Хэвлэл мэдээлэл эмэгтэйчүүдийг хэрхэн үгүйсгэдэг вэ?

Хэвлэл мэдээлэл эмэгтэйчүүдийг хэрхэн үгүйсгэдэг вэ?

Гэрэл зургийг mpa.mn, "Мэдрэмжтэй мэдээлье" гэрэл зургийн нээлттэй сан

Дэлхийн хүн амын тэн хагасыг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүд хэвлэл мэдээллээр гарч буй хүмүүсийн ердөө 26 хувийг л бий болгож байна. Өнгөрсөн долоо хоногт танилцуулсан энэхүү судалгааны үр дүнгийн талаар НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага мэдээлэхдээ “Энэ бол зөвхөн мэдээний асуудал биш. Энэ бол жендэрийн эрх тэгш байдал, ардчилал, эмэгтэй хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухай ойлголт” гэжээ. “Эмэгтэйчүүдийн дуу хоолой редакц бүр, мэдээ бүрд хүрэх хүртэл бид бууж өгөхгүй” хэмээн НҮБ-ын Жендэрийн тэгш байдлын агентлагийн дэд захирал Кирси Мади онцоллоо.

Гэвч энэ шинэ сэдэв биш. Аль 1978 онд социологич Жеорж Гербнер хүйс, арьс өнгө зэргээс хамаарч нийгмийн зарим бүлгийн төлөөллийг хэвлэл мэдээллээр хавьгүй бага гаргадгийг, тэр нь эргээд тэгш бус байдлыг өөгшүүлдгийг тодорхойлж, “symbolic annihilation” буюу “төлөөллийн үгүйсгэл” гэх томъёоллыг гаргасан. Үүнийг Гэе Тачман дэлгэрүүлэн судалж, хэвлэл мэдээлэл эмэгтэйчүүдийг цөөн гаргахаас гадна хэвшмэл ойлголтыг дэвэргэх байдлаар дүрсэлдгийг онцолж байв. Тухайн үед судлаачид, феминистүүд хэвлэл мэдээллийн салбарын патриарх хандлагыг буруутгаж байлаа. Тэгээд эмэгтэй сэтгүүлч олширч, редакцуудын удирдах албан тушаалд ихээр орж ирвэл хэвлэл мэдээллийн агуулга аяндаа жендэрийн мэдрэмжтэй болно хэмээн үзэж байв.

Тиймээс ч 1995 оны өдийд Бээжин хотод болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр хэвлэл мэдээллийг онцгойлон авч хэлэлцсэн. Үүний үр дүнд баталсан Бээжингийн тунхаглал болон түүнийг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан 12 шийдвэрлэх чиглэлийн нэг нь хэвлэл мэдээлэл байлаа. Ингэхдээ тус салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, мөн хэвлэл мэдээллийн агуулга дахь жендэрийн тэгш байдлыг дэмжиж, хэвшмэл ойлголтуудыг халах гэсэн стратегийн хоёр зорилго тавьжээ. Үүнээс хойш жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг дэмжих ажлуудыг олон улсын хэмжээнд хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд ахиц дэвшлээ хэмжих зорилгоор Дэлхийн хэвлэл мэдээллийн мониторингийн төслийг эхлүүлсэн байдаг. Эдүгээ Бээжингийн тунхаглалын 30 жил, НҮБ-ын 80 жилийн ойг тохиолдуулан бид өөрсдөдөө дүн тавих цаг иржээ.

Эмэгтэй сэтгүүлчид үнэхээр эмэгтэйчүүдийг элбэг гаргадаг уу?

Дэлхийн хэвлэл мэдээллийн мониторингийн төсөл таван жил тутам нэг өдрийг сонгон мэдээний хяналт хийдэг. 1995 оны анхны үр дүн уламжлалт хэвлэл мэдээллээр гарсан бүтээлүүдийн ердөө 28 хувийг эмэгтэй сэтгүүлч, сурвалжлагчид хийснийг харуулж байв. Харин өнөөдөр энэ үзүүлэлт 41 хувь болж нэмэгджээ. Эмэгтэй сэтгүүлчид эмэгтэйчүүдийг гаргах нь эрэгтэй сэтгүүлчидтэй харьцуулахад ялимгүй элбэг болохыг тус судалгааны үр дүн харуулсаар ирсэн. Гэхдээ энэ нь асуудлыг шийдэх гол арга зам гэвэл өрөөсгөл болно.

