Бүгдээрээ жаал мөрөөдөцгөөе.
....Загварын нийслэл Парис хотод “Gucci”-гийн цүнхээ зөөлөн савчуулаад, “Chanel”-ийн шаахай угласан хөлийн чинь чимээ чулуун зам дээр намуухан цуурайтаж, “Dior”-ын төгс крофтой хослол өөрийг тань улам ч үзэмж төгс харагдуулж байгааг мэдрэн, Marais дүүргийн “Cafe Kitsune”-ийн гаднах жижиг ширээнд латте шимж суухад Парисын нар өөрийн тань тунгалаг арьсыг ээнэ бүлээцүүлж, гудамжаар зөрөн өнгөрөх хархүү болгон шохоорхлын харц чулуудан шиднэ....
Тансаглалын дээд, мөрөөдлийн оргил шиг сонсогдож байгаа биз? Гэвч түр азнаарай. Энэ үнэхээр тансаглал мөн үү? Магад хажуу талын ширээнд өөртэй тань адилхан цүнхтэй, гуталтай, хослолтой хэнбугай сууж байх нь бий. Ичин балмагдаад гудамжаар алхахаар шийдэн холдлоо ч гудамж, театр, үдэшлэг ер хаа явсан газарт тань адил гутал цүнхтэй хүмүүс нэлээд тааралдах нь лав. Энэ мөчид би чухам юуны төлөө ингэтлээ хөдөлмөрлөж, хумсаа хуруугаа хугалан барин зүтгэсэн юм бол оо гэх асуулт ургана. Бусдаас илүүг хийн бүтээж хөдөлмөрлөсөн байлаа ч эргээд л бусдын түвшинд очлоо гэж үү?
Тансаглал гэх үг орчин үед нэг л хийсвэр, бэлгэдлийн чанартай болжээ. Урьд цагт үнэхээр л ховор түүхий эд материалаар, ховор нарийн технологиор, ховор нандин ур чадвараар, ховорхон тоотой бүтээгдэн гардаг зүйлсийг тансаг бараа бүтээгдэхүүн хэмээдэг байсан боловчиг энэ цагт үйлдвэрлэлийн технологийн үсрэнгүй хөгжлийн улмаас аливаа барааг мянга, мянгаар нь үйлдвэрлэх хүчин чадалтай болоодохлоо. Яг л энэ мөчид томоохон брэндүүд “тансаг” гэх утгаа хадгалан, бүтээгдэхүүнийхээ чанарт гойд анхаарч цөөн тооны дээдсийн хүрээллийнхэнд хүргэх үү, эс бөгөөс мянга мянгаар нь үйлдвэрлэн нийгэмд хүргэх үү хэмээх салаа замын уулзварт тулж ирнэ. Харамсалтай нь ихэнх брэндүүд хоёр замыг нь хоёуланг нь сонгоно. Учир нь энэ нь бизнесийн маш ашигтай хувилбар болохоор……..

LV, “Chanel,” “Dior”, “Gucci”, YSL... ер хаанахын ч бай, нэг үнэтэй цүнхийг үйлдвэрлэхэд түхайн үнийнхээ ойролцоогоор 20–30 хувийн дүнтэй тэнцэх хэмжээний зардлаар л бүтдэг. Жишээлбэл, та ойролцоогоор 1000 еврогийн үнэтэй цүнх авлаа гэж бодоход тухайн цүнхийг тань үйлдвэрлэх зардал 200-аас 300 евро болдог. Гэвч бизнесийнхээ хуулиар бол олон тоотой үйлдвэрлэгдэж, зах зээлд ихээр нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүнүүд хямдхан борлуулагдах ёстой биш билүү? Ядаж л 500 еврогоор зарахад л цүнх бүрээсээ 200 еврогийн ашиг хийх бус уу?
Яг үүн дээр томоохон брэндүүдийн ихэс дээдсүүд ихэд уран тоглолт хийнэ. Тэд өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлах бүртээ олон зуун жилийн туршлагатайгаа дурдана. Өөрсдийнх нь бүтээгдэхүүнийг худалдаж авах нь өөрт тань үнэлж баршгүй үнэ цэн, нэр төрийн баталгаа олгоно хэмээн ятгана. Таны гарт хорвоог атгуулах мэт сэтгэл ханамжийг амлана. Өөрөөр хэлбэл, ердөө 200–300 еврогийн үнээр л бүтдэг цүнхээ 1000 еврогоор худалдаж автал тань элдэв сайхан уран үгээр сонорыг тань мялааж, өнгө будаг алагласан сурталчилгаагаар мэлмийг тань гийгүүлнэ. Бүр товчхондоо бол таны тархийг угаана. Нэг ёсондоо 200 еврогийн үнэтэй цүнхийг 800 еврогийн үнэтэй логотой нь (нийтдээ 1000 евро) худалдаад авчих л даа гэсэн үг.
Эдгээр сүрхий брэндүүд хэрвээ үнэхээр л тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм бол яагаад маркетингаа та бид мэтийн дундаж давхарга руу чиглүүлээд байдаг юм бол гэж та гайхаж байсан удаа бий юу?

