Зургийн эх сурвалж: Freepik.com
Би 2000 орчим хүнтэй сумын төвд төрж, өссөн. Чөлөөт цагаараа гэр бүлийнхээ ажиллуулдаг жижиг дэлгүүрт сууж, аав ээждээ тусалдаг байлаа. Дэлгүүрээр үе үе үйлчлүүлэх “нүдэндээ алаг будагтай” эгч нарыг анзаарахгүй байхын аргагүй. Хүүхдийн нүдээр харахад ч тэдгээр эмэгтэйчүүдийн харц хүчирхийлэлд дассан, чимээгүй амьдралыг илэрхийлэх шиг санагддаг байж.
Сумын төвд гэр бүлийн хүчирхийлэл элбэг. “Тэр эхнэрээ зодсон гэнэ лээ” гэх яриа бараг л цаг уурын мэдээ мэт жирийн сонсогдоно. Хэн ч гайхахгүй. Хохирогчид ч цагдаад мэдэгдэх нь ховор. Харин цагдаад өгсөн, шүүхэд хандсан, эсвэл салсан гэвэл гайхсан, буруутгасан өнгө аястай хандана гээч. “Хүн зодуулсан” гэвэл гэмт хэрэг, “Эхнэр зодуулсан” гэвэл байдаг л хэрэг мэт...
Тухайн үедээ зөвхөн хөдөө сумд, хөгжлөөс хоцрогдсон орчинд л гэр бүлийн хүчирхийлэл, бурангуй, харгис үзэл түгээмэл гэж боддог байв. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь зөвхөн миний өссөн бяцхан сууринд биш, улс даяар, хот хөдөөгүй тахал мэт тархсан төдийгүй ёс уламжлал мэт бугшсан аж. “Сайн эхнэрийг сардаа нэг удаа зоддог” гэх наргиа мэт түгээмэл хэлэгддэг, харгис хэрцгий үг хэллэг дээрх бугшмал хандлагын тод илрэл юм. Гэр бүлийн хүчирхийллийн талаар анзаардаг байсан гажууд хэвшмэл хандлага, шударга бус санагддаг мэдрэмжүүд маань зөвхөн хүүхэд насны бодол, мэдрэмж бус, судалгаа, статистик, гэмт хэргийн бүртгэлээр баталгаажсан “факт” байжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл гэрийн асуудал уу, нийгмийн шарх уу?
Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин бүрдэж, тодорхой ахиц гарсан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй, хохирогч хамгааллын тогтолцоо үр дүнтэй ажиллахгүй байгааг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Н.Арвинтариа онцолсон. Зөвхөн цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр 2017-2024 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 132 хүн амиа алдаж, 8394 хүн гэмтсэн байна. Энэ оны эхний таван сард л гэхэд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ. Гэтэл хүчирхийллийн 10 тохиолдол тутмын ес нь нуугдмал байдаг гэсэн дүгнэлтээс үзэхэд хаалганы цаана мянга мяган эмэгтэй хохирсоор байна.
Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй нийгмийн сэтгэлзүйг бүхлээр нь цочирдуулам гэмт хэргийн мэдээллүүд нийгмийн сүлжээгээр элбэг тархах болсон. Гэвч асуудал одоо л үүсчихээд байгаа юм биш, харин цөөн тохиолдол нь нийтэд ил болоод байх магадлалтай.
Үндэсний статистикийн хорооноос 2017 онд хийсэн улсын хэмжээний Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаанаас үзэхэд хамтран амьдрагчтай байсан/байгаа 10 эмэгтэй тутмын зургаа нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ба ердөө 8.3 хувь нь цагдаад хандсан байдаг. Үүнээс гурван эмэгтэй тутмын нэг нь бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байжээ. Гэр бүлийнхээ нэр хүндийг унагахаас болгоомжлох, хүчирхийлэл байдаг л зүйл гэж хүлээж авах, гэр бүл салахаас эмээх, эсвэл хүчирхийлэл улам даамжрахаас айх, хэнд хандахаа мэдэхгүй байх зэрэг олон шалтгаан мянга мянган хохирогчийг чимээгүй шархлахад хүргэж байна. Цагдаад хандлаа ч гэсэн хэргийг шийдвэрлэх, хохирогчийг хамгаалах тогтолцоо үгүйлэгдэж байгаа юм.
Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос гаргасан бас нэг судалгаанаас үзэхэд 2020 онд 10306 гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, 1138 хэрэг бүртгэгдсэн бөгөөд ердөө 111 нь Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 11.7-р зүйл буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээр зүйлчлэгдсэн байна. Тухайн онд бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 89.1 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлжээ. Эндээс харахад гэр бүлийн хүчирхийлэл бол нэг айлын асуудал биш, нийт нийгмийн доройтол болсныг одоо л хүлээн зөвшөөрч, таслан зогсоохгүй бол хүчирхийлэл илүү далд, илүү хүчтэй хэлбэрээр үргэлжлэх хөрс болж байна.
