Асууж зүрхлээгүй ганц асуултын цаадах үнэ цэн

Асууж зүрхлээгүй ганц асуултын цаадах үнэ цэн

2004 он.

Онгоцны цонхоор танихгүй хотын гэрэл тодхон харагдавч тэр ирээдүйгээ хараахан төсөөлж амжаагүй байлаа. Гэхдээ зүрхэндээ нэг л зүйлд туйлын итгэлтэй байсан нь сурах, мэдэх бас илүү ихийг бүтээх алсын зорилго.

Энэ л тэмүүлэл түүнийг Хансэй их сургууль (한세대학교)-ийн зар сурталчилгаа, олон нийттэй харилцах чиглэлээр бакалавр, сэтгэл засал, сэтгэлзүйн зөвлөгөөний чиглэлээр магистрын зэрэг эзэмшихэд хөтөлжээ. Өдгөө тэрбээр Сүүгмён эмэгтэйчүүдийн их сургууль (숙명여자대학교)-ийн хүүхдийн сэтгэл заслын докторын хөтөлбөрт суралцаж байгаа юм. Түүнийг Батжаргалын Саруул гэдэг. Өдгөө БНСУ-д гэр бүлийн хамт амьдарч, ажил хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ өөрийн бизнесийг хөгжүүлж яваа нэгэн.

Хөдөлмөрөө үнэлүүлж, боломжоо бүтээсэн 22 жил

Тэр 22 жилийн өмнөх рүү эргэн өнгийхөд “мэдэхгүй байх нь ямар үнэтэй вэ” гэх бодол хамгийн түрүүнд санаанд нь орж ирдэг байна. Одоогийнх шиг ухаалаг утас, сошиал медиа хөгжөөгүй тул ганц хайлт хийгээд бүх мэдээллээ авах боломжгүй. Монгол руу ярья гэвэл 15 мянган воны утасны карт авч, хэдхэн цаг ярьдаг байжээ. Видео дуудлагын талаар мөрөөдөх ч хэрэггүй байсан цаг үе.

Тэр үед нэг хүнээс ганцхан асуугаад шийдэх асуудлыг хэл мэдэхгүй, мэдээлэлгүйгээсээ болж хэдэн долоо хоног, заримдаа хэдэн сараар ч сунгаж явсан нь түүний өөртөө авсан анхны том хичээл байжээ. Харин одоо виз, татвар, даатгалын мэдээллийг ганц товшоод л олчихдог болсон энэ боломжийг хүмүүс үнэлээсэй гэж боддог тухайгаа ярьсан юм.

Хүний нутаг түүнийг зөвхөн хэлний бэрхшээлээр шалгаагүй. Нас залуу, амьдралын туршлага дутуу явахад нь гашуун дурсамж цөөнгүй үлджээ. Анх ирээд удаагүй байхдаа нутаг нэгт монгол хүндээ цалингаа залилуулж, ажлаа алдсан үе ч түүнд бий. Тухайн үед үнэхээр хэцүү байсан ч эргээд бодоход тэр бүхэн хүн таних, өөрийгөө хамгаалах, аливаад илүү нухацтай хандахыг сургасан хэмээн дурссан юм.

Дараагийн том сорилт нь хүний нутагт хүүхэд өсгөх. Хүүхэд гэнэт өвдөхөд харж өгөх, яаралтай ажил гарахад үлдээх ойр дотнын хүнгүй ганцаардахдаа “Би энд ер нь юу хийж байна вэ” гэж өөрөөсөө асуух үе бишгүй олон байж. Харин сүүлийн жилүүдэд дүү нар нь Солонгост ирснээр ойр дотнын хүмүүсийнхээ дэмжлэгийг авах боломжтой болсон байна. Хүний нутагт өөрийн хүнтэй байна гэдэг ямар их түшиг болдгийг тэр энэ хугацаанд мэдэрчээ.

Хэдий хүний нутаг ч гэлээ хичээж хөдөлмөрлөж чадвал боломж үргэлж нээлттэй байдаг системтэй орчин, аюулгүй байдал, хөдөлмөрийг үнэлдэг тогтолцоо нь түүнийг 22 жилийн турш энэ улстай холбосон байна.

Өөрөө хайсан хариултаа бусдад хүргэх нь

Саруулын хувьд мэдээлэлгүйгээс болж цаг хугацаа, боломжоо алдах ямар байдгийг өөрийн биеэр туулсан туршлага нь бусдад туслах хүсэл болон үлджээ. Нэгэн цагт хаана хандахаа мэдэхгүй, хэнээс зөвлөгөө авахаа хайж явсан бол өдгөө бусдад замыг нь зааж өгөхийг зорьдог болсон байна.

