Б.Шүүдэрцэцэг: Түүчээлэгч эмэгтэйн ард нийгмийн дарамтаас ангижирсан хүчирхэг сэтгэл зүй байх учиртай

Б.Шүүдэрцэцэг: Түүчээлэгч эмэгтэйн ард нийгмийн дарамтаас ангижирсан хүчирхэг сэтгэл зүй байх учиртай

Чингисийн талбайд 40 дэх удаагийн Номын баяр болсон билээ. Энэ үед Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй уулзаж ярилцсан юм. Эрдэмт зохиолч эл бүсгүйн охид болох Б.Анхилмаа, Б.Амина нар дэлхийн утга зохиолын ертөнцөд заавал унших ёстой бүтээлд тооцогддог Виржиниа Вүүлфийн “Нийгэмлэг” өгүүллэгийн түүврийг “Гүн ахайтан ба Инжаан” нэрээр мөн алдарт зохиолч, сэтгэгч Симона де Бовуарын “Дайвар хүйстэн” номын зүрхэн хэсэг болох “Дурласан эмэгтэй” бүлгийг тусад нь ном болгон орчуулан хөрвүүлж олны хүртээл болгосон билээ. Энэхүү ярилцлагад eguur.mn сайтын зургийг ашиглав. 

- Ном, роман бичнэ гэдэг асар их төвлөрөл, судалгаа, оюуны бяд шаардсан хөдөлмөр. Эмэгтэй хүн, ээж хүн нийгэм, гэр бүлдээ үүрэх хариуцлага маань биднийг чөлөө завгүй байлгах нь элбэг. Зав чөлөөгүй ээжийн амьдрал дунд түүхэн сэдэвт романуудаа уншигчдын гарт хүргэхэд тулгарч байсан сорилтууд юу байна вэ? 

- Роман бичнэ гэдэг асар их төвлөрөл шаарддаг, уран зохиолын хамгийн хэцүү төрөл л дөө. Жишээ нь, “Хүйлэн огторгуйн заадас” роман минь Монгол төрийн хатанд өргөмжлөгдсөн Эх дагина болон хорь гаруй жил ханилан суусан VIII Богд хааны амьдралыг хамтад нь харуулсан 540-өөд хуудас бүхий бүтээл. Энэ романыг бичихийн тулд долоон жил судалсан. Олсон эх сурвалж, баримтуудаа эвлүүлж зохиол болгон бичнэ гэдэг үнэхээр амаргүй байлаа. Лам, сахил санваартнуудын суудлыг жавдан, харин хаан, хатны суудлыг сэнтий гэх зэргээр эдэлж хэрэглэж байсан бүхий л зүйлс нь одоогийнхоос тэс өөр нэршилтэй. Эх дагина Жод Лүйжингийн ёсонд боловсорсон, Лүйжин тавьдаг эмэгтэй байсан. Богд хаан бол өмнөх зургаан Богдоос ганцаараа гавжийн дамжаа барьсан эрдэмт гэгээнтэн хүн байлаа. XXI зуунд амьдарч байгаа би энэ хоёр хүний өмнөөс бодож, үг хэлүүлж, түүнийгээ зохиол болгон бичнэ гэдэг үнэхээр их төвлөрөл, тэвчээр, мэдлэг, цаг хугацаа шаарддаг, халширмаар ажил байсан. Ном бичнэ гэдэг нь одоогоос өчнөөн жилийн өмнө туурвиж байсан монгол туургатны бичгийн их хүмүүн Ванчинбалын Инжинашийн хэлсэнчлэн “Чөмөг дундлам хүнд ажил” гэдэг нь үнэн юм даа. Дээр нь эмэгтэй хүн том зохиол, роман бичнэ гэдэг эрэгтэй зохиолчтой харьцуулахад шал өөр. Эрэгтэй хүн аливаад төвлөрөөд ажиллахдаа гэрийн ажил, ахуйн бусад асуудлаас чөлөөлөгдөж чаддаг. Тийм ч учраас өнөөдөр хүртэлх бүтээлч хүмүүс тэр чигтээ бараг эрчүүд байна. Жишээ нь, амьдралын явцад гэр бүлийн хэн нэгэн хүнд асаргаа шаардлагатай болоход эмэгтэй хүн л бүх ажил, амьдралаа хаяж тэр хүнийг асардаг. Хүүхэд төрүүлэх, асрах, өсгөх бүгд эмэгтэй хүний нуруун дээр байдаг. Энэ бүхнийг гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө хийлээ гээд ямар ч хөлс, нэргүй, цаггүй ажлууд байдаг. Хүн асарч байгаа хүнд “За дуусчихлаа” гэх боломж байхгүй шүү дээ. Ийм онцлогоосоо болоод эмэгтэй хүн бүтээлч амьдрах боломжоо их алддаг. Олон жилийн өмнө эмэгтэйчүүдийн асуудлаар ажилладаг байх үед ажигласан зүйл бол айл өрхүүдэд асаргаа шаардсан хүнтэй болоход  дандаа эмэгтэйчүүд тэр үүргийг хариуцаж үүрч байна гэсэн судалгаа байсан. Эрчүүд ганц нэг удаадаа хүн асрах нь байх боловч, ихэнхдээ нийгэм энэ ажлыг эмэгтэй хүний үүрэг мэтээр хүлээж авдаг. Заавал асаргааны хүнгүй байсан ч, гэр доторх хамаг нэргүй ажил эмэгтэй хүний нуруун дээр байдаг болохоор бүтээлчээр амьдрахад нь илүү их саад учирдаг. 

