Эмэгтэй эдийн засаг элгээрээ хэвтсэн Монгол

Эмэгтэй эдийн засаг элгээрээ хэвтсэн Монгол

Ганцэцэг өдгөө 40 настай, хувиараа хөдөлмөр эрхлэгч. Гарын ураар хэнд ч гологдохооргүй тэрбээр эсгий углааш, гутал хийж зах, худалдааны төвүүдийн худалдагчдад нийлүүлдэг нэгэн. Наймаачид түүнээс барааг нь хямд төсөр аваад нугалаад зарах нь нийтлэг. Яагаад өөрөө бүтээгдэхүүнээ зарж борлуулж болохгүйг нь асуухад өнөөх л тоолдог хэдийн зовлонгоос эхтэй. Харин ч хэдэн лангуун дээр бараагаа өрүүлээд эргэлдүүлж буйдаа баярлах. 

Бас нэгэн жишээ. Баясгалан 47 настай. Хэвлэлийн газар ажиллуулдаг. Цээж зураг авна, текст шивж хэвлэнэ. Ганцаараа ёстой л өндийх завгүй зүтгэнэ. Хажууд нь 3-р анги л болов уу гэхээр хүү нь утсаараа тоглон өдрийг өнгөрөөнө. Гэртээ ганцаараа үлдэхгүйн тулд ээжтэйгээ хамт ажиллаж байгаа нь энэ. Баясгалан өөрийн гэсэн оффистой болоод, гар нийлсэн хэдэн хүнтэйгээ студи байгуулан ажиллах хүсэлтэй ч тэр бүхнийг бүтээх мөнгө хайж хөөцөлдөөд гүйх зав үгүй. Хэвлэлийн газраа түгжээд явчихвал тэр өдрийн орлого яах билээ. Түрээс, цахилгаан, гэр орны хэрэглээнээс авахуулаад цагтай бөмбөг шиг хэрэглээний гинж хөлд нь тушаатай. 

Монгол эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд тулгардаг олон бэрхшээлийн нэг нь дээр дурдсан санхүү. Зөвхөн мөнгө олохоос гадна өөр бусад асрахуйн ажлуудын урт жагсаалт бий. Энэ оны хоёрдугаар сард НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдэгдсэнээр Монгол Улсад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо 51.5, эрчүүдийнх 66.4 хувь байгааг онцолжээ. Гэр бүлд шинэ хүүхэд мэндлэх тусам энэ үзүүлэлт эмэгтэйчүүдийн хувьд улам бүр буурч байгааг судалгаа харуулж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Асаргааны ажил нь зохих ёсны хөрөнгө оруулалтгүйгээр эдийн засгийн үйл ажиллагааг дэмжсээр ирсэн. Монгол Улсад энэ нөхцөл байдлыг өөрчлөх, асрахуйн эдийн засгийг бодлогын тэргүүлэх чиглэлд оруулах боломж байна. Асрахуйн эдийн засагт хөрөнгө оруулах нь зардал бус харин өсөлт хөгжил, инновац хүртээмжтэй нийгмийг бий болгох үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм” гэж хэлжээ. 

Тэгвэл монгол эмэгтэйчүүд бизнестээ хөрөнгө оруулалт хайх, зээл хөөцөлдөх, өөрийн хөрөнгөтэй болоход хамгийн их жин дардаг хэсэг нь асрахуйн эдийн засаг. Цаг наргүй, ээлжийн амралтгүй энэхүү далд эдийн засгийн “мөлжлөг” гэж хэлж болох сүүдэр дор эмэгтэй эдийн засаг боомилогдоод уджээ. 

Ямар сайндаа шинэ төрсөн хүүхдээ гэх үү, зээл хөөцөлдөх үү гэсэн хоёр сонголт байвал мэдээж ээж бүр үр хүүхдээ л гэнэ. Улмаар хүний амьдралын хамгийн идэвхтэй цаг хугацаанд бүсгүйчүүд хэчнээн мундаг оюунлаг байлаа гээд асрагчийн ажлаасаа илүү гарахгүй. 

