"Хичээл зүтгэл гаргадаггүй авьяасыг, авьяасгүй ч хичээдэг хүн өлхөн гүйцдэг" Тим Нотке
Олон улсад шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи буюу ШИМТ-ийн салбарт авьяас, ур чадвараараа өрсөлдөх хүсэлтэй охидод урам зориг өгөх орчин үеийн манлайлагчид төрөн гарахад хэвшмэл ойлголтоос ангижрах нь хугацаа шаардагдах нь хэвээр бололтой. Яагаад вэ гэж үү?
Хиймэл оюуны загваруудыг сургахад ашиглаж буй өгөгдөл нь түүхэн шинжтэй хэвшмэл ойлголтыг агуулсан байх тохиолдол гарч байна. “Amazon” компани хүн ажилд авах үйл явцыг хялбарчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан систем туршиж үзсэн байдаг. Гэвч энэ систем нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд компанид эрэгтэй хүн дийлэнхдээ ажилд орсон өгөгдлөөс суралцсаны улмаас эмэгтэй нэр дэвшигчдийн анхан шатны анкетыг автоматаар хасах буюу доогуур үнэлэх хандлага гаргаж байлаа.
Учир нь "амжилттай ажилтан бол эрэгтэй байх ёстой" гэсэн түүхэн, хэвшмэл ойлголтыг хиймэл оюун өөрийнхөө логик болгон хөгжүүлсэнтэй холбоотой байв. Энэ тохиолдол хөдөлмөрийн зах зээлд цаашид хиймэл оюуныг хөгжүүлэхэд олон талт нөхцөл байдлыг үнэлэх шалгуур үзүүлэлттэй болохыг харуулж буй.
Харин Монгол Улсад Олон улсын “Women in Tech® Global” хөдөлгөөний албан ёсны салбар ажилладаг бөгөөд “Ази болон дэлхийн технологийн салбарт өрсөлдөх Монголын шилдэг эмэгтэйчүүд”-ийг шалгаруулсан томоохон арга хэмжээг оны эхэнд зохион байгуулжээ. (Арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай). Мөн Жендэрийн үндэсний хорооны 2020 онд хэрэгжүүлсэн “Хүндлэлд хүйс хамааралгүй” аяны үеэр ШИМТ-ийн салбарт амжилттай яваа 10 эмэгтэй-н түүхийг ч олж үзэх боломжтой.
Ер нь ШИМТ-ийн салбар дотроо үндсэн 4 чиглэлд хуваагддаг бөгөөд салбар тус бүрд эмэгтэйчүүдийн оролцоо, үзүүлэлт харилцан адилгүй байна.
Дэлхийн банкны Жендэрийн мэдээллийн сангийн тайланд дурдсанаар Монгол Улсад ШИМТ-ийн чиглэлээр төгсөгчдийн 33.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь ерөнхий боловсролын болон бусад түвшний сургууль төгсөгчдийн олонх нь эмэгтэй байдагтай харьцуулахад ШИМТ-ийн салбарт эрчүүд давамгай хэвээр байгаа гэсэн үг юм.
Ийм өгөгдөл гарч ирэхэд охид шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологийн салбарт авьяас, хүч чадлаа сорих болов уу?
Үнэхээр авьяас, ур чадвар, хүсэл тэмүүлэл, зорилготой байгаад гэр бүлийн болон эдийн засгийн хувьд нөлөө бүхий дэмжлэггүй бол яах бол?
Тэгвэл охидыг зүгээр нэг уриалах биш, 6-10 насанд нь математикийн айдсыг нь арилгах, боловсролын байгууллагын түвшинд хэвшмэл соёлыг халах гэх бодолтой зэрэгцэж бас олон, олон амжилттай түүх байгааг эргэн сануулах хэрэгтэйгээ ойлгов.
Гэр бүл, сургууль, цахим орчинд хүүхэд өөрийнхөө хүссэн зүйлдээ суралцах, өөрийнхөө авьяасыг нээн хөгжүүлэх нь хамгийн чухал болохоос томчуудын шийдвэрээр мэргэжлээ сонговол цаашид ШИМТ-ийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхгүй байх вий гэдэг нь хүртэл хэвшмэл ойлголт гэж ойлгогдохоор их амжилттай яваа түүхүүд байх ажээ.
Яагаад гэвэл Монгол Улсад амжилттай яваа эмэгтэйчүүдийн түүхийг уншаад өөрийн эрхгүй ингэж бодогдсон юм.
Жишээ нь, Анагаах ухааны доктор, үүдэл эсийн эмчилгээний HFS клиникийн эрхлэгч, АШУҮИС-ийн судлаач мэргэжилтэн Б.Хонгорзул “Үнэхээр дуртай, сонгосон зүйлээ хийхээр зорьсон бол шүүмжилж байгаа хүмүүсийг тоолгүй урагшлаарай. Хэрэв чи анхдагч нь бол айх хэрэггүй, бусдынхаа замыг засаж байгаа гэдгээ санаж өөртөө урам өгч, зоригтой байгаарай. Хаана ч, аль ч салбарт бай, сайнтай муутай ямар ч хүнтэй тааралдсан бай, тэр хүмүүсээс юу сурсан бэ гэдэг л хамгаас чухал” залууст захиж хэлж байжээ.
Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр, Монголын охид, залууст аль хэдийнээ манлайлагчид, роль модель бий болж. Тэдний зассан замаар өөрийн хүсэл зорилгоо тодорхойлоод, ШИМТ хэмээх их салбарт хүч үзээд, алдаж оносон түүхээ хуваалцсан амжилтын түүхүүд өчнөөн байгааг л онцлон дахин сануулах гэсэн билээ.

Amazon ажилтан сонгон шалгаруулах хиймэл оюун ухаанд суурилсан системээ эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан гэх үндэслэлээр цуцаллаа https://www.reuters.com/article/world/insight-amazon-scraps-secret-ai-recruiting-tool-that-showed-bias-against-women-idUSKCN1MK0AG/