- Таныг анх зохиол бичиж эхлэхэд нийгэм хэрхэн хүлээж авч, мөн ямар хандлага мэдрэгдэж байв. Энэ нь эмэгтэй хүн амжилттай зохиол, түүхэн роман, томоохон бүтээл туурвихад тулгардаг нийтлэг бэрхшээлийн нэг байв уу?

- Миний хувьд зохиол, бүтээл бичихэд хань ижил сайн ойлгодог, мэргэжил ойролцоо, амьдрал бололцоотой, бас анхнаасаа ном маань уншигчдын таашаалыг хүлээсэн байсан болохоор ямар ч гэсэн, борлуулалтаараа амьдрах нөхцөл бүрдсэн. Туслах ажилладгийн ачаар арын ажлаас чөлөөлөгддөг ч гэсэн, том хэмжээний бүтээл бичихэд амар байдаггүй. Тийм ч болохоор Английн алдарт зохиолч Виржиниа Вүүлф “Өөрийн гэсэн өрөө” гэсэн эссе номдоо XX зууныг хүртэлх дэлхийн уран зохиолд эмэгтэй зохиолчдын бүтээл яагаад цөөхөн байдгийн учрыг эргэцүүлсэн  байдаг. “Хатагтай …ном бичиж байгаа гэнэ үү, хаха хэмээн хөхрөв” гэсэн өгүүлбэр тэр номд байдаг. Эмэгтэй хүн ном бичнэ гэдэг нь эвэртэй туулай үзсэн мэт үзэгдэл байсан нь соёлт Англи, Европт хүртэл саяхны явдал шүү дээ. Эмэгтэй хүн бүтээлч амьдарна гэдэг эрчүүдийн бүтээл туурвил гаргахаас хамаагүй хэцүү. Анх намайг роман бичээд хэвлүүлэхэд XXI зууны Монголын нийгэмд ч маш ялгавартайгаар хүлээн авсан шүү дээ. Заавал над руу онилж, гутаан доромжилдог шүүмж судлаач нэртэй хүмүүс удаа дараа зөвхөн намайг чичлэн Амарзаяа гэдэг эрэгтэй зохиолчийг шүүмжлэхдээ хүртэл заавал гарчигт нь нь “Эрэгтэй Шүүдэрцэцэг” гэж миний нэрийг хавчуулж бичих нь саяхныг хүртэл үргэлжилсэн. Хэзээ ч миний номыг уншиж үзээгүй хүмүүс таамаглал, төсөөллөөрөө, бусдын үгээр “Шүүдэрцэцэгийн зохиолууд ч дээ…” гэх мэтээр яриа гаргах нь ч бий. Англи уран зохиолоор мэргэшсэн, Фулбрайтын тэтгэлгээр АНУ-д уран зохиол судлалаар суралцаад ирсэн Аззаяа гэдэг эмэгтэй нэг удаа надтай уулзаад, “Шүүдрээ зохиолч та нийгэмд шууд л роман бичээд гараад ирсэн. Гэтэл Англи мэтийн улсуудад хэвлэлийн газрууд нь эртнээс эмэгтэй зохиолчийнхоо замыг засаж, уншигчдынхаа сэтгэхүйг бэлдэж байж бүтээлийг нь нийтэд толилуулдаг байсан түүх байдаг юм байна. Учир нь соёлыг бүтээгчид нь дандаа эрчүүдийн ертөнц байсан болохоор уншигчид ч эрэгтэй зохиолчийн бүтээлийг унших хүлээлттэй болчихсон байдаг. Тиймээс эмэгтэй зохиолчийн бүтээлийг толилуулахын өмнө судлаачдаар эергээр бичүүлэх зэргээр уншигчдыг ихээхэн бэлтгэж байж” гэж байсан.

