Өрөөний асуулт#2                      Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ, үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Өрөөний асуулт#2 Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ, үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б.Эрдэнэдалайд Room24.mn-ийн "ӨРӨӨНИЙ АСУУЛТ"-ыг тавьж байна.

Өрөөний асуулт: Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ, үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Ашиг сонирхлын зөрчил үүсэж магадгүйгээ зарлаад санал өгөхөөс татгалзвал улс төрд маш зөв соёл, жишиг тогтоно Иргэдийг төлөөлөн, шийдвэр гаргах түвшний тодорхой албан тушаалд сонгогдож, томилогдож буй хүмүүс, төрийн түшээд өөртөө, хамаарал бүхий этгээддээ, эсвэл тодорхой байгууллага, компани, салбар, бүлэгт ашигтай, давуу байдал олгох нөхцөл бүрдүүлэх асуудал хэзээд гарсаар ирсэн.

Тэгэхээр ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэн байнга хяналт тавих, үүссэн тохиолдолд хариуцлага тооцох механизм ажиллаж байх ёстой. Монгол Улсын хувьд ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ гэдэг тухай иргэд, олон нийтийн ойлголт бүрхэг байна гэж болно.

Тухайлбал, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль батлахад татвар, өр зээлтэй, эсвэл хүүгийн өндөр төлбөр төлөх ёстой томоохон аж ахуйн нэгж, компаниудын хувьд маш ашигтай нөхцөл үүссэн шүү дээ. Харин жижиг компаниудын хувьд өршөөгдсөн мөнгөн дүн маш бага байлаа. Тэгэхээр энэ хуулийг батлахад тодорхой бүлгийн ашиг сонирхол үйлчилсэн байх магадлал өндөр. Сүүлийн жилүүдэд сонгууль тутамд 500-600 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байна.

УИХ болохоор нэр дэвшиж буй горилогчдын хэд нь хувьдаа бизнестэй вэ?

Маш олон. Үүн дээр хамаарал бүхий этгээдүүд нь бизнес эрхэлдэг гэж харвал энэ тоо бүр өснө. Хувьдаа, эсвэл хамаарал бүхий этгээд нь бизнестэй хүмүүс УИХ-ын гишүүн болохын төлөө, шийдвэр гаргахын төлөө яагаад ингэж олноороо нэр дэвшээд байна вэ? Тэд хэнд, ямар салбарт, ямар бүлэгт давуу, ашигтай нөхцөл бүрдүүлж болох вэ?

Цаашлаад сонгуулийн санхүүжилт ч яригдана. Асар өндөр зардал хувиасаа гаргаж, УИХ-ын гишүүн, цаашлаад Засгийн газрын сайд болж байгаа хүмүүс ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй, нийтийн төлөө ажиллаж чадах уу? Цаашлаад тодорхой нэг бүлэгт, нэг тойрогт чиглэсэн ажил хийх ч ашиг сонирхлын зөрчилд хамаарна.

Тухайлбал, сонгуулийн өмнө тэтгэврийн зээлийг тэглэх, сонгогдсон тойргийнхоо оюутнуудад тэтгэлэг олгох, сургалтад хамруулах нь цаашдаа санал худалдан авах нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ ч ашиг сонирхлын зөрчил мөн. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу төрд, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчлөө сайн дураараа илэрхийлэх боломжтой байгаа. Гэхдээ яг зөрчил үүсэж магадгүй асуудлыг парламент дээр хэлэлцэх үед энэ хамаарахгүй байна. Өөрийнх нь, хамаарал бүхий этгээдийнх нь бизнес, тэр бизнесийн салбартай хамаатай асуудлууд дээр маш идэвхтэй оролцдог, үгээ хэлдэг, лобби хийдэг гишүүн олон. Тэр салбарыг дэмждэг, татаас өгөх шийдвэрт оролцдог, лобби хийдэг нь нууц биш.

Энэ бүхнийг гэтэл таамаг төдий, сошиалын пост хэлбэрээр, эсвэл судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд байр суурь маягаар илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, үүсвэл хариуцлага тооцох механизм байхгүй. Тийм болохоор л УИХ-ийн гишүүд хувийн компани, аль нэг салбар, бизнест давуу байдал олгодог, тэр асуудал яригдахаар маргаанд оролцчихсон, бүр ингэж зохицуулмаар байна гэсэн байр суурь илэрхийлээд явж байна. Тэгэхээр Авлига, ашиг сонирхлын тухай асуудлуудыг зохицуулах хуулийг зөв хэрэгжүүлж чадвал маш чухал.

Ашиг сонирхлын зөрчил үүсэж магадгүйгээ нийтэд зарлаад, тэр асуудалд оролцохгүйгээр, санал өгөхөөс татгалзвал зөв жишиг тогтоно. Нөгөө талаас, улстөрчдөд ч ашигтай. Парламент бол хувийн эрх ашгаа хойш тавьж, нийтэд хамаатай асуудлыг нийтийн эрх ашигт нийцүүлэн шийдэх, зөв гаргалгааны төлөө уралдах газар гэдгийг аль аль талдаа ойлгоно. Ийм асуудлаар санал өгөх, шийдвэр гаргах нь зүй бус гэдгээ зарлах, нийтэд нээлттэй байлгах нь өөрөө улс төрийн том соёл юм. Үүнийг дагаад гишүүд, улстөрчид элдэв гүтгэлэгт өртөх нь багасна, тэдэнд итгэх иргэдийн итгэл ч нэмэгдэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

Базардарь (59.153.113.140) 2026-01-21 22:02:06
Batlaad ogooch huulgai hiihee bolchihooch eee Darga naraa