Сэтгүүлч, З.Энхбаяр
Монгол улс Үндсэн хуулиндаа Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг хэмээн тунхаглан баталгаажуулсан байдаг. Тэгвэл энэ л журамт үүргээ биелүүлж ажил болоод амьдралынхаа хэвшилд хуванцарын хэрэглээ ба ангилан ялгах үйл явцыг нэвтрүүлээд буй О.Энхзул бүсгүйн ажилтай танилцлаа. Тэрээр БЗД-ийн 16 дугаар хорооны Зохион байгуулагч бөгөөд хуванцар дахин боловсруулагч “Ти Эм Эл Пластик” үйлдвэртэй жил гаруйн өмнөөс хамтран ажиллаж эхэлжээ.
Хог болхоос нь өмнө нөөц болгон ашиглах шаардлага үүсээд байна
Төр үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас хог хаягдал цуглуулах тогтолцоо болж өгөхгүй байна гэх шүүмжлэлийг бид байнга сонсдог. Болохгүй байх нь ч аргагүй, яагаад гэвэл бохирдуулагч компаниуд санхүүгийн дэмжлэгтэйгээр оролцохгүй л бол хог хаягдал цуглуулах нь төр, иргэд дангаараа хариуцахад хэтэрхий өндөр зардалтай бас төвөгтэй ажил. Компаниуд Улаанбаатар хот дотор ч бай, сум, аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэх ч бай дэлгүүрүүдэд бараа хүргэж байгаа тээврийн хэрэгслээрээ ангилсан дахин ашиглах, боловсруулах дахиваруудаа эргүүлэн татах хэрэгцээ шаардлага үүсээд буй. Тэгвэл энэ шаардлагыг хамтадаа шийдэхийг зорьж, томоохон хуванцарын импортлогч болохын хувьд М-Си-Эс Кока Кола компани нь “Ти Эм Эл Пластик” үйлдвэртэй хамтарч тээвэр, логистик болон дахин боловсруулалтын үйл ажиллагаанд гар бие оролцож байгаа юм байна. Зүй нь бол ийм үйл ажиллагааг албажуулан, шаардлагатай хууль тогтоомжид тусган томоохон импортлогч компаниудыг үүрэгжүүлэх хэрэгтэй. Ямартай ч монгол улсын дотоодын хууль тогтоомжид нарийн үүрэгжээгүй ч Алсын хараа 2050, Тогтвортой хөгжлийн зорилт 2030 зэрэг олон улсын баримт бичигт тусгасан чиглэлээр импортлогч компаниудаа манлайлан М-Си-Эс Кока Кола компани нь өөрсдийн импортоор оруулж ирсэн бүх ус, ундааны хуванцараа эргүүлэн татаж, дахин боловсруулан хүнсний зориулалтын “rPet” стандартын сав үйлдвэрлэн усны савалгаандаа хэрэглэж эхэлжээ. Ийнхүү төрийн анхан шатны нэгж болох хороогоор дамжуулан хуванцараа эгүүлэн татах ажиллагаа тэдний хамтрал хэрхэн өрнөж, иргэдийн хандлагад ямар өөрчлөлт бий болж байгааг тодрууллаа.
Хууль эрх зүйн орчин ба хог хаягдлын менежмэнтийн өнөөгийн нөхцөл байдал
Монгол улсад “Хог хаягдлын тухай хууль”-ийг 2017 оноос баталж, мөрдөж эхэлсэн ба энэхүү хууль, түүнийг даган гарсан 16 журам, заавар, аргачлал боловсруулан хэрэгжүүлж байна. Энэ тал дээр салбарын мэргэжилтэн дараах тайлбарыг өглөө.
Төр, Бизнес, иргэний тойрог түншлэлийн хамтын үйл ажиллагааны хүрээнд хог хаягдлын менежмэнтийн хэрэгжилтэд гар бие оролцох дадлыг хаа хаанаа бий болгох шаардлага үүссэн. Иргэд ус ундааныхаа савыг ангилах дадалд суралцаж түүнийг нь хувийн хэвшлийн зүгээс дэмжиж байгаа үйл явцыг та бүхэн харлаа. Тэгвэл эдгээр бодит байдлыг эрчимжүүлэх, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий БОУАӨЯ-ны зүгээс хог хаягдлын менежмэнтийг хэрхэн дэмжиж байна вэ гэдгийг нээлттэй эх сурвалж болох шилэн данснаас тольдлоо.