- Манай улсад ингэж зохиолчдынхоо амжилтын замыг бэлдэх, зөвлөх газрууд хэр байдаг юм бэ?

- Дээр хэлсэнчлэн эмэгтэй зохиолчдын бүтээлийг эрэгтэй нэрээр хэвлүүлэх нь цөөнгүй байсны жишээ бол Жорж Санд, Жорж Эллиот нарын зохиолчид юм. Гэтэл Монголд  хэвлэлийн газрууд гэж байдаггүй, бид өөрсдөө л зохиолоо эрхлэн гаргадаг болохоор бүх зохиолчид л бор зүрхээрээ зах зээлтэйгээ шууд нүүр тулдаг. Зохиол бичсэн 20 гаруй жилд би маш их бүллид өртсөн. Энэ тухайд мөн АНУ-д харьцуулсан уран зохиол судлалаар зэрэг хамгаалсан судлаач Шагдарын Туяа “Таныг ямар ч ёс зүйгүйгээр доромжилдог юм байна. Гэтэл Кембридж, Оксфорд зэрэг сургуулиудын төгсөгчид олж авсан мэдлэгээрээ бусдыг доромжлох, гүтгэхэд ашиглахыг хориглосон ёс зүйн код, зарчимтай байдаг юм байна шүү” гэж хүртэл хэлж байлаа. Намайг амлаж авсан мэт, бүр дурласан ч юм шиг юм л бол над руу чичилдэг нэг этгээд “Шүүдэрцэцэг бол үндэсний эмгэнэл”, “Эмэгтэйчүүдийн уран зохиол бол авгайчуудын хов жив”  гэж бичиж байлаа. Эцэст нь тэр этгээдийг миний нэр хүндийг гутаасан, хүйсийн хувьд ялгаварлан гадуурхсан гэдгийг шүүх тогтоож, миний талаархи мэдээлэл доромжлол гаргасан бүх хэвлэл сайтдаа надаас уучлал гуйх захирамж гаргасан ч тэр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Эргээд нэхэмжлэлээ сэргээх эрх нь нээлттэй үлдсэн. Нэг өдөр шүүхэд дуудаж ч болно. 

- Ер нь ийм хандлага, ингэж эмэгтэй хүнийг ялгаварлах үзэл санаа гараад байгаагийн цаад шалтгаан нь юу юм бэ?  

