Монгол Улсаас анх удаа БНСУ-ын Тэнгисийн цэргийн академид Ерөнхий цэргийн стратеги мэргэжлээр суралцаж, тэрбээр гадаад сонсогчдоос анхны “шилдэг төгсөгч”-өөр шалгарсан, өдгөө Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 0219 дүгээр салбарын орлогчоор ажиллаж буй сургалт, цэргийн албаны офицер, ахлах дэслэгч Б.Батбаяртай ярилцлаа.
Урилга хүлээн авсанд баярлалаа. Хоёулаа ярилцлагаа таны одоо гүйцэтгэж буй албаны сонин сайхнаас эхэлье. Хөдөө ажиллах ямар байна?
Амрыг эрье. Хилийн застав хэмээх том айлын нэг гишүүн болж, сэтгэл зүрхэндээ эх орноо тээсэн аав ээжийн олон хөвгүүдтэй хамт мөр зэрэгцэн ажиллаж байгаа болохоор тун дажгүй шүү. Долоон бурхантай хамт хилээ манаж хононо. Мандах нарыг эх орныхоо торгон хилийн шугам дээрээс харах үнэхээр бахдам сайхан байдаг даа. Эх орны минь хил тайван байна.
Сонин сайхан гэвэл, Хил хамгаалах байгууллагын шилдэг офицер шалгаруулах марш тактик-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ.
Далай тэнгисгүй орны хүн Тэнгисийн цэргийг сонгосон нь их сонирхолтой санагдаж байна. Энэ мэргэжлийг сонгоход таны өөрийн хүсэл сонирхол илүү нөлөөлсөн үү эсвэл гурван үеэрээ хилийн цэргийн салбарт хүчин зүтгэж ирсэн гэр бүлийн тань нөлөө давамгайлав уу?
Хоёр орны гэрээгээр 100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломж олдсон нь миний хувьд маш том завшаан байсан. Тухайн үед би ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн хоёрдугаар дамжаанд жагсаалын дарга, ахлах түрүүч цолтой суралцаж байсан юм. Сургуулийн удирдлага, багш нар маань намайг Монгол Улсаас анх удаа БНСУ-ын Тэнгисийн цэргийн сургуульд суралцах сонсогчоор шалгаруулсан. Тэгээд аав ээжтэй маань холбогдож, энэ тухай хэлсэн байсан. Гэр бүлийнхэн маань ч дуртай байсан болохоор хүний нутаг руу хүлгийн жолоо залахаар шийдсэн дээ.
Энэ академид суралцахын тулд ямар шаардлага, шалгаруулалтыг даван туулсан бэ?
Мэдээж гадаадын сонсогчдод тодорхой шалгуур тавьдаг. Тухайлбал, солонгос хэлний түвшин TOPIK 3-аас дээш байх, мөн өөрийн эх орондоо цэргийн сургуульд нэгээс дээш жил суралцсан байх ёстойгоос гадна бие бялдар, сэтгэлзүй, хичээл сурлага гээд бүхий л талаараа шаардлага хангах ёстой юм билээ. Миний солонгос хэлний түвшин TOPIK 5-тай байсан. Монгол Улсаас анх удаа суралцаж байгаа гэдэг утгаараа өөртөө илүү өндөр шаардлага тавьж, хариуцлагатай байх ёстой гэж боддог байсан. Яагаад гэвэл миний хэрхэн суралцаж, ямар амжилт үзүүлэхээс дараа дараагийн монгол сонсогчдыг элсүүлэх эсэх шалтгаалах байсан юм. Тийм болохоор өөрийнхөө төлөө сурахаас гадна дараагийн сонсогчийн замыг нээж өгөх хариуцлага хүлээж байгаа гэдгээ үргэлж бодож, өөрийгөө илүү их дайчилдаг байсан.
Оюутан ахуй цагийн чанга хатуу бэлтгэл, мартагдашгүй дадлагын өдрүүд рүүгээ эргээд нэг өнгийвөл... Тэндээс та ямар ур чадвар, туршлага хуримтлуулав?
Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрж өссөн тал нутгийн хүүхэд болохоор гол, усанд тоглож өсөөгүй л дээ. Гэхдээ ерөнхий биеийн тамир сайтай, спорт сонирхдог болохоор сэлэхийг хурдан сурчих байх гэж бодож байсан. Гэтэл булчингийн онцлогоос шалтгаалан сэлж сурахад багагүй хүндрэлтэй байсан. Эхний хэдэн удаа бүр живж, авруулж байлаа. Гэхдээ тасралтгүй давтаж, бэлтгэл хийсний эцэст сэлж сурсан даа.
