Гэрэл зургийг MPA.mn, "Мэдрэмжтэй мэдээлье" гэрэл зургийн нээлттэй сан
Монгол Улсын Парламентад түүхэнд анх удаа таван намын төлөөлөл 32 эмэгтэй сууж, дөрвөн гишүүн тутмын нэгийг бүрдүүлээд бүтэн жилийн нүүр үзэх гэж байна. 2024 оны сонгуулиар УИХ-ын танхимд мөн хөгжлийн бэрхшээлтэй хоёр гишүүн орж ирсэн. Насны хувьд хамгийн залуу Gen Z үеийн төлөөлөл С.Цэнгүүнээс эхлээд парламентын гишүүдийн 17 гаруй хувийг 40-өөс доош насныхан эзлэх болсон. Ийнхүү 126 гишүүнтэй Монголын анхны парламент урд өмнө байгаагүйгээр нийгмийн янз бүрийн бүлгийн төлөөллийг багтаажээ. Гэхдээ тэдний дуу хоолой чуулганы танхимд жинтэй бууж чадаж байна уу? Тэдний оролцоо, төлөөллийг бодитоор хангаж байгаа гэж үү?
Саяхан Ж.Баясгалан гишүүнд индэр гаргаж өгчихөөд, “Энэ индэр хүний эрх, хүртээмжтэй нийгмийн ил тод үлгэрлэл боллоо” гэж хэлж байгааг нь УИХ-ын пэйж хуудсаар сурталчиллаа.
Үүнээс өмнө “Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоогоор Азид тэргүүлж байна” гэж улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнууд ээлж дараалан мэдэгдэл хийж байв.
Үүнийг токенизм гэж нэрлэдэг. Энэ ойлголтыг анх Харвардын бизнесийн сургуулийн профессор Розабет Мосс Кантер 1970-аад онд судалж гаргасан бөгөөд аливаа байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо бага байвал тэднийг "токен" буюу бэлгэ тэмдэг мэтээр харж, бодит оролцооноос тусгаарладаг гэж дүгнэжээ. Тэрбээр энэ онолыг хожим нь арьс өнгө, шашин шүтлэг, нас, хөгжлийн бэрхшээл зэрэг бусад ялгаатай байдлын хүрээнд өргөжүүлсэн юм.
Токенизм гэж улс төрийн нам эсвэл компанийн зүгээс нийгмийн тодорхой бүлгийн цөөн тооны хүнийг оруулж ирчихээд, олон нийтийн өмнө оролцоо, олон талт байдлыг хангачихсан мэт харагдахыг хэлнэ. Үнэндээ тэднийг оролцуулах биш, зөвхөн "үзүүлэнгийн" зориулалтаар ашигладаг гэсэн үг.
Ж.Баярмаа гишүүн Ерөнхий сайдаас төсөвтэй холбоотой асуулт асуухад “Баярцогт даргын асуултад хариулъя...” хэмээн үл тоомсорлосноос үүнийг харж болно. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяаг олны өмнө “Чи бос, уучлалт гуй, босооч ээ!” хэмээн загнаж байсныг мөн санаж байгаа биз дээ?
Х.Булгантуяа сайд хийцгүйрч байгаад ч хоцроогүй, Засгийн газрын хуралдаандаа сууж, ажлаа хийж байгаад орж ирсэн нь Ерөнхийлөгчид огт хамаагүй байв. Цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалтын үеэр, танхим дүүрэн эмэгтэйчүүдийн өмнө өөрөө индэр дээр зогсож байгаад ийм үйлдэл гаргасан нь асар мэдрэмжгүй байсан юм.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь ийнхүү эмэгтэй гишүүдээ үл тоомсорлож, загнаж, зандарч байгаа нь нийгэмд байгаа ялгаварлан гадуурхлыг улам гааруулж байна. Хүйсээс улбаалсан хэвшмэл ойлголт, субъектив дайралт, шүүмжлэл, гүтгэлэг эмэгтэй гишүүд рүү чиглэсээр байгааг бид харсаар.
