-Дэлхийн голсон технологийг бид шүтэх нь зөв үү-
"Манайхан гялгар уутыг зууханд хийгээд шатаачихаар хайлаад алга болчихлоо гэж боддог. Гэвч яг үнэндээ тэр мөчид нүдэнд харагдахгүй мөртлөө хорт хавдар үүсгэгч хамгийн аюултай химийн элементүүд агаарт асар ихээр ялгарч байдаг юм" хэмээн Монголын тэг хаягдлын холбоо, “Эко сум” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Нарантуяа санаа зовнингуй хэллээ.Өдгөө Монгол Улсад жилд дунджаар 2.3-2.5 сая тонн хог хаягдал үүсэж байгаагийн 50 гаруй хувь буюу 1.4 сая тонн нь зөвхөн Улаанбаатар хотод ногдож байна. Харамсалтай нь, нийт хог хаягдлын 90 орчим хувийг бид зүгээр л хөрсөнд булж, хогийн цэгийн хэмжээ жил бүр 10-15 га талбайгаар тэлсээр буй. Энэхүү мухардлаас гарахын тулд шийдвэр гаргагчид хог шатаах үйлдвэр барих санал гаргаж, түүнийгээ авралын од мэт үзэх болсон.
Гэвч хогийг ахуйн жижиг зууханд ч, өндөр технологийн үйлдвэрт ч шатаасан ялгаагүй хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюул дагуулдаг гэдгийг Г.Нарантуяа шүүмжлэлтэйгээр хөндөн, бодит гарц гаргалгааг дэвшүүллээ.
Яндангаар дэгдэх утаа утаа биш
Хог шатаахыг манай улс хуульдаа хориглочихсон, дэлхий дахинд ч үүнээс татгалзаж буй. Учир нь хог шатаах явцад урвалд орсон химийн маш олон төрлийн хортой нэгдэл ялгардаг. Аль эрт 1970-1990-ээд оны үед Европ, Япон, АНУ-д ийм үйлдвэрүүдийг олноор байгуулсан ч хожим нь хүний биед хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй диоксин, фуран зэрэг маш хортой бодис ялгаруулдаг болохыг нь судалгаагаар тогтоосон байдаг. Жишээ нь, Италийн Наполи хотын хог шатаах үйлдвэрүүдийн орчимд хийсэн судалгаагаар хавдрын өвчлөл болон төрөлхийн гажиг эрс нэмэгдсэн нь ажиглагджээ.
Энэ чиглэлээр судалгаа хийсэн эрдэмтэд утаагүй болох тусмаа аюултай гэдгийг үргэлж анхааруулдаг. Шатаасны дараа зуухны ёроолд хүнд металл агуулсан үнс үлдэхээс гадна яндангаар гарч буй дэгдэмхий үнс нь илүү хортой байдаг. Шатааж болохгүй гэдгийг олон судалгаагаар нотолчихсон бас дэлхийд хэрэглэхээс зайлсхийж буй технологийг бид яагаад тахин шүтээд байна вэ гэдэг асуултын цаана бас нэгэн өөр асуудал байхыг ч үгүйсгэхгүй.
Тэгвэл шатаах үйлдвэр баривал бид ямар эрсдэлтэй нүүр тулах вэ. Улаанбаатарчууд бид хогоо бараг ангилдаггүй. Ангилаагүй холимог хог, тэр дундаа батарей, хуванцар, электрон хаягдлыг шатаах үед хлор болон хүнд металл агуулсан хорт нэгдлүүд дээд цэгтээ тулдаг байна. Дээр нь эдийн засгийн хувьд хог хаягдал устгах технологи дундаа хамгийн өндөр өртөгтэй нь энэ бөгөөд хор хөнөөлийг нь сааруулах үйлдвэрийн шүүлтүүрийг байнга солиход л ашиглалтын зардлын 40 хувийг зарцуулдаг байна. Түүнчлэн Морингийн даваанд барихаар төлөвлөж буй үйлдвэр жилд 1.5 сая тонн хог шатаах хүчин чадалтай гэж байгаа ч Улаанбаатар хотын хэмжээнд жилд 400 мянган тонн орчим хог гардаг гэсэн албан тоо бий. Тэгэхээр тухайн үйлдвэрийн хүчин чадлыг дүүргэх хог ч манайд байхгүй.
Бидний зүрх, тархин дахь "бичил хуванцар"
Хог хаягдлыг зөв зохицуулна, шийдвэрлэнэ гэхээр л бид нийтлэг байдлаар шатаах, булах, эсвэл дахин боловсруулах тухай боддог. Гэвч энэ нь зөвхөн хог үүссэн хойно нь авах арга хэмжээ юм. Угтаа гялгар уут, хуванцар сав гэдэг газрын тосыг олборлохоос эхлээд л байгаль сүйтгэж, үйлдвэрлэлийн явцад 16 мянга гаруй химийн бодис ашиглаж бүтдэг эд. Тэдгээрийн ердөө дөрвөн мянгыг нь л хүний биед халтай эсэхийг судалсан байдаг.
