Тэртээ 1975 он...Ардчилсан, парламентын засаглалтай Монгол Улс бус, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, коммунист БНМАУ байх үед нэгэн гайхмаар феминист дэлгэцийн бүтээл төрсөн нь Б.Сумхүү найруулагчийн “Хань” кино билээ. Б.Сумхүү найруулагч энэхүү бүтээлдээ зориудаар феминизм шигтгэсэн үгүйг мэдэхгүй ч, “Хань” кино хүн төрөлхтөний хувьд, ялангуяа монголчуудын хувьд одоо ч тунхаглаж чадаагүй эмэгтэйчүүдийн нэгэн эрхийг тэртээ 50 жилийн өмнө хөндөж чадсан нь нөхөн үржихүйн эрх билээ. Нөхөн үржихүй, секс эерэг үзэл хандлага гэхээр таарсан болгондоо энгэр задгайлаад, хормой хотоо дэлгээд яваад байх юм шиг зөрүү ойлголт одоо ч бий. Гэтэл эмэгтэй хүн нөхөн үржихүйн эрхээ эдэлнэ гэдэг өөрийн хүссэн үедээ, хүссэн эр хүнээсээ үр хүүхэдтэй болох, хүсээгүй бол үр хүүхэдтэй болохгүй байх, өөрөөр хэлбэл өрөөл бусад эрчүүдийн хүсэл зоригоор бус, өөрийн бие махбодь болоод шийдвэрээр нөхөн үржих эрхээ эдлэх тухай юм. Б.Сумхүү найруулагч ч эр, эм хүйс, уламжлал ба шинэчлэл, нүүдэлчин болоод суурин соёл иргэншлийг хооронд нь хагаралдаж тэмцэлдүүлэхгүйгээр, санаагаа үзэгчдэд маш оновчтойгоор, эвтэйгээр хүргэн ойлгуулжээ.
Кино хөдөөгийн нэгэн талд найр наадамд бэлтгэж буй хөдөөний айлуудын зураглалаар эхэлнэ. Холоос нэгэн залуу хос төмөр унаагаар салхи татуулан ирэх нь гол дүрүүд болох Төмөр, Наран. Үүнээс бид Төмөр, Наран хоёр болоод тэднийг угтах хөдөөний эгэл ахуй, орчин хоёрын зааг ялгааг тодхон анзаардаг. Төмөр, Наран болвоос орчин цагийг илэрхийлж буй бол тэднийг угтах орчин уламжлалт консерватив үзэл хандлагын метафор юм. Хоорондоо эсрэгцэх энэхүү хоёр үзэл хандлагын зөрчил нь харин Төмөрийн аав Дэндэвийн дүрээр тодхон илэрнэ.
Уламжлалаа дээдлэн хүндэлдэг Дэндэв гуайд барууны хэв маяг нэвт ханхлуулсан Нарангийн хөгшин морийг нь зайдлан унасан болоод уурган дээгүүр нь харайсан үйлдэл зэргүүд нь эгдүүцлийг нь ялимгүй төрүүлнэ.
Ялангуяа Наранг хүүхэд төрүүлдэггүйд нь ихэд дурамжхан байдаг нь хүүтэйгээ өрнүүлсэн ярианаас нь тодорхой. Хэдий Наран голд орохдоо бикини өмсөж, тайрмал үсээ задгай тавин, цэцгээр алаглах ганган даашинзаар гоёвч өглөө эртлэн босоод нөхөртөө цайг нь бэлтгэж буй нь уламжлалт монгол эхнэрийн үүргийг умартаагүйг харуулна. Төмөрийн ээж нэгэнтээ Нарангаас “Хүү минь, морь унаж чаддаг уу” хэмээн асуухад Наран “Уг нь ч чадна аа. Хөдөө өсөж торнисон болохоор” гэж хариулдаг.
