Гараар бүтээж, сэтгэлээ тайвшруулахуй

Гараар бүтээж, сэтгэлээ тайвшруулахуй

Бидний ихэнх нь л ээжийгээ, эмээгээ юм нэхэж байгааг харсаар өссөн байх. Тэгвэл юм нэхэх, нэхмэл хийх гэдэг нь зөвхөн аливаа хувцас, хэрэглэл урлах биш хүний сэтгэл зүй, тархины үйл ажиллагаа болон бие махбодод маш олон талын ач тустай бүтээлч үйлдэл гэнэ.

Хэрэв та санаж байгаа бол Их Британийн усанд шумбалтын тамирчин Том Дэйли Парис-2024 олимпын наадмын үеэр үзэгчдийн суудалд гараараа юм нэхэж суугаа зураг, бичлэгүүд нь цахим орчинд маш их тархсан билээ. Энэ нь зөвхөн хобби биш гэдгийг олон нийтэд бага ч гэсэн ойлгуулсан гэдэгт итгэлтэй байна.

Хамтдаа нэхмэл нэхэхийн ач тусыг мэдэж авцгаая.

  • Сэтгэл зүй болон тархины эрүүл мэндэд:
    • Стресс бууруулна - Нэгэн хэвийн, давтагдсан хөдөлгөөнүүд нь бясалгал хийж байгаа мэт тайвшруулах үйлчилгээ үзүүлж, стрессийн дааврыг бууруулдаг. Мэдээж нэхэж буй бүтээлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлэх учраас илүү юм бодож сэтгэлээ чилээх явдал гарахгүй.
    • Тархины дасгал болно - Хээ угалз гаргах, гогцоо тоолох, хэмжээ бодох зэрэг нь тархины санах ой, анхаарал төвлөрөлтийг сайжруулж, зөнөх өвчнөөс сэргийлэхэд тустай.
    • Сэтгэл санааг өргөнө - Бүтээлээ дуусгаад бэлэн болсон зүйлийг харах нь хүний тархинд допамин буюу "баяр баясгалангийн даавар" ялгаруулж, өөрөөрөө бахархах мэдрэмж төрүүлдэг.
    • Нойргүйдлийг анагаана - Оюун санааг тайвшруулсанаар бие ч тайвширч, энэ нь нойргүйдлийн эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чадна.
    • Шийдэмгий байдалд ч нөлөөлнө - Ямар утсаар, ямар өнгөөр, ямар зүүгээр нэхэх вэ гээд л алхам тутамдаа сонголт хийж, шийдвэр гаргадаг. Энэ мэт бүр анзаардаггүй жижиг шийдвэрүүд тань мөн л таныг хөгжүүлж байдаг байх нь.
  • Бие махбодын ач тус:
    • Гар, хурууны уян хатан байдал - Байнга хөдөлж байх нь гарны нарийн булчингуудыг хөгжүүлж, үе мөчний хөдөлгөөнийг уян хатан байлгадаг Үе мөчний үрэвсэлтэй хүмүүст эмч нар юм нэхэх, хатгамал хийх зэргийг зөвлөдөг.
    • Цусны даралт бууруулна - Тайвширч, анхаарлаа төвлөрүүлснээр зүрхний цохилт тогтворжиж, цусны даралт буурдаг болохыг судалгаагаар тогтоосон байдаг.

Эдгээрэс гадна дараах давуу талууд ч бий. Үүнд:

    • Муу зуршлаас холдуулна - Гар тань үргэлж завгүй байх тул утас ширтэх, сошиал орчинд донтох, тамхи татах зэрэг зуршлаас салахад тусална.
    • Бүтээлч байдлыг нэмэгдүүлж, эдийн засэгт ч хэмнэлттэй - Өөрийн гараар цор ганц, чанартай хувцас, хэрэглэл урлах эсвэл хайртай хүмүүстээ утга учиртай бэлэг бэлдэх боломжийг олгодог.

Хэрэв та юм нэхэж сурахаар төлөвлөж байгаа бол юу нэхэж сурмаар байгаагаа, дэгээ зүүгээр үү, хос зүүгээр үү гэх зэрэг ямар техник сонирхож байгаагаа сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

Бид танд анхлан суралцагчдад зориулсан зөвлөмж болон хэрэгтэй материалын жагсаалтыг ч гаргаж өгөх боломжтой шүү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.