Хог хаягдлын менежментийг дэмжсэн байдал
Тус яамны худалдан авалтын нөхцөл байдал хийгээд ажил гүйцэтгэсэн байдлын талаар мэдээллийг сүүлийн хоёр жилээр ажиглавал хог хаягдлын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ тун ховор байлаа. Тухайлбал: 2024 онд Хот суурин газрын төвлөрсөн хогийн цэгийг стандартын шаардлагад нийцүүлэх нэг маягийн жишиг зураг төсөв боловсруулахаар 100 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр Түмэн Амгалан ордон ХХК ажил авсан бол мөн 150 сая төгрөгөөр хог хаягдал ангилан ялгах төвийн жишиг зураг төсөв боловсруулсан байна. Харин 2025 онд
2025 онд Байгаль орчин уур амьгалын өөрчлөлтийн яамны их анхаарсан зарцуулалт, төсөл арга хэмжээ нь Мазаалай байвгайн судалгаа, шинжилгээ, идэш тэжээлийн туршилт хийх, мазаалайг хамгаалах контент бэлтгэх, олон нийтэд таниулах, сурагчдад зориулсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт ажлуудад 1,5 тэрбум төгрөг зарцуулжээ. 2024 болон 2026 оны батлагдсан төсөвт ч энэ төрлийн зардлууд уламжлал болон тусгагдсан харагдлаа. Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн, эдийн засгийн, бодлогын, олон улсын шинжилгээ судалгаа туршлага гэх мэт олон хүчин зүйлээс хамаарна. Тэгвэл бид хамгийн чухал хөшүүрэг болох эдийн засгийн дэмжлэг, бодлогын нөхцөл байдлаа орхигдуулсан байгааг харж болхоор байна.
Европын холбооны улсууд хуванцар хог хаягдлынхаа 50-аас илүү хувийг дахин боловсруулж, дэлхий нийтэд сайн туршлага болж байна
Хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах бизнесийн гол тоглогч БНХАУ 2018 оны эхнээс хог хаягдлын импортоо зогсоосноос үүдэж, дэлхийн ихэнх улс орон хуванцрын хог хаягдлаа хэрхэх талаар сорилттой тулгарсан байна. Турк, Малайз улсууд БНХАУ-ын байр суурийг орлож, бусад улсаас хог импортлон дахин боловсруулах ажлыг эрчимтэй хийж байна. Монгол улс нэг хүнд ноогдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр 2016 онд дэлхийн ТОП 10 улсаас 9-д жагссан байна. Бид боломжит хамгийн бага хэмжээгээр хог хаягдал үүсгэх, үүссэн хог хаягдлыг дахин боловсруулж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хөнөөл багатайгаар нөөцийг үр ашигтай ашигладаг ногоон эдийн засгийн бүтцийг бүрдүүлэх шаардлагатай байгаа аж.
Эх сурвалж: https://mongolia.caritas.cz/res/archive/006/000759.pdf?seek=1665026433
Хуванцар дахин боловсруулах үйлдвэр нь жилдээ 20,000 тонн хуванцар ус, ундааны сав дахин боловсруулах хүчин чадалтай учир улсын хэмжээний хуванцарыг 100 хувь дахин боловсруулах боломжтой
“Ти Эм Эл Пластик” үйлдвэр нь 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд цагт 2,5 тонн түүхий эд боловсруулах хүчин чадалтай бөгөөд манай улсын хэмжээнд жилдээ 18-20 мянган тонн хуванцарын хог хаягдал гардаг байна. Тэгвэл тус компанийн нэг жилд 20 мянган тонн хуванцарыг дахин боловсруулах чадамжтай үйлдвэр улсын хэмжээнд гарсан нийт хуванцарыг иргэн бүрийн оролцоотойгоор ангилж, татан авч чадвал бид олон улсын жишиг сайн туршлагад хүрэхэд ойрхон байгааг харж болох юм. Дахин боловсруулалтын дамжлага нь эхлээд хуванцарын шошгыг салгах, өнгө, төрлөөр нь ангилах, дараа нь угаах болон хатааж, үлдэгдэл шороо тоос чийгийг бүрэн арилгах шат дамжлагаар явсны эцэст жижиг хэрчдэс болгоно. Үүний нян бактер, хорт бодисыг бүрэн устгах зорилгоор хоёр дахь төхөөрөмжид дамжуулан, 280 химийн өндөр температурт хайлуулж, дараа нь талсжуулан хөргөснөөр дахин боловсруулсан бүтээгдэхүүн болох рПэт бий болдог байна.
