгаагүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг жилдээ ганц өдөр буюу эрхийн өдрөөр нь л ярьдаг, мэдээлдэг байсан шүү дээ. Гэтэл одоо яаж байна иргэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ойлгож, хамтдаа хөгжье гэдэг болжээ. Юун гайхах, айх... Стандарт хангасан хангаагүй байгууллага болгон налуу замтай, хотын төвөөр гэрлэн дохионууд нь дуутай болж, ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авмаар байна гэдэг болж, нөгөө ганц телевиз биш 6, 7 телевиз мэдээгээ дохионы хэлмэрчтэй хүргэж байна. Тэр бүү хэл, төрийн ордонд болж байгаа бүхий л чуулган, арга хэмжээнд дохионы хэлмэрчтэй болсон, Засгийн газрын мэдээ болгон дохионы хэлмэрчтэй хүрдэг болсон гээд олон эерэг өөрчлөлт байна. Энэ өөрөө манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой алгуурхан хүрч нөлөөлж байгаагийн илрэл юм шүү дээ.

Миний дурдмаар байгаа нэг зүйл нь 2020 оны Токиогийн олимпын дараа паралимпыг шууд дамжуулна гэж бодож байтал нэг ч телевиз дамжуулаагүй. Яагаад вэ гээд асуугаад явахаар эрх авахад их үнэтэйн дээр паралимпыг хүн үзэхгүй болохоор ашиггүй гээд авдаггүй юм гэж байсан. Миний хувьд энэ бол байж боломгүй ялгаварлан гадуурхалт гэж үзсэн учраас маш их эгдүүцэл төрж үзэл бодлоо илэрхийлж цуврал нийтлэл оруулж тэрийг маань хэдэн мянгаараа шэйрлэж хүмүүс их дэмжиж байсан. Дараа нь Гуанжуд болсон Азийн наадмыг мөн л дамжуулаагүй бөгөөд бас л гандан буурахгүй бичиж мөн л олон хүн дэмжсэн. Үр дүнд нь яасан билээ? “Централ тв” маань паралимпыг эх орон даяар дохионы хэлмэрчтэйгээр шууд дамжуулж, иргэд маань тамирчдынхаа амжилт бүхэнтэй цуг догдолж үзсэн шүү дээ. Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлгүй хүмүүс маш их урам зориг авч, ойлголт нэмэгдсэн, хөгжлийн бэрхшээлтэй залуучууд нийгэмд спортоор дамжуулж оролцох боломжтойгоо олж харсан. Тэгэхээр үзэл бодлоо тууштай илэрхийлж, зөвөөр нөлөөлж байх хэрэгтэй юм. 

Үүнээс гадна бас нэгэн чухал зүйл нь төрийн бүх шатанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажиллаж байна. Манай “Түгээмэл хөгжил төв төрийн бус байгууллага”-ын тэргүүн Ч.Ундрахбаяр ах 2021-2025 он хүртэлх хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхийг хийж байсан бол одоо бүүр хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-д хоёр ч төлөөлөлтэй болсон том, эерэг өөрчлөлт олон байна.

Гэхдээ хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлийн асуудал гэхээр л энэ хоёр гишүүн л мэдэх ёстой, хийх ёстой гэсэн хандлагаар асуудалд хандвал маш буруу. Ерөөсөө л энэ УИХ-д байгаа 126 гишүүн бүгд л тодорхой хэмжээний ойлголттой байж, бүх бодлого шийдвэр, хуулиуддаа асуудлыг нь тусгаад явж байх хэрэгтэй. Бодоод үз дээ? Соёлын сайд өөрөө хөгжлийн бэрхшээлийн асуудлыг ойлгохгүй бол тэр салбарын бодлогод энэ иргэдийн маань асуудал тусгагдах уу, шаардлагатай төсөв батлагдах уу? Тэгэхээр хамгийн гол нь шийдвэр гаргагчдад ойлголт өгөх, тэдэнд нөлөөлөх нь чухал юм. Ингэж байж бид Халамжийн хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг хязгаарлаж хардагаа больж, хөгжил ярихад ойрхон болно. 