Зээл хөөцөлдөх бол бүүр ч ярих юм биш. Орлогоо нотлох, нийгмийн даатгал төлөлтөө барьцаалах боломжгүй гацсан асар их хөрөнгө айл бүрийн буланд ээж, эхнэр, эгч, охин нэрээр элэгдсээр байна. 

Эмэгтэйчүүдийг хар нялхаас нь асрагч байхаар хүмүүжүүлсэн манай нийгмийн тогтолцоо ч үүнд буруутай. Бусдын аврагч байх заяатай хэмээн итгүүлж, өөрийгөө ардаа орхиод өрөөлийн төлөө бүгдээ өгөх хүнийг эмэгтэйчүүд гэдэг. 

Монгол орны эдийн засгийн өсөлт удааширч буй тухай хаа сайгүй шаагилдаж байна. Энэ оны эхний хагас жилд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 13.2 их наяд төгрөгт хүрч 989 тэрбумаар буурснаар төлбөрийн тэнцэл 758 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Төсөв хэлэлцэхэд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, тэдгээрээс орж ирэх өгөөжийн тухай ганц удаа дурдаж үзээгүй манай улсад төлөв байдал улам муудах нь гарцаагүй бололтой. Учир нь эмэгтэйчүүд нэг дор олон зүйлийг зэрэг төлөвлөж, сэтгэж чаддаг нь зах зээл дээр хөрвөх боломжийг олгодог. Гэвч үүнийг өрсөлдөгчид нь сэтгэлийн хөдөлгөөнөөрөө шийдвэр гаргадаг нь эмэгтэйчүүдийн алдаа гэж буруутгах нь элбэг. Үнэн хэрэгтээ сэтгэл хөдлөл нь хүний байгалийн өгөгдөл бөгөөд үүнийг хорьсноороо л эдийн засаг элгээрээ хэвтээд байгаа бус уу. 

Олон улсын валютын сангийн тэргүүн асан Кристин Лагард “Аливаа томоохон шийдэлд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжээд өгвөл манай гаригийн айл өрхүүдийн орлого 35 хувиар өсөх төлөвтэй байна. Мөн банкуудыг бүсгүйчүүд эн тэнцүү удирддаг байсан бол өнөөдөр санхүүгийн систем илүү тогтвортой байх боломжтой байлаа” гэж хэлсэн нь бий. 

Асрахуйн албаа орхигдуулалгүй бизнесийн жанжин шугамаа алдалгүй тэнцвэрийг тээгээд явна гэдэг баргийн хүний давах даваа биш ээ. Иймд room24.mn платформын хамт олон бид эмэгтэй бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолойг олон нийтэд хүргэх, тэдэнд чиглэсэн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийг зах зээлд дөтлөхөд чиглэсэн нийтлэл, мэдээллийг тогтмол хүргэх болно. 

 

Эрхэм уншигч Та бидэнтэй нэгдэх дараах боломжууд бий: 

 

-Хэрвээ Та бизнес эрхлэгч, ээж, эмэгтэй хүний хувьд тулгарч буй бэрхшээлээ хуваалцмаар байвал бидэн рүү info@room24.mn хаягаар захидал бичээрэй. Бид захидлыг тань редакторлаж, таны өөрийн нэрээр, эсвэл нэрийг нь нууцалсан байдлаар нийтэлж өгөх боломжтой. 

 

-Бизнесээ өргөжүүлэх талаар Танд тодорхой асуулт байвал мөн info@room24.mn хаягаар мэйл бичээрэй. Бид таны асуултыг тохирсон мэргэжлийн хүнээс асууж, зөвлөгөөг нийтлэх болно.

 

-Хэрвээ Танд асрахуйн эдийн засаг, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх орчныг сайжруулах талаар нийтлэл бичих санал байвал munkhchimeg@room24.mn хаягаар холбогдоорой. Өөрийн мэргэшсэн, судалсан чиглэлээр нийтлэл бичиж өгснөөр манай оюуны хандивлагч болж, гишүүнчлэлийн эрх авах боломжтой.  





 

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.