Хүүхэд бүр сурагч болох гараанаасаа эхлээд мэргэжлээ бодож эхэлдэг. Харин ерөнхий боловсролын сургуулиа төгсөхдөө амьдралынхаа гол дүрийг хэдийнэ сонгочихсон байдаг. Гэтэл 2-3 жилийн өмнө хүүхдүүд шалгалт өгч, их, дээд сургуульд элсч ороод мэргэжлээ 1-4 курс хүртлээ судалж байж энэ шийдлийг гаргадаг байжээ. Харин одоо энэ систем өөрчлөгдөж, оюутны ширээнээ 1-2-р курсдээ тухайн мэргэжлийнхээ ерөнхий эрдмийг үзээд, 3-р курсээсээ эхлэн мэргэшдэг тогтолцоо хүчээ авсан байна. Энэ бол өсвөр насныхныг яг одоо хэн болохоо шийд, цаг хугацаа чамайг хүлээхгүй гэдгийг сануулж буй нэгэн дохио билээ.
Чиний мэргэжил хэнийх вэ?
Мэргэжил сонголт хүний амьдралд 13-14 насанд нь эхэлдэг гэж сэтгэл зүйч нар үзэж байна. Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлж байдаг бөгөөд хамгийн чухал нь сэдэл хэмээн Хэрэглэгээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйч Ц.Шүрэнцэцэг нэгэнтээ ярьжээ. Үүнд эцэг эхийн нөлөөлөл байна уу, тухайн мэргэжлийн зөвхөн нэр, цалинд болоод байна уу, эсвэл тухайн хүүхэд өөрөө үнэхээр сонирхоод байна уу гэдгийг тодорхойлох нь хамгийн эхний алхам аж. Үүнийг мэргэжлийн сэтгэл судлаач, мэргэжлийн оношлогооны багаж төхөөрөмжөөр судалж тодорхойлж гаргаж ирдэг. Түүний хэлснээр өсвөр насныхан нийгэмд түгээмэл мэргэжлийг сонгох хандлагатай байна. Учир нь түгээмэл мэргэжил учраас мундаг, сайн гэж тэд тооцоод байгаа хэрэг. “Хэдхэн жилийн өмнө гэхэд уул уурхайнхан, эдийн засагч, хуульчид нийгмийн эрэлт, хэрэгцээг хангачихлаа. Энэ мэтээр түгээмэл байгаа мэргэжлүүд сайн гэж хүүхдүүд боддог ч амьдрал дээр тэр хэрээрээ сайн буудаггүй. Хоёрдугаарт, хүүхдүүд гэр бүлийнхээ уламжилж ирсэн мэргэжлийг илүүтэйгээр сонгож байна. Гуравдугаарт, олны танил телевизийн хөтлөгч, жүжигчин зэрэг мэргэжлийг сонгох тал ажиглагдаж байна” гэж сэтгэл зүйч Ц.Шүрэнцэцэг www.mongoljingoo.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Өөрөөр хэлбэл, таны мэргэжил таных л байх ёстой. Таны аав, ээж, ах дүү, эсвэл нийгэмд нэр хүндтэй хэн нэгэн энэ ажлыг хийдгээс биш, харин таны өөрийн чинь сэтгэлийн дуудлага, үүнийг би чадна гэсэн тэр эрмэлзлэл, хамгийн гол нь үүнд та дуртай, үүнээс та өөрийгөө олж авч чадаж байгаа бол энэ таны мэргэжил.
Ямар мэргэжил эрэлт, хэрэгцээтэй болох вэ?
Хэн ч харсан өнөөдөр илүү нарийн мэргэжлийн мэргэжлүүд ирээдүйд үнэ цэнэтэй болох нь ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, ерөнхий биш илүү нарийсах тусам тухайн мэргэжил эрэлттэй болно гэсэн үг. Уул уурхайнхан, эмч нар, бүр сэтгэл судлаачид хүртэл илүү нарийн мэргэжлээр мэргэшиж байгаа нь үүнийг батлах мэт.
Дуртай зүйл нь мэргэжлийг тань тодорхойлох уу?
Нэг талаараа тийм, бас үгүй. Энэ бол эцэг эх болон хүүхдүүдийн дунд гардаг хамгийн том зөрчил, үл ойлголцол юм. Эцэг эх нь өөрсдийнхөө нүдээр харж хүүхдэдээ ирээдүйг нь бодоод мэргэжил санал болгодог. Харин хүүхдүүд өөрсдийнхөө сонирхолд тулгуурладаг. Судлаачдын зүгээс тухайн хүүхэд сонирхолдоо тулгуурлан ирээдүйд эрэлт хэрэгцээтэй байх мэргэжлийг сонгох хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгч байна. Ганц сонирхлоо дагах бус, ирээдүйд эрэлт хэрэгцээтэй байх уу, үгүй юу гэдгийг судлах нь бас чухал аж. Сонирхол гэдэг цаг хугацаа, орон зайн баримжаанаас шалтгаалаад өөрчлөгдөж болдог гэдгийг ч бас бодолцох хэрэгтэй юм.
Эцэг эхчүүд, асран хамгаалагчдад хаяглах нь
Эцэг эхчүүд маань мэргэжил сонголтын талаарх мэдээллийг хүүхдээсээ дутахааргүй сонирхож, судалж байх хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс нь хэлж байна. Ажиглаж байхад, асран хамгаалагч нар өөрсдийн хүрээлэлд байгаа мэргэжлээ л хүүхэддээ санал болгодог аж.
Гэтэл хэдэн мянгаар тоологодох энэ олон ажлын талбар үнэн хэрэгтээ таван үндсэн бүлэгт хуваагдаж байна. Хүн, техник, байгаль, шинжлэх ухаан-хэл бичвэр, урлаг гэсэн энэ таван салбар нарийн мэргэшиж байгааг ч дуулгах нь зүй.
Иймд ээж аав, асран хамгаалагч хэн бүхэн хүүхэддээ тухайлан цаг гаргаарай. Таны хүүхэд төгсөх ангийнх бол долоон хоногоо байг гэхэд ядаж сардаа нэг удаа тухайн мэргэжлийг судлах, тэр мэргэжлийн талаар хүүхэдтэйгээ ярилцдаг байх нь амжилттай мэргэжил эзэмших түлхүүр нь юм.
Зарим гэр бүл хүүхэддээ өөрийнхөө зүгээс мэргэжил тулгадаг. Судалгаагүй, мэдээлэлгүйгээр мэргэжлийг нь тулгаснаар тухайн хүүхэд буруу шийдвэр, буруу сонголт хийхэд хүргэдэг гэдгийг сэтгэл зүйч нар онцолж байна. Үнэн хэрэгтээ мэргэжил сонголт гэдэг маань ганц конкурс өгөөд болчихдог зүйл биш, сонгох гэж байгаа мэргэжлээрээ яаж ажиллах, тухайн мэргэжлээр өдрийн найман цагаар ажиллахад юу юу хийдгийг ажлын байран дээр нь харуулж, үзүүлэх хэрэгтэйг та мэдэх үү. Та хүүхдийнхээ сэтгэл зүй, онцлог, сонирхол, хүсэл тэмүүллийг нь мэддэг байх хэрэгтэй. Мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авч, сэтгэл зүйчтэйгээ сардаа нэг удаа ч юм уу уулзах зэргээр эргэх холбоотой явбал тухайн хүүхдийн зөв шийдвэрт нөлөөлж чадна гэдгийг Ц.Шүрэнцэцэг сэтгэл зүйч хэлэв.