Наран өсөж торнисон хөдөөдөө үлдэлгүй, хот газрыг зорьсон нь өөрөө өөрийнхөө хувь заяаг шийдэн зурсныг энэхүү богино хариулт нь батлан харуулж байна. Төмөрийн ээж болоод түүнийг тойрон хүрээлэх бусад ээж борви богтосхийлгүй ажиллаж буй дүр зурагтайгаар дэлгэцэнд гарч буй нь Дэндэв гуай болоод ер нь л патриарх үзэл хандлага эмэгтэйчүүдийг ямар байлгахыг хүсдэгийг харуулах мэт.
Төмөр ч “Би ээжийгээ их өрөвддөг юм, энэ гэрийн хамаг л ажлыг хийдэг юм” хэмээн эхийгээ дурсан өгүүлсэн нь энэхүү эцгийн эрхт ёсонд шүүмжлэлтэй ханддагийн илрэл. Тэр ч утгаараа эмэгтэй байх хувь заяагаа өөрийнхөөрөө эрхшээдэг Наранд сэтгэл алдарсан биз.

Угаас Төмөрийн дүр патриарх болон феминизм, уламжлал болон шинэчлэл, нүүдэлчин болон суурин зэрэг хоорондоо эв түнжин муутай үзэл хандлагуудад хавчуулагдсан "халиуны зулзага" гэмээр л дүр юм. Аавынхаа эдэлж хэрэглэж байсан зодог шуудгийг өвлөн авч, эцгийн эрхт ёсны өмнө үүрэг хүлээсэн ч эхнэрийнхээ эрүүл амьд оршин байх эрхийг нь эдлүүлэхийн тулд патриарх үүргээ умартан өвлөж авсан зодог шуудгаа эргүүлэн шидэж буй нь патриарх болон феминизмын хооронд хэрхэн гүүр болон холбохоо мэдэхгүй тэлчлэх хөөрхийлөлтэй дүр. Мөн монгол эр хүний бахархал, нүүдэлчин түмний соёлын үнэт өв болсон үндэсний бөхийн удмыг өөрөөрөө тээж буй ч, суурин соёлтой ард түмний соёлын ухаан болох архитекторын мэргэжил эзэмшсэн байдаг.
Энэхүү ажил мэргэжлийн хоёр туйлт чанар нь өөрийнх нь карьерт сөргөөр нөлөөлнө. Хэдий Төмөр үндэсний бөхөөр бэлтгэгдэн, уламжлал өв соёлыг тээж буй ч, архитекторынхаа хувьд харин ч эсрэгээрээ маш прагматик үзэл хандлагатай байдаг. Ажлын хамтрагч Дорж түүний архитекторын ажлыг үндэсний хэв маяг шингээгүй байна гэж шүүмжлэвч Төмөр өөдөөс нь архитектор гээч нь зөвхөн өнгө будгийн асуудал биш, эдийн засгийн оновчтой шийдэл, хэрэглэгдэх зорилгоос хамааран өнгө дизайн нь илүү даяаршсан байж болох талаар сөрөн мэтгэлцдэг.
Гэвч тэглээ гээд Төмөрийн хийж буй ажил нь үйлдвэрчний хороогоор батлагддаггүй нь Б.Сумхүү найруулагч даяаршлын хар салхинд өртөж буй өнөөгийн бидэнд өв соёл, үндэс угсаагаа мартаж болохгүйг анхааруулах гэсэн мэт. Мөн тэглээ гээд өв соёл, үндэс угсаа, айл гэрээ авч явах хатан ухааныг бүсгүй хүний нулимсаар услан тэтгэх ёсгүйг гол дүрийн Наран, түүний найз сурвалжлагч бүсгүй Ундраа, Төмөрийн ээж болон бусад гэрийн эзэгтэйн дүрүүдээр зүйрлүүлэн өгүүлнэ.