Дараагийн чухал зүйл нь иргэд маань өөрсдөө оролцоотой байж, эрхийнхээ төлөө тууштай бөгөөд зөв дугардаг байх нь чухал байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд маань яг л чиглэл чиглэлээрээ дагнан тухайн салбартаа, тухайн сайддаа, тухайн Засаг даргадаа, тухайн тойргийн гишүүндээ хандаж нөлөөлдөг баймаар байна. Яг одоо бол манайд төрийн бус байгууллагууд маань дагнасан үйл ажиллагаа явуулахгүй байгаа юм.

-Тэгш байдлын тухай ярихад хандлагын тухай ярихаас аргагүй. Хандлагын өөрчлөлт хийх нь заримдаа бодлого өөрчлөхөөс ч хэцүү санагддаг. Үүнийг бодит амьдрал дээр өөрчлөх ямар арга зам юу байна вэ?

-Сингапурын удирдагч Ли Гуан Ю “Сингапурыг босгоход мөнгө босгох хэцүү биш байсан. Харин хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх л хамгийн хэцүү байсан” гэж хэлсэн байдаг шүү дээ. Тийм ээ, хамгийн хэцүү зүйл олон жилийн турш хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ӨВЧТӨН, ХАЛАМЖ ХҮРТЭГЧ гэж харж ирсэн нийгмийн хандлагыг өөрчлөх хамгийн хэцүү байсан. Ингэж бодож ирсэн, ийм бодолтой хүмүүсийг буруутгах аргагүй. Яагаад гэвэл угаасаа л тэд багаасаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй цуг тоглоогүй, цуг сураагүй, цуг хөгжөөгүй, цуг хөдөлмөрлөөгүй нийгэмд амьдарч ирсэн юм чинь. Тэгш хамруулсан нийгмийг хүсэж дугараад олон жил ч болоогүй, сүүлийн 15 жил гэж хэлэхэд болно. Намайг бага байхын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг гэрт нь нуудаг байсан шүү дээ. Ээж маань харин тэс өөр бодлоор намайг өсгөсөн болохоор би нийгэмд бүх зүйлд тэгш хамрагдаж ирсэн. Тэр ч утгаараа маш их ялгаварлан гадуурхалтыг янз бүрээр л амсаж үзсэн байх.

Аливаа хүнд ойлголтыг нь тодорхой өгч байж л хандлага өөрчлөгддөг юм билээ. Харин би өөрийгөө их азтайд тооцдог. Намайг дөнгөж яаманд орж байхад яамтай хамтран хэрэгжүүлж байсан “Жайка”-гийн төслийн хүрээнд дэлхийн 70 гаруй оронд зохиогддог “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт”-ын сургагч багш бэлтгэх сургалт зохиогдож би хамрагдан 2016 онд сургагч багш, 2018 онд ахлах сургагч багш, 2019 оны 12 сард хоёр сар шахам сургалтад хамрагдаж байж Трэйнэр буюу Үндэсний сургагч багш болсон юм. Бүүр азтай нь энэ сургалтыг зохион байгуулдаг дэлхийн 70 гаруй орны 900 гаран багшаас 8 хүн л трэйнэр зэрэгтэй юм. Энэ сургалтын нэг онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй хүн заадаг бөгөөд манай улсад надаас гадна дахин хоёр трэйнэр багш, нийт 45 сургагч багш бий.

Хөгжлийн бэрхшээлийн асуудлыг хүнд ойлгуулах арга барилаа олсноос хойш энэ сургалтаа 2017 оны хоёрдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл 350 гаран удаа зохион байгуулж, 36000 гаруй хүнийг хамруулсан. Энэ сургалтын үр дүнгээр олон байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд авч, гадаад дотоод орчноо хүртээмжтэй болгосон доо.

-Та өөрийн амьдралд бусдын хандлага хэрхэн өөрчлөгдөж байсныг мэдэрсэн жишээг хуваалцаач

-Маш олон жишээ байгаа ч хамгийн том өөрчлөлтийн нэг жишээгээ яръя гэж бодлоо. 