Учир нь, 1995 онд мэдээний субъект буюу мэдээгээр гарсан хүмүүсийн ердөө 17 хувь нь л эмэгтэйчүүд байж. Үүнээс 30 жил өнгөрөхөд энэ үзүүлэлт олигтой нэмэгдээгүй, 26 хувьд л хүрснийг дээр дурдсан. Хэрвээ энэ чигээр ахиц удаан байвал жендэрийн тэгш байдлыг мэдээний агуулгад харахын тулд бид дор хаяж 60 жил хүлээх хэрэгтэй болох юм. Дэлхий даяар эмэгтэй сэтгүүлч, сурвалжлагч олширч, удирдах албан тушаалд ажиллах нь ч харьцангуй нэмэгдэж байгаа. Гэвч мэдээний агуулга дахь жендэрийн тэгш бус байдал нүдэнд харагдахуйц багассангүй.

Үүний томоохон жишээг бид холоос биш, Монголоос хайж болно. 1995 онд хэвлэл мэдээллийн удирдах албан тушаалд эмэгтэйчүүд маш цөөн байсан. Өнөөдөр сурвалжлагчдын дийлэнхийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Үнэндээ эрэгтэй сэтгүүлч олдохоо больсныг хаа сайгүй ярьж байгаа. Сонин, сэтгүүл, мэдээллийн сайтуудаас гадна радио, телевизүүдийн тэн хагасаас илүүг эмэгтэйчүүд удирдаж байгааг Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаа илтгэж байна. Тэглээ гээд бид мэдээгээр эмэгтэйчүүдийг хангалттай харж байна гэж үү? Үгүй шүү дээ. Улс төр, эдийн засаг, уул уурхай зэрэг чухал сэдвээр нөгөө л нэг эрэгтэйчүүдийг ахин дахин гаргасан хэвээр л байна. Тухайлбал, 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр нийт нэр дэвшигчдийн 40 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлсэн ч хэвлэл мэдээллээр гаргасан 10 улстөрч тутмын хоёр нь л эмэгтэйчүүд байсныг Глоб Интернэшнл, Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хийсэн мониторингийн судалгаануудын үр дүн илтгэж байв.

Тиймээс хэвлэл мэдээллээр эмэгтэйчүүдийг хэр элбэг гаргах, хэрхэн дүрслэх асуудлыг зөвхөн эмэгтэй сэтгүүлч, редакторууд олширсноор өргөс авсан мэт шийдчих юм биш гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг иржээ. Харин үүний ард байгаа системийн асуудлыг олж харах нь шийдэл эрэхэд тустай.

Хэвлэл мэдээллээр эмэгтэйчүүдийн дуу хоолойг цензурддэг үү?

Хэвлэл мэдээлэл эмэгтэйчүүдийн туршлага, дуу хоолойг илэрхийлэх тал дээр зүгээр ч нэг хойрго хандаагүй, харин эмэгтэйчүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг цензурдэж байна хэмээн “Article 19” байгууллагын захирал, доктор Агнес Калламард 2006 онд гаргасан тайландаа тэмдэглэж байв. Үүнээс хойш жендэрт суурилсан хэвлэл мэдээллийн цензур гэх ойлголт ч бий болсон.

Ялгаварлан гадуурхахгүй байх, хэвшмэл ойлголтыг дэвэргэхээс зайлсхийх нь сэтгүүлчдийн мэргэжлийн, ёс зүйн стандартын чухал шаардлага юм. Миний хувьд 2016 оноос хойш жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг дэмжих ажлын хүрээнд олон удаагийн сургалт хийж, зуу зуун сэтгүүлчтэй хамтран ажилласан. Тэгэхдээ сэтгүүлчид эх сурвалжаа жендэрт суурилан ялгаварлан гадуурхаад, дуу хоолойг нь цензурдээд байгаа юм байхгүйг ч ажигласан. Хэвлэл мэдээллээр эмэгтэйчүүдийг цөөн гаргаж байгаа тоо баримтыг үзүүлээд, хэвшмэл ойлголтын талаар кэйс судалгаа хийгээд явахад сургалтад суусан хүн бүр энэ тал дээр анхаарч ажиллахыг хичээж эхэлдэг. Гэхдээ үүний цаана сэтгүүлчдээс шалтгаалахгүй асуудал бий. Тухайлбал, улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүс ихэнхдээ эрэгтэйчүүд. Төрийн байгууллагад яриа авъя гээд хандахад өндөр албан тушаалтай дарга нар нь л хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх боломжтой. Тэгээд мэдээж эрэгтэйчүүд байх нь элбэг. Эмэгтэйчүүдээс яриа авъя гээд очиход татгалзах тохиолдол их гардаг бол эрэгтэйчүүд ийм боломжийг хэзээ ч алддаггүй.