Дэндэв гуай феминизмийн асуудалд маш хуучинсаг ханддаг ч, санаагаа Наранд шууд сэтгэл зүрхийг нь эмтлэн хэлэлгүйгээр хүү Төмөртөө хэлэх байдлаар тойруулж пассив аггрессив ханддаг нь тийм ч сөрөг дүр биш болох нь харагдана. Харин Төмөрийн сагсуу, хүүхэмсэг найз болох улсын начин Очирын дүр нь өв соёл нэрийн дор өв соёл маань өөрөө хэрэглэгч эзнээсээ хамааран хэрхэн гажиж болдогийг бэлхнээ харуулна. “Алив ширээ засаадах, бууз жигнээд аль” гэх мэтээр эхнэртээ дээрэнгүй хандах нь, айл гэрийг авч явах хатан ухааныг хэрхэн өөрт ашигтайгаар хүчирхийлэн үйлдэж болдогийг илэрхийлэх мэт. Харин Дэндэв гуай хүүгээ өмөөрөн сөрөх эхнэрийгээ “Чи дуугүй амаа тат” гэх мэтчилэнгээр дээрэлхэхийн оронд, “Өвгөнийхөө сайхан авирыг өөдгүй эхнэр гутаанаа гэдэг чинь энэ дээ” гэх мэтээр бас л пассив аггрессив хандлагаар дургүйцлээ илэрхийлдэг.
Угаас өв соёл гээч маань өвлөн тээгч эзнээсээ хамааран анхдагч утгаасаа хэрхэн өөрчлөгдөн гажиж болдогийг Дэндэв гуай, түүний хүү Төмөр болоод улсын начин Очирын эсрэг тэсрэг хандлагуудаас бид харж болно. Дэндэв гуай өв соёлыг анхдагч хэлбэрээр нь хадгалахыг зорьдог бол түүний хүү Төмөр уламжлал шинэчлэл хослуулан өв соёлоос хүмүүнлэг бус хэсгийг хасаж сайжруулж төгөлдөршүүлэх замаар хадгалах хандлагатай бол улсын начин Очир гэр гийгүүлэх монгол хатан ухаан нэрийн дор эхнэрээ боолчлох зэргээр өв соёлыг зөвхөн өөрт ашигтайгаар урвуулан ашигладаг.
Харин өв соёл нэрийн дор эмэгтэй хүний эрх ашиг хэрхэн зөрчигдөж болохыг “Хань” киноны эмэгтэй дүр бүр өөр өөрсдийнхөөрөө үзүүлнэ.
Киноны нэгэн хэсэгт сурвалжлагч найз бүсгүй Ундраа хөдөө томилолтоор яван ирэхдээ Наранд нэгэн оторчин хүүхний талаар дурсан ярьдаг. Оторчин бүсгүй болон Ундраа нарын амьдралын ахуй орчин газар тэнгэр шиг ялгаатай. Хотын тохилог орон сууцанд хүүтэйгээ хоёулахнаа тухлан суудаг, ажил карьер нь амжилттай яваа Ундраа хөдөө оторт хүнд хүчир ажил хийдэг оторчин бүсгүйг дурсан ярихдаа “Нөхрөө цаг ямагт л дурсах юм. Гэтэл бид 2 яалаа. Бидэнд дутах юм юу ч байсангүй. Гэвч өдөр бүр хэрүүл маргаан. Оторчин ч тэр, би ч тэр адилхан хийж бүтээхийг л хүссэн шүү дээ” хэмээн харамсан өгүүлдэг.

Ер нь л эмэгтэй хүний карьерыг айл өрхийн гал тогооноос хэтрүүлэх дургүй патриарх нийгэмд эмэгтэй хүн хүчирхэг байх нь ямар их золиос шаарддагийг Ундраа өөрийн туяхан цагаан гараараа алх хадаас барин сандал засахыг оролдож байгаагаас харж болох бол, гол дүрийн Нарангаас бид нөхөн үржихүйн эрхээ эдлэхэд хуучин цагийн эцгийн эрхт ёс хэрхэн саад тотгор учруулж болдогийг бэлхэнээ анзаарагдана. Кинонд Наран хүүхэдтэй болж өөрийн ханийн үүргээ өвчтэй зүрхээ золиослон барин амжилттайгаар давж биелүүлэн хадам эцэг Дэндэв гуайд өөрийнх нь яхир байдал хүний амь насанд ч аюул учруулж мэдэх хор холбогдолтойг ухааруулан жаргалтайгаар дуусдаг.
