Шинжлэх ухаан, инженерчлэл, технологи, математик (ШИМТ)-ийн салбар болон хиймэл оюун ухааны хөгжил нь орчин үеийн нийгмийн ирээдүйг тодорхойлж байна. Гэвч энэ салбарт жендэрийн тэнцвэргүй байдал хамгийн тод ажиглагддаг. Мөн мэдээллийн технологийн салбарт ч эмэгтэйчүүдийн оролцоо улам буурсан үзүүлэлттэй байгааг American Institutes for Research (AIR)-ын судалгаа-нд дурджээ.
Ялангуяа програм хангамж, хөгжүүлэлт, кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухааны судалгаа шинжилгээний багт эмэгтэйчүүдийн төлөөлөл буурсан байна. Энэ нь зөвхөн ажиллах хүчний хүйсийн харьцааны тухай асуудал биш бөгөөд бүтээгдэхүүн, алгоритмын чанарт шууд нөлөөлдөг чухал асуудал юм.
Иймээс дэлхий даяар ШИМТ-ийн салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь харьцангуй бага байгааг дараах шалтгаантай гэж үзжээ.
Нэг. Бага наснаас нь эхлэн математик, техник, технологи бол "эрэгтэй хүүхдийн хийх зүйл" гэсэн өрөөсгөл ойлголт нийгэмд түгээмэл байдаг нь охидын энэ салбар руу орох хүсэл эрмэлзэл, сонирхлыг сулруулдаг байна.
Хоёр. Технологийн компаниудын дотоод орчин эрчүүдэд илүү чиглэсэн эсвэл гэр бүл, эх хүний үүрэг хариуцлагыг зохицуулахад хүндрэл үүсгэдэг нь эмэгтэйчүүд энэ салбарыг эрт орхиход хүргэдэг ажээ.
Гурав. Компанийн удирдах албан тушаал, үүсгэн байгуулагчдын дунд эмэгтэйчүүд ховор байх нь шинээр орж ирж буй залуу мэргэжилтнүүдэд үлгэр дуурайлал (role model) болон ментор дутагддаг гэж дээр судалгаанд дурдсан байна[1]. Судалгааг дэлгэрүүлэн унших бол энд дараарай.
ШИМТ-ийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хэн юу хийж байна вэ?
Эмэгтэйчүүдэд зориулсан ментор болон удирдагчийн чиглүүлэг өгөх зорилгоор дэлхийн томоохон технологийн компаниуд болон олон улсын байгууллагууд төрөл бүрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг болжээ.
Google, Microsoft, Amazon Web Service, Salesforce, IBM, Intel зэрэг компаниуд дотооддоо эмэгтэй ажилтнуудаа дэмжих Эрсдэлийн болон Менторшип хөтөлбөрүүдийг (Employee Resource Groups) хэрэгжүүлж байна. Мөн Amazon Web Services болон бусад компаниудын удирдлага охид, эмэгтэйчүүдэд чиглэсэн менторшип санаачилгуудыг өргөн хүрээнд дэмждэг. Тухайлбал “Girls In Tech” байгууллагыг дэмжиж, идэвхтэй хамтран ажилладаг ажээ.
Women Go Tech: Технологийн салбарт гараагаа эхэлж буй эмэгтэйчүүдэд зориулсан 6 сарын менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд олон зуун түнш компаниуд болон бизнес мэргэжилтнүүд ментороор оролцжээ.
Girls Who Code: 2020 оноос эхлэн өсвөр үеийн охид болон оюутнуудад зориулсан зуны хөтөлбөрүүддээ технологийн салбарт ажиллаж буй эмэгтэй мэргэжилтнүүдийг оролцуулж, менторшип болон карьерын зөвлөгөө өгөх уулзалтуудыг тогтмол зохион байгуулдаг нь үр дүнгээ өгч эхэлжээ.
Rewriting The Code (RTC) & AnitaB.org: Их сургуулийн оюутан болон мэргэжлийн түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдэд чиглэсэн манлайллын болон удирдахуйн хөтөлбөрүүдийг олон арван технологийн компаниудтай хамтран хэрэгжүүлсээр ирсэн байна. Тиймээс ирээдүйд эмэгтэйчүүдийн оролцоо ШИМТ-ын салбарт хүч түрэн орж ирэх нь дамжиггүй ээ гэсэн хүлээлт үүсгэж байна.
Үргэлжлэл бий.
[1] Эх сурвалж: АНУ-ын ажиллах хүчний тал нь эмэгтэйчүүд боловч ШИМТ-ийн салбарын ажиллагсдын 27 хувь нь эмэгтэйчүүд байна. https://www.census.gov/library/stories/2021/01/women-making-gains-in-stem-occupations-but-still-underrepresented.html