Нөгөө талд хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгэнт уншигч, үзэгч, сонсогчдоосоо мөнгө авахгүй байгаа учраас реклам, сурталчилгаа, төлбөртэй контентоос хараат болчихсон. Үүнээс үүдэн хэвлэл мэдээллээр гарахын тулд мөнгө төлөх соёл бий болсон бөгөөд эмэгтэйчүүд тийм төлбөр төлөх боломжгүй, сонирхолгүй байдаг. Тиймээс нэг талаас шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, нөгөө талд хэвлэл мэдээллийн орлогын эх үүсвэрийг төрөлжүүлж, хараат бус байдлыг хангаж байж л дээрх асуудлыг шийдэх боломжтой.

Мэдээллийн эх сурвалжаа сонгох нь...

Өнөөдөр манай улсад 400 орчим хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Уулын мод урттай, богинотой гэдэг шиг тэдгээр дунд ёс зүйтэй, мэргэжлийн редакцууд байгаа ч худал ташаа мэдээлэл тараадаг, бусдын нэр хүндэд халддаг, хэвшмэл ойлголтыг дэвэргэдэг нь ч бий. Тиймээс “сэтгүүлчид ёс зүйгүй байна”, “хэвлэл мэдээлэл болохгүй байна” гээд ерөнхийд нь буруутгаад байж болохгүй. Харин сайн сэтгүүлчид, чанартай бүтээлүүд, мэргэжлийн редакцуудыг танин мэдэж, дэмжих шаардлагатай. Энэ олон дундаас аль нь найдвартай эх сурвалж вэ гэдгийг ялгаж салгаж, сонголт хийх нь чухал юм.

Тухайлбал, “Зууны мэдээ” сонин редакцын бодлогодоо жендэрийн эрх тэгш байдлыг дэмжихээ тусгасан бөгөөд долоо хоногийн онцлох ярилцлагын буландаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ээлжлэн гаргадаг, хэвшмэл ойлголтыг эвдэхэд чиглэсэн цуврал бүтээлүүд ч нийтэлдэг. GoGo.mn мөн л редакцын бодлогоо нийтэлж, олон улсын стандарт нэвтрүүлж,  хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд шинэ жишиг тогтоон орлогын эх үүсвэрээ ил тод зарлаад байна. Тус мэдээллийн сайтын зүгээс мөн жендэрийн эрх тэгш байдлыг хангах үүднээс “Тэнцвэр” санаачилга эхлүүлсэн билээ. Нью-Йорк Таймстай хамтран “Turning Points” сэтгүүлийг монгол уншигчдадаа зориулан хэвлүүлж ирсэн, эмэгтэйчүүдэд зориулсан хэд хэдэн сэтгүүл, цуврал бүтээлүүдийг гаргаж байгаа Ub.Life мэдээллийн сайт ч мөн залуус руу чиглэсэн өнгө төрх, өндөр стандартаар ялгардаг. Room24.mn харин Монголд анх удаа гишүүнчлэлд суурилсан, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа билээ.

Энэ мэтээр Монголын мэргэжлийн сэтгүүл зүйн байгууллагууд бодлого, үйл ажиллагаагаараа ялгарч эхэлсэн төдийгүй хэвлэл мэдээллээр эмэгтэйчүүдийг онцлон гаргаж, хэвшмэл ойлголтыг халахын тулд өөр өөрсдийн санаачилгыг эхлүүлээд байна. Гэвч хэрэглэгч Та өөрт хэрэгтэй мэдээллийн эх үүсвэрээ сонгож, захиалах, хандив өгөх, гишүүн болох зэргээр дэмжиж байж л энэ мэт санаачилга амжилтад хүрэх билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.