Би яаманд гэрээт ажилтнаар орохдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийн асуудлыг хариуцаж байсан болохоор мэдээлэл, технологийн салбарын олон ч төрийн байгууллагын удирдлага, шийдвэр гаргах түвшний хүмүүстэй уулзаж байв. Дандаа л өөдөөс тусгаарлах бодлого ярьдаг байсан. Тэр болгонд нь тайлбарлаж ойлгуулсаар л. Хараа болон сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулан телевиз, сайтуудыг шат дараатайгаар хүртээмжтэй болгох тухай ярихад тэдэнд зориулсан тусдаа телевиз, сайт нээгээд өгчихье гэх нь ч байсан бөгөөд бүүр тусдаа телевиз байгуулах гээд явж байсан юм. Би ч болохгүйгээ хэлсээр л байв.

Гэтэл нэг удаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтран ажилладаг хүмүүстээ сургалт зохион байгуулах боломж гарч сургалтаа орсон юм. Нөгөө олон удаагийн уулзалтаар болохгүй ээ гээд байсныг минь шийдвэр гаргагчид нь ойлгож, нөгөө тусдаа телевиз байгуулах ажлаа зогсоосон юм.

Тэгсэн 2024 оны ЦХИХХЯ болон ХХЗХ-ноос өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлдэг 18 телевиз, орон нутгийн телевиз, радиогийн төлөөллүүдэд зориулсан сургалт зохион байгуулахдаа намайг урьж нөгөө сургалтаа ороод өгөөрэй гэсэн юм. Сургалтын дараа ХХЗХ-ны Тогтохсүрэн дарга “Болороог энэ салбарт орж ирэхээс өмнө нээрээ л хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусдаа телевиз нээж өгөх гээд ажил болгож явж байсан. Харин Болороогийн сургалтад суугаад бодлогоо буруу тодорхойлж байсан юм байна нээрээ тэдэнд зориулсан телевиз гэж юу гэсэн үг вэ? Адилхан мэдээ мэдээллийг тэгш хүргэж байх ёстой шүү дээ гэж ойлгон Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулсан. Харин дараа нь дахин Болороогийн конвенцын яриаг сонсоод нээрээ сонгуульд нэр дэвшигчийн мэдээ мэдээлэл хөгжлийн бэрхшээлтэй хүнд тэгш хүрч байх ёстой шүү дээ гээд намуудад өөрсдөд нь мэдээ мэдээллээ хүртээмжтэй буюу дохионы хэлмэрчтэй, хадмал тайлбартай хийж ирүүлэхийг үүрэгжүүлэх нь зөв юм байна гэж мөн хуульчлан тусгаад хэрэгжүүлээд явж байна” гэж хэлж байлаа. Энэ бол хамгийн том өөрчлөлт мөн биз дээ. Ажиллаж байхдаа энэ мэтчилэн ажлаасаа аз жаргал мэдэрч байсан мөч олон байсаан.

-Төрийн байгууллагад ажиллаж байсан хүний хувьд цаашид ямар зүйлийг хийгээсэй гэж хүсч байна вэ? Энд юу хамгийн чухал нөлөө үзүүлэх вэ?

-Монгол Улс 2009 онд НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, НҮБ-аас Монгол Улсын Засгийн газарт хөгжлийн бэрхшээлийн асуудлаар хэд хэдэн зөвлөмж ирсэн бөгөөд түүнээс хамгийн чухал нь ИНСТИТУЧЛЭХ ХАНДЛАГААС ТАТГАЛЗАХ, БИЕ ДААН АМЬДРАХ боломж нөхцөлийг бүрдүүлэх юм. Институчлэх гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэг дор байлгах, тусгаарлахыг хэлж байгаа юм. 

Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ нийгэмдээ тархаан амьдруулах бодлого баримталж, ингэх явцдаа бие даан нийгмийн харилцаанд оролцох боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэгш хамруулах хэрэгтэйг энгийнээр тайлбарлая. Нэгдүгээрт, хүн бүр эрх тэгш гэдгийг бүгд ойлгож, хүлээн зөвшөөрдөг, хоёрдугаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан орчин нөхцөл бүрдсэн нийгмийн бусад бүлгийн хүмүүс ч амьдрахад таатай нийгэм байх болно. Гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлог хэрэгцээг бодолцохгүйгээр хийсэн аливаа зүйл хожим нь маш их эдийн засгийн зарлагатайг мэддэг, дөрөвдүгээрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бие даан амьдрах эрхтэйг ойлгодог. Эцэст нь буюу тавдугаарт, институцчилах буюу нэг дор хуарагнуулж тусгаарлах нь тэднийг нийгмээс улам бүр тасалж байгааг мэддэг зэрэг шалтгаан бий.