Уламжлалын нэрээр халхавчилсан хүчирхийлэл
Монголчуудын ахуй, уламжлалд “Олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгайн дотроо” гэх хэлц үг гүн шингэсэн. Энэхүү хэлц нь зөрчил, асуудлыг гэр бүл дотроо шийдэх ёстой гэх ёс суртахууны дарамт мэтээр ойлгогддог. Гэвч энэ нь хүчирхийлэл далд хэлбэрээр үргэлжилж, олон эмэгтэйг дуугүй, зовлонгоо тэвчдэг “ёс суртахуунлаг” хохирогч болгон хувиргаж байна. Улмаар хохирогч эмэгтэйчүүдийн хувьд нийгмээс тусламж авах боломжийг хаах, нэр төртэй холбоотой айдсаар боомилогдох нөхцөлийг бүрдүүлдэг төдийгүй хүчирхийлэгчдийг өөгшүүлэх шалтгаан болдог. Ийм энгийн, түгээмэл хэрнээ хортой нийгмийн ойлголт хүчирхийллийг таслан зогсоох замд хамгийн зузаан хана болж хувирдаг мэт. Түүнчлэн “Гэр бүл салалт эмэгтэй хүний буруутай үйлдэл,” “Хүүхдүүдээ элэг бүтэн гэр бүлд өсгөх хэрэгтэй” зэрэг ойлголт, нийгмийн сэтгэлзүйн хандлага түгээмэл оршсоор байгаа нь хохирогчийг хүчирхийлэгчид хүлээлгэж өгөх, хүчирхийлэлтэй хананы цаана үлдээх томоохон шалтгаан болж байна.
Дээрх гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлэх хандлагууд Манжийн дарлал, нийгмийн шилжилтийн үеийн сөрөг үр дагавраас үүдсэн байж мэднэ. Ямартай ч бидний өвөг дээдэс хууль ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдэлдэг, зөвд зөөлөн бурууд хатуу ханддаг байсан тул энэхүү хүчирхийллийг тэвчих бурангуй хандлагыг “Уламжлал” мэт үзэх нь зохисгүй билээ.
Феминизм бол илүүдсэн эрх дарх биш, “хамгаалалт”
Гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил. Үүнийг яагаад заавал эмэгтэйчүүдийн эрхтэй холбож ярих ёстой вэ гэхээр гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа явдал юм. Асуудлыг шийдэхийг хүсвэл эхлээд асуудал, өөрчлөх хэрэгцээ байгаа гэх бодит үнэнийг нийгмээрээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар ярихад “Монгол эмэгтэй шиг эрх дархтай эмэгтэйчүүд ховор, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах шаардлагагүй, хангалттай хэмжээнд байгаа” гэсэн өнгөц хандлага түгээмэл болсон. Тэгвэл тэр монгол эмэгтэйчүүдийн “дэндсэн эрх дарх” хаана байна вэ?
Аюулгүй, хүчирхийлэлгүй орчинд амьдрах нь хүсэл зорилго биш, хүний анхдагч эрх юм. Гэвч өнөөдөр Монголын олон мянган эмэгтэй энэ анхдагч эрхээ эдэлж чадахгүй байна. “Эрх дарх нь хэтийдсэн монгол эмэгтэйчүүд” гэж тодорхойлогддог хүмүүсийн ихээхэн хувь нь хамгийн аюулгүй байх ёстой газар болох гэр орондоо хүчирхийлэлд өртөж байгааг өдөр тутмын амьдралаасаа ч, статистик баримтаас ч тодорхой харж болохоор байна. Өнөө цагт Монголд феминизмийг “Эмэгтэйчүүдийн туйлширсан хөдөлгөөн” мэт ойлгож, буруугаар хүлээж авах хүмүүс олон болсон. Барууны зарим оронд феминизмийн нэрийг барин, үндсэн санаанаас нь гажуудуулж буй үзэгдэл гарч байгааг үгүйсгэх аргагүй ч Монголын хувьд феминизм, феминист байх нь зайлшгүй шаардлагатайг онцолмоор байна. Үнэндээ феминизм бол “Эмэгтэйчүүд илүү эрхтэй байя” гэх уриалга биш , харин хүний анхдагч эрхийг бүх хүнд тэгш хамааруулах тухай зарчим гэхэд буруудахгүй. Зөв ойлголтоороо бол феминизм нь давуу эрх бус эмэгтэй хүн гудамжинд айлгүй алхах, нөхөртөө зодуулчихаад дуугүй өнгөрөхгүй байх, өөрийнхөө “хүн ёсны эрх”-ийн төлөө дуугарах дуу хоолой, хамгаалагч билээ.
Гэр бүлийн хүчирхийлэл бол цэвэр хувь хүний, нэг айлын, нэг сумын асуудал биш. Хүмүүс ихэвчлэн эмэгтэйчүүд, хохирогчдын өөрсдийнх нь буруугаас болж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг гэж үздэг. Тиймээс ч хохирогчид өөрсдийн аюултай, хүнд хэцүү нөхцөл байдлын талаар бусдад хэлдэггүй. Учир нь тэд өөрсдөө буруутгагдаж зэмлүүлэхийг хүсдэггүй. Тиймээс чимээгүй хохирогчдын өмнөөс дуугарах миний, таны, бидний дуу хоолой хэрэгтэй байгаа юм.
Чимээгүй байх нь хүчирхийллийг дэмжсэнтэй дүйцнэ. Бид энэ байдлыг “гэр бүлдээ л асуудалтай байгаа юм байна” гэж чимээгүй өнгөрөөн, хүчирхийлэлд гэмт хэргийн биш, уламжлалт хүлцлийн нүдээр ханддаг нь хамгийн эмгэнэлтэй зүйл. Тиймээс харсан ч хараагүй мэт өнгөрөлгүйгээр эхлээд асуудал буйг хүлээн зөвшөөрч, дуу хоолойг нь сонсож, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хүнд тусалж, хамгаалж, дэмжиж, хүчирхийллийг өөгшүүлсэн хэвшмэл ойлголтуудыг арилгахын төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг хэдийнэ иржээ.