Тухайлбал, Ерөнхий сайдын мэдрэмжгүй үйлдлийн дараагаар сошиал медиагаар Ж.Баярмаа гишүүнийг С.Баярцогт төдийгүй М.Тулгат мэтийн эрэгтэй улстөрчидтэй холбож, бүр охиных нь зургийг тавьж байгаад янз бүрийн гүтгэлэг, доромжлол түгээж амжсан шүү дээ. Энэ талаар ч Ж.Баярмаа гишүүн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр:
“Гүтгэлэг бол хэмжээ хязгаартай... Би бас янз бүрийн өвчтэй гээд гүтгүүлээд л авсан. Цагдаа шүүхэд ч хандаагүй. Манай Ардчилсан намынхны нэг алдаа байдаг. Өмнөх үеийнхэн чинь яаж ч гүтгүүлсэн гүтгэх эрх чөлөөний чинь төлөө бид нар зогссон юм аа гээд. Бид нар бас тэр зарчмыг бариад явдаг. Тийм ч учраас нэг ч удаа би хэнийг ч цагдаа шүүхэд өгч байгаагүй. Энэ удаад бол 10 дахь хоногтоо үргэлжилж буй энэ гүтгэлэг миний үр хүүхэд рүү орсон, миний хүүхдийн зургийг тавиад, нэрийг нь тавиад гүтгэсэн учир ямар ч байсан би энэн дээр зүгээр байхгүй” хэмээн гомдол гаргахаа албан ёсоор мэдэгдсэн билээ.
Ягаан тедди, илүү хүлээлт
Интермед эмнэлэг өвчтөнүүдийнхээ мэдээллийг хакердуулсан дуулианы араас УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нар тэмбүү өвчний оноштой эмчлүүлж байсан гэх мэдээлэл нийгмийн мэдээллийн сүлжээнд шуугиан дэгдээснийг санаж байна уу? Энэ нь мэдээллийн эх хувилбарыг өөрчлөн засварласан хуурамч мэдээлэл байсныг Монголын баримт нягтлан шалгах төвөөс мэдээлсэн билээ.
Үүний зэрэгцээ эмэгтэй гишүүдийг өмссөн зүүснээр нь басамжлах хандлага ч түгээмэл хэвээр байна. М.Нарантуяа гишүүн ягаан гадуур хувцас өмссөнийхөө төлөө нийгмийн мэдээллийн сүлжээгээр “ягаан тедди” хочтой болоод авсан. Үүний дараа УИХ дахь эмэгтэй гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд орохдоо ягаан өнгөөр ижилссэн нь бас л шүүмжлэл дагуулсан. Нэг мэдээллийн сайт “УИХ-ын гишүүдийг формжуулъя” гарчигтай тэрслүү үг нийтэлсэн. Өөр нэг нөлөө бүхий мэдээллийн сайт “УИХ-ын эмэгтэй гишүүд ичиг ичиг” гарчигтай мэдээлэл гаргаж, “утаанд хүүхдүүд хэдэн зуугаараа хордож, эндэх нь эндэж, эмнэлгийн шалаар нэг хэвтэж байхад” эмэгтэй гишүүд гоёж гоодсон зургаа нүүр номондоо тавьсныг шүүмжилж байв.
Цаашлаад гишүүдийн хэлсэн үг, хувийн амьдралыг тойрсон өнгөц, хэт туйлширсан өнцгүүд, зөвхөн эмэгтэй гишүүдэд л хамаатай мэт шахалт, шаардлагууд цуварсаар нэг жилийн нүүртэй золгох нь.
Сургууль цэцэрлэгийн хүртээмж, эрүүл мэнд, эмнэлэг, хотын утаа, зам талбай гээд үнэндээ бид бүгдэд хамаатай, тулгамдаж байгаа асуудал сөхөгдөх бүрд “Эмэгтэй гишүүд яагаад дуугүй байна вэ?”, “Тэд юу хийгээд...” гэсэн шахалт маягийн шаардлагууд улам тод сонсогддог боллоо.