- Виржиниа Вүүлфийн “Нийгэмлэг” (А Society) гэсэн өгүүллэг байдаг. Би Москвад явж байхдаа энэ өгүүллэгийг багтаасан “Short Stories” гэсэн түүврийг англи хэлээр хэвлэгдсэнийг авч бага охиндоо авчирч өгсөн юм. Охин минь тэгэхэд дунд ангид байсан. Номоо уншиж дуусаад охин “Ээж ээ, энэ номыг монголчууд заавал унших ёстой юм байна” гэж чухлаар авч үзсэн. Дараа нь ахлах ангид ороод “Ээж ээ, би ер нь энэ номыг орчуулдаг юм билүү, үзэл санаа нь их чухал юм байна” гээд. Виржиниа Вүүлф сэтгэлгээний зохиолч, модернист, феминист, тэрсүүд үзэлтэн байсан шүү дээ. Би охиноосоо “Ийм этгээд өнцгөөс бичдэг зохиолчийн зохиолыг монголчууд хүлээж авах уу. Учир нь энэ бол Дорж, Дулмаа хоёрын хайрыг бичдэг зохиолч  биш шүү” гэхэд охин “Үзэл санаа нь их чухал юм байна” гээд орчуулж эхэлсэн. Жил гаруйн дараа орчуулгыг нь “Гүн ахайтан ба Инжаан” нэртэйгээр хэвлүүлсэн юм. Энэ ном эхний үед бестселлерт шалгарсан л даа. Харамсалтай нь, дараа нь номын групп дээр уншаад гэмшсэн номын жагсаалтад орчихсан явж байсан. Яагаад гэхээр энэ бол Жон Мери хоёрын хайр биш. “Нийгэмлэг” өгүүллэгт юу өгүүлдэг вэ гэвэл, хориод насны залуу бүсгүйчүүд цуглараад ярилцаж байгаа хэлбэрээр бичсэн зохиол. Тэд уншаад хэрэггүй “улны” номуудын тухай ярилцдаг. Гэтэл хэвлэгдсэн бүх ном бараг тэр чигээрээ эрэгтэй зохиолчдынх байдаг. “Ер нь яагаад эрчүүд ямар ч хамаагүй ийм хачин хачин ном биччихээд хэвлэгдээд байгаа юм бэ” гэж охид гайхан хэлэлцдэг. Тэд номын сан, номын дэлгүүрээр явж үзэхэд бараг л эмэгтэй зохиолчийн ном байгаагүй. Тэдний яагаад эмэгтэй хүн зохиол бичдэггүй юм бэ гэсэн эргэцүүллийн хариулт нь эмэгтэйчүүд эх, эзэгтэй байх үүрэг хариуцлага үүрч, нөхөр нь эсвэл хүү нь бичдэг гэдэгт оршиж байлаа. Тэгэхээр эмэгтэйчүүд ч бас бичих ёстой юм байна. Яагаад бид дандаа эрчүүдийн бичсэн бүх номыг уншиж байх ёстой юм бэ, гэсэн утга санаа агуулдаг. Виржиниа Вүүлф энэ сэдвээрээ “Өөрийн гэсэн өрөө” гэж эссе ном бичсэн нь Мон судрын орчуулгаар сайхан бүтээл болон хэвлэгдсэн байгаа. 

- Яг л “Нийгэмлэг”  дээр гардаг шиг эмэгтэйчүүдийн залуу нас, амьдралын үнэтэй цаг хугацаа зөвхөн ар гэрийн ажил, хүүхдээ өсгөх, хэн нэгний асаргаа, ахуй амьдралын бусад асуудлууд, нийгмийн хэвшмэл ойлголтод хязгаарлагдан үлдэж, бүтээлч сэтгэлгээ нь “ширгэж” буй жишээ олон. Тиймээс  “Өөрийн гэсэн өрөө”-гөө хамгаалж үлдэхийн тулд эмэгтэй хүн бүр юу санаж амьдрах ёстой юм бол? 