Ийнхүү өөрийн туулсан бэрхшээлийг бусдад хэрэгтэй боломж болгох хүсэл нь бизнесийнх нь эхлэл болжээ. Түүний компани ложистик болон консалтингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. БНСУ-аас Монгол Улс болон бусад улс руу төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, машин механизм, үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэхээс гадна Солонгост амьдрах, суралцах, ажиллах, бизнес эрхлэх хүсэлтэй монголчууд болон гадаадын иргэдэд зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлдэг байна.

Түүний хувьд энэ ажил зөвхөн бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тухай биш. Солонгост шинээр ирж буй хүн хаанаас эхлэхээ мэдэхгүй төөрөлдөх, ямар байгууллагад хандахаа мэдэхгүй цаг алдах, бизнесээ хэрхэн эхлүүлэхээ мэдэхгүй эргэлзэх үеийг өөрөө туулсан учраас тэдэнд хэрэгтэй мэдээлэл, шийдлийг аль болох нэг дороос хүргэхийг хүсэж эхлүүлсэн нь энэ. Нэгэн цагт өөрт нь дутагдаж байсан тусламжийг бусдад хүргэж буйд түүний ажлын гол утга учир, үнэ цэн оршиж буй.

Мөрөөдлөө эхлүүлэхэд хэзээ ч оройтохгүй

Саруул өөрийн туулсан алдаа, оноогоо бусадтай хуваалцах зорилго  тээж, том охиноо төрсний дараа YouTube суваг нээхийг хүссэн ч “арай болоогүй байна”, “илүү сайн сурч байж эхэлье”, “хүмүүс юу гэж бодох бол”   гэсэн бодлоос болж хойшлуулсаар иржээ.

Харин 2026 онд тэр “Зүгээр л эхэлье, хийж байж л сайжирна” гэж шийдээд рийл хийж эхэлжээ.

Анхны бичлэг нь тун энгийн буюу “Би махаа хаанаас авдаг вэ” гэсэн асуултын хариулт байлаа. Гэтэл бичлэг нь санаанд оромгүй хандалт авч, зарим хүн бүр “Монгол руу яаж захиалах вэ” гэж хүртэл асуусан гэнэ. Энэ явдал түүнд өдөр тутмын амьдралд хэрэгтэй энгийн мэдээлэл ч хүмүүст үнэ    цэнтэй байдгийг ойлгуулжээ.

Түүнээс хойш виз, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажил, татвар, даатгал, бизнес  зэрэг амьдралд шууд хэрэг болох сэдвээр өөрийн туршлагаа хуваалцах   болсон байна. Харин хүмүүсийн “Энэ мэдээлэл надад хэрэг боллоо” гэх урмын үг түүнийг үргэлжлүүлэн бүтээх хүч болдог аж.

Түүний бизнес, цахим контент хоёр өөр чиглэл мэт харагдавч зорилго нь нэг. Нэг нь  бодит үйлчилгээ, нөгөө нь хэрэгтэй мэдээллээр дамжуулан Солонгост амьдарч буй хүмүүст тулгардаг асуудлыг хөнгөвчлөх. Өөрөө нэгэн цагт хайж явсан хариултаа бусдад хүргэх нь түүний хувьд ажлаас ч илүү утга учиртай болжээ.

Түүний түүхийг сонсоход Солонгос улс түүнд сайхан боломж, хүнд сорилт хоёрыг жинлүүрийн хоёр тал шиг өгчээ. Харин Саруул тэдгээр туршлагаа зөвхөн өөрийн амьдралд үлдээсэнгүй. Бусдад туслах мэдлэг, зөвлөгөө, үйлчилгээг бий болгоход ашиглаж байна.

Ярилцлагын төгсгөлд түүнээс хамгийн чухал сургамжаа нэг өгүүлбэрээр хэлэхийг хүсэхэд “Бүхнийг ганцаараа шийдэх гэж зүтгэх хэрэггүй. Мэдэхгүй зүйлээ зөв хүнээс асууж сураарай. Нэг зөв хариулт заримдаа цаг хугацааг хэмнэж, туулах замыг богиносгож чаддаг юм шүү” хэмээн хариулсан юм.

Хэрэв 22 жилийн өмнөх Саруулд энэ үгийг хэн нэгэн хэлж өгсөн бол магадгүй зарим алдаа, бэрхшээлийг даван туулах зам нь богино байх байсан биз. Харин өнөөдөр тэр бусдын асуултад хариулж, өөрийн туулсан урт замыг дараагийн хүнд арай дөт болгохын төлөө туршлагаа хуваалцсаар явна.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.