Манай сургуулийн нэг онцлог нь зуны цэргийн бэлтгэлээ дуусгаад долоо хоногийн турш далайд сэлэлтийн бэлтгэл хийдэг байсан. Эхний өдрүүдэд үдээс өмнө гурван цаг, үдээс хойш дахин гурван цаг далайд сэлж бэлдэнэ. Харин сүүлийн өдөр нь далайд таван километр сэлдэг. Сонсогчдыг сэлэх чадвараас нь хамаараад түвшинд ангилдаг. Нэгдүгээр түвшний сэлэгч болсон тохиолдолд “Lifeguard” буюу далайн эргийн аврагчийн сургалтад хамрагдах боломжтой. Би гуравдугаар дамжаандаа нэгдүгээр түвшний сэлэгч болж, тус сургалтад хамрагдаад аврагчийн тэмдэг, лицензээ авч байсан. Мөн дөрөвдүгээр дамжаандаа гурван сарын хугацаанд байлдааны хөлгөөр гадаадын есөн орны арван боомтоор аялж, дадлага хийж байлаа. Тэр үед гадаад харилцаа, хамтын ажиллагаа ямар чухал болохыг илүү гүнзгий ойлгосон. Энэ аялал, дадлага миний ертөнцийг харах өнцгийг өөрчилсөн гэж хэлж болно. Ер нь аливаа зүйлийг илүү их таньж, мэдэх тусам хариуцлага, бодох зүйлс улам нэмэгддэг юм билээ.
Шантраад буцмаар санагдаж байсан үедээ өөрийгөө хэрхэн хурцалж, урагшилдаг байв?
Нэгдүгээр дамжаанд байхдаа сагс тоглож байгаад өвдгөө бэртээж байсан юм. Тэр үе л нэлээд хэцүү байсан.
Хүн өвдөж, зовохоороо л гэрээ их санадаг юм билээ. Гэхдээ надад итгэж, найдаж байгаа гэр бүлийнхэн маань нүдэнд харагдаад шантарсан ч шүд зуун даван туулдаг байсан.
Академид суралцах хугацаанд монгол хүний тэсвэр хатуужил гэдэг ч юм уу ямар нэгэн зан чанар давуу тал болж байсан уу?
Монгол хүн тэсвэр хатуужилтай, ачаалал даах чадвартай, юмны арга эвийг олоод хурдан сурчихдаг гээд бусад орны хүмүүстэй харьцуулахад өөр байдаг юм шиг санагдсан.
Намайг солонгосчууд Батбаяр гэхээсээ илүү “Монгол сонсогч” гэж хардаг болохоор эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахын тулд их хичээдэг байсан.
Таны хичээл зүтгэл талаар болоогүйн нэг жишээ нь академийн гадаад төгсөгчдөөс анх удаа “Шилдэг төгсөгч” хэмээх шагнал хүртсэн явдал болов уу. Тэр мөчид ямар сэтгэгдэл төрж байв?
Үнэхээр сайхан байсан. Би Монголоос тус академид элссэн анхны сонсогч учраас бас анхны төгсөгч нь болж байгаа юм. Тэр тусмаа сургуулиа онц дүнтэй төгсөж чадсандаа маш их баяртай байдаг. Академи ер нь “сурлага, манлайлал, бие бялдар” гэсэн гурван зүйлийг их чухалчилдаг. Миний хувьд нийт найман улирлын хичээлээс гурван улиралд нь 4.0-ээс дээш голч дүнтэй суралцаж, гурван удаа онц сурлагатай сонсогч болж байлаа. Мөн ротын тугчин буюу бага даргаар ажиллаж байхдаа “Манлайлагч сонсогч” тэмдэг хүртэж байсан.
Ингээд манай төгсөлтийнхнөөс сурлага, манлайлал, бие бялдрын бүх шалгуурын тэмдгийг авч төгссөн ганц сонсогч нь би болсон доо.
Таны амжилтад өдөр тутам баримталдаг ямар зарчим, дадал хамгийн их нөлөөлсөн бэ. Академи дахь нэг өдрөө бидэнтэй хуваалцаач?
Миний баримталдаг гол зарчим бол хичээл зүтгэлтэй байж, хэзээ ч шантралгүй, алхам алхмаар урагшлах. “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэдэг үг байдаг даа. Тиймээс хэн ч намайг хараагүй, хянаагүй байсан ч өөрийнхөө төлөө хичээж, хийх ёстой зүйлээ хийдэг байх хэрэгтэй гэж боддог. Цэргийн сургуульд суралцаж байх үеийн өдөр тутмын амьдрал ч энэ зарчимтай минь их холбоотой байсан. Өдөр бүр бага багаар өөрийгөө хөгжүүлсээр байвал хүссэн зорилгодоо заавал хүрнэ гэдэгт итгэдэг.