- Эмэгтэй хүн өөрийгөө авч үлдэх нь хэчнээн чухал болохыг бичсэн хүн бол алдарт философич, зохиолч, сэтгэгч Жан Пол Сартрын хамтран амьдрагч, хайртай бүсгүй байсан Симона де Бовуар хэмээх алдарт зохиолч, сэтгэгч эмэгтэй юм. Тэрээр “Дайвар хүйстэн” хэмээх номынхоо “Дурласан эмэгтэй” бүлэгт энэ тухай нарийвчлан бичсэн байдаг. Яагаад эмэгтэй хүн өөрийгөө хаядаг вэ гэдгийг нийгэм соёл, оюун санааных нь онцлогтой холбож бичсэн. Эмэгтэй хүн дурлахаараа   өөрийгөө умартаж, мөрөөдлөө, авьяас ирээдүйгээ хаячихдаг. Тийм шаардлага байхгүй байсан ч сайн дураараа өөрийгөө гээх, эр хүний төлөө өөрийнхөө амьдралыг өргөл болгох үзэгдлийг гүнзгий эргэцүүлсэн байдаг. Энэ бүлгийг нь манайх “Дурласан эмэгтэй” нэрээр тусад нь ном болгож хэвлэсэн байгаа. Миний том охин Б.Амина 18 настайдаа энэ бүлгийг орчуулж байсан юм. Яг энэ сэдвээр социализмын үед үндэсний телевиз Зөвлөлтийн зохиолч Арбузовын “Таня” хэмээх теле жүжиг тавьж байсан. Таня гэх бүсгүй нөхрийнхөө төлөө эмч болох зорилго, анагаахад сурч байсан хамаг амьдрал замналаа хаясан. Гэтэл нөхөр нь өөр эмэгтэй сонгож явсны дараа, Таня мэргэжил, амьдралын зорилгоо хаясандаа харамсаж буй тухай өгүүлсэн гайхамшигтай жүжиг байдаг. Ер нь эмэгтэй хүн  дотоод ухамсар болон ахуй, нийгмийн дарамт, соёл, олон нийтийн хандлага гээд асар их зүйлээс болж тийм байдалд хүрч байна. Зарим нь өөрөө хүсээгүй, мөрөөдөл зорилгоо хаяагүй байсан ч, амьдралын эрхээр өөрийгөө гээсэн байдаг. Зохиолчидтой холбоод ярихад, соц үед олон залуу эмэгтэй уран зохиолд орж ирж байсан ч ихэнх нь хүсэл сонирхлоо орхиод С.Оюун, Ц.Түмэнбаяр гээд маш цөөхөн хүн уран зохиолын ертөнцөд үлдсэн харагддаг юм. Ахуй амьдралаасаа шалтгаалаад, нөгөөтэйгүүр бие даасан бүтээл туурвих боломжгүй, заавал дээрээс хянуулж батлуулдаг байсантай ч холбоотой байх. Үүнээс гадна эмэгтэй хүн хэдэн хүүхэд төрүүлэхээ шийдэх нөхөн үрчихүйн эрх чөлөө байсангүй. Бүхэл 70 жилийн туршид Э.Оюун, С.Оюун, Ш.Дулмаа, С.Удвал нарын цөөхөн эмэгтэй зохиолч л уран бүтээлдээ үнэнч үлдсэн. Тэр 70 жилд ганц роман бичсэн ганц эмэгтэй байсан нь Төрийн шагналт Сономын Удвал гуай. Том роман бичнэ гэдэг эрэгтэй том зохиолчдод л хамаатай юм шиг сэтгэл зүйн дарамт ч бас байсан байх, нөгөөтэйгүүр ахуй амьдрал, үр хүүхэддээ дарагдсан байх. Гэтэл роман бичнэ гэдэг хамаг цаг хугацаагаа зориулах ёстой, ахуй амьдрал ч хангалттай байх ёстой л хүний ажил. Ийм олон нөхцөл байдлаас болоод эмэгтэй хүн тууштай үлдэж чаддаггүй. 

- Тэгвэл энэ олон нийгэм болоод ахуйн нүдэнд үл үзэгдэх дарамт хийгээд сорилтуудаас эмэгтэй хүн өөрийгөө “аварч” үлдэх зарчим, санаж явах учиртай гол зүйл нь юу вэ?

