Загвараар үлгэрлэхүй

Загвараар үлгэрлэхүй

Зөвхөн бие махбодио бус, сэтгэл оюунаа гангалан гоёж чаддаг, өөрийн онцгой стилээрээ орчлонг чимэн үлгэрлэдэг эрхэмсэг нэгнийг олж илрүүлнэ гэдэг амьдралыг улам л өнгөтэй, хүсэл тэмүүлэлтэй, сонирхолтой хамгийн чухал нь эрх чөлөөтэй болгодог билээ. Магад таны ч амьдралыг зугаатай болгож мэдэх эдгээр нөлөөлөгчид нь загварыг хэзээ ч дүрэмддэггүйгээрээ онцлог. 

Алт, мөнгөн эдлэлийг хольж зүүж болохгүй, цагаан цайвар хувцсыг зөвхөн зуны л улирал өмс, жингийн илүүдэлтэй бол зөвхөн хар өнгийн хувцас сонго, өдрийн цагаар тод уруулын будаг битгий түрх...Загварыг дүрэмчлэх тусам уйтгартай болж эхэлнэ

Төсөөлөөд үз дээ? Ажлын дүрэмт хувцас аятай зундаа бүгдээрээ цайвар цагаан хувцастай, өвөлдөө бараан хувцастай, бүгдээрээ нэг өнгийн хэдхэн төрлийн үсний засалттай, шинэ жилийн үдэшлэгээр бүгдээрээ загасан хормойтой даашинзтай, эрчүүд нь зөвхөн хар хөх хослолтой байна гэдэг гунигтай биш гэж үүТиймээс гагц таныг илэрхийлэх, онцгой, загварлаг дүр төрхийг чинь олж өгөхөд дусал ч болтугай тус нэмэр болж чадах, миний өөрийн хүндлэн дагадаг гурван загварын нөлөөлөгчдийг танилцуулж байна.

Алисса Бэлтемпо

Итали гаралтайКанадын загварын контент бүтээгч тэрбээр тогтвортой, загварлаг дүр бүрдүүлэх маш оновчтой арга замуудыг зааж, өөрөөрөө үлгэрлэн харуулдаг нэгэн. Түүний контентуудаас хамгийн сонирхолтой нь “Shop Your Closet” буюу “Шүүгээнээсээ дэлгүүр хэсэцгээе” булан. Дэлгүүр хэсэн шинэ хувцас авахын оронд шүүгээгээ уудлан өөрт байгаа хувцас, зүүсгэлээр цоо шинэ загварлаг дүр төрх бүрдүүлж болохыг тэрбээр өөрөөрөө жишээлэн харуулдаг. 

Ингэхдээ өөрт таалагдсан, хувцаслалтад нь санаа өгч болохуйц загварлаг нэгэн, эс бөгөөс байгаль, барилга, хоол гээд дурын нэгэн зүйлийн зургийг сонгон авч тухайн зурагны хэв маяг юуг илтгэж байгааг нарийн нягт оновчтой тодорхойлно. Улмаар уг тодорхойлолтод нийцэх хувцас, зүүсгэлийг шүүгээнээсээ эрэн олдог. Өмсөхдөө тухайн өнгө аясыг өөрийнхөөрөө илтгэхийн тулд ханцуйг нь яаж эргүүлж өмсөх, захыг нь босгох эсэх, товчлохдоо өөр арга ашиглаж болох уу зэргээр хувцсаа хэрхэн сонирхолтойгоор өмсөж болохыг ч тод томруун бөгөөд бүтээлчээр харуулдаг билээ. Түүгээр ч зогсохгүй шүүгээгээ хэрхэн цэгцлэх вэ, хувцасны тоон харьцаа ямар байвал дээр вэ, ямар загварлаг зан үйлийг хэвшүүлэх вэ гэх мэт олон ашиг тустай зөвлөгөөг чөгнө.

Блисс Фостер

Загварлаг оршиход мэдрэмжээс гадна мэдээлэл зайлшгүй чухал. Тэр ч утгаараа өнөөгийн загварын салбарын чиг хандлага, түүхэн харьцуулалт, орчин цагийн тансаглал, брэндүүдийн далд үзэл санаа, загварын дээдсүүдийн хэрэгжүүлж буй бодлого зэрэг загварыг дотроос нь тольдон анализ хийн сонирхолтойгоор контент болгон хүргэдэг нөлөөлөгч гэвээс яах ч аргагүй Блисс Фостер

Блисс Фостерийн контентуудыг үзсэнээр ирээдүйд сонгох хувцасны стилийг тань оновчтой, зөв чиглүүлэхээс гадна улс төрийн хүрээнд ч оновчтой, эсэхээ баримжаалж болно. Мөн аливаа нэгэн трэндийг дагах нь том брэндийн ашиг олох урхинд орж байгаа явдал биш биз зэрэг маш нарийн загварын анализ хийж чадах чадварыг танд суулгах нь гарцаагүй.

MILAN ON TREND

Загварын нийслэлүүдийг дурдана уу хэмээн асуувал загварт хайртай хэн бүхэн Парис, Милан, Нью-Йорк …. хэмээн хариулах бизээ. Загварын нийслэлүүдийн нэг Италийн Милан хотынхон донж,ааль нь бүрдсэн загварлаг дүрээ хэрхэн бүрдүүлдэгийг мэдмээр байна уу? Тэгвэл Milan On Trend нэртэй youtube сувгийг дагаад үзээрэй. 

Загварын runway болбоос үзэгчдэд загварыг тайзнаас толилуулан таниулах нэгэн үйл явц. Харин тухайн загварыг жирийн ард иргэд гудамж, өргөн чөлөөнд өөрийн мэдрэмж, аясаа шигтгэн хэрхэнөмсөж, зүүснийг харна гэдэг бас нэгэн гайхамшиг билээ. Тарган, туранхай, хөгшин, залуу, эр эм үл хамааран хэнбугай ч загварлаг сайхан харагдаж болдогийг хараад өөрийн эрхгүй гангалах урам зориг орох нь дамжиггүй. Загварлаг байхад модел маягийн тусгайбие хаа, залуу нас, эм хүйс огтоос шаардлагагүйг тус сувагт гарах эрхмүүды таньд урамтайгаар батлан харуулах болно.

Room24.mn платформын оюуны хандивлагч, нийтлэлч З.Зоригт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.