Миний хүү: Хөвгүүдийн хүмүүжилд ээжүүд хэрхэн нөлөөлдөг вэ

Миний хүү: Хөвгүүдийн хүмүүжилд ээжүүд хэрхэн нөлөөлдөг вэ

Хөвгүүдийг хүмүүжүүлэхдээ ээжүүд юуг анхаарах, бас юунаас зайлсхийх, мөн тэдний онцлогт нийцүүлэн хэрхэн харилцах, хүндлэл, хайрыг мэддэг сайн эр болгон өсгөх, аав нь хол байдаг эсвэл ганц бие ээж бол хүүгээ өсгөхдөө юуг мэдвэл зохих талаар өгүүлэх энэхүү номоос чухал дөрвөн санааг онцолж байна. 

Хүүхдийг ямар байлгахыг хүснэ, түүгээрээ үлгэрлэ

Хүүхэд өсөж том болоод багын хүмүүжлээсээ нэг их холдож зөрдөггүй. Хүүхдийг зөв чиглүүлж, зарчимтай байлгаж, урам зоригоор тэтгэж байх хэрэгтэй. Эцэг эхчүүдийн гол үүрэг бол хүн болж мэндэлсэн хүнийг хүний замд нь оруулах юм. Хөвгүүдээ өөртэй итгэлтэй, зоригтой байлгахын тулд та ч бас зоригтой, нүүрэмгий байх хэрэгтэй. Хөвгүүд бие махбод, даавар, сэтгэл зүй, зан авираараа охидоос өөр байдаг тул тэдний ялгааг ойлгож, харьцах нь чухал.

 

Ээжийн өврөөс гараагүй хөвгүүд

Аав нь гэртээ байдаггүй, эсвэл гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлэхэд эцэг хүний үүргээ биелүүлэхгүй үед хөвгүүд ээжээсээ холдон, бие хүн болж төлөвшихөд хүндрэлтэй. Заримдаа ээжүүд өөрсдөө хөвгүүдийг эр хүн шиг эр хүн болж өсөхөд нь саад болдог. Эр хүн байх, эцэг байхад хүн суралцах боломжтой. Эрчүүд аливааг харж, ажиглаж сурдаг. Хөвгүүд нас биед хүрсэн эрчүүдийн ямар хариу үйлдэл үзүүлж буй, тэдний юу хийж, асуудлыг хэрхэн шийдэж буйг харан суралцдаг. Тиймээс аавын үүрэг роль дутмаг бол хөвгүүдийг спортын багш, номын багш зэрэг үлгэр жишээ авч болох эрэгтэй хүнтэй ойр байлгах нь чухал.

Байнга хамгаалах хэрэггүй 

Байнга болгоомжилж, аюулаас хамгаалахын оронд аливаа эрсдэлийг бага байлгахад анхаар. Бид хөвгүүддээ хэчнээн олон удаа болохгүй гэж хэлдэгийг анзаарсан. Авирч болохгүй, эвдэж болохгүй, уурлаж болохгүй, чимээ гаргаж болохгүй, үймүүлж болохгүй, эрсдэлтэй зүйл хийж болохгүй... Уг нь хөвгүүд заримдаа ширүүн, зэрлэг, хүсэл тэмүүлэл нь оргилсон байхаар төрсөн юм шүү дээ. Эх хүн төрөлхийн бусдыг халамжлах зөнтэй болохоор хүүхдүүдээ хэт хамгаалах гээд байдаг талтай. Гэмтэх, бүтэлгүйтэх, шаргуу зүтгэх, хэцүү бэрхийг даван туулж байж амжилтын төлөө зүтгэх нь эр хүн болоход нь чухал нөлөөтэй.

Сахилга баттай болго

Хүүгээ хариуцлагатай байлгахын тулд түүнээс юу хүсэж буйгаа тодорхой байлгах нь зүйтэй. Дүрмийг дагахгүй бол ямар үр дагавар бий болох вэ гэдэг нь ч тодорхой байх хэрэгтэй. Юу хүсэж буй тань тодорхой бус байвал шаардлага биелүүлэхгүй байх боломжийг өгч, өөрийн хүслээр хийхэд хүргэдэг. Мөн насанд нь тохирсон ажлыг багаас нь хийлгэж, хөдөлмөрт сургах нь чухал. Хөдөлмөрөөс хүн өөрийгөө олдог. 

Номын агуулгатай дэлгэрэнгүй танилцан, хөвгүүдээ сайн эр хүн болгон хүмүүжүүлэх аргад суралцан амьдралдаа хэрэгжүүлж чадвал хэзээ нэг өдөр “Аавыг минь ийм сайн хүн болгож хүмүүжүүлсэнд баярлалаа эмээ” гэсэн талархлын үг сонсох цаг ирнэ гэдэгт итгэж байна.

 

Э.Номин "Миний хүү" ном, орчуулагч 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.