Нөгөө талд эмэгтэй улстөрчид, гишүүд хэчнээн их ажил хийж, үр бүтээл гаргалаа ч тэрийгээ олон нийтэд сурталчлах, ойлгуулах тал дээр сул байна.
Үнэндээ 2012 оноос УИХ дахь эмэгтэйчүүд харьцангуй нэмэгдэж байж л олон жил дуншсан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгаалах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлд хууль эрх зүйн орчныг сайжруулж ирсэн. Энэ талаар өнгөрсөн онд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын үеэр жишээ, баримтуудтай илтгэл танилцуулсан юм. Энэ мэтээр хийсэн ажлаа байнга тайлагнаж, хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэж байх хэрэгцээ, шаардлага хамгийн их байна.
“Гайхамшигт гуравны нэг”-д хүрэх зам
Эрэгтэйчүүд давамгайлсан салбарт орсон цөөн эмэгтэй ажлаа хэчнээн сайн хийсэн ч үргэлж хэт их анхаарал, шүүмжийн бай болдог бөгөөд жаахан алдаа гаргахад л албан тушаалаа алдах хэмжээнд хүрдгийг Розабет Мосс Кантер нотолсон. Тэгвэл критикал массын онолоор шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл 30-35 хувьд хүрч гэмээнэ хүлээн зөвшөөрөгдөх, өөрчлөлт бий болгох боломжтой гэж үздэг. Үүнийг нөлөө бүхий автор Малколм Гладвел шинэ номондоо “гайхамшигт гуравны нэг” хэмээн хялбаршуулан тайлбарлажээ.
Инфографикийг "Тунгаахуй" өгөгдлийн урлан, tungaahui.mn
Тэр “гуравны нэг”-д хүрэх зам хамгийн их бартаатай байдаг. Тиймээс ч үүнийг хөнгөвчлөх зорилгоор хүйсийн квотыг хэрэглэж хэвшээд байгаа билээ. Эдүгээ дэлхийн 138 улсад шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд квот хэрэгжүүлж байгаа юм. Хүйсийн квот нь Монголын хувьд цоо шинэ ойлголт ч биш. Социализмын үед тогтоож өгсөн квотын үр дүнд хууль тогтоох байгууллагын төлөөллийн 24.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байсан бол 1990 оноос энэ үзүүлэлт огцом буурсныг графикаас харж болно.
Энэ хугацаанд цаасан дээр буусан ч амьдрал дээр хэрэгжилгүй ирсэн 20-30 хувийн квот байсан ч 2011 оны УИХ-ын Сонгуулийн тухай хуульд 20 хувийн квотыг хариуцлагатайгаар тусгаж өгснөөр 2012 онд 11, 2016 болон 2020 онд 13 эмэгтэй сонгогдсон байдаг. Тэгвэл 2023 онд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хүйсийн квотыг 2024 оноос 30 хувь, 2028 оноос 40 хувьд хүргэхээр заасан. Үүний зэрэгцээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг хуульчилснаар эмэгтэйчүүдэд ээлтэй эрх зүйн орчин бүрдсэн хэрэг.
Үүний үр дүнд өнөөдрийн 32 эмэгтэй УИХ-ын танхимд сууж байна. Гэсэн ч тэдний 24 нь нам, эвслийн жагсаалтаар буюу 1:1 гэсэн зохицуулалтын үр дүнгээр, ердөө найм нь тойргоос сонгогдсоныг дурдах нь зүйтэй.
Эцэст нь, Парламент дахь эмэгтэйчүүдийн үзүүлэлтээр манайх Азийн дундаж үзүүлэлтээс давсан боловч тэргүүлээд байгаа юм байхгүй. Манай УИХ-ын гишүүдийн 25 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаагаар бид 183 орноос 98 дугаарт жагсаж байгааг Олон улсын парламентын холбооноос гаргадаг үзүүлэлтээс харж болно. Тэгэхээр бидэнд гайхуулах юм бага, урагшлах зам урт байна.
Сэтгэгдэл (2)