Үртэй болохын хүслэн: Маш хэцүү гэхдээ бүтэх ёстой

Үртэй болохын хүслэн: Маш хэцүү гэхдээ бүтэх ёстой

Тийм болохоор эмэгтэйчүүд минь над шиг алдаа битгий гаргаасай гэсэндээ энэ тэмдэглэлийг бичихээр шийдлээ. Дахиад хэр удаан хүлээхээ мэдэхгүй байна. Гэхдээ л хэзээ нэгэн цагт хөөрхөн үрийнхээ зулайг үнэрлээд сууна гэж итгэж байгаа болохоор цагийн салхийг дагаад алхана даа. 

 

Бусдын биш таны бодол хамгийн чухал нь 

Бага хүү минь 10 настай. Түүнийг 5 нас хүрэх үед нь дүүтэй болгох юмсан гэж боддог байлаа. Дандаа эрэгтэй хүүхэдтэй учраас ганц охинтой болъё гэж сүүлийн таван намар ийн мөрөөджээ. Эхний ганц хоёр жил ч аяндаа болно доо гэсээр өнгөрөөсөн. Гэвч байдал бишдэж буйг мэдээгүй. 

Хүмүүс “Хүүхэдгүй биш дээ, дахиад төрөх хэрэг байна уу”, “Ингэж байгаад л болох биз, эмнэлгээр явж мөнгө үрж яах юм бэ” гэхчлэнгээр янз бүрээр л хүлээж авна. Эхэндээ бусдын хэлсэн үгэнд эмзэглэж, эсвэл нээрээ ч тийм дээ гэж боддог байсан. Том хүү минь “Ганц охин дүү төрүүлээд өгөөч ээж ээ” гэж гуйхад нь гэмтэй юм шиг гэлбэлзэх, эсвэл бяцхан гүнжийн өлгий худалдан авах өдрөө тэсэн ядан хүлээж өөртөө гоморхож явахад тэр хүмүүс хажууд минь байгаагүй. Тийм болохоор тэдний үг биш харин миний юу хүсэж байгаа нь надад хамаатай. 

 

Даавар худлаа хэлдэггүй

Би эхэндээ нэгэн эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлдэг байлаа. Ямар ч шинжилгээ судалгаагүйгээр өндгөвч сэдээх эм хэдэн сар дараалж уусан даа. Гэхдээ юу ч өөрчлөгдөөгүй. Сүүлд хамаатны бүсгүйтэйгээ өөр эмнэлэгт үзүүлтэл надад үргүйдлийн эмнэлэгт хандахыг зөвлөсөн юм. Ингэж л анх энэ тухай мэдсэн. 

RMC эмнэлэгт шинжилгээ өгтөл даавар хэдийнэ холоо “нисээд” явчихсан байсан. Нас нэмэхийн хэрээр даавар илүү түвэгтэй болдгийг тэр үед ойлгосон. Эмэгтэй хүн 40 гараад ирэхэд өмнө нь жирэмсэлж, төрж байснаас үл хамааран цэвэршилт дөхөж, дахин хүүхэд тээх боломж багасдаг юм байна.   

 

Надад анх яаж илэрсэн бэ

Хэрэв та жирэмслэхээр төлөвлөж байгаа бөгөөд насны хувьд 35-аас дээш бол өөрийгөө ажиглаарай. Энэ үед цэвэршилтийн өмнөх шинж тэмдэг, эсвэл өндгөвч цуцах хам шинж илэрч болзошгүй. Амьдрал дээр бид эдгээрийг сайн анзаардаггүйгээс гэр бүл төлөвлөлтдөө алдаа гаргах магадлалтай. Тиймээс надад илэрсэн зарим шинж тэмдгийг дурдвал: 

  • Миний шинж тэмдэг эхэлж байхад буюу бараг 5 жилийн өмнөөс сэтгэл дотор нэг л зүйл дутаад, нэг их сайхан зүйлийг үгүйлээд байх шиг мэдрэмж тасардаггүй гэсэн. Юу дутаад байгаагаа мэдэхгүй, гээсэн зүйлээ эрэх мэдрэмж алгуурхан намайг эзэлж байсан. Энэ бол дааврын өөрчлөлтийн шинж тэмдэг байхыг эмч нар үгүйсгэхгүй байна лээ. 

  • Гэнэт хамаг бие халуу оргих эсвэл дотор нэг зүйл оргилоод гарчих шиг мэдрэмж. Надад бол эхэндээ дотор давчдах, гэнэт халуу дүүгэх мэдрэмж төрдөг байсан. Цэвэршилт надаас тойроод өнгөрөх юм шиг боддог байснаас энэ тухай судлаагүй минь алдаа болсон. Анх энэ шинж тэмдгүүд илрэхэд дааврын шинжилгээгээ өгчихсөн байсан бол цаг хугацаа хэмнэх л байсан байх. 

  • Сэтгэл санаа авах юмгүй болох. Болж бүтэж байгаа юу ч үгүй юм шиг санагдах. Сав л хийвэл уйлж, орилмоор санагдах. Бусадтай таарч тохирохоо болих гээд санаа сэтгэлийн маш олон хямрал болдгийг бид өөрсдөө ч анзаардаггүй юм байна. 

  • Маш их ядрах болсон. Энэ бол бүр хамгийн хэцүү хэсэг нь. Өмнө нь зүгээр л хийдэг байсан ажил дааж давахгүй даваа юм шиг санагдана. 

  • Нойр бол биеийн толь юм байна. Шөнийн нойр багасах, байн байн сэрэх, шөнө сэрээд хамаг бие халуу дүүгэх зэрэг нь цэвэршилтэд ойртож буйн дохио бөгөөд энэ үедээ өөрийгөө анзаарахгүй бол тэр чигтээ өөрчлөлт явагдах магадлалтай юм билээ.

 

Тан, цай, сүлжээний бүтээгдэхүүнээс татгалзаарай

Надтай ижил хүсэлтэй ч хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй бүсгүйчүүд байгаа бол эмэгтэйчүүдийн эмнэлэг гэхээсээ илүү мэргэжлийн байгууллагад нь хандаарай гэж зөвлөнө. Даавар болон эхо шинжилгээгээр нөхөн үржихүйн хувьд хэр боломжтой байгаагаа мэдэх чухал юм. Түүнээс биш гадуур зарагдаж буй элдэв тан, сүлжээний бүтээгдэхүүн нь дааврыг хямраачихдаг гэдгийг мэргэжлийн үр шилжүүлэн суулгах төвийн эмч нар зөвлөдөг. Даавар хямрахад жирэмслэх магадлал тэр хэрээр алдагдана.  

 

Маш хэцүү, гэхдээ бүтнэ 

Үрийн зулай үнэрлэх мөрөөдлөө мэргэжлийн байгууллагад даатгах нь нэн түрүүний зүйл гэдгийг ойлгосон. Тэнд даавар тэнцвэржүүлэхэд хэрэгтэй витамин, эрдсүүдийг зөвлөхөөс гадна хугацаа алдахаас хамгаалж өгдөг. Эмчийнхээ үгэнд итгээрэй. Хийх ёстой бүхнээ хийгээд шантрахгүй зөөлөн зөөлөн алхаарай. Эхний хэдэн ч удаагийн оролдлого бүтэлгүйтэж магадгүй. Гэхдээ бусад нь шантраагүйнхээ хүчинд мөрөөдлөө биелүүлж чадсаныг битгий мартаарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.