Гэвч…… Хэрвээ Наран эрүүл ч хүүхэдтэй болохыг яардаггүй, аль эсвэл огт хүүхэдтэй болохыг хүсдэггүй бол яах билээ. Кино аз жаргалтайгаар дуусах байсан болов уу? Наран өөрийн нөхөн үржихүйн эрхээ эдлэхийн тулд заавал өөрийн амьдралаас золиос гаргах шаардлагатай юу? Ер нь л эмэгтэй хүн нөхөн үржихүйн эрхээ эдлэх орчин нөхцөл өнөөгийн нийгэмд хэр бүрдсэн байгаа вэ?
Орчлон хорвоо эм бодгальд супер хүч ч гэж хэлж болохоор нэгэн гайхамшигтай байгалийн чанар өгсөн нь нөхөн үржих чадвар билээ. Тухайн зүйлийн амьтад цаашид орших уу, эс орших уу гэдгийг гагцхүү эм бодгалиудын үзэмжээр өрнөсөн гэхэд хилсдэхгүй. Чухамдаа эмэгчин амьтад л эрэгчингээ шилж сонгох замаар цаашид ямар ген оршин тогтнохыг шийдсээр иржээ. Гэвч орчин цагийн оюун ухаант хүн болваас бусад зүйлийн амьтад шиг зөвхөн байгалийн хуулинд захирагдашгүйгээр өөрсдийн цогцлоосон патриарх тогтолцоог үүсгэснээр, түүхэн он цагийн туршид эрчүүд эмэгтэйчүүдийн энэхүү гайхалтай байгалийн өгөгдөлийг нь эрхшээхийн тулд эмэгтэйчүүдийг бурангуйгаар эрхийг нь боомилон хаасаар ирсэн.
“Эр болж төрөөд цэрэгт морддоггүй, эм болж төрөөд хүүхэд төрүүлэхгүй бол эхнэр гэдэг наадамд өмсдөг гоёл ч биш дээ” гэх Дэндэв гуайн энэхүү эшлэлээс эмэгтэй хүн зөвхөн хүүхэд л төрүүлэх үүрэгтэй “фермийн үнээ” мэт үзэх энэхүү ойлголт хүн төрөлхтөний олон мянган жилийн турш эрчүүдийг маш балмадаар тархийг нь патриархаар цэнэглэж, өнөөгийн та бидний эрчүүдийн чихэнд “титэм үг” мэт эгшиглэнтэй сонсогдтолоо дөжрүүлж орхисны тод дохио билээ. Эмэгтэй хүнийг нөхөн үржихүйн эрхийг эдлүүлэхгүй байна гэдэг зүйрлүүлж хэлбэл эр хүнийг өөрийн хүсэл зоригоос нь үл хамааран хүчээр тайган болгож буйтай утга нэг юм. Тиймээс нөхөн үржихүйн эрх гэлтгүй бусад эмэгтэйчүүдийн эрхийг эмэгтэй хүн ганцаар уриа лоозон барин дуугарч хамгаалдаг эд биш билээ.
Мөн эрчүүд ч …………(цэгэнд орших үгүүдийг та бүхэн өөрсдийнхөөрөө дүүргээрэй).
Жич: “Хань” киноны талаар дурдахгүй байхын аргагүй нэг зүйл бол яах аргагүй гол дүр Наран болон түүний найз сурвалжлагч Ундраа нарын гайхалтай дэгжин vintage хувцаслалт билээ. Thrift shop улам бүр газар авч байгаа өнөө цагт бүсгүйчүүд минь Наран, Ундраа хоёрын хувцаслаж буй арга ухаанаас санаа авч орчин цагийн элементтэй хослуулан өмсөхийг миний зүгээс бахархалтайгаар зөвлөх байна. Нарангийн цэвэрхэн силуэттэй хослол, түрийтэй гутал Ундраагийн трапецан загварын өмд, свитер, трэнч цув, хүзүүний торгомсог алчуурыг донжтойхон хослуулсан LOOK он цагийг үл ажран ямар ч нөхцөлд ямар ч эмэгтэй дэгжин харагдуулах сонгодог дүр төрх болсоор байх билээ.
Room24.mn платформын оюуны хандивлагч, нийтлэлч З.Зоригт