Орчин цагт видео бүтээх ажлыг илүү хялбарчилсан, мэргэжлийн түвшний контентыг богино хугацаанд бүтээх боломж олгох олон хэрэглүүр, платформууд бий болсон. Хэрвээ та TikTok, YouTube Shorts, Instagram Reels, эсвэл бизнесийн танилцуулга хийх гэж байгаа бол дараах платформуудыг ашиглах боломжтой.
CapCut

CapCut бол видео засвар хийхэд хамгийн хялбар бөгөөд бүрэн үнэгүй платформ юм. Энэхүү аппликейшн нь AI ашиглан бичлэгийг автоматаар засварлаж, хөгжимтэй уялдуулан зохицуулах “beat sync” функцтэй. Мөн текстээс видео үүсгэх, автоматаар хадмал үүсгэх, олон төрлийн загвараас сонгох боломжийг олгодог. Монгол хэлтэй тул хэрэглэгчдэд маш ойлгомжтой.
Kling AI
![]()
Kling AI бол бодит мэт дүрслэлтэй видео бүтээх чадвартай платформуудын нэг. Энэхүү систем нь текст болон зурагнаас видео үүсгэж, дүрээ тод бүтээдэг бөгөөд камерын хөдөлгөөн, дүрсний өнцгийг хянах, видео үргэлжлүүлэх зэрэг мэргэжлийн түвшний тохиргоонуудтай. Та платформд кредит цуглуулаад үнэгүй хувилбарыг ашиглах, эсвэл төлбөртэй хувилбаруудаас сонгон ашиглах боломжтой.
Luma AI Dream Machine

“Luma AI Dream Machine” хэмээх энэхүү платформ нь хиймэл оюунаар үүсгэсэн хамгийн бодит дүрслэлтэй, уран сайхны чанартай видеог бүтээдэг. Энэ платформ текст болон зурагнаас видео хийх чадвартай бөгөөд маш өндөр чанартай, real-time хөдөлгөөнтэй дүрс гаргадаг бөгөөд таван секундийн видеог ердөө 1–2 минутын дотор бүтээдэг нь бүтээлч хүмүүст цаг хэмнэх том давуу тал юм.
Canva AI Video Generator

Canva-ийн AI видео үүсгэгч нь текстээс видео үүсгэх боломжийг олгодог төдийгүй олон төрлийн бэлэн загвар, сошиал медиа форматаар шууд ажиллах орчныг санал болгодог. “Magic Media” хэмээх AI функц нь хэрэглэгчийн өгсөн текстийг видео болгон автоматаар хувиргаж, хадмал текст ч хийнэ. Энэхүү платформ нь монгол хэл дээр ашиглаж болох бөгөөд бизнесийн илтгэл, маркетингийн контент, сошиал пост хийхэд маш тохиромжтой.
Google Veo 3

“Google Veo 3” бол хамгийн бодит, кино чанартай дүрслэл гаргадаг AI систем юм. Энэ платформ текст болон зурагнаас видео үүсгэхээс гадна дуу хоолой, хөгжим, орчны дуу авиа зэргийг автоматаар нэмдэг. Мөн хэрэглэгчийн өгсөн стиль, камерын хөдөлгөөн, ярианы өнгө аяс зэргийг нарийн хянах боломжтой тул мэргэжлийн контент, киноны трейлер, бизнесийн сурталчилгаанд тохиромжтой.
Эцэст нь, видеогоо 15–60 секундэд багтааж, хадмал текст оруулан, тренд ая, хөгжим ашигласнаар илүү анхаарал татахуйц болгоорой.
Room24.mn платформын оюуны хандивлагч, “Эмпасофт” технологийн сургуулийн дэд захирал Н.Энхсайхан