Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо энэ жилийн Нобелийн энх тайвны шагналын эзнээр тодорлоо. Венесуэлийн ардчиллыг хамгаалахын төлөө тууштай ажиллаж, дарангуйллаас ардчилал руу шударга, тайван замаар шилжихийн төлөө тэмцсэн хэмээн Нобелийн хороо түүнийг үнэлжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ хасуулж, Мадурогийн дэглэмийн үед үед хориг, сүрдүүлэг, баривчлах аюулд олонтаа өртөж байсан ч эх орноосоо яваагүй, үзэл бодлоосоо урваагүй удирдагч эмэгтэй Мариа Корина Мачадо гэж хэн бэ?
Хоёр жил үргэлжилсэн Газын дайны галыг зогсоохоор талууд тохиролцож, хэлэлцээрийг амжилт олоход чамгүй хүчин чармайлт гаргасан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад олон нийт талархал илэрхийлж, peacemaker буюу энх тайвныг тогтоогч гэж нэрлэж байх зуур Нобелийн хороо Нобелийн энх тайвны шагналын эзнээр Венесуэлийн улс төрч Мариа Корина Мачадог нэрлэв.
Нэр хүндтэй энэхүү шагналын төлөөх өрсөлдөөнд Дональд Трампын “урд гишгэсэн” Мариа Коринаг сөрөг хүчнийг нэгтгэгч гэж онцлов. Венесуэлийн иргэн, идэвхтэн, хуучин улс төрийн хоригдол Саирам Ривас “25 жилийн турш бид эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэж ирсэн ч үр дүнд хүрээгүй. Олон хүн итгэлээ алдсан байсан, харин энэ ялалт бидэнд урам зориг өглөө. Венесэулийн түүхэн дэх хамгийн харгис гэж хэлж болох, эмэгтэйчүүд, сөрөг хүчнийхэн шоронд тарчилж байгаа энэ цаг үед Мариа Корина Нобелийн шагнал хүртсэн нь том ялалт. Сөрөгч хүчнийхний, эмэгтэй улстөрчдийн ялалт” гэв.

Нобелийн шагналт, А.Сахаровын нэрэмжит шагналт Марина Корина Мачадо 1967 онд Каракаст, бизнес эрхлэгч, сэтгэл зүйчийн гэр бүлд төржээ. Католик уламжлалаар өсөж хүмүүжсэн түүний өвөг эцэг Эдуард Бланко улстөрч, зохиолч байсан бөгөөд Хуан Висент Гомезын эсрэг бослогын үеэр амь үрэгдсэн гэдэг. Каракасын Католик их сургуульд инженерийн боловсрол эзэмшсэн тэрбээр 1990-ээд оноос нийгмийн эмзэг бүлгийнхнийг дэмждэг “Атенеа” нэртэй байгууллагыг үүсгэн байгуулснаар нийгмийн төлөөх замналаа эхлүүлжээ.
Улмаар 2004 онд 37 насандаа сонгуулийн хяналт, ил тод байдлыг дэмжих зорилготой “Сумате” ТББ-ыгбайгуулж, сайн дурынхныг нэгтгэн тухайн үеийн Ерөнхийлөгч Уго Чавесын эсрэг дуу хоолойгоо өргөж байв. Хурц үг, этгээд авираараа алдартай Чавес түүнийг “танхай хөрөнгөтөн” гэдэг байсан ч түүний улс төр дэх нөлөө улам бэхжиж, 2010 оны сонгуулиар хамгийн олон санал авсан нэр дэвшигч болж, Үндэсний ассамблейд гишүүнээр сонгогдсон аж. Улмаар 2012 онд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч дөрвөн хувийн санал авсан юм.
Үүнээс нэг жилийн дараа 2013 онд Уго Чавес таалал төгсөж, Николас Мадуро Засгийн эрхэнд гарснаар Мариаг парламентаас хассан. Гэсэн ч Мариа 2014, 2019 онд Мадурогийн эсрэг жагсаалд оролцож, улс төр, нийгмийн идэхтэн хэвээр байлаа.
Сөрөг хүчнийг нэгтгэгч

2023 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампани эхлэхийн өмнө Венесуэлийн иргэд түүнийг шинэ удирдагч хэмээн харж байв. Мариа Корина либерал бодлого, үндэсний газрын тосны компани PDVSA-г хувьчлах, авлигын сүлжээг таслахыг уриалж байсан ч 2024 оны эхээр түүнийг сонгуульд нэр дэвшихийг 15 жилийн хугацаагаар хориглох шийдвэрийг шүүх гаргасан юм. Гэсэн ч Корина дипломатч Эдмундо Гонсалес нэр дэвшигчийг дэмжиж, бүх сөрөг хүчнийг дахин нэгтгэж чадсан аж.
Сонгуулиар сөрөг хүчний нэр дэвшигч Гонзалес 67, Мадуро 30 хувийн санал авсан ч эрх баригч намын нэр дэвшигч өөрийгөө ялагч хэмээн зарласнаар Венесуэл даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ. Энэ жагсаал, эсэргүүцлийн арга хэмжээний үеэр 2000 гаруй хүн баривчлагдаж, 20 гаруй хүн амиа алдсан бөгөөд Гонзалес эх орноосоо гарсан бол Мариа Корина олны хараа, эрх баригчдаас нуугдан амьдрахад хүрсэн юм.
2025 оны нэгдүгээр сарын 9-нд Мадуро Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Мариа олны өмнө дахин гарч, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан ч баривчлагдаж, улмаар олон нийтийн дэмжлэгээр суллагджээ.
Мачизмтай тэмцэгч

Сөрөг хүчин, олон нийтээс хамгийн их дэмжлэг хүлээсэн ч эрх баригчдын дарамт, шүүмжлэл, хавчлагад хамгийн их өртсөн Мачадог ардчиллын төлөө дэмцэж буй, боловсролтой, зоригтой тэмцэгч гэж үнэлэх нь бий. Гэхдээ бас барууны орнуудын дэмжлэгээр улс төрд хөл тавьсан, элитист, нөхцөл байдлыг овжноор ашиглагч гэж шүүмжлэх нь ч бий.
Гэхдээ нийгэм, улс төрийн бүх л замналынхаа турш Мачадо эмэгтэйчүүдийн оролцоог дэмждэг, чухалчилдаг, улс төрийн шийдвэр гаргахад тэдний дуу хоолойг сонсох ёстой гэж үзсээр ирсэн нь маргаангүй. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд олон нийтийн санаачилга гаргаж, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэхийг тэрбээр эрмэлздэг.
Уго Чавес, Николас Мадурогийн дэмжигчид түүнийг төөрөлдсөн бүсгүй, сэтгэцийн өвчтэй эмэгтэй, хүчирхийлэгч хатагтай гэхчилэн голдуу хүйсээр ялгаварласан доромж үгээр нэрлэсээр ирсэн ч Мачадо нь эдгээр дайралт, доромжлолд хариу өгч, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлд төр засагт хандан шаардлага тавьдаг. Энэ ч утгаараа Мачадог мачизм (өөртөө итгэлгүй байдлаа нууж, өөрийгөө батлан харуулах хэрэгцээгээ эрчүүдийг дөвийлгэсэн, түрэмгий, хэтийдсэн үйлдэл, авираар гаргах) -тай тэмцэгч гэдэгтэй олонх нь санал нэгдэнэ.
Эх сурвалж: BBC, The Insider, New York Times