Н.Энхсайхан: Амжилтын ширээнд суух сандал байхгүй бол сандлаа аваад оч

Н.Энхсайхан: Амжилтын ширээнд суух сандал байхгүй бол сандлаа аваад оч

Бүсгүй та өөдлөн дэвжих гэртээ байна уу? Аль эсвэл хэн нэгний босгосон тасалгааг түрээслэн сууна уу? Энэ асуултад  хариулах эрхэм нэгнийг “Өрөөний зочин” буландаа урьснаа уншигч тантай хуваалцахад таатай байна.

Эх орныхоо ирээдүй хойчийг хиймэл оюуны салбарт хүчирхэг өрсөлдөгч болгон “бойжуулах” энгүй зорилго, эрч хүчээр түүчээлсэн “Эмпасофт” технологийн сургуулийн дэд захирал Н.Энхсайхантай уулзлаа. Сэтгүүлч, зохиолч мэргэжлээс технологийн салбарт хөрвөн орж, дэлхийн мянга мянган эмэгтэйг орчин цагийн хөгжлийн оргилд хөтөлсөн “Women In Tech” хөдөлгөөний Монгол дахь салбарын тэргүүн гэдгээр нь бид түүнийг сайн мэднэ. Хиймэл оюун манай гаригийн маргаашийг тодорхойлох эрин үед эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, үүнээс улбаалах нөлөөллийн талаар бид ярилцсан юм.   

- Та саяхан Японы Осака хотноо болсон Дэлхийн “Women In Tech” хөдөлгөөний дөрөв дэх удаагийн чуулганд оролцоод ирсэн. Аяны богцоосоо хуваалцаач? 

- “Women In Tech” хөдөлгөөний дөрөв дэх чуулганд оролцлоо. 60 гаруй улсад төлөөлөлтэй энэ том байгууллагад бид 26 дахь улсаар нь бүртгүүлээд гурван жил болсон байна. Өнгөрсөн жил бид Парис хотноо болсон чуулганаас “Social and Digital Inclusion Award” хэмээх шагнал хүртсэн. Энэ удаагийн “Women In Tech” чуулга уулзалтын чухал сэдэв нь “Хиймэл оюун дахь эмэгтэйчүүдийн оролцоо” юм. Уг чуулганаар дэлхийн томоохон компаниуд хиймэл оюуныг хэрхэн хөгжүүлж байна, үүнд эмэгтэйчүүдийн оролцоо хэр байгааг хэлэлцсэн. Эндээс хиймэл оюуны хөгжилд эмэгтэйчүүд минь жаахан хоцрогдоод байгаа юм уу даа гэдгийг мэдэрч байна. Эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр энэ технологи хөгжихийн хор уршиг юу вэ гэдэг бас их чухал сэдэв. Тиймээс бид энэ чуулганаар Осака протоколд гарын үсэг зурлаа. Ингэснээр 2030 онд таван сая охид эмэгтэйчүүдэд нөлөөлнө гэсэн зорилго маань илүү хурдсах боломж бүрдэж байна. Ялангуяа ядуурлыг бууруулах, боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг дээшлүүлэхэд эмэгтэйчүүдийн хиймэл оюуны хэрэглээ маш чухал нөлөөтэй учраас дээрх протокол цаг үеэ олсон явдал байлаа. 

- Эмэгтэйчүүд хиймэл оюуны салбарт ямар байр суурь эзэлж байна вэ?

