Өдөр тутмын ажил, эхлүүлж буй төсөл, зорилгоо хуваалцах “Яг одоо юу хийж байна вэ” буланд тавтай морил! Энэ булангийнхаа зочноор бид энэ удаа УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг урилаа. Тэрбээр яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байгаа, ямар шинэ төсөл, санаачилгыг хэрэгжүүлж буйгаа хуваалцаж байна.
- Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
-Ирэх жилийнхээ ажлын төлөвлөгөөг гаргаж, өмнөх жилүүдийнхээ ажлыг эргэн дүгнэж, цэгнэж байна. Энэ 2026 онд хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллана, үүн дээр мөн үйл ажиллагааны төлөвлөгөөнүүд гаргаж байна. Яг одоо УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлын зөрчлийг нээлттэй, ил тод болгох зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулах саналаа бэлдээд https://d.parliament.mn дээр нээлттэй тавьчихсан байгаа. Иргэд ДАН системээр дамжуулан нэвтэрч, саналаа тусгах бүрэн боломжтой байгаа. Энэ гурван өөрчлөлт дээр мэргэжлийн байгууллагуудын албан ёсны саналыг авахаар давхар ажиллаж байна.
- УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлын зөрчлийг нээлттэй, ил тод болгох нь яагаад чухал вэ? Үүний ач холбогдол юу вэ?
- Бидний хамгийн их санаа зовдог, нөгөө талдаа нийгмийн дунд өндрөө авдаг сэдэв бол авлига, ашиг сонирхлын зөрчил. Энгийнээр хэлбэл, улс төрчид, хүмүүс төрд гарснаар өөрсдийнхөө бизнесийг “цэгцэлдэг”, “цэцэглүүлдэг” үзэгдэл бий шүү дээ. Үүнээс урьдчилан сэргийлэх механизм нь юу вэ гэдэгт төвлөрөх, үүнийг олж харах нь маш чухал. Үйл явдал болоод өнгөрсний дараа энэ компани ингэж томорсон гэж яриад нэмэргүй шүү дээ.
Тэгэхээр урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ? Өөр дээрээ жишээ авья. Шинэ гишүүний хувьд ашиг сонирхлын зөрчилтэй асуудал дээр кноп дарах вий гэсэн болгоомжлол надад ч байсан. Би юун дээр, яаж саналаа өгөх вэ, юун дээр дээр кноп дарж болохгүй вэ гэдэг асуудал шүү дээ. Тэр тусмаа би хуулийн салбарын хүн учраас энэ салбартай холбоотой, тухайлбал миний өмнө нь ажиллаж байсан ямар асуудал ашиг сонирхлын зөрчил үүсгэж болох вэ гэж бодож байгаа юм.
Тэгээд АТГ-аас хэд хэдэн удаа асууж байлаа. Тухайлбал, хүнсний компани, үйлдвэрийн хувьцаа эзэмшдэг УИХ-ын гишүүн байна гэж бодъё. Тэр гишүүн Хүнсний тухай хууль дээр кноп дарж болох уу, болохгүй юу? АТГ энэ чиглэлийн мэдээллийг өгөх боломжгүй, ийм зохицуулалт одоогоор байхгүй гэсэн хариу өгдөг. Тэгэхээр УИХ-ын чуулган дээр, бодлогын асуудлууд дээр шийдвэр гаргаж байгаа ч цаанаа эдийн засгийн бүлэглэл, бизнесийнхэнд ашигтай хуулиуд баталж байна. Тухайн салбар, тухайн бизнесээс ашиг хүртэж байгаа хүн гишүүний хувиар саналаа өгөөд яваад байна гэсэн үг. Энэ бол ашиг сонирхлын зөрчлийн асуудлаа бид маш тодорхой болгоогүйн үр дагавар гэж харж байна.
Тэгэхээр өөрчлөлт нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой, УИХ-ын гишүүд, төрийн түшээдэд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Ерөөс нэг хууль батлахад хүнсчдийн, малчдын гээд нийгмийн бүлгүүдэд хуваагаад байдаг даа? Үүн шиг авлига, ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль бол шууд утгаараа ард түмний хяналтын оролцооны тухай хууль. Тодорхой бүлэг, тодорхой хүмүүст зориулаад хууль баталж байна уу, үгүй гэдгийг иргэд хянах, энэ хяналтад оролцох боломжийг бүрдүүлэх хууль гэсэн үг.
Тодорхой мэдээллүүдийг бид ил тод болгох ёстой. Ил тод болгохгүй бол хардалт, таамаг, үнэн худал цуурхал газар авна. Энэ нь даамжирч явсаар УИХ-ын гишүүдэд, хууль баталж байгаа хүмүүст иргэдийн итгэл буураад байна шүү дээ. Товчхондоо, тодорхой мэдээллүүдийг нээлттэй болгох нь хэн хэндээ тустай, ач холбогдолтой.
-Өнгөрсөн хугацаанд эдгээр мэдээллийг ил тод байлгаагүйгээс ямар үр дагавар гарсан гэж та харж байна вэ?
