MI6-г эмэгтэй хүн удирдах цаг ирлээ

MI6-г эмэгтэй хүн удирдах цаг ирлээ

Их Британийн гадаад тагнуулын алба MI6 116 жилийн түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай болох гэж байна. Тус байгууллагын Технологи, инновацын хэлтсийн захирлаар ажиллаж буй Блэйз Метревели энэ оны сүүлчээр MI6-ын дарга буюу “С”-ийн албан тушаалыг хүлээн авч, байгууллагын 18 дахь тэргүүн болно. Түүний энэ томилгоо нь зөвхөн тагнуулын ертөнцөд төдийгүй эрэгтэй давамгай институцийн дээд түвшинд эмэгтэй хүний манлайлал хүлээн зөвшөөрөгдөж, бодитой хэрэгжиж буйг илтгэсэн түүхэн үйл явдал болж байна.

Метревели 1999 оноос хойш MI6-д ажиллаж ирсэн бөгөөд үүнээс өмнө дотоодын аюулгүй байдлыг хариуцдаг MI5 байгууллагад ажиллаж байсан туршлагатай аж. Кембрижийн их сургуульд антропологийн чиглэлээр суралцсан тэрбээр Ойрхи Дорнод, Европын бүс нутагт олон жил ажиллажээ. “MI6 бол Британичуудын аюулгүй байдлыг хангаж, гадаад дахь ашиг сонирхлыг хамгаалдаг байгууллага. Би энэ чухал үүргээ эрэлхэг офицерууд, агентууд болон олон улсын түншүүдтэйгээ хамтран биелүүлэхэд бэлэн байна” хэмээн Метревели хэлснийг BBC мэдээлэв.

Их Британийн Ерөнхий сайд Киир Стармер Метревелигийн томилгоог “түүхэн үйл явдал” хэмээн нэрлэж, “Тагнуулын байгууллагын үүрэг хэзээ хэзээнээс илүү чухал болсон энэ үед Метревелигийн манлайлал бидэнд онцгой ач холбогдолтой” гэжээ. Харин MI6-ыг сүүлийн таван жил удирдсан Ричард Мур түүнийг “маш чадварлаг тагнуулч, технологийн гол стратегич” хэмээн үнэлсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.