Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Жендэрийн тэгш байдлын элч – Монголын энхийг сахиулагчид” төсөл нь энхийг сахиулах ажиллагаанд жендэрийн мэдрэмжийг нэвтрүүлэх, хүний эрхэд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилготой байлаа.
Төслийн хүрээнд 22 энхийг сахиулагч Словенийн Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвд хамрагдаж, жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийн манлайлагч болж бэлтгэгдсэн. Тэд эх орондоо эргэн ирээд Зэвсэгт хүчний 80 гаруй жендэрийн асуудал хариуцсан алба хаагчдыг чадавхжуулж, 200 гаруй ахлах офицерт жендэрийн мэдрэмжтэй шийдвэр гаргах сургалт зохион байгуулжээ.
Төсөл нь эмэгтэй алба хаагчдын манлайллыг дэмжих, жендэрийн тэгш байдлыг бодит ажил хэрэгт тусгах чиглэлд тодорхой өөрчлөлт авчирсан байна. Энхийг сахиулагчдын энэхүү манлайлал нь Монголын Зэвсэгт хүчний дотоод соёлд төдийгүй олон улсын тавцанд ч эерэг үнэлгээ авч байгаа юм.
Европын Холбоо болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хэрэгжсэн энэхүү төсөл нь энх тайван ба тэгш байдлын төлөөх хамтын зорилгын бодит илэрхийлэл боллоо.