О.Саранчулуун: Нэг хүний эрхийг хамгаална гэдэг хамгийн том улс төр

О.Саранчулуун: Нэг хүний эрхийг хамгаална гэдэг хамгийн том улс төр

Өдөр тутмын ажил, эхлүүлж буй төсөл, зорилгоо хуваалцах “Яг одоо юу хийж байна вэ” буланд тавтай морил! Энэ булангийнхаа анхны зочноор Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн багш, судлаачаас улс төрд хөл тавьж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шийдвэр гаргах түвшинд төлөөлөн ажиллаж буй УИХ-ын гишүүн О.Саранчулууныг урилаа. Тэрбээр яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байгаа, ямар шинэ төсөл, санаачилгыг хэрэгжүүлж буйыгаа хуваалцаж байна.  

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

-Яг одоо нийгмийн үйлчилгээ, хүний эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмж, нийгмийн эрүүл мэндийн бодлогын чиглэлд голлон төвлөрч байна гэж хэлж болно.  Энэ нь төрийн бус байгууллагуудыг зохицуулах, хувийн хэвшил, ААН-үүдийн үйл ажиллагаатай уялдуулах, нийгмийн даатгал, халамжийн тогтолцоог сайжруулах, хот төлөвлөлт, тэтгэврийн бодлого зэрэг олон салбарт хяналт тавьж, зохицуулалт хийхэд анхаарч ажиллаж байна гэсэн үг. 

УИХ-ын гишүүний хувиар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд ажиллаж байна. Энэ хүрээнд Ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хүний эрхийг хамгаалах, мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлыг үнэлж, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах гэсэн хоёр Ажлын хэсгийг ахлан байгуулсан. Эдгээрээс гадна долоон бусад ажлын хэсэгт гишүүнээр ажилладаг. Тухайлбал, гэр хорооллын орон сууц, Хүний эрхийн үндэсний хөтөлбөр, боловсролын сангийн шинэчлэл, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмж зэрэг салбарыг хамарсан Ажлын хэсгүүдэд байгаа. 

Түүнээс гадна парламентын дотор олон бүлэг, орон нутгийн хамтын ажиллагааны групп бий. Миний хувьдЯпон-Монгол, Герман-Монгол, Бутан-Монгол зэрэг бүлгүүдийн гишүүн. 

-Таны өнөөдрийн ажлын гол чиглэл, төвлөрч байгаа асуудал юу вэ? Сүүлийн үед та эхлүүлсэн шинэ төсөл, санаачилгаас хамгийн чухлыг нь танилцуулаач?

-Би Анагаахын нийгмийн эрүүл мэндийн сургуульд 2005 оноос хойш буюу одоо 20 дахь жилдээ их сургуулийн багшилж байнаҮндсэн мэргэжил маань нийгмийн ажилтан, мөн нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн судлаач л даа. 

Улс төрд орж, хууль тогтоох түвшинд ажиллаж байгаа гол зорилго маань энэ чиглэлтэй холбогдож байна. Өөрөөр хэлбэл, бодлогыг зөв боловсруулж, хэрэгжилтийг нь хянах замаар хүн бүрийн эрхийг хамгаалах, олон нийтийн амьдралд шууд нөлөөлөх үр дүнтэй ажлуудыг хийхийг зорьж байгаа юм.

Яг энэ зорилгынхоо хүрээнд Нийгмийн ажлын тухай хууль, Ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл дээр ажиллаад удахгүй өргөн барих гэж байна.

 

-Эдгээр хуулийг санаачилсан шалтгаан юу байв?  Мөн батлагдаж, хэрэгжиж эхэлбэл ямар үр дүн гарах вэ? 

-Нийгмийн ажлын тухай хуулиас эхэлье. Монголд жилд 6000 орчим хүн нийгмийн ажилтны мэргэжлээр төгсөж байна. Тэд нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээний 80-90 хувийг гардан гүйцэтгэдэг. 

Цар тахлын үед эмч, сувилагч, цагдаа нарыг хэрхэн ажиллаж байсныг бид харсан даа? Тэгвэл нийгмийн ажилтнууд өдөр бүр яг тийм горимд ажилладаг. Гэтэл хамгийн бага цалинтай, хамгийн бага халамжтай, мэргэжлээрээ ажиллах орон зай таатай бус. Тэгэхээр хамгийн чухал үйлчилгээг үзүүлж байгаа энэ хүмүүс өөрсдөө сэтгэл зүй нь гэмтээд, халшраад гараад явж байна. Тийм болохоор халамжаас хөдөлмөрт шилжих бодлого ч амжилт олж чадахгүй байгаа юм. Эмнэлэгт л гэхэд хүн хүнд өвчний дараа ямар дэглэм баримтлах вэ, ямар асуудал тулгамдах вэ, яаж үүнийг даван туулах юм бэ гэдэгт тусалдаг нийгмийн үйлчилгээ байвал тэр хүн эмнэлэгт буцаж ирэх магадлал хүртэл буурна шүү дээ. 

