Монголын ирээдүйн эмэгтэй хөгжүүлэгчид “Girls Code 2025” хөтөлбөрөөс төгсөж байна

Монголын ирээдүйн эмэгтэй хөгжүүлэгчид “Girls Code 2025” хөтөлбөрөөс төгсөж байна

Монголын өнцөг булан бүрээс ирсэн 30 охин технологийн ур чадвар, манлайлал, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн, найман долоо хоног үргэлжилсэн “Girls Code 2025” зуны хөтөлбөрийг амжилттай дүүргэлээ.

"AI Academy Asia"-н санаачилсан уг хөтөлбөр нь Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй хэрэгжсэн бөгөөд мэдээллийн технологийн салбар дахь жендэрийн тэгш бус байдлыг бууруулах, охидод код бичих болон технологийн мэдлэг олгох зорилготой. Энэ жилийн элсэлтэд Монгол орон даяар 2000 орчим охид бүртгүүлснээс гурван шатлалтай шалгаруулалтад үндэслэн 30 оролцогчийг сонгон хамруулсан юм.  

Тэгээс төсөл хүртэл

2021 оноос хойш хэрэгжиж буй “Girls Code” хөтөлбөр өнөөдрийг хүртэл нийт 140 охиныг бэлтгэн гаргасан бөгөөд зөвхөн код бичихээс гадна өсвөр насны охидод өөртөө итгэх итгэл, манлайлал, олон талт сэтгэлгээг хөгжүүлэх замаар технологийн салбарт амжилттай замнах боломжийг нээж өгсөөр байна. 

Энэ удаагийн төгсөгчид Монголын ирээдүйн дижитал хөгжилд бодит хувь нэмэр оруулах шинэ үеийн эмэгтэй манлайлагчид юм. Суурь мэдэгдэхүүнгүй оролцогчид хөтөлбөрийн туршид программчлалын мэдлэг эзэмшиж, хиймэл оюуны хичээл болон багийн төсөл дээр ажиллах зэргээр бодит орчинд суралцсан бөгөөд төслүүд нь олон нийтийн асуудлыг шийдвэрлэх, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах чиглэлтэй байв. Хаалтын арга хэмжээнд багууд өөрсдийн бүтээлээ илтгэл, үзүүлэн, туршилтын загвараар танилцуулж, зохион байгуулагч болон зочдод тайлагналаа.

Хөтөлбөрийн хаалтын ёслолд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд Фиона Блайт, НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, "AI Academy Asia"-н захирал Б.Болор-Эрдэнэ, IO Institute-ийн гүйцэтгэх захирал Б.Оргил болон хамтрагч байгууллагуудын төлөөлөл оролцож, төгсөгчдөд батламж гардуулан өгч, ирээдүйн амжилтад нь амжилт хүссэн урам зориг бүхий илтгэлүүдийг хүргэв. Мөн НҮБ-ийн Хүүхдийн Сангаас оролцогч бүрт зөөврийн компьютер, дагалдах хэрэгслийн хамт бэлэг болгон гардуулсан нь охидын ирээдүйн суралцах үйлсэд чухал хөрөнгө оруулалт болж байна.

Сургалтын шинэчлэл ба үр дүн

Энэ жилийн сургалтад СЭЗИС-ийн дэргэдэх IO Institute-ийн багш нарын боловсруулсан хөтөлбөрт "AI Academy Asia" хиймэл оюуны модуль нэмж баяжуулснаар оролцогчдын техникийн ур чадвар, төслийн чанар шинэ түвшинд хүрсэн гэж зохион байгуулагчид онцоллоо. Цаашид хөтөлбөрийн агуулга, арга барилыг салбарын хөгжилтэй хөл нийлүүлэн өргөжүүлснээр үе үеийн шилдэг эмэгтэй хөгжүүлэгчдийг төрүүлэх зорилготой байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.