- Ахуй, соёлын дарамт, ар гэрийнхэн, нийгэм соёлоос ирдэг  “Эмэгтэй хүн амбицтай байх хэрэггүй” гэсэн ухуулгыг чихгүй юм шиг л бүү сонс. Өөрийгөө л чагна. Ихэнх ээжүүд охиддоо маш буруугаар нөлөөлдөг. Охидыг багаас нь “Чи хүний эхнэр болох юм байж хадамдаа, нөхөртөө гологдож болохгүй” гэсэн хэвшмэл үзлээр хүмүүжүүлдэг. Тэр охины амьдралын зорилго нь хүнд тоогдож, магтуулж амьдрах ёстой юм шиг ханддаг ээжүүд байна. Нөхрүүд нь ч гэсэн “Чи надтай битгий барьцаад бай”, “Би гэрээ тэжээж байхад чи зүгээр л ар гэрийн амьдралаа л даах хэрэгтэй” гэх мэтээр ухуулах юм бол сонсох чихгүй амьдрах хэрэгтэй. Хоёрдугаарт, Солонгосын зохиолч Ин Сүг Намын 2004 онд бичсэн “Эмэгтэй хүний амьдрал хорин наснаас эхэлдэг” хэмээх номд эмэгтэй хүн заавал ганц бие байснаар амжилтад хүрдэг юм биш. Амжилтын төлөөх тэмцэлд гэрлэлтээ ашигла, нөхөртөө өөрийгөө ойлгуулах хэрэгтэй тухай бичсэн байсан нь их зөв санагддаг. Нөхөртөө өөрийгөө ойлгуулж, анхнаасаа л гэрлэхдээ чамайг юу хүсдэг, юу хийдгийг хүлээн зөвшөөрсөн, тэнгэр нурж байсан ч чиний дэргэд байж чамайг хайрлах нөхөртэй хүн ганц бие эмэгтэйгээс хувь илүү шүү дээ. Аль ч салбарт амжилт гаргахад эхэн үед материаллаг дэмжлэг хэрэгтэй байдаг. Зарим эмэгтэйчүүд нөхөртэй л болчихвол хамаг ирээдүй чинь сүйрнэ гэдэг юм билээ. Бас ч бүх нөхөр тийм биш л дээ. Виржиниа Вүүлфийн “Өөрийн гэсэн өрөө” номд оюун санааны тусгаар тогтнол материаллаг байдал дээр тогтдог, мөнгөгүй бол чи хэзээ ч өөрийнхөөрөө байж чадахгүй, оюун санааны хувьд бусдаас хамаарахгүй байх боломжгүй гэдгийг онцгойлон тэмдэглэсэн байдаг. Нөхөртэйгээ анхнаасаа тохиролцож болно шүү дээ. Эхний хэдэн жил би хүүхдээ хараад гэр орноо зохицуулъя, дараа нь чи намайг дэмжинэ шүү гэж зөвшилцөж яагаад болохгүй гэж. Чамд хайртай л бол эр хүн гэргийнхээ тийм саналд мэдээж татгалзахгүй. Ихэнхдээ эмэгтэйчүүд сайн дураараа өөрийгөө умартдаг. Анхнаасаа өөрөө бүхнийг нөхрийнхөө, найз залуугийнхаа өмнүүр орж хийгээд, гэрийн үйлчлэгч шиг байх юм бол тийм эмэгтэйг эр хүн үнэлэхээ больчихдог юм шиг санагддаг. Эмэгтэй хүн өөрийгөө илэрхийлэх, хувийн орон зайгаа хамгаалахаа хэзээ ч  орхиж болохгүй. Надад ч гэсэн охиноо төрүүлээд нэг хоёр жил гэртээ байсан үе бий. Залуудаа нөхөр маань ажил нь амжилттай байхад би дэмжээд үлдэж, дандаа цагаан цамц угааж, индүүдээд, дотроо жаахан хямраастай байсан үе надад ч бий. Гэхдээ зохиол бичдэгийн ачаар миний ажлын нэг онцлог нь гэртээ юмаа хийгээд байх боломж байсан. Гэвч, үргэлж гэрээс ажиллаад сэтгэл хангалуун байх, мөрөөдөлдөө хүрнэ гэвэл бас худлаа. Тиймээс эмэгтэйчүүд минь амьдралынхаа аль ч үед дотоод дуу хоолойгоо сонсож, бяцхан охин байхдаа жигүүрлэж байсан гэгээн мөрөөдлөө хэзээ ч битгий орхиорой л гэе дээ.

- Охид, бүсгүйчүүдэд минь үнэтэй сайхан мэдээлэл, зөвлөгөөгөө хуваалцсан танд маш их баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.