Кино урлаг ба эмэгтэйчүүдийн хувьсал

Кино урлаг ба эмэгтэйчүүдийн хувьсал

“Гайхамшигт дөрөв: Эхний алхмууд” кино ээж байна гэдэг өөрөө супер хүч болохыг харуулж, Марвелийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээжээ. Сю Сторм гол дүр байх бөгөөд төрж байхдаа ч сансрын хөлгөө үзэгдэхгүй болгож, дэлхий тэр аяараа гайхамшигт дөрвийн эсрэг босож байхад хүүгээ тэврэн гарч ирээд жагссан олны сэтгэлийг эзэмдэх үг хэлнэ. Эцэст нь өөрийн амиар дэнчин тавин байж дэлхийг сөнөөх гэж байсан Галактусыг зайлуулдаг.

2019 онд “Captain Marvel” гарахаас өмнө Марвелийн кино, цувралуудад эмэгтэй гол дүр байгаагүй юм. Гэтэл түүнээс хойш хэдхээн жилийн хугацаанд анхны муслим шашинтай Камала Хан буюу “Ms. Marvel,” өнгөт арьстай Okoye, ази Xu Xialing, бисексуал Valkyrie зэрэг эмэгтэй дүрээр шашин шүтлэг, арьс өнгө, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр өөр өөр төлөөллийг танилцуулж эхэлсэн.

Ингэснээр зөвхөн эмэгтэйчүүдийн олон янзын төлөөллийг багтаагаад зогсохгүй түүхийг өөрчилж байгаа юм. Марвелийн цуврал гэлтгүй өнөө цагт олон нийтэд хүрч байгаа кинонуудаас эмэгтэйчүүдийн хувьсал, өөрчлөлтийг төвөггүй харж болно.

Диснейн гүнжүүдээр жишээ татах хамгийн амар байдаг. Бидний хүүхэд байхдаа үзэж байсан “Нойрсож буй гүнж”, “Үнсгэлжин” зэрэг үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй, гэрээ цэвэрлэж, хоол хийж, ном уншихаас өөрөөр идэвхгүй, зовлонт амьдралаасаа салахын тулд цагаан морьтой ханхүү ирж аврахыг л хүлээж суудаг дүр үеэ өнгөрөөгөөд удаж байна. 1998 оноос эхлээд л Мулан эрэгтэй хүний дүрд хувиран дайнд явж, Тиана мэлхий үнсэж ханхүүтэй гэрлэхийн оронд өөрийн гэсэн ресторанаа нээж, Анна Элса хоёр эр хүний биш, эгч дүүсийн хайраар гэр бүл, улс орноо нэгтгэдэг шүү дээ.

XIV зууны үеэс ам дамжин яригдсан үлгэрт бол нойрсож буй гүнжийг ханхүү олоод, жирэмсэн болгоод явсан байдаг. Тэгээд есөн сарын дараа хүүхэд (өөр хувилбарт ихэр хүүхэд) нь төрөхөд л гүнж сая нэг юм нойрноос сэрнэ. Диснейн 1959 оны “Нойрсож буй гүнж” хувилбарт Аурораг ханхүү үнсэж сэрээдэг. Тэгвэл 2014 оны “Малефисент” кинонд Аурораг хараасан хар шидтэн үнэндээ өөрийнх нь итгэлийг эвдэж, далавчийг тасалсан олиггүй муу эрд хорссондоо л ийм алхам хийснийг өгүүлдэг. Малефисент өстөн дайсныхаа охиныг өөрийн мэт хайрлах, хийсэн үйлдээ гэмших, алдаагаа засах сэтгэл хөдөлгөм түүх үзэгчдийн таалалд ч нийцсэн. Энэ кино асар их амжилт олсон бөгөөд түүхийг өөрчлөх, хэвшмэл ойлголтыг эвдэхийн гайхамшгийг нотлон харуулсан билээ.

Одоо “Netflix”-ээр гарч байгаа ихэнх контентоос гадна кино театруудад нээлтээ хийж байгаа бүтээлүүд тодорхой хэмжээнд жендэрийн хэвшмэл ойлголтыг халж, эмэгтэйчүүдийг гол дүрд тавихад анхаарч эхэлснийг ажиглах боломжтой. Кино урлаг сүүлийн жилүүдэд ийнхүү эрчтэй өөрчлөгдөх замналд эрдэмтэд, активистууд онцгой хувь нэмэр оруулснаас гадна бизнесийн хөшүүрэг чухал үүрэг гүйцэтгэжээ.