- Хоёрхон хоногийн өмнө би “Тесла” компанийн цэвэр хиймэл оюунаар бүтээсэн зар сурталчилгааг үзлээ л дээ. Тэнд дунд сургуульд хичээл орж байгаа багш нь эмэгтэй хүн байна. Гэтэл нисгэгчийн тухай өгүүлэхэд тэр нь аав байна гэж автоматаар сонгогдож байна. “Тесла” машиныг зохион бүтээгч, хурд хүчинд дуртай хүн нь өөрөө хүү байх юм байна гээд хиймэл оюун сонгоод, хүү нь аав шигээ болох юм сан, хурд хүчний гайхамшгийг мэдрэх юм сан гэдэг сурталчилгаа гаргаж байна. Тэр сурталчилгаанд хэзээ ч эмэгтэй хүүхэд “Тесла”-гийн машиныг унаад явна гэж харуулахгүй байна. Бид үүнийг л хэлээд байгаа юм. Ингэж хиймэл оюун хүртэл хөгжүүлж байгаа сурталчилгаандаа охин хүүхдийг багтаахгүй болохоор тэр салбарын шинжлэх ухаанд охид дурлахгүй шүү дээ. Хор уршиг нь ерөөсөө л энэ юм. Улмаар эмэгтэйчүүдийн оролцоогүй хөгжсөн аливаа контент, технологи өөрөө эмэгтэйчүүддээ ээлгүй бүтээгдэхүүн болж гарч ирэх гээд байна.

 

- Энэ салбарт эмэгтэйчүүд хүч түрэн орохын тулд өөрийгөө дайчлах хэрэгтэй байх. Гэтэл эмэгтэйчүүд маань өөрийнхөө төлөө ямар нэг юм хийх гэхээр саад бэрхшээл ер мунддаггүй. Тэр өвдчихсөн, хүүхэд авах хүн байхгүй гээд л. Энэ бүхэн бид технологийн салбарт эрчүүд шиг хүч түрэн ороход саад болоод байна уу. Та юу гэж бодож байна? 

- Би хиймэл оюуны хэрэглээний сургалт явуулаад дөрвөн сар боллоо. Миний сургалтад ойролцоогоор 500 гаруй хүн суусан байна. Тэдний 30 хувь нь эмэгтэй, үлдсэн нь эрэгтэйчүүд. Тэр эрчүүд маш сайн сурдаг, багш даалгавар өглөө дор нь хийнэ. Юунд хөрөнгө оруулснаа маш сайн мэдэрч, үр дүнгээ ч гаргаад байгаа нь ажиглагддаг. Тэгэхэд эмэгтэйчүүд маань таны хэлсэн өнөөх бэрхшээлүүдээсээ болоод хичээлдээ олигтой хамрагдаж чаддаггүй. Энэ үнэхээр бодит үнэн. Гэтэл өнөөх сургалт нь өдөрт ердөө 20-хон минут. 20-хон минут аягаа угааж байхдаа сонсчихоод гар утсаа эсвэл компьютероо гаргаж ирээд хийчихэж болно л доо. Яг сурах ёстой юм байна гэдгээ маш сайн мэддэг хэрнээ юунд хөрөнгө оруулж байгаагаа хагас дутуу ойлгоод байх шиг байгаа юм. Дийлэнх нь энэ технологийг хэрэглээд орлогоо нэмэгдүүлнэ гэдэг, зөв шүү дээ. Энэ олон хэрэглүүр, tool-үүдийг хэрэглэчих юм бол компанийн постер, рийл, вебсайт хийгээд сурчих юм бол орлого нь нэмэгдэх үү? Нэмэгдэнэ гэдгээ сайн ойлгочихсон хэрнээ дахиад л өөрөө өөртөө цаг зарцуулах дээр шалтаг тоочдог. Эмэгтэй хүнтэй, хүнгүй, хиймэл оюуныг монголчууд ойлгодог, ойлгодоггүйгээсээ үл хамаараад урагшилсаар л байна. “Эмпасофт” сургуульд орж ирж байгаа оюутнуудын дийлэнхийг ээж нь хөтөлж орж ирдэг. Яг ямар хүүхдүүд нь гайгүй сураад байна гэхээр ээж их нөлөөлсөн хүүхдүүд л сайн яваад байгаа. Үнэхээр та бүгд үр хүүхдүүдээ, Монголын хойч ирээдүйг сайн явуулъя гэж бодож байгаа бол өөрсдөө л үлгэр жишээ нь бол. Мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Ингээд хүүхдэдээ анхаарал хандуулаад байгаа юм шиг боловч тэр эмэгтэй өөрийгөө хөгжүүлж байгаа хэлбэр нь юм. 

