Бүсгүй хүн бол энэ ертөнцийн замын гэрлэн дохио. Амьдралын бүхий л урсгалыг урагш хойш нь зохицуулж, бусдын аюулгүй амгалан тайвны төлөө өөрийгөө зориулдаг гэрэлт бамбар. Ухаалаг ижийн хүүхдүүд уужмын холдоо цаанаа л нэг нүнжигтэй амьдарцгаадаг. Тэд бусдад өгч чаддаг шигээ бусдаар өөрийгөө хайрлуулж чаддаг. Сэтгэлийн нүдтэй эхнэртэй эр хүний зам мөр нь дардан, ажил үйлс нь өөдрөг, хийморь лундаа нь өөдөө оршдог. Энэ бол бүсгүй хүний хайрлах урлагаас ургасан замын хөдөлгөөний нэгэн тойрог юм.
Эмэгтэй хүн байна гэдэг амаргүй ажил. Өөрийгөө хайрлахаа мартчихвал эр хүн ч болоод хувирчихаж мэднэ. Биеэрээ л бүсгүй хүн болохоос биш зүрхээрээ эрийн дайны ачаа үүрэх болчихдог.
Харамсалтай нь үүнийгээ бид мэддэггүй. Бусдын ертөнцийн улаан, ногоон гэрлийг унтрааж асаах гэсээр байгаад өөрсдийгөө цоожтой хаалганы цаана нуучихдаг.
Хэн байсан, юу хүсдэг байсан, юунд дуртай байсан гээд харанхуйд түгжиж орхисон өөрийгөө танихгүй болтлоо алсран одсон байдаг. Тэгээд хэзээ ч тэр газарт буцаж очоод сэтгэлийнхээ гэрлийг дахин асааж чадна гэдэгтээ итгэхээ больдог.
Уг нь та чадна шүү дээ. Энэ тойрог замд орохоосоо өмнө чаддаг л байсан. Хэсэгхэн завсарлаад, буцаж та чадна.

Хэдхэн жилийн өмнө толинд хэчнээн удаан харж зогсдог байснаа санаж байна уу. Уруулын будгийг хэдээр нь сольж, оо энгэсгээ харьцуулан өөрчилж, маргаашийн уулзалтанд өмсөх хувцсаа өмнөх шөнө нь догдлон боддог байсан өдрүүдээ санаж байна уу.
Үсчний аальгүй охидтой ам уралдуулан инээлдээд, дэгжин бүсгүй болоод гарахдаа хотын гудамжаар гунхалзан алхаж явснаа санаж байна уу.
Хийе, болгоё гэж бодсон зүйлээ хичээнгүйлэн гүйцэлдүүлж чадаад өөрөөрөө бахархаж суусан цагаа санаж байна уу. Ажлын ширээний ард, хамт олныхоо дунд бахархалт нэгэн нь болоод магтаал сайшаалаар “бөмбөгдүүлж” явсан үе чинь таныг мартаагүй.

Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр хэмээгдэж, хайртай эрийнхээ зүрхэн дээр вальс эргэж явсан тэр онгон залуу өдрүүд чинь таныг мартаагүй.
Асаж дүрэлзсэн анхилуун сайхан өдрүүд чинь таныг гээгээгүй. Танд таныг хэн гэдгийг чинь мэдрүүлэх гэж гэгээн алсын уудмаас өвөрт чинь дурсамж болон урсан орж ирдэг нь учиртай. Тэд танд “Бид амьд байна” гэж хэлж байна. Таны өнгөрсөнд үлдээсэн өөрийн чинь дүр намайг хөтлөөд аваад яваач гэж танаас хүсэж байна.
Та л мартсан болохоос тэд юуг ч мартаагүй. Одоо та өөрийгөө олох л үлдлээ. Завгүй гээд цоожлоод үлдээсэн хаалгыг нээгээд, “Чамайг хайрлахаас илүү сайхан зүйл надад алга” гэж өөртөө хэлээрэй. Таны хүсэл бүхнийг тэр мэднэ. Одоо та түүнд өөрийгөө хайрлахыг нь зөвшөөрөх л үлдлээ.
Яаж хайрладаг байснаа ч та мэднэ. Танаас өөр хэн ч үүнийг мэдэхгүй.