“Эр хүйсийн харц” буюу феминист кино шүүмж

Кино урлаг түүхэн явцдаа эрчүүдийн нүдийг баясгахад л анхаарч ирсэн. Үүнийг кино онолч Лаура Малвэй 1975 онд бичсэн эссээндээ тайлбарлаж, “Male Gaze” буюу “Эр хүйсийн харц” гэх ойлголтыг гаргаж ирснийг феминист кино шүүмжлэгчид өдийг хүртэл ашиглаж буй. Эмэгтэйчүүдийг зөвхөн туслах дүрээр гаргах, гаргахдаа хэвшмэл ойлголтыг дэвэргэх, мөн эрчүүдийн нүдийг баясгах, бэлгийн объект байдлаар дүрсэлж ирсэн. Хагас зуун жилийн хугацаанд энэхүү феминист кино шүүмж онолын хэмжээнд хөгжжээ.

Гэвч эрдэмтдийн шүүмжийг бодит амьдрал дээр буулгах нь хамгийн чухал алхам байсан нь мэдээж. Үүнд Америкийн шог зураач Алисон Бекделийн хувь нэмрийг онцлох хэрэгтэй. 1985 онд “Dykes to Watch Out For” нэртэй долоо хоног тутмын шог зургийн цувралдаа эмэгтэйчүүдийг кинонд хэрхэн дүрсэлж байгааг хөнгөн шоглосон тест нь одоог хүртэл кино эмэгтэйчүүдэд ээлтэй, эсэхийг тодорхойлдог, барууны орнуудад бол хүн бүрийн мэддэг ойлголт болсон билээ. Бекделийн тест гурван энгийн шалгуураас бүрддэг. Үүнд:

  • Тухайн кинонд дор хаяж хоёр эмэгтэй дүр байх;
  • Тэдгээр  нь хоорондоо ярилцах;
  • Ярианы агуулга нь эрчүүдийн тухай биш байх.

Гэтэл ийм хялбар шалгуурыг хүртэл даваад гарах кино саяхныг хүртэл ховор байсан гээд бод доо!

Мөн Оскарын шагналт жүжигчин Жина Дэвис өөрийн нэрээр институт байгуулж, кино урлаг дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг сайжруулах чиглэлээр 20 гаруй жилийн турш мониторинг, судалгаа, нөлөөллийн ажил хийсэн нь ч үр дүнгээ өгчээ. Одоо тус институт реклам сурталчилгаа, видео тоглоом, мэдээллийн технологи зэрэг салбар дахь төлөөллийг сайжруулахаар цар хүрээгээ өргөжүүлээд байна.

Товчхондоо, кино урлаг дахь эмэгтэйчүүдийн хувьсал эрдэмтдийн шүүмж, олны танил уран бүтээлчдийн олон арван жилийн хөдөлмөр, нөлөөллийн үр дүн байлаа. Гэвч сүүлийн жилүүдэд буюу богино хугацаанд нүдэнд харагдах үр дүнд хүрэхэд бизнесийн хөшүүрэг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ.

Жендэрийн мэдрэмжгүй бүтээл мөнгө олохгүй!

Олон улсын хэмжээнд эмэгтэйчүүд хэрэглээний худалдан авалтын 80 гаруй хувийг хийж байгааг янз бүрийн тоо баримтаар нотолсон байдаг. Эргэн тойрноо хар л даа, кофены газар, сургалтын төвүүд, худалдаа үйлчилгээний төвүүдээр хэн үйлчлүүлж, хэн мөнгө төлж байна? Эмэгтэйчүүд л давамгайлж байгаа биз?

Тэгвэл барууны эмэгтэйчүүдийн ихэнх нь жендэрийн мэдрэмжгүй, сексист кино үзэхгүй гэдгийг санал асуулгын судалгаа харуулжээ. Үүнийг эмэгтэйчүүд зөвхөн хэлээд зогсохгүй, үнэхээр үзэхгүй байгаа юм.  

Тухайлбал, Sift7 байгууллага 2014-2017 онд олны хүртээл болсон 350 кинонд судалгаа хийж үзэхэд нийт киноны 40 хувь нь Бекдел тестийн шалгуурыг хангаагүй байв. Гэвч эмэгтэй гол дүртэй, мөн Бекдел тестийг давсан кинонууд хавьгүй их орлого олсныг энэхүү судалгаа харуулсан юм. Хамгийн гол нь, 2012 оноос хойш тэрбум ам.доллараас илүү орлого олсон бүх кино шалгуурыг хангасан болохыг судалгааны үр дүн илчилжээ. Өөрөөр хэлбэл, мөнгө олъё гэвэл хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй байх хэрэгтэй гэсэн энгийн мессежийг эндээс авч болно.

