XX зуунд хүмүүн төрөлхтөн бид аливаа нэгэн тренд, моодыг бүрэн утгаар нь дагаж дэлгэрүүлдэг байлаа. 50-иад он болваас дайны дараа цэцэглэсэн эрхэмсэг, чамин эзэгтэй нарын үе, 60-аад он гэвэл эрх чөлөө, хайр, энх тайвнаар бялхсан хиппичүүдийн эрин, 70-аад он бол гламрок, дискогоор цэнгэсэн гялгар үе гэх мэтчилэнгээр тухайн цаг үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, соёлын онцлог шинж, хамгийн чухал нь юу тренд болж байгаагаар нь тухайн арваныг дүгнэж болдог байв. Гэвч XX зуунд мэдээллийн технологи хэт үсрэнгүй хөгжиж бидний халаасанд л багтах жижигхэн авсаархан хүлээн авагчийн тусламжтайгаар мэдээллийн далайд живсэн өнөөгийн цаг үед тренд гэх ойлголт ердөө л сар гаруйхны настай зүйл болох нь вий.
Тиймээс бид нэгхэн сарын хугацаанд загварын сүүлийн үеийн чиг хандлага, моод, трендээс хоцрохгүйн тулд өөрсдийн санхүү болоод цаг хугацаагаа зориулан хөрөнгө оруулалт хийх нь хир оновчтой алхам бэ? Ер нь аливаа трендийг сохроор дагах нь өөрөө яг тренд зүйл мөн үү?
Эдгээр асуултын хариултыг ойлгохын тулд бид бүхэн урьдчилаад “тренд” гэх үгийн утга дээр ерөнхий нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй болов уу. Оксфордын толь бичигт тренд гэх үгийг “Аливаа нэгэн зүйлийн хөгжих чиглэл болон өөрчлөгдөн хувьсах явц” хэмээн тодорхойлжээ. Энэхүү тодорхойлолтод “хөгжил” гэдэг үг түлхүүр утгатайгаар орж байна. Тэгвэл “хөгжил” гэдэг үгийн тодорхойлолтыг ч мөн адил Оксфордын толь бичгээс харвал “Өмнөхөөсөө өсөн дэвшиж, сайжирч илүү боловсронгуй болох” хэмээн тодорхойлсонтой уншигч та ч санал нийлэх буй за.

Тэгвэл бүгдээрээ эргээд XX зууны загварын хөгжлийг эргэн нэг санацгаая. Дэлхийн II дайн дуусаад удаагүй байсан 50-иад онд улс орнуудын эдийн засаг сайжирч, хүн амын өсөлт эрчимжиж, аж үйлдвэрлэл эргэн сэргэж эхэллээ. Энэхүү хөгжлийн салхины эрчээр загварын салбарынхан ч түрэгдэж алдартай брэндүүд энэ л шинэ цагийн эмэгтэйчүүдийн дүр төрх, гоозүй, хувцас эдлэл ямар байх ёстойг тодорхойлсон шинэхэн коллекцуудаа ээлж дараалан гаргаж байв. Мэдээж загварын ордон бүрийн үзэл баримтлалын ялгааны улмаас өөр хоорондоо ялгаатай загварууд гаргаж байсан ч чамин, ихэмсэг, тансаг байдал 50-иад онд ноёрхоно.
Дайны он жилүүдэд гангалах ч сөхөөгүй байсан эмэгтэйчүүд энэ л 50-иад онд өөрсдийн эмэгтэйлэг, ариун журамт чанараа хувцас зүүсгэлээрээ тунхаглан харуулж байлаа.