Хуванцар нь байгальд устаж шингэдэггүй, зүгээр л жижиг хэсгүүд задарч бичил болон нано хуванцар болон салхиар тархдаг. Түүгээр нь хүн амьсгалж, хоол хүнсээрээ дамжуулан залгиж байна. Сүүлийн үеийн судалгаагаар дэлхий дахинд хүний биеийн бүх эрхтэн, тэр дундаа зүрх, эхийн ихэс, хөхний сүү, цус, өтгөн, бүр тархинаас хүртэл бичил хуванцар илэрч буй тогтоосон. Бүр жижиг хэсгүүд нь биеэс гадагшлалгүй эрхтнүүдэд хуримтлагдаж, дааврын тогтолцоог хямруулан, зан төлөв, биеийн хөгжил муудаж, элдэв өвчин тусах эрсдэлийг нэмдэг байна. Хог хаягдал гэдэг зөвхөн байгаль орчны асуудал биш, хямралын түвшинд хүрсэн хүний эрүүл мэндийн тулгуур асуудал болжээ.
Гарц шийдэл: Тэг хаягдлын систем рүү хэрхэн шилжих вэ?
Бид асуудлыг сүүлээс нь биш эхээс нь буюу "Тэг хаягдлын систем рүү шилжиж, хог гаргахгүй байх, үүсэхээс нь өмнө багасгахад бодлогоо чиглүүлэх ёстой бөгөөд үүний тулд дараах цогц шийдлүүдийг хийж хэрэгжүүлэх ёстойг Г.Нарантуяа хэллээ.
Иргэд хэрэглээгээ хумих ба ангилах
Хамгийн жижиг нэгж болох хувь хүн өөрийн түвшинд хэрэглээгээ бууруулах хэрэгтэй. Зөвхөн хэрэгтэй зүйлээ авах, авсан зүйлээ удаан ашиглаж, засварлаж хэрэглэх, нэг удаагийн уут савнаас татгалзах нь эхний алхам. Орон сууцны нэг хүн өдөрт 521 грамм хог гаргадаг бол гэр хорооллын иргэн нэг кг гаруй хог гаргаж байна. Тиймээс өрх бүр хогоо эх үүсвэр дээр нь ангилж хэвших шаардлагатай.
Тээвэрлэлт ба төвлөрсөн ангиллын систем
Иргэд хогоо ангилж хаясан ч хогны машин ирээд бүгдийг нь нэг дор холиод аччихдаг өнөөгийн практикийг нэн даруй өөрчлөх хэрэгтэй. Монголын нөхцөлд өрх бүр дээр олон төрлөөр ангилуулах гэж шаардахаас илүүтэй, хоёрдугаар түвшний буюу төвлөрсөн цэг дээр дахин боловсруулах боломжтой хогийг механикаар ялгах систем хөгжүүлэх нь хамгийн тохиромжтой.
Нойтон хогийг бордоо болгох
Зуны улиралд нийт хог хаягдлын 41 хувийг хүнсний хаягдал эзэлдэг. Энэхүү нойтон хогийг тусгаарлаж аваад бордоо болгон боловсруулбал ландфилл (хогийн цэг) рүү очих хог эрс багасаж, дэлхийн дулааралд нөлөөлж буй метан хийн ялгаралт буурч, хөрсний бордоо бий болно.
Үйлдвэрлэгчийн хариуцлага ба бодлогын дэмжлэг
Манай улсад 70-80 дахин боловсруулах үйлдвэр бүртгэлтэй ч тогтвортой ажилладаг нь ердөө 20 орчим. Нийт хогны дөнгөж долоохон хувийг л дахин боловсруулж байна. Тиймээс төрөөс дахин боловсруулах үйлдвэрүүдийг татварын хөнгөлөлт, урамшууллаар дэмжиж, олон улсын жишгээр үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоо болон бохирдуулагч төлдөг зарчмыг хуульчлах ёстой. Мөн сав баглаа боодлын депозит систем (саваа тушаагаад мөнгөө буцааж авах) нэвтрүүлж, хувийн хэвшлийн өрсөлдөөнийг дэмжих нь зах зээлийг амилуулна.
Ер нь хогийг шатаасан ч, булсан ч асуудал бүрэн шийдэгдэхгүй. Харин хамгийн зөв шийдэл нь тухайн нөөцийг хог хаягдал болгохоос нь өмнө хазаарлах, аль болох бага хог гаргах, ангилан ялгаж сурах зэргээр бид сэтгэлгээ, хэрэглээний хандлагадаа үндсэн өөрчлөлт оруулах явдал хамгийн чухал юм. Тиймээс хамгийн жижиг нэгж болох хувь хүнээс эхлээд шийдвэр гаргах түвшний бодлого тодорхойлогчид хүртэл үүрэг, хариуцлагатай байхгүй бол бид өөрсдийн тарьсан хогондоо өөрсдөө хордож үхэх аюул хаяанд иржээ.
Ухамсартай жижиг сонголт бүр таны болон таны үр хүүхдийн тархи, зүрхэнд хуримтлагдаж буй хуванцрыг зогсоох хүчтэй билээ.
"Greenpress" нэгдлийн сэтгүүлч С.Юмсүрэн
