Я.Одгэрэл: Эмэгтэй хүн олон мөрөөдөлтэй байх хэрэгтэй

Я.Одгэрэл: Эмэгтэй хүн олон мөрөөдөлтэй байх хэрэгтэй

40 дэх удаагийн номын баяр Сүхбаатарын талбайд олны хөл хөдөлгөөн ихтэйгээр нээлтээ хийж, зохиолч, бүтээн туурвигчдыг уншигч олонтой уулзуулж байгаа билээ. Энэ үер зохиолч Я.Одгэрэлтэй уулзаж ярилцлаа. Тэрээр дөрөв дэх ном “Сэдрэмж” бүтээлээ өнгөрсөн тавдугаар сард дахин хэвлүүлж 40 дэх удаагийн номын баярт оролцож байна.

 - Ном бичнэ гэдэг оюун санаа, зүрх сэтгэлээ гүн төвлөрөлд хөтлүүлэн байж хийдэг том ажил. Тэр тусмаа эмэгтэй хүнээс нийгэм, гэр бүл, ахуй орчин нь илүүг нэхэж байхад энэхүү зорилгоо мартаж гээлгүй ажиллана гэдэг амаргүй байх? 

- Би анхны бүтээл “Өөр ертөнцийн залууд” яруу найргийн номоо 2008 онд хэвлүүлж, дараа жил нь “Цэнхэр уруул” богино өгүүллэгийн ном мөн хэвлүүлсэн. Ингээд дахиад жилийн дараа “Сэтгэл чи номхрооч” яруу найргийн номоо гаргаж, ийнхүү гурван жил дараалан нэлээн эрч хүчтэй утга зохиолын ертөнцөд орж иржээ. Ийнхүү бичиж байх үедээ хэсэг засварлаж илүү чанартай бүтээл гаргая гэж шийдсэн юм. Говь Алтай аймагтаа очиж хэсэг амьдарлаа. Байгалийн сайхан гээч зүйл хүнд эерэг сайхнаар нөлөөлдөг юм байна. Онгод хайр, ерөөл гээд бүх л эрч хүч, сайн сайхнаар хүний амьдралд хишгээ өгдөг юм байна. Гэр бүлтэй болж, үрийн зулай үнэрлээд хэсэг завсарласны дараа анхны номоо гаргаснаас хойш 18 жилийн дараа “Сэдрэмж” номоо хэвлүүллээ. 

- Тан шиг номоо бичиж гаргах хүсэлтэй бүсгүйчүүд олон байгаа байх. Гэр бүл, нийгмийн шаардлагаар өмнөө тавьсан зорилгоо мартаж орхисон нь ч олон байх. Тэгвэл нэгэнт тавьсан зорилгодоо хүрэх таны зарчим юу вэ? 

- Эхлээд энэ зүйлийг үнэхээр хүсэж байна уу гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Үнэхээр танд зорилго, төлөвлөгөө байгаа бол тасралтгүй бичих хэрэгтэй. Өдөрт 1-2 цагийг ар гэр амьдралынхаа дундуур заавал өөртөө зарцуулж, өөртэйгөө үлдэх хэрэгтэй юм билээ. 

- Ихэнхдээ эзэгтэй нар өдөр тутмын албан ажил, ахуй амьдралаасаа илүү гарах нь ховор байдаг. Ганц хоёр том зүйл төлөвлөчихөөд түүнийгээ хэзээ нэгэн цагт амжуулна гэсээр нэг мэдэхэд цаг хугацаа урсаад өнгөрчихдөг. Ингэж цагийн урсгалд өөрийгөө алдахгүйн тулд бүсгүйчүүд бид юу хийх ёстой юм бол?

- Ер нь хүн өөртөө ганц хоёр алсын төлөвлөгөөтэй байвал алсуураа назгайрчих гээд байдаг юм шиг санагддаг. Тиймээс эмэгтэй хүн зорилгын шуналтай, олон мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Энэ өдөр тутмын буцалсан амьдрал дунд олон зорилгуудаа нэг нэгээр нь биелүүлсээр өөрийгөө өдөр бүр олж харж чадна гэж бодож байна. Тэгэхгүйгээр алс, хэтийн ганц хоёр юм бодоод “Тэгж байгаад болно доо” гэж бодоод суувал хүн түүндээ уусаад алга болчихдог. Харин олон, ар араасаа хөвөрсөн олон мөрөөдөлтэй байвал биелэгдэх боломжтой зорилго бүртээ хүрсээр хүн сэтгэл дотроо галтай явдаг байх гэж боддог.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.