БНСУ-ын Тэнгисийн цэргийн 75 жилийн ойн парадад ротын тугчнаар алхах тэр мөчид юу бодогдож байсан бэ?
Тухайн үед би ротынхоо бага дарга, тугчин сонсогч байсан. Бусад долоон ротын тугчтай харьцуулахад тугтай ёсолгоо, жагсаалын гүйцэтгэлээрээ илүү сайн байсан болохоор энэ боломж надад олдсон. БНСУ-ын цэргийн ойн баярт гадаад сонсогч ротын туг барьж алхсан анхны тохиолдол болсон. Тийм болохоор миний хувьд их нэр төрийн хэрэг байсан шүү.
Таныг эх орондоо ирсний дараа ахлах дэслэгч цол олгосон. Энэ цолыг та ямар үнэ цэн, хариуцлага гэж хүлээж авсан бэ?
Би дотоод, гадаадын цэргийн сургуульд нийт найман жил сонсогчийн амьдралаар амьдарч, онц дүнтэй төгссөн учраас хичээл зүтгэлийг минь үнэлээд ахлах дэслэгч цол олгосон болов уу. Гэхдээ шинэ төгссөн офицер ахлах дэслэгч цол зүүгээд хилийн заставт ирнэ гэдэг асар их хариуцлага байдаг юм байна. Тийм болохоор цаг ямагт бүхнийг сайн хийх гэж хичээж явна. Ер нь цэргийн хүн гэдэг эх орныхоо төлөө тангараг өргөж, залуу насаа эх орондоо зориулдаг шүү дээ.
Солонгост сурч, амьдрах хугацаанд амьдралынхаа нэг хэсэг болгож, улмаар Монголд авч ирж, одоо ч хэрэгжүүлж буй соёл эсвэл дадал хэвшил бий юү. Ер нь монгол хүн Солонгост амжилттай суралцаж, ажиллахын тулд хамгийн түрүүнд ямар зан чанар, дадлыг өөртөө бий болгох хэрэгтэй гэж боддог вэ?
Солонгос улс бол их соёлын орон шүү дээ. Миний хувьд тэндээс хүнийг хүндлэх, ёс зүйтэй байх, бусадтай зөв харилцах чадварыг сайн сурсан гэж боддог. Ер нь хүмүүс хоорондын харилцаа их чухал юм шиг санагдсан. Хүнтэй сайхан мэндэлж, зөв боловсон харилцдаг байх хэрэгтэй гэж боддог. Мөн хувийн зохион байгуулалттай байх нь чухал юм билээ.

Солонгос улсад эзэмшсэн мэдлэг, туршлагаа Монгол Улсынхаа зэвсэгт хүчин, хил хамгаалахын салбарт хэрхэн ашиглаж, ямар хувь нэмэр оруулахыг хүсэж байна вэ?
Миний мэргэжил ерөнхий цэргийн тактик. Тийм болохоор цаашдаа сурч мэдсэн зүйлээ улам гүнзгийрүүлэн судалж, улсынхаа батлан хамгаалах салбарт хэрэгтэй цэргийн бодлого, стратеги боловсруулдаг хүн болохыг зорьж байгаа. Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал хурцдаж, дайн мөргөлдөөн үргэлжилж буй энэ үед зөв бодлого, зөв стратегитай улс л аюул, эрсдэлээс хол байх болов уу.
Гадагшаа явж сурах хүсэлтэй ч “Би чадах болов уу” гэж эргэлзэж буй залууст хандаж хэлэх үгээр тань ярилцлагаа өндөрлөе?
Зорилготой бас өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. “Чадахгүй” гэж бодвол чиний зөв, “Чадна” гэж бодвол бас л чиний зөв. Боломжгүй зүйл гэж үгүй шүү дээ. Тийм болохоор бүх зүйлд аль болох эерэг хандаж, зорилгынхоо төлөө өдөр бүр бага багаар хичээж хөдөлмөрлөхөд хэзээ нэгэн цагт заавал биелнэ шүү. Хэцүү үе гарахад хэзээ ч битгий бууж өгөөрэй. Тийм үед асуудлаа яаж шийдэх вэ гээд шууд суухын оронд эхлээд жаахан тайвширчих эсвэл гараад сайхан гүйчих. Тэгээд дараа нь бодож байгаад асуудлаа шийдэж байгаарай гэж зөвлөмөөр байна.
Эх орны минь хил халдашгүй тайван байж, эгэл ард маань эрүүл энх, саруул сайхан байх болтугай. Монгол Улсын төлөө зүтгэе.
