Урлагийг урлагаар тайлбарлах нь: “Синдром” арт шоу

Урлагийг урлагаар тайлбарлах нь: “Синдром” арт шоу

Лекц. Бидний төсөөлдөг шиг танхимд, сонсогч, судлаач, суралцагчдын өмнө... Уйтгартай ч байж мэдэх, удаан үргэлжлэх. Гэвч Густав Климтийн тухай, урлагийн тухай, ерөөс амьдралын тухай, хайрын тухай, оршихуйн тухай лекц уйтай байх ёсгүй. Ингэж бодсоныг минь урлаг судлаач М.Амина “Синдром” арт шоугаараа баталлаа. 

Романтизм, симболизмын суут төлөөлөгч, Австрийн суут зураач Густав Климтийн амьдрал, намтар, уран бүтээл, бүтээлүүдийн ард өрнөх түүх, домог, бэлгэдлийг уран яруугаар, бас үзэсгэлэнтэйгээр тэрбээр хүүрнэв.

Густав Климтийн бүтээлийг илтгэх алтлаг шаргал өнгө, хээ, цэцэгс, бэлгэдэл, эмэгтэйн дүрээр илрэх хайрын, амьдралын тухай илэрхийллүүд энэхүү шоуны уур амьсгалыг бүрдүүлжээ. 

Аминагийн лекц өөрөө урлаг байлаа. Агуулга, үзүүлбэр, илэрхийллийн гүн, ярууд автуулахын зэрэгцээ Климтийн хүүхэд нас, уран бүтээлийн ертөнц, хайр, зөрчлөөр аялуулж тэр чадсан юм. 

Эл үдшийн оргил мөчүүдийн нэг нь хоёрдугаар хэсгийн эхлэл, Климтийн алдарт “Үнсэлт” зургийг Малерийн 5-р симфонийн “Адажэтто” хөгжмийн дор балетаар илэрхийлсэн нь байлаа. Шоуны гол санаа, бүтээлийн түүх, утга учрыг хэдхэн минутын дотор бүжгээр илэрхийлсэн нь үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлсэн биз ээ. 

Эхлэн дурдсанчлан, “Синдром” арт шоу бол зүгээр л нэг лекц байсангүй. Урлагийг үзэх, сонсох, мэдрүүлэхийн төлөө урлагаар хүүрнэж, урам, хайр, мэдрэмжээр дүүргэх ховор боломж байлаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.