Зурагт харагдаж буй дугаар 1 гэсэн ПЭТ тэмдэглээг та бүхэн харж байна. Хүнсний зориулалттай хуванцарын төрлүүдийг ерөнхийд нь 7 ангилж авч үздэг байх нь.
Био хуванцар буюу биополимерууд нь нефть химийн бүтээгдэхүүнээс бус эрдэнэ шиш, кассава, чихрийн манжин, чихрийн нишингэ зэрэг нөхөн сэргээгдэх ургамлын гаралтай түүхий эдээр хийгдсэн тул уламжлалт хуванцраас ялгаатай. Био хуванцрыг ердийн хуванцар шиг олон янзаар ашиглах боломжтой бөгөөд төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглагддаг. Тухайлбал, кофены аяга, ус ундааны сав, таваг, халбага сэрээ, ногооны уут зэрэг хүнсний сав, баглаа боодол, мэс заслын оёдлын утас, хиймэл эд эрхтэн суулгац, ясны хугарал цууралтын чиг баригч зэрэг эмнэлгийн хэрэглээ, мөн бөс даавуу зэрэг бусад арилжааны бүтээгдэхүүнд ашигладаг байна. (PET),
Био хуванцар нь био задралд ордоггүй бүтэцтэй. Ургамлын гаралтай полиэтилен терефталат буюу PET-д ашигласан материал нь нефть химийн эквивалентаас ялгаагүй. Ургамлын гаралтай PET нь нефть химийн PET шиг задрахгүй боловч уламжлалт PET-тэй хамт дахин боловсруулж болдог аж.
ДЭЛХИЙ ДАХИН ДАХЬ ТҮГЭЭМЭЛ ХУВАНЦАР БА ТЭДГЭЭРИЙН ХЭРЭГЛЭЭ

Эх сурвалж: Roland Geyer, Jenna R. Jambeck and Kara Lavender, Law, Production, use, and fate of all plastics ever made.
Хуванцрыг бидний материаллаг ертөнцийн салшгүй нэг хэсэг болгож улмаар хуванцар сав, уут, хүнсний сав, баглаа боодол, хувцас, хиймэл эд эрхтэн, автомашины эд анги, барилгын материал г.м бидний амьдралын бүхий л талбарт тогтмол хэрэглэгдэх болсон. Бидний өдөр тутмын өмсдөг полистер гэгддэг нилон материалтай хувцаст хүртэл агуулагддаг нь өдөр тутамдаа бид хуванцарын ертөнцөөр амьсгалж буй юм.
2021 оны байдлаар монголын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн холбоонд хуванцар хог хаягдал дахин боловсруулдаг 24 үйлдвэр бүртгэлтэй байна
Каритас Чех Репаблик ОУБ-аас Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн нөхцөл байдлын талаар хийсэн асуумж бүхий судалгаанаас...
Хог хаягдлыг ангилах хууль, журмыг бодит байдалд хэрэгжүүлж, хог хаягдлыг ялгадаг болох нь чухал байна. Хэрвээ хог хаягдлыг журмын дагуу ялгавал дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн олдоц нэмэгдэж, түүхий эдээ авахад хялбар болно
Засгийн газраас хэрэгжүүлж буй зарим бодлогууд зорилтот бүлэгтээ хүрч чаддаггүй. Жишээ нь, ЖДҮ-дийг дэмжих зорилгоор 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлд дахин боловсруулах үйлдвэрүүд хамрагдаж чадахгүй, шалгуур шаардлагыг хангахгүй байна.