Сүүлийн үед улс төрчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд анхаарч эхэлж байгаад маш их баярлаж байгаа ч ихэнх нь тусдаа байшин барьж өгнө гэж байгаа нь туйлын харамсмаар. Бодоод үзээрэй, улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан эмнэлэг, сургууль, үйлдвэр, кино театр барьчхаад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн тэнд л үйлчлүүлээд байх уу? Аль эсвэл эмнэлэг, сургууль, ажлын байр, кино театр бүрийг хүн болгонд эрх тэгш үйлчлэх орчин нөхцөлөөр хангасан болгож, хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй хүн бүр хүссэн газраа хүссэн үйлчилгээгээ авдаг байх уу? Аль нь илүү хүний эрхийг дээдэлсэн, нийгэмд олон янзын хүн байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн зөв бодлого байна вэ? Миний л хувьд хүссэн сургуульдаа, амьдарч буй харьяа дүүргийнхээ эмнэлэгтээ үзүүлж, ТэнгисӨргөө гээд хүссэн газартаа кино үзмээр байна. Ийм л нийгмийг, ийм л бодлого тодорхойлдог улс төрчийг хүсэж байна. Өөрөө мэдэхгүй байж болно. Мэддэг хүмүүсээс нь зөвлөгөө авч мөрийн хөтөлбөрөө боловсруулж, амлалт өгдөг баймаар. Нэг буруу бодлого маш урт хугацааны сөрөг үр дагаврыг авчирдаг шүү.

Бид хангалттай олон хууль, дүрэм журам, стандарттай харин үүнийгээ хэрэгжүүлж л чадахгүй байна. Үүнийг тогтолцоогоор нь харвал хууль тогтоох засаглал биш гүйцэтгэх засаглалын манлайлал хамгийн чухал байна. Тодруулбал, 1.Шаардлагатай чиглэл, удирдамжаар хангах, 2. Шаардлагатай төсвийг нь батлах, 3. Хяналтын тогтолцоог сайжруулах, 4. Хэрэгжүүлсэн бол төрөөс дэмждэг байх, 5. Стандартын хэрэгжилтийг улирал улирлаар нь гаргуулдаг байх гээд хийвэл ажлууд нь тодорхой байна. Яаманд ажиллаж байхдаа боловсруулж байсан Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийг мөн яаралтай УИХ-д оруулах шаардлагатай байна. 

Яаманд байхдаа "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний төслийг эцэслэн боловсруулж, төр, төрийн бус байгууллагаас санал аваад ЗГХЭГ руу Засгийн тогтоолоор батлуулахаар хүргүүлээд ажлаа өгсөн. Тэр төлөвлөгөө маань 2025 оны дөрөвдүгээр сард Засгийн тогтоолоор батлагдсан. Энэ тогтоол дээр оруулсан миний гол санаа нь төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн эхний улиралд УИХ-аар хэлэлцүүлдэг байх, үйл ажиллагаанд төсөв батлан хэрэгжүүлэхээр тусгаж боловсруулж байсан юм. Энэ төлөвлөгөө болон дээрх ажлыг л гүйцэтгэх засаглал хэрэгжүүлэхэд анхаармаар байгаа юм.

Эцэст нь бид тэр чигтээ хөгжлийн бэрхшээлтэй хүнд чиглэсэн ажил гэхээр нэг удаагийн шинжтэй ажил, хандив тусламж гэдгээ больж, тогтолцооны шинжтэй ажлуудыг салбар хоорондын уялдаатай л хийх ёстой. Хүртээмжийн асуудал өөрөө салбар дундынх шүү дээ. Тэгэхээр барилгын яам, зам тээврийн яам, цахим яам, гэр бүлийн яам, нийслэл, аймгуудын хүртээмжийн ажлыг нэгдсэн бодлогоор л зангидах хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.