- Тэгвэл бид өөрийнхөө төлөө, ирээдүй хойчийнхоо төлөө технологийг тийм хэцүү зүйл гэж харахаа болих ёстой юм байна. Яг ингэж өөрийнхөө харах өнцгийг өөрчилснөөр бид өөртөө ямар боломж, хөгжлийг бий болгож чадах бол?

- Бүсгүйчүүд өөрийгөө зоригтойгоор өөрчлөх олон гарц байдгийн нэг нь технологи. Миний танилууд дотор технологийн салбарт амжилттай яваа эмэгтэйчүүд олон бий. Та ямар ч орчинд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж болно. Гэвч хаана ч хүлээн зөвшөөрөгдөх гэдэгтэй санхүү тасралтгүй холбоотой байдаг. Санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн эмэгтэй хэр баргийн юманд шунахаа больчихдог. Эмэгтэй хүнийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх нэг зүйл бол мэдлэг боловсрол. Мэдлэг боловсролтой, мөнгөтэй байх үед эмэгтэй хүн өөрийн эрхгүй хүчирхэг болоод эхэлдэг. Тэглээ гээд хажуудаа байгаа эр хүнээ гоочлоод, арчаагүйгээр нь дуудаад байж болохгүй. Эр хүн ч бас орон гэртэй, өөрийн гэсэн өрөөтэй шүү дээ. Хаана тэнцвэртэй байх вэ гэдгээ эмэгтэй хүн л ойлгох ёстой. Эрчүүдийн өрөөний хаалгыг хэзээ онголзуулах вэ, хаана нь дэмжээд явах вэ гэдэг л ухаан хэрэгтэй. 

 

- Технологийн талбарт эмэгтэйчүүдийн давуу талыг бий болгож буй ажил мэргэжил юу байна. Эмэгтэйчүүдээс өөр хэн ч хийж чадахааргүй тийм талбарууд гэвэл та юуг нэрлэх вэ?

- Эмэгтэй хүнд нэг гайхамшигтай ур чадвар байдаг юм. Нэг гараараа хүүхдээ тэвэрчихсэн, чихэндээ утсаа хавчуулчихсан, нөгөө гараараа  халуун зуухан дээр хоол хийнгээ тэнд нөхрийн оймс хаана байгааг хэлж өгдөг хүнийг эмэгтэй хүн гэдэг. Яг энэ ажлыг эрчүүдээр хийлгээд үз. Хүүхдийг нь тэврүүлээд чихэнд нь утсыг нь хавчуулаад, энд халуун тогоон дээр хоол буцалгаад угаалгын машин дотроос юм гаргаарай гэх юм бол чадахгүй байхгүй юу. Бас эмэгтэй хүн хэзээ ч хүүхдээ дутуу хооллодоггүй, хоолыг дутуу чанадаггүй, гэрээ дутуу цэвэрлэдэггүй. Яагаад гэхээр үүнийг төгс хийж байж миний гэр бүл эрүүл, аюулгүй байх юм байна гэдэг тооцоолол эмэгтэй хүний ухаанд л байдаг. Энэ ухаан, энэ нарийн ур чадвар технологийн компаниудад үнэхээр хэрэгтэй. Хөгжүүлэгч ажлаа хийж, системийг нь угсарсны дараа хэрэглэгчийн захиалга орж ирлээ, санхүүгийн баг ажиллаад хуулийн багийн талаас зөвлөгөө өглөө гэдгийг дээрээс нь хардаг ажлыг яг саяын хүүхдээ тэвэрч байгаа эмэгтэйгээр л зүйрлэчих юм. Харин код бичдэг ажлаа эрчүүд маань хийчих, чадна, угаасаа маш их тэвчээр орно. Энд эр хүний нэг л юм руу анхаарсан бол дуустал нь хийдэг тэр гайхалтай чанар хамгийн чухал. Маш олон төслүүд амжилттай яваад байгаа чинь ердөө л энэ байхгүй юу. 