Хог хаягдлыг дахин боловсруулснаар төрөөс ямар нэгэн урамшуулал, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. 1 кг энгийн хогийг булахад 2700 төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Энэ зардлыг хэмнээд хог хаягдлыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийн эргэлтэд оруулж байхад урамшууллын ямар ч тогтолцоо байдаггүй. Тээврийн зардал, цахилгааны зардал, гаалийн татвар, НӨАТ өндөр. Татвар, эрчим хүчний хөнгөлөлт зэрэг огт байхгүй байхад гадаадын орнуудад иймэрхүү төрлийн үйлдвэрлэлээ дэмжсэн олон төрлийн хөшүүргүүд байдаг. Тэдний туршлагыг судалж, нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг судалгаанд оролцогч байгууллагууд хариулжээ.
Сүүлийн жилүүдэд хуванцар хог хаягдлыг зохицуулахын тулд химийн дахин боловсруулалт, хуванцар хог хаягдлыг зам, барилгын материалд ашиглах зэрэг хэд хэдэн технологийн болон стратегийн санааг дэвшүүлсээр байна. Швейцар, Швед, Австри, Герман, Бельги, Нидерланд зэрэг Европын Холбооны улсууд хуванцар хог хаягдлынхаа 50-аас илүү хувийг дахин боловсруулж, дэлхий нийтэд сайн туршлага болж байна. Эдгээр улсууд хог хаягдал үүсгэхгүй байхад анхаарч, нэгэнт үүссэн хаягдлыг дахин боловсруулж, дахин боловсруулах боломжгүй хэсгийг шатаан эрчим хүч гаргаж, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг эрчим хүчээр ханган, хог хаягдалгүй ногоон эдийн засгийн бүтцийг бүрдүүлжээ. Гэхдээ шатаах шийдэл нь өнөөг хүртэл тийм ч шалгарсан арга биш хэвээр байна. 1950-2015 оны хооронд өнөөг хүртэл үйлдвэрлэгдсэн нийт хуванцрын 60 хувь нь буюу ойролцоогоор 4,900 сая тонн хуванцар хогийн цэгт эсвэл байгальд хаягдаж хуримтлагдсан байна.
Эдгээрийн 60 хувь нь хүрээлэн буй орчин (далай болон эх газарт хог хаягдал байдлаар)-д, 12 хувь нь шатаагдаж, ердөө 9 хувь нь дахин боловсруулагдаж сэргээгджээ. Тасралтгүй өсөх хуванцар хаягдлыг зохицуулахаар тэмцэж буй зарим хот, засгийн газрууд хог хаягдлын менежментийн корпорацуудын хүчтэй лоббид өртөж хог хаягдлыг шатаах аргад шилжиж байна. Нэг талаас харвал хог шатаах байгууламж нь “хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх” эсвэл “хуванцраар түлш үйлдвэрлэх” гэх мэтийг амлаж хог хаягдлын хэмжээг бууруулаад зогсохгүй эрчим хүч үйлдвэрлэх боломжийг олгох хялбар арга мэт санагдаж болох юм. Бүх шатаах технологийн мөн чанар нь хог хаягдлыг ил задгай шатаахтай ижил байдаг. Хэдийгээр өөр өөр нэр томьёо хэрэглэдэг ч хог хаягдлын холимгоос үл хамаарч байгууламжид шатаах болон ил шатаах нь хог хаягдлын нэг хэлбэрийг нөгөөд шилжүүлдэг бөгөөд үр дүнд нь хорт хий, хорт үнс ялгардаг. Дахин боловсруулах чиглэлээр Европын орнууд тэргүүлж байгаа бөгөөд хог хаягдлыг ялгах, дахин боловсруулахыг дэмжих урамшууллын бодлого, гялгар уут, сүрэл зэрэг нэг удаагийн бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах арга хэмжээг анхлан хэрэгжүүлжээ. Эдгээр оронд хог хаягдлыг ялгах, дахин боловсруулах стандартыг мөрдүүлэх эхний үе шатанд төрийн зохицуулалт чухал ач холбогдолтой байв. Тодруулбал, стандартыг дагаагүй бол өндөр торгууль, шийтгэл ноогдуулж байжээ. Хамгийн хүнд тохиолдолдоо торгууль нь 11,000 ам.доллароос ч давж байсныг Global Recycle веб хуудсанд тэмдэглэсэн байна.