Монгол уран бүтээлчдийг оролцуулж, манайд шуугиан дэгдээж байсан “Марко Поло” цуврал ч хоёр улирал гараад цуцлагдахад түүх, соёл, жендэрийн мэдрэмж чухал нөлөө үзүүлсэн билээ. Эмэгтэйчүүдийг бэлгийн объект байдлаар дүрсэлсэн, хэтэрхийн их нүцгэн бие гаргасныг феминистүүд шүүмжилж байв. Яагаад эмэгтэй хүн тулалдахдаа хүртэл тайчих ёстой гэж? Эцэст нь, “Netflix” 200 сая ам.долларын алдагдал хүлээж, цувралыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж байлаа.

Ийнхүү кино дэлгэцээр гарах эмэгтэйчүүдийн дүрслэл сүүлийн жилүүдэд сайжирч байгаа ч хөшигний цаана асуудал их бий. Тухайлбал, Оскар, Академи Авардс шагналын өчүүхэн бага хувь л эмэгтэй уран бүтээлчдэд оногдож байна. Мөн уран бүтээлчдийн цалин хөлс, шагнал урамшууллын ялгаа ч бий.

Гэхдээ кино урлагт эмэгтэйчүүдийг төлөөлж харуулах байдалд ахиц дэвшил гарсныг тэмдэглэж, зар сурталчилгаа, хэвлэл мэдээлэл зэрэг бусад медиа ч үүнээс суралцах шаардлагатай байгаа юм.

Тэд юу харна, тийм л болно...

Энэ бол Жина Дэвис Институтын уриа үг. Урлаг, уран бүтээл хүүхэд залуусын хүмүүжил, нийгмийн төлөвшилд шууд нөлөө үзүүлдгийг хэдхэн үгээр хэлээд өгч байна. Тиймээс ч илүү сайхан нийгмийг бүтээхийн тулд өнгөрсөн түүхийн хар бараан хэсгийг засаж, залруулахад уран бүтээлчид анхаарч эхлээд буй.

Хар шидтэн үнэндээ хайртай эрдээ мэхлүүлсэн гэнэн, цайлган бүсгүй байсныг, шүүр унасан шулам (Wicked) үнэндээ гадуурхагдсан охин л байсныг өгүүлэх уран бүтээлүүд олширч байна. Эх үрийн холбоо, эмэгтэйчүүд хоорондын нөхөрлөл хар шидтэн, шуламд ч сайхан сэтгэл, өөрөөсөө илүү бусдыг хайрлах агуу энэрэл байдгийг илэрхийлнэ. Энэ нь зүгээр ч нэг зохиол биш. Дундад зууны Европт мянга мянган эмэгтэйн аминд хүрсэн шулмын ан, тэрхүү харгис түүхийг шинээр бичих бодит алхам билээ.

Гэтэл монголчууд шашин шүтлэг, жендэрийн хувьд харьцангуй энэрэнгүй байсан бахархам түүхтэй хэрнээ эмэгтэйчүүдийг илт дорд үзсэн “Тамгагүй төр” жүжгээ тахин шүтээд, дэлхий нийтэд “Монгол хаан” нэрээр дэлгэж тавиад байгаа нь ичгэвэртэй. Үүний сөрөг үр дагавар ч хэдийнэ ажиглагдаж буй. Тухайлбал, “Ухаан чинь биш, умай чинь чамайг сайд (УИХ-ын гишүүн) болгосон” гэх мэтээр “Тамгагүй төр” жүжгээс зээлж авсан эшлэлээр пост хийж, өндөр албан тушаалтай цөөн хэдэн эмэгтэйчүүд рүү дайрах тохиолдол нэлээд хэд гараад авсан.

Тиймээс дотоодын урлаг, кино шүүмжийг илүү хөгжүүлэх, олны анхаарал татсан бүтээлүүдэд хүний эрх, жендэрийн мэдрэмж талаас үнэлэлт, дүгнэлт өгөхөд судлаачид төдийгүй уран бүтээлчид, инфлүенсерүүд ч идэвхтэй оролцох шаардлагатай байна. Тэгэж байж л олон нийт урлагийн бүтээлийг шүүмжлэлт нүдээр харж, хүний эрхийн мэдрэмжгүй бүтээлийг мөнгө төлж үзэхээ байна.

Нийгэм хөгжихийн хэрээр соёл, урлаг өөрчлөгдөж, урлагийг дагаад нийгэм урагш алхдаг жамтай. Түүх эмэгтэйчүүдэд ээлтэй байгаагүй. Тиймээс уран бүтээлчид маань түүхийг шинээр бүтээж, түүгээрээ дамжуулан нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахад анхаарах хэрэгтэй ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.