- Та сэтгүүлч мэргэжилтэй, ном бичиж, “Гүнж” төвтэй ч хамтарч охид бүсгүйчүүдэд хандсан үйл хэрэг олныг хийж явсан. Хэн ч таныг технологид ингэж урваж ороод технологийг ойлгоод, Цоогий чи ч гэсэн программ бичиж чадна шүү дээ гээд зоригжуулна гэж төсөөлөөгүй байх. 

- Технологийн компанид анх сургалтын менежерээс ажлаа эхэлж байлаа. Алив зүйлийг зохион байгуулна гэдэг сэтгүүлч хүний анхны өгөгдөл байдаг. Гэвч хамгийн түрүүнд тулгарсан энгийн асуудал нь технологийн компанийн сургалт хариуцсан хүн нь эмэгтэй байна гэдэг боломжгүй гэхээр зүйл байхгүй юу. “Танд нээлттэй эхийн системийн ийм сургалт санал болгох гэсэн юм” гэхэд өөдөөс “Чи өөрөө наад сургалтаа ойлгож байгаа юм уу” гэх хандлага ажиглагдсаар байсан. Ингэж хэлүүлэхгүйн тулд хичээхээс аргагүй болно. Би нэгэнт кодны учрыг мэдэхгүй, программын хэл ч ойлгохгүй, бас систем, сүлжээ, аюулгүй байдал нь ямар учиртайг ойлгохгүй бол сургалтаа зарж чадахгүй шүү дээ. Ингээд энэ бүхнийг ойлгохын тулд найман сар тасралтгүй ширээнийхээ цаана суусан. Надад ажиглагдсан зүйл нь манай сургалтад сууж байгаа хүмүүс дунд эмэгтэй хүн байхгүй байсан. Технологийн салбарт эмэгтэйчүүд сурах өрөө нь байгаагүй. Анхнаасаа байгаагүй тэр орон зайг хэн ч тэдэнд өгдөггүй юм байна. Байгууллагын удирдлагууд Болдоог энэ сургалтад суулгачихвал ганц хоёр жилийн дараа манай ахлах инженер болчихно гэж тооцоолдог. Гэтэл Цэцэгээг суулгах гэхээр жирэмсэн болоод амаржсаны чөлөөндөө явчихаар тухайн байгууллагын оруулсан хөрөнгө оруулалт үр дүнгүй болчихно. Ингээд л Болдоог сонгоно. Цэцэгээд зориулсан орон зайг бий болгохын тулд өөрийнхөө орон зайгаа олчихсон Алимаа, эсвэл Сарааг авчраад харуулах шаардлага үүссэн. “Амжилт гэдэг ширээнд угаасаа чамд сандал байхгүй. Хэн нэгэн сандал гаргаж өгөхийг хүлээхгүйгээр өөрөө сандлаа чирээд оч” гэдэг үг байдаг. Тэгэхээр уншиж байгаа охид эмэгтэйчүүддээ хэлэхэд, хэн нэгэн хүн надад боломж өгнө гэж хэзээ ч битгий хүлээ. Тэнд сандал байхгүй бол сандлаа чирээд оч, өөртөө боломж бий болгосон хүнд гаргалгаа заавал байдаг. 

- Болдоо шиг сонгогдохгүй байх шалтгаан нь эмэгтэйчүүд бид өөрийгөө бусдад зориулах хандлагатайгаас болоод байна уу гэж хардаг. Сүүлдээ энэ хандлагадаа бүр шумбаж ороод өөрийгөө мартах нь ч энүүхэнд. Өөрийнхөө төлөө ямар нэг зүйл хийхээр гэм хийчихсэн юм шиг хэцүү санагдах жишээтэй. Ийм мэдрэмжтэй яваад байдаг нь бидэнд нөлөөлөөд байна уу?