-Хамгийн түрүүнд, аливаа хуулийг өөрт ашигтай байдлаар батлуулсан, түүнээсээ ашиг, үр өгөөж хүртсэн, бизнестээ таатай нөхцөл бүрдүүлсэн тохиолдлыг тоолох аргагүй. Хамгийн ойрын жишээ авья. Бид бензинээ нөөцлөхийн тулд сав авахад нь зориулан түлш импортолж оруулж ирж байгаа компаниудад хөнгөлөлттэй зээл олгох хууль баталж байгаа юм. Гэтэл энэ хуулийг баталж байгаа гишүүдийн хэд нь шатахууны компанитай вэ? Олон шүү дээ. Тэднээс хэн нь ч татгалзаагүй, бүр батлуулахын тулд лобби хийж байсан. Энэ ашиг сонирхлын маш том зөрчил, ийм байж огт болохгүй.
-Тэгэхээр энэ хууль батлагдсанаар яг юу өөрчлөгдөх вэ?
-Хуулийнхаа зохицуулалтаар бид авлига, ашиг сонирхлын зөрчлийг хянадаг, шаардлага тавьдаг болно. Гишүүд ч үүнд болгоомжтой хандаж эхэлнэ, ашиг сонирхлын зөрчил байгаа бол илэрхийлж эхэлнэ гэсэн үг.
Хуулиас гол таван заалтыг онцолж болно гэсэн үг. Нэгдүгээрт, гишүүд жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т өгч байгаа, тэр мэдүүлэг нь АТГ-ын вэбсайт дээр нээлттэй байгаа. Үүн шиг гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс гадна ашиг сонирхлын мэдүүлгийг парламентын вэбсайт дээр нээлттэй болгоно. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн ямар асуудлаар санал өгч болохгүй буюу ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ илэрхийлсэн тохиолдолд тэр нь нээлттэй болно. Гуравдугаарт, хэрвээ тухайн гишүүн энэ ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлээгүй бол ёс зүйн хариуцлага хүлээдэг болно. Одоогийн зохицуулалтад сайн дураар мэдүүлэх гэдэг агуулга байгаа. Энэ хуулийн төсөл батлагдвал заавал мэдүүлдэг болох юм. Дөрөвдүгээрт, иргэдийн болоод тэр дундаа засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэлтэй болно. Эцэст нь, хууль батлахад санал өгөөгүй гишүүн гэдэг тусдаа ангилал гарч ирнэ. Одоо бол ашиг сонирхлын зөрчлөөс болоод санал өгөхгүй байсан ч татгалзсанд тооцогдож байгаа.

Гэтэл тухайн гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй тохиолдолд санал хураалтад ч оролцдоггүй байх нь дэлхийн бусад улсын парламентын жишиг шүү дээ. Үүнийг нэг мөр тодорхой болгоно. Бас УИХ-ын чуулганы хуралдааны үе үеийн түүхийг илтгэн харуулж байдаг хуралдааны тэмдэглэлд ашиг сонирхлын зөрчилтэйгээ мэдэгдэж санал хураалтад оролцоогүй гишүүний тухай тусгайлан тэмдэглэж үлдээдэг болно.
Энэ өөрчлөлтүүдийн дүнд нэн тэргүүнд улс төрийн түвшин дэх авлига, сонирхлын асуудлаар зөв, тодорхой ойлголт бий болно. Өөрөөр хэлбэл, хэсэг бүлэг хүмүүст зориулж хууль батлаагүй гэдгээ ил тод харуулах, цаашлаад авлигын төсөөллийн индекс дээр манай улс оноогоо ахиулж чадна.
Нөгөө талаас, ашиг сонирхлын зөрчил, авлига гэж юу юм, юуг ашигтай гэж үзэх вэ гэдэг маш чухал. Улс төрд бэлтгэгдэж байгаа залуус ч юун дээр анхаарах вэ, хэнтэй хамтрах вэ, хэнээс мөнгө авах вэ, яаж улс төрд орох вэ гэдэг замналаа зөв тодорхойлох хэрэгтэй.
Ерөөс улс төр, мөнгө хоёрын асуудлыг цэгцлэх шаардлага бий. Улс төрч болъё гэвэл заавал мөнгөтэй байх албагүй, олон нийтийн итгэлийг хүлээсэн хүн болох ёстой гэдэг зөв зураглалыг тодруулах чухал. Тэгэхээр энэ хууль бол залууст, улстөрчдөд замын зураг шиг зүйл юм.
Мэдээж, хууль батлагдсанаар, хэрэгжиж эхэлснээр иргэдийн хяналт сайжирна, төрд итгэх итгэл нэмэгдэнэ. Ашиг сонирхлын зөрчил гэдэг бол зөвхөн УИХ-ын асуудал биш. Сайд нар, орон нутгийн ИТХ, Засаг дарга нар гээд төрийн бүх түвшинд энэ процесс тодорхой болох ёстой. Тэгэхээр олон нийт энэ зааг ялгааг, ач холбогдлыг ойлгож, дэмжээсэй гэж хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (6)