Аль ч улсын аль ч нийгэмд баячууд хүн амынхаа цөөн хувийг эзэлдэг тул тэд нарт бараа бүтээгдэхүүнээ хүргэхийн тулд заавал ч үгүй олон сая доллар зарцуулан барин зар сурталчилгаагаа хүргэх ямар ч шаардлагагүй мэт. Хэдхэн баячуудад зориулсан тусгай үдэшлэг хийн өөрсдийн тансаг бараа бүтээгдэхүүнээ танилцуулахад л угнь зардал нь хэд дахин хэмнэгдмээр л юм. Эндээс загварын түйчээлэгч брэндүүдийн өлөн арга барил нүднээ тод томруун харагдана. Тэд үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээ ерөнхийд нь хоёр том бүлэгт хуваадаг. Эхний бүлэгт “old money” буюу удам дамжсан баячуудад зориулсан бүтээгдэхүүн, хоёр дахь бүлэгт “new money” буюу дөнгөж төрсөн шинэ баячууд болоод түүнд “горилогсдод” зориулагдсан бүтээгдэхүүнүүд ордог. Эдгээр хоёр бүлэг нь аливаа бараа бүтээгдэхүүнийг шилж сонгох арга барил, шалгуур үзүүлэлтүүд нь ихээхэн ялгаатай байдаг бөгөөд тухайн бүлэг тус бүрд зориулсан бараа болон сурталчилгааны хэлбэр, тэдгээрт хүргэх суваг зэрэг нь дагаад онхи ялгаатай болно.
“Old money” буюу төрөхдөө л баян төрсөн эрхмүүд өөрсдийгөө баян гэдгээ тунхаглах ямар ч шаардлагагүй, угаасаа баян гэдгийг нь хүрээлэл нь мэдэх учраас заавал өмсгөл зүүсгэлдээ үнэтэй брэндийн лого шигтгэн “Би баян шүү” гэдгээ зарлах шаардлага тулгарахгүй. Мөн өсөж төрөхөөсөө эд хөрөнгөтэй харьцаж сурдаг учраас брэндүүдийн элдэв “тархидалтад” өртөнө өө гэж гонж. Тэд хувцас зүүсгэл сонгон авахдаа ч өөртөө зөв хөрөнгө оруулалт хийж байна уу, эс бөгөөс зүгээр л дэмий мөнгө үрж байна уу гэдгээ байнга нягталдаг учраас харин ч их аривч хямгач, бүүр харамч ч харагдах нь бий. Тиймээс насны үнэ цэн бүтээх зүйлдээ л мөнгө зарцуулахаас 200 еврогийн цүнхийг 800 еврогийн логотой нь худалдаж авахгүй, үнэхээр л 1000 еврогоор л бүтсэн цүнхийг л худалдаж авна.

Харин “new money” буюу шинэхэн баячууд маань үүний чанх эсрэг буюу өөрсдийгөө баяжсан шүү гэдгээ алхам бүртээ илэрхийлэхийг зорино. Рекламдсан болгоныг авна, гялгар гялтгар харц булаасан бүгдийг авна, хэрхэн тансаг амьдарч байгаагаа бусдад үргэлж гайхуулахыг хүснэ. Мөнгийг бол цацах нь холгүй, энэ нь ч хүмүүст их таалагдана. Гэвчхэн шинэхэн баячууд дөнгөж дундаж давхраас л үсрэн гарч ирсэн учраас, эд хөрөнгийг үнэлэх чадвар хуучин баячуудтай харьцуулахад дутмаг учраас яг л дундаж давхарга ямар амьдралыг тансаглал гэж бодон тэр л арга барилаар тансагладаг. Тиймээс үнэндээ 200 еврогийн үнэ цэнэ бүхий цүнх байсан ч 800 еврогийн лого нь л тэдний хүсч байсан нэр төрийн баталгааг нь өгч байгаа учраас тэр л үнэ цэнэ муутай боловч үнэтэй логотой бараа бүтээгдэхүүнийг сонгоно. Энэ бүгдээс таны оюун бодолд жаахан ч гэсэн брэндүүдэд эргэлзэх бодол төрж байвал миний энэ нийтлэлийн зорилго биелж буй хэрэг. Бид хормын сэтгэл хөдлөлдөө автан үнэ цэнэгүй барааг худалдаж авах бус, жаахан ч гэсэн ухамсартайгаар хянуур худалдан авалт хийх нь чухал юм. Бидний “мулгуу” худалдан авалт бүрд шуналтай өлөн брэндүүд л хожих болохоос та бол хэзээ ч хожихгүй.
Гэснээс, алдарт “Louis Vuitton” брэндийн цүнхнүүд ямар материалаар хийгддэгийг та мэдэх үү? Мэдээж цэвэр арьсаар хийгддэг нь ч байгаа л даа, гэхдээ та бид нарт зориулж борлуулах нь юу л бол? Та бид нарт бол арьсыг санагдуулам хөвөн, маалинга, синтетик даавууг хольж хутган бүтээсэн “canvas” хэмээх материалаар бүтээгдсэн цүнхээ л борлуулах гэж адгана. Гэвч бид бүхэн арьсан ч биш цүнхийг яагаад ийм өндөр үнээр худалдаж авдаг юм болов оо? Хуучин баячуудад шоолуулахын тулд уу?