- Үнэхээр хэн нэгний гэргий болъё гэж байгаа бол энэ маш том шийдвэр. Хэн нэгэнтэй ханилаад хүүхэдтэй болъё гэвэл энэ бүр том шийдвэр. Тэр гэр бүлийг цогцлоох хос баганын нэг нь байя гэвэл аль аль нь үүрэг хариуцлагаа тэнцүү л хүлээх ёстой. Би өөрөөрөө жишээ авъя. Би технологийн компанийн захирал, “Эмпасофт” хэмээх бүхэл бүтэн сургуулийн хамтран үүсгэн байгуулагч, дэд захирал, “Women In Tech”-ийн Монгол дахь Элчин сайд, олон улсын көүч гэж хэлчихээд гэртээ аягаа угаахгүй байж болохгүй. Яагаад гэхээр би үүнийг зөвшөөрсөн. Миний хэн байхаас үл хамаараад би гэртээ ээж хүн. Миний нөхөр бас ялгаагүй, мундаг бясалгагч иогийн багш байлаа гээд гэртээ зурагт үзээд суухгүй байхгүй юу. Ялгаагүй, би өнөөдөр дэлхийн мянга мянган эмэгтэйчүүдийг чадавхжуулах гээд явж байх үед нөхөр маань хүүхдээ харах нь түүний үүрэг. Үүнийг маш олон залуу гэр бүл анхнаасаа ойлголцох ёстой. Чи эхнэр учраас ингэх ёстой, би эр нөхөр учраас ингэх ёстой гэх юм бол хэн хэндээ хөгжих боломж өгөхгүй. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоёулаа зэрэг хөгжиж байх ёстой. Би тэгж ойлгодог. Чиний хэн байхаас үл хамаараад тэр гэр бүл аз жаргалтай явах ёстой байхгүй юу. Та нийгмийн үнэ хүнд, алдар гавъяа, элдэв титэм зүүлтээ үүднийхээ гадна орхиод гэртээ үүргээ үүрээд л ороод ир. Гэртээ аз жаргалаар л орохыг зөвшөөр. Бусад нь гэрийн гадаа үлдэх ёстой. Энэ миний дүрэм. 

- Манай сайтын уриа бүсгүйчүүдийг амжилтын ертөнцдөө өөрийн гэсэн өрөөтэй болгох, хөгжиж дэвжихэд нь туслах нийтлэл, сурвалжилга бэлтгэх. Тэгвэл таны өрөө хаана байдаг вэ?

- Би чинь ерөнхийдөө дижитал номад буюу цахим нүүдэлчин шүү дээ. Дуртай газраасаа ажиллаад, дуртай үедээ онгоцныхоо билетийг аваад л явна. Тэр үед миний хань намайг үнэхээр их дэмждэг. Гэрээсээ 100 хувь ажиллах боломж надад байдаг ч гэртээ удаад эхлэнгүүт манай хүн “Миний хань орчноо нэг солино уу даа, эс бөгөөс гэр маань Эмпасофт болчих гээд байна аа. Чамд хүнд заах удирдах чиглүүлэх шаардлага хэрэгцээ байгаад байна, үүнийгээ хийнэ үү дээ. Тэгвэл олон эмэгтэйн амьдралд өгөөж болно доо” гэдэг. Ингэхээр эмэгтэй хүн өөр лүүгээ эргэж харах шаардлага гарчихаад байгаа биз? Би чинь төрөлхийн халамжлагч юм уу, эсвэл өгдөг нь, үгүй бол авдаг нь юм уу эсвэл би бүр төрөлхийн ээж юм уу гэдгээ өөрөө их сайн ойлгох хэрэгтэй. Манай найз “Momade” үүсгэн байгуулагч Бадмаа төрөлхийн ээж хүн учраас түмэн олон ээжүүдийг цуглуулж түмний хүүхдийн сайн сайхны төлөө бизнес хийж байна. Харин би бол төрөлхийн ээж хүн биш байхгүй юу. Би чинь төрөлхийн багш удирдагч хүн байхгүй юу. Миний өрөө манай гэрт байхгүй, уучлаарай, хурлын танхим, олон улсын уулзалтын тайз миний өрөө. Онгоцны буудлын лоунж миний өрөө. Өрөөгөө олчихсон болохоор хэнд ч гомдоллохгүйгээр ажлаа хийгээд байна. Тэгэхээр эмэгтэйчүүд бусад шиг, эсвэл Энхсайхан шиг байя гэж мөрөөдөөд ч хэрэггүй, болохгүй. Яагаад гэхээр тэр өрөө өөр газар байгаа, өөрийн гэсэн өрөөгөө л олох хэрэгтэй. Виржиниа Вүүлф яагаад эмэгтэйчүүдийн орон зай, өрөөний тухай ном бичсэн юм, тэр хүний өрөө нь зохиол бүтээл байсан юм. Тиймээс л бүхэл бүтэн бүтээлээ бидэнд үлдээсэн байна шүү дээ. 

