Чөлөөт сэтгүүлч, Г.Нямсүрэн
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ойлголт, хувь хүний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 20 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн арга хэмжээг Монгол Улсад “Уулс ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) болон байгаль орчны чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийн "Ногоон пресс" үндэсний сүлжээ хамтран сургалт зохион байгууллаа. Сургалтад оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл олгосон эрдэмтэн судлаачдын байр суурийг хуваалцлаа.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддорж:
-Энэ онд бид ирвэсийн үндэсний хэмжээний тооллогыг дахин хийнэ. Ирвэсний амьдрах гэр орон болсон өндөр ууланд уур амьсгалын өөрчлөлт маш эрчимтэй явагдаж байна. Ялангуяа, мөнх цас хайлах үзэгдэл асар хүчтэй ажиглагдаж байна. 2100 он гэхэд ирвэсний амьдрах орчин өндөр уулын зөвхөн оройн хэсэгтээ үлдэнэ гэсэн судалгаа бий. Улмаар Монгол Алтайн өндөр уулс ирвэсний хамгийн сүүлчийн оршин тогтнох орон гэр болж магадгүй. Монгол орны хэмжээнд 2020 оны байдлаар 953 бие гүйцсэн цоохор ирвэс байна
Сүүлийн 50 жилийн дотор зэрлэг амьтдын тоо толгой гамшгийн хэмжээнд буюу 73 хувиар буурсан нь жил бүр дунджаар 2.6 хувиар буурч байгааг харуулж байна. Мөн цэнгэг ус 85, хуурай газар 69, далай тэнгис 56 хувиар багасч байна. Байгаль дэлхий бол юугаар ч орлуулшгүй үнэт зүйл. Манай гаригийн хуурай газрын 30 хувь, далайн эрэг орчмын газар нутгийн 24 хувь нь хүн төрөлхтөнд 14 төрлийн ашиг тус өгч байна. Гэтэл хүн төрөлхтний хэрэгцээ, байгалийн нөөцийг харьцуулаад харах юм бол нөхөн сэргэх, сэргээж чадах хэмжээнээс даруй 30 хувь илүү байгалийн нөөц ашиглаж байгаа нь 2035 он гэхэд биднийг хоёр дахь дэлхийн эрэлд мордох эрсдэлийг үүсгэж байна.
МУИС-ийн Биологийн тэнхимийн багш Ө.Баярсайхан: Монгол орны цаа бугын тоо толгой жил ирэх тусам цөөрч улмаар цус ойртон, давжаарч байна. Дэлхийн дулааралтай холбоотойгоор ирвэс өндрийн шилжилт байнга хийж байна. 2070 гэхэд ирвэсийн амьдрах таатай бүс нутаг 100 метрээр дээшилнэ. Одоо амьдарч байгаа бүс нутаг нь хад асгатай ч халуун, тааламжтай бус болж эхэлнэ.
МУИС-ийн Цаг уур, ус судлалын тэнхимийн эрхлэгч С.Эрдэнэсүх:
-Агаарын температур дунджаар 1.2 градусаар дулаарсан. Хэрэв бид ямар нэг арга хэмжээ авахгүй бол энэ зууны төгсгөлд агаарын температур 4 градусаар дулаарах тооцоо гарсан.
Монголчууд бид 100 градусын хэлбэлзэлд амьдарч байна. Хамгийн өндөр температур Баянхонгор аймгийн Эхийн гол, Дарханы Хонгорт 45 градус ажиглагдсан. Увс аймгийн Зүүнговьд хамгийн нам буюу -55,6 градус хүрсэн. Улаанбаатар хотын хэмжээнд бид жилдээ 80 градусын хэлбэлзэлд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд биологийн төрөл зүйлийн хомсдол байгалийн өөрийнх нь хуулиас мянга дахин хурдтай явагдаж байна. Өнөөдөр дэлхий дээр өдөрт 130 зүйл устаж байна.
Дэлхийн шувуудын 12 хувь, мөлхөгчдийн 28 хувь, хоёр нутагтны 30 хувь, загасны 37 хувь, ургамлын 70 хувь устах аюулд өртөж эхэллээ.
Монгол орны хувьд устах хандлагатай болсон ургамлын дотор эмийн 75 зүйлээс 20 зүйл, хүнсний 11 зүйлээс 6 нь, техникийн 16 зүйлээс 4 нь, гоёл чимэглэлийн 55 зүйлээс 10 нь, элсний нүүлтийг зогсоох, хөрс бэхжүүлэх, хортон шавжийг устгах зэрэг бусад ач холбогдолтой 15 зүйлээс 5 зүйл тус тус устаж байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргаад байна” гэдгийг онцоллоо.
Эх дэлхийн цаг бол хүмүүс нэг цагийн турш гэрэл болон цахилгаан хэрэгслийг унтрааж, эрчим хүчний хэрэглээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж, дээр өгүүлсэн уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх үйлдэл юм.
Эх дэлхийн цаг бол зөвхөн нэг цагийн гэрэл унтраах үйлдэл бус, ирээдүйгээ хамгаалах нэгдсэн дуу хоолой юм.
Та хэрхэн оролцох вэ?
· Гэрлээ унтраах: 20:30–21:30 хооронд гэрэл, цахилгаан хэрэгслийг унтраах.
- Эрчим хүч хэмнэх дадал: Өдөр тутмын амьдралдаа цахилгаан, ус, дулааныг хэмнэх.
- Нийгмийн сүлжээнд хуваалцах: #ЭхДэлхийнЦаг #EarthHour2026 хаштаг ашиглан бусдад уриалах.
- Орон нутгийн арга хэмжээнд нэгдэх: WWF болон бусад байгууллагын зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцохыг уриалж байна.
