
Хүн бүрийн сэтгэлд зөвхөн түүний л мэдэрдэг сав гэж бий. Биеэрээ дүүрэн шивээстэй, хамраа сэт цоолж, элдэв ээмэг сэлт зүүсэн рок эр эмээгийн нэхмэлийн зүү барьж, хүүхэлдэйн хэрээтэй даашинз урлахад өрцнийх нь цаадах зай дүүрнэ. Өнөөх алгын чинээ эд нь бүтэж дууссаны дараа өөрийн мэдэлгүй уулга алдан инээхэд эргэн тойрныхон нь нүд нь орой дээрээ гарах шахна.
Бас индүүний ором нь хуруу эсгэх шахсан хослолтой эелдэг нь дэндсэн царайлаг залуу албан тасалгааны босго даваад л эрхлэлдэн ноолдох нохдын асрах газарт очно. Ганганаа барьж дийлээгүй гоёлоо тайлж орхиод урагдаж сэмэрсэн асрахын хувцсаар хуяглаж, сүүлтэй найзуудынхаа дунд шумбаад орчихно. Хачин нь дэндсэн энэ аялалд харин тэр өөрөө хаан шиг жаргалтай.
Гэтэл нөгөө талд ган хийх ганц дуу гаргадаггүй ангийн чинь ноомой охин орой нь найзуудтайгаа караокэд хачин сайхан дуулж, тайзыг эзлэн бүжихийг харвал та л лав итгэхгүй дээ. Дуу, бүжиг хоёроос бусад нь хачиргүй хоол шиг санагддаг болохоор ертөнцийн чимээ, биеийн аалиар төрсөн биеэ дүүргэж явна, тэр.
Миний ч, таны ч дотор хэлж зүрхлэхгүй хүсэл нуугдаж байгаа. Хэн нэгэн сонсвол намайг юу гэх бол гэхээс эмээгээд хоосон орхисон сав бий. Тэр савыг бусдаас чадлаараа халхалж далдалдаг болохоор жавар хургаж өвчүүний цаана хүйт даана. Ганцхан энэ зүйл алган дээр минь биеллээ олбол энэ насны хэрэг бүтэх шиг халгисан их мэдрэмжийг нуудагтаа л бид өнчрөлийн айдас нөмрөн хувь тавилангийн аадраас нуугдах газар эрэн гүйлдэж байна.
Тийм л маш нарийн хүслийнхээ төлөө урсгасан нулимсыг хэн ч ойлгохгүй, угаасаа ойлгох албагүй. Биелэх ч бас албагүй. Гэсэн хэрнээ тэр зүйл дүүргэх шидтэй шигээ холдож, зугатах заяатай мэт биднийг дундална.
Ийнхүү дуслаар дундарч ядахад өрөөл бусад шүүх нь гаслантай. “Чи ингэчихвэл л жаргах гээд байна” гэж рок од шиг шивээстэй залууд хүүхэлдэйн хувцас урлахаас илүүг хийхийг ятгана. Нэгэн насны амьдралаа ганц үггүй бойтоглон өнгөрөөх нь үү гэж дуучин бүсгүйг буруутгана. Цагаан захтай залууг хамаг жаргалаа нохдын төлөө үрлээ гэж зэвүүрхэнэ. Энэ бүх “ял”, зэм бүгд харин эзнийхээ дотор мэлтэлзэн халих сэтгэлийн тагш бүхний хажууд хөндий хонгионоос хэтрэхгүй нь гайхмаар.
Чамайг л цатгадаг сэтгэлийн “хүнс”-ийг ялган зааварлахыг бусдад бүү зөвшөөр. Дотор зүрхнийхээ тайзан дээр бүжих эгшгийг өөрөө л бүтээ. Бүдэрсэн ч өөрийн замаар явсандаа харамсахгүй, аньсага жаргалантай амьдрахаас илүү тавилан хаана байна.
Хүүхэлдэйн хувцас ээрдэг ээмэгтэй эрийг шүтье. Хэнээс ч зөвшөөрөл нэхэлгүй ноход асрах залууг хайрлая. Өөрийгөө хаана дүүрдгийг мэддэг ангийн ноомой охиныг хүндэлье. Тэнд тэдний сав дүүрч, уйтгар гуниг тэнд баяр жаргалаар солигддог биз.
Эцэст нь, та мэлмийнийхээ доторх савны тагийг нээгээд нэг үзээрэй. Хоосон байна уу, “хоол”-той байна уу. Дундуургүй дүүргэх итгэлийн жороо та маш сайн мэдэж байгаа. Та өөрийгөө дүүргэж чадна, тэгэх ч ёстой. Эргэлзэхгүй байна, танд.
Сэтгэгдэл (1)