- Хоёулаа Монгол залуусаа дэлхийд таниулах үйлсэд нэгэн гарц нээж буй “Эмпасофт” технологийн сургуулийн тухай ярилцъя. Танай сургуульд хэчнээн охид, эмэгтэйчүүд суралцаж байна вэ? 

- “Эмпасофт” мэдээлэл технологийн сургуулиа “Идэр” их сургуулийн нөмөрт байгуулаад хоёр дахь элсэлтээ аваад 60 оюутантай үйл ажиллагаа явуулж байна. Сургууль байгуулж байхад оюутнуудын ердөө аравхан хувь нь охид байсан бол одоо энэ тоо 30 хувьд хүрлээ. Энэ үзүүлэлтээ 50 хувьд хүргэхээр зорьж байна. Бид өнгөрсөн жил 21 аймгаар аялж 10 мянга гаруй хүүхэд залуучуудтай уулзлаа. Тэдний маань ялгаагүй 50 хувь нь охид байна. Охид орж болдоггүй салбар байдаггүй юм шүү гэдгийг таниулахаар ажилласаар байна. 

- "Эмпасофт" технологийн сургуулийн оюутнуудаас одоо хаана ямар ажил эрхэлж байгаа талаар мэдээлэл хуваалцахгүй юу? 

- Одоо 60 оюутантай гэдэг маань гурван жилийн дараа ойролцоогоор 500 суралцагчтай болно гэсэн үг шүү дээ. 2024, 2025 онд есөн оюутан гадагшаа сурахаар явлаа. Хоёр оюутан маань оюутан солилцоогоор, дөрвөн оюутан маань зуны хөтөлбөрт явлаа, гурван оюутан энэ жил Япон улсад танилцах дадлага хийхээр мордоно. Ер нь манай хүүхдүүдийг хоёрдугаар курс төгсөнгүүт ажилд аваад эхэлдэг юм. Дадлага нэрийн дор цалинтай ажилд аваад эхэлсэн байна. Энэ зөвхөн “Эмпасофт”-д тохиолдоод ч байгаа юм биш, бусад бүх сургуулиас технологийн мэргэжлээр сурч байгаа оюутнуудыг нь шүүгээд шигшээд авчихдаг боллоо. Би Монголынхоо ирээдүйг маш гэгээлэг, итгэл дүүрэн хардаг. Манай сургуульд хүүхдээ найдаад өгч байгаа эцэг эхчүүдийн нүдэнд ч тэр итгэл үнэмшил тод мэдрэгддэг. Учир нь технологи гэдэг өдөр, цагтай уралдан хөгжиж байна шүү дээ. 

- Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

(66.181.161.60) 2025-05-29 20:44:09
Энхсайхан эгчээр маш их бахархдаг шүү
(66.181.161.60) 2025-05-29 20:43:48
Баярлалаа