Харин 60-аад оны эрх чөлөө, энх тайвныг бэлгэдсэн залуусд эдгээр нь хувцсандаа хашигдсан мэт тав, тухгүй санагдах тул тэд харандаа юбканы оронд мини банзал, жийнс өмсөж улмаар 70-аад оныхон хөгжилтэй байдлыг нэмж саатай гялгар трапецан өмдөөр орлуулсан бол 80-аад онд ажлын байр дээр эмэгтэйчүүд олширсонтой холбоотойгоор хүчирхэг байдлыг нь тодотгосон өргөн мөртэй хослол хүчээ авлаа. Энэ мэтчилэн XX зуунд тренд нь яах ч арга байхгүй өмнөх цаг үеийнхээ дутагдалтай талыг нь засан сайжруулсаар ирсэн байдаг. Энэ нь ч “тренд” гэдэг үгийн “хөгжил” гэсэн түлхүүр утгатай нь яв цав нийцдэг байв.

Гэвч шинэ зуунд нөхцөл байдал ихэд ярвигтайгаар өөрчлөгдөж эхэлнэ.
Урьд цагт загварын орднуудын цөөн тооны үйлчлүүлэгчдэдээ тусгайлан гаргадаг “haute couture” загварууд жирийн иргэдэд зориулсан масс үйлдвэрлэлийн бэлэн хувцаснаас онхи ялгаатай байсан бол цаг хугацаа өнгөрч, масс үйлдвэрлэл эрчимтэй хөгжихийн хэрээр энэхүү зааг ялгаа нимгэрч, хэдий хэтэвч нимгэн ч загварлаг хувцаслах бүрэн боломжтой болчихов.
Масс үйлдвэрлэгчид ч үүнийг гярхай ажиглаж чанартай удаан эдлэгдэх хувцасны оронд загварлаг харагдах ч чанар, эдэлгээ муутай хувцсуудыг түм бумаар нь үйлдвэрлэж эхлэв. Учир нь чанартай хувцас үйлдвэрлэчихвэл үйлчлүүлэгчдийн дэлгүүр хэсэх хэрэгцээ нь багасаж, борлуулалтад муугаар нөлөөлж эхэлчихнэ. Улмаар нийгмийн олонхид зориулсан массаар үйлдвэрлэгч брендүүд долоо хоног болгон шинэ загварууд гаргаж, түүнийгээ борлуулахын тулд загварын нөлөөлөгчдийг /influencer/ чадамгайгаар ашиглан нийгмийн сүлжээгээр өргөн цар хүрээтэй тархи угаалт явуулна.
Энэ л загварыг авахгүй бол цаг үеэсээ хоцорсон мэт санагдах залуус эрчимтэйгээр худалдан авалт хийж, нөгөө масс үйлдвэрлэгчдийн түрүүвчийг түнтийтэл зузаатгаж орхино. Нүд улаан масс үйлдвэрлэгчид улмаар дараагийн шинэ загвараа гаргаснаар чөтгөрийн тойрог улам батжин хэвшинэ. Гэвч энэхүү масс үйлдвэрлэлийн цаана хүрээлэн буй орчны асуудал, хөгжил буурай орны ажилчдын цалин хангамж, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг тум буман асуудлыг араасаа дагуулж байдаг.
Тэгэхээр бид бүхэн томоохон корпорациудын энэхүү тархи угаалтад өртөхгүйн тулд яг юу хийх хэрэгтэй вэ? Нэгхэн сарын насгүй, 2030 он хүртэл үргэлжилж ч мэдэх загварын тренд яг юу болов оо? Хариулт нь “sustainable fashion” буюу “тогтвортой байдлын төлөөх загвар” юм. “Sustainability” буюу тогтвортой байдал нь зөвхөн натуралист үзэлтэй активистууд, сэтгүүлчдийн толгойны өвчин байхаа больж хүн төрөлхтөнийг хамарсан даяар сэдэв нэгэнт болжээ.
Тогтвортой байдал гэдэг ойлголтыг товчхон тайлбарлавал, ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээг шаардлагыг алдагдуулахгүйгээр тогтвортой байдлыг нь хангаж өнөөгийн та бидний хэрэгцээг хангах нөгөө талаар танах явдал юм. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хэтийдсэн хэрэглээний улмаас үүсэх хог хаягдал, үйлдвэрлэлд зарцуулах усны хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарал, байгалийн нөөцийн хомсдол зэргийн улмаас ирээдүй хойч үе маань үр төлөөсийг нь хамгийн ихээр амсах бөгөөд тогтвортой байдал нь зөвхөн хүрээлэн буй орчин болоод түүнд орших хүнээс бусад амьтдын эрх зөрчигдөж буй тухай асуудал биш юм.
Харин хүн төрөлхтөн өөрсдөө хэр удаан энэ дэлхий дээр тогтвортойгоор оршин тогтнох тухай асуудал юм. XXзуунд дэлхийн хүн ам одоогийнхоос бараг хоёр дахин цөөн, үйлдвэрлэгчид ч аль болох удаан настай, чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог байсан нь тогтвортой байдал даян дэлхийн хэмжээнд яригдсан асуудал болж байсангүй. Гэвч өнөөдрийн бид ухаалаг хэрэглээнээс илүүтэйгээр хормын шунал, сэтгэл хөдлөлдөө автсан шаардлага, хэрэгцээ багатай худалдан авалт ихээр хийдэг болжээ. Та бидний энэхүү ухаалаг бус хэрэглээнээс хамгийн их ашиг хонжоо олох этгээд нь зөвхөн корпорациуд л билээ.

Гагцхүү корпорациуд л биднийг ухаалаг биш, “мулгуу” хэрэглээтэй болгохын тулд өргөн цар хүрээтэй кампанит ажиллагаа явуулж, мэдээллийн бүхий л хэрэгслээр биднийг алхам тутамдаа худалдан авалт хийхийг ятгаж байдаг. Гэвч бид бүхэн бас тийм ч “мулгуу” байсангүй. Жил өнгөрөх бүр залуусын дунд ”thrift” буюу хуучин хувцасны соёл ихэд хүчтэйгээр дэлгэрч байна. Зарим үйлдвэрлэгчид маань ч нийгмийн хариуцлагын хүрээнд дахин боловсруулсан материал ашиглах явдал ч ихсэж байна. Энэ бүхнээс ажиглахад хүч мөнгөтэй талд бус олонхын талд байна. Эдгээр корпорациуд зоостой байх, эсэх нь гагцхүү бид л хэрхэн яаж худалдан авалт хийхээс бүрэн хамаарах билээ.
Тиймээс та “sustainable fashion”-ыг сонгож байвал, лавтай 2030 он хүртэл үргэлжлэх трендээс хоцроогүй гэдэгт миний бие туйлын итгэлтэй байна. Сонголт таны гарт …….
Жич: 2025 оны зургаадугаар сарын 10-нд Франц улс тогтвортой загварыг дэмжих зорилгоор дээр дурдагдсанчлан хэт хямд үнэтэй, сарын ч насгүй ultra-fast fashion бараа бүрт 5 еврогийн нэмэлт татвар ноогдуулахаар болсон. Аажмаар уг татвараа тогтвортойгоор нэмэгдүүлж, 2030 он гэхэд 10 евро хүргэхээр зорьж буй. Мөн бэлэн хувцасны брэнд нь үйлдвэрлэж буй бараа болгоны шошгонд тухайн барааг үйлдвэрлэхэд хэр их хэмжээний нүүрстөрөгч байгальд ялгаруулсан, ямар нөөц ашигласан, дахин боловсруулж болох, эсэх зэрэг эко мэдээллийг хавсаргах ёстой болсон байна. Хэрвээ үүнийг зөрчсөн тохиолдолд тухайн бараа бүтээгдэхүүн бүрийн үнийн дүнгийн 50 хувь хүртэлх торгууль төлнө. Үүгээр ч зогсохгүй ultra-fast fashion барааг сурталчилсан аж ахуй нэгж болон нөлөөлөгчдийн үйл ажиллагааг хориглох шийдвэр тус тус гаргажээ.