Тэгэхээр нийгмийн ажлыг яг мэргэжлийн түвшинд нь хийлгэх, хийх орон зайг нь бий болгох хэрэгтэй. Мэргэжлийн холбоог нь байгуулах, сургалтыг нь стандарчилж өгөх зэрэг ач холбогдол олон бий. Тиймээс бид энэ хуулийн төслийг боловсруулаад Засгийн газарт өргөн барьж байна. 

Хоёр дахь нь Ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх тухыай хууль. Өнөөдөр манайд гарч байгаа бүх дээрэлхлийн 70-80 хувь нь ялгаварлан гадуурхаж байгаа сэдлээс үүдэж байгаа. Нас, гадаад төрх, улс төрийн үзэл бодол, бүр энэ хотын хаана амьдарч байгаагаар нь хүртэл бие биеэ ялгаварлан гадуурхаж байна. Ёс суртахуун, хүмүүжилд найдаад үлдээж болохгүй асуудлууд ч бий. Гэхдээ Монголд ийм асуудлуудыг зохицуулсан зүйл заалт 60 гаруй хуульд байдаг ч хоорондоо уялдаа холбоогүй, хэрэгжих функцгүй. 

Бодоод үзье, намайг хүн ялгаварлан гадуурхаад би өнөөдөр сэтгэл санаагаараа хохирлоо гэхэд яах вэ? Тэр гомдол шийдэгдэхгүй, нэг газарт очоод зогсчихож байгаа зохицуулалттай байна л даа. Тэгэхээр үүнийг шийддэг болно гэсэн үг. Тэгэхээр хамгийн энгийнээр бодоход л ажлын байр, сургууль, гудамжинд тулгарч байдаг дээрэлхэл буурна. 

Өргөн барьж байгаа гурав дахь хууль бол Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль. Тэргэнцэртэй хүн ирж харагдвал автобусны жолооч юу хийх ёстой вэ? Замтайгаа ойр зогсоод гар ажиллагаатай налуу замаа буулгах нь жолоочийн ажил үүргийн хуваарьт байгаа ч үүнийг жолоочид өөрсдөө ч төдийлэн мэддэггүй.

Мэдээж, стандартыг олон жил ярьж байгаа ч хэрэгжихгүй байгаад асуудал байгаа юм. Стандарт хэрэгжихгүй байгаагаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бэртэж гэмтдэг, нийгмийн харилцаанд ороход хүндрэлтэй, эсвэл бүр орж чаддаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй 10 хүн тутмын зургаа нь олдмол буюу гэмтэл, осол, гаднын хүчин зүйлээс үүдсэн гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр хүртээмжгүй, хүнд ээлгүй, стандарт хэрэгжээгүйгээс болж олон хүн гэмтэж, хохирч байна гэсэн үг.

Тэгэхээр үүнийг хуулиар шийдэж өгөх хэрэгтэй. 

-Улс төрд орсон эмэгтэй хүн, гишүүн гэр бүл, хүүхэд хамгааллын асуудлыг хөндөх ёстой юм шиг андуу хандлага ажиглагддаг.  Тухайлбал, гэр бүлийн, хүүхдийн хүчирхийллийн хэрэг гарахад л “Эмэгтэй гишүүд юу хийгээд байна аа?” гэж асууж эхэлдэг шүү дээ. Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ?

-Тогтсон, өрөөсгөл ойлголт байна л даа. Том зургаар харвал хүүхдийн эрх ч, эмэгтэйчүүдийн эрх ч хүний л эрх.

Эрэгтэй, эмэгтэйгээсээ үл хамаараад гишүүн бүрд хамаарах ёстой. Төрийн үйлчилгээний хэрэглэгч нь хүмүүс. Нийгмийн эмзэг бүлгийн асуудлууд ч хүний л асуудлууд. Тэгэхээр нэг хүниий амьдрал, нэг хүний эрхэд хамаарах шийдвэр гэдэг өөрөө маш том улс төр. 

Улс төрд ажиллах, шийдвэр гаргах, хууль батлах нь мэргэжил, туршлага, судалгаан дээрээ суурилсан үйл ажиллагаа шүү дээ. Жишээлбэл, би нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон жил судалгаа хийж, багшилсан тул нийгмийн бодлого, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлд төвлөрдөг. Эрэгтэй гишүүд ч мэргэжлийнхээ үндсэн дээр хүүхдийн эрх, нийгмийн асуудлыг хөнддөг. Гол нь эмэгтэй хүн гэдэг нь заавал хүүхэд, гэр бүлтэй холбоотой асуудлыг хөндөх ёстой гэсэн хэвшмэл ойлголтоосоо салах хэрэгтэй болж байна. 

-Цаашид ажиллахаар төлөвлөж буй чиглэлээсээ хуваалцаач? 

-Ус, агаар, хөрсний асуудал, эрүүл мэндийн зан үйл, хог хаягдлын менежментийн асуудалд